Улаанбаатар хотын баруун бүсийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км урт авто зам, гүүрэн байгууламжийн ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү шинэ авто зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн хөдөлгөөний ачааллыг 30-50 хувиар бууруулах боломжтой гэж албаныхан мэдээллээ.
Одоогийн байдлаар урд урсгалын 2.4 км замын хучилт бүрэн дууссан бөгөөд хойд урсгалын 2.1 км замын хучилт мөн гүйцэтгэгдээд байна. Содон хорооллын уулзвар хүртэл 300 орчим метр замын хучилтын ажил үлдээд байгаа ба энэ хэсэгт Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөний зохицуулалт хийж байгааг НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн онцоллоо.
Барилгын талбайд өнөөдрийн байдлаар 85 инженер, техникийн ажилтан, 45 нэгж техник ажиллаж байгаа бөгөөд дэвсэгч, индүү, асфальт тээвэрлэгч машинууд зам хучилтын ажлыг гүйцэтгэж байна. Барилгын ажлыг “Монгол зам групп” ХХК болон “Ган бүрд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй бөгөөд замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээхээр төлөвлөжээ.
Авто замын зохион байгуулалт нь Ард Аюушийн өргөн чөлөөнөөс ирж буй хөдөлгөөнийг Толгойтын замтай сөрөг огтлолцохгүйгээр шууд холбох бүтэцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чухал шийдэл болж байгааг онцолж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар