x

Задралд тулсан Орос орон

ЗАДРАЛД ТУЛСАН ОРОС ОРОН


Шведийн парламентаас Оросыг өөрт нь хамгийн аюултай орноор зараллаа. Хориг, нефтийн үнийн доошлолт, авилга, эдийн засгийн хямрал, Украин болон Сирийн асуудал энэ орныг одоо байгаа хэлбэрээр нь удаах нөхцөлгүй гэж үнэлээд энэ нь эсвэл гадагш нь түрэмгийлэл үйлдэх, эсвэл дотооддоо иргэний дайн үүсгэх бололцоотой боллоо гэж тэд дүгнэжээ. Иймээс хөрш оронд үүсч болох аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгт хүчиндээ илүү анхаарал тавих, боломжит аюулаас сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.

Орос нь өнөөдөр хувь процентоор тооцоход цэрэгт өгч буй мөнгөөрөө дэлхийд тэргүүлж байна. ДНБ-ийхээ 4,5 хувийг батлан хамгаалах зардалд зарцуулж байгаагаар АНУ, Хятадыг хол хаяжээ. Ийм үзүүлэлтээр тэдний өмнө Хойд Солонгос л орж магадгүй. Энэ бол өнөөгийн жишгээр милитаржсан орны зэрэглэл юм.

Өнөөдрийн Оросын задрал нниэс аль хэдийнээс нэгэнтээ эхэлсэн. 1990-ээд он эхэлж байхад Оросын цэргийн нэг нэгтгэлийн удирдагч Афганистаны дайны баатар Дудаев Чеченьд батлан хамгаалах швейцарь тогтолцоог маш богино хугацаанд буй болгожээ. Швейцарь тогтолцоо бол өрх болгоныг, иргэн болгоныг батлан хамгаалах системд хамруулж гэр оронд нь зэр зэвсэг, өөрийгөө хамгаалах бусад төрлийн тоног төхөөрөмж байрлуулсан байдаг. Бүх нийтийг өөрийгөө хамгаалах, дайсанд цохилт өгөх сургалтанд хамруулдаг. Өөртэй нь тэнцүү дайсанд хэзээ ч ялагдахгүйгээр, хэрэв өөрөөс нь хавьгүй хүчирхэг дайсанд ялагдлаа ч аймшигтай хохирол учруулж чадах хэмжээнд бэлтгэгдсэн болой. Гэвч энэ улс Аугсбэргийн гэрээгээр төрснөөс хойшхи 400 жилийн туршид швейцарь батлан хамгаалах тогтолцоо огт шалгагдаж байгаагүй. Дэлхийн хоёр дайн болоод өнгөрсөн хугацаанд Европт болсон олон дайн мөргөлдөөн үргэлж Швейцарийг тойрч байсан юм.

Огт шалгагдаж байгаагүй швейцарь тогтолцооны гайхамшгийг Чеченийн анхдугаар дайн батлан харуулав. Генерал Грачев ганц сая хүнтэй Чеченийг бүрэн дарахад дэлхийн хоёрдахь том арми Орост долоо хоног ихдэнэ гэж бахдаж байсан ч фронтын дайны баатрууд ялагдаж Дудаевийн залгамжлагч террорист Яндебиевийг Москвад урин хэлэлцээ хийгээд бараг бүрэн тусгаарласан Чеченийн ерөнхийлөгч болохыг зөвшөөрөөд цэргээ татав. 13 настай хүүхэд подволоос минимотоор буудаж долоон танк устгаж байсан гэдэг.

Оросоос де-факто тусгаарлаж чадсан Яндербиев, Масхадовын дэглэм де-юре тусгаар тогтнолыг алан хядлагаар олж авна гэж олон газар террор үйлдэж Орос орныг донсолгожээ. Үүний хариу ч чанга ирсэн. Чеченийн хоёрдугаар дайн хэрэг дээрээ геноцит болж хувирав. Фронтын дайн хийсэн учраас хүүхэд эмэгтэйчүүд, эмнэлэг сургууль хамаагүй болсон юм. Чухам үүний дүнд ч бараг хэний ч таньдаггүй байсан Путин Оросын шинэ царь болж чадсан. Гэвч ньчүүд номхорсонгүй. Дахиад л Орос орныг чичрүүллээ. Халдлага, террор тасарсангүй. Харин ч хүрээгээ тэлж хажуу Дагестан зэрэг газруудад халварлах нь тэр.

Үнэндээ арга нь тасарсан Путинд өөр арга чарга олдсонгүй, тэрээр чеченийн босогчдын нэг болох Кадыровыг өөртөө татаж Чеченийг тайван байлгасны шанд хэмжээлшгүй мөнгө, хязгааргүй эрх олгохоор тохирчээ. Аав нь алагдсаны дараа хүүд нь эрх мэдлийг шилжүүллээ. Мөнгө, цол хэргэм, эрх мэдлээр тасалсангүй. Орос улсын баатар Кадыров. Төрсөн өдрөө тэмдэглэхдээ сая долларын үнэтэй дуучин авчирч наргихад Путин зардлыг нь чимээгүй төлсөөр л. Эцэст нь Путин өөрөө Кадыровын барьцааны хүн болж хувирав.

Кадыров харж сонсоход тэнэг үйлдэл ар араас нь үйлдэн, скандал, шуугиан, үймээн байнга тарин, Оросыг дэлхий нийтийн өмнө шившиг болгож байгаа юм шиг боловч тэрээр маш ухаалаг зальжин нэг билээ. Тэрээр Орос оронд Путинаас илүү хайртай нэгэн, Путинд бол оросын ард түмнээс ч илүү янаг нэгэн. Энэ шал худлаа. Чухам ийм лоозонгоор тэрээр Чеченийг үнэн хэрэгтээ тусгаар улс орон болгож дөнгөв. Тэнд Оросын хууль үйлчлэхгүй. Кадыров Оросын мөнгөөр юу дуртайгаа үйлдэх бүрэн эрхтэй. Дудаев ч, Масхадов ч ийм амжилтанд хүрч чадаагүй юм.

Бараг зуун янзын хэлээр ярилцдаг Оросын холбоо нь 85 субъекттэйд 22 бүгд найрамдах улс, 9 хязгаар, 4 автоном тойрог, нэг автоном муж багтана. 20 сая лал сүсэгтэнтэй. Путин хэдийгээр Халимагийн Үлэмжинов, Татарстаны Шаймнев, Якутын Николаев зэрэг орон нутгийн феодлуудыг зайлуулж чадсан ч тэд нь Кадыровтой харьцуулахад гэмгүй даврагчид. Чеченийн бүгд найрамдах улс шиг бие даасан, Оросын хууль үйлчилдэггүй субъект өөр бараг үгүй байхаа. Саяхан Төрийн Думаас төсөв хувиарлахдаа бүх субъектийн мөнгийг хассан мөртөө ганцхан Чеченийн төсвийг 7 хувиар нэмжээ.

Оросын булааж авсан Крымын бүгд найрамдах улсын толгойлогч Аксёнов хоёр жилийн өмнө Кремлийн амлаж байсан их мөнгөнөөс сохор зоос ч олж аваагүй гэж гомдоллох болов. Энэхүү зөөлөн хэлэхэд шудрага бус хуваарилалт олон субъектийг гомдоож байна. Яагаад Татарстаны орон нутгийн зөвлөл татаар хэлийг латин үсгээр бичиж байх шийдвэр гаргахад түүнийг Төрийн Дум хориглон зогсоож болдог мөртөө Чеченьд өөр мужаас хууль сахиулагчид гэмт хэрэг мөрдөн орж ирэхэд шууд буудчихаар юм хэлдэггүй юм бэ? Муу ч сайн ч казань татаар үндэстэн чеченьчүүдээс тав дахин олуулаа шүү дээ. Яагаад Москвад аллага үйлдсэн террористийг Чеченийн засаг захиргаа өмөөрөх төдийгүй хуурамч бичиг баримт олгоод гадагш нь зугтаалгачихад Кремль чихээ бөглөөд өнгөрдөг мөртөө мөн Москвад буй украин номын санд Оросын эсрэг ном хадгалж байна гэх шалтгаанаар ажилтнуудыг нь баривчилдаг байнаа?

Эдийн засгийн ийм хүндрэлд орсон Орос орон хяналтаа улам бүр алдсаар байна. Дэлхийд тэрбум лалын шашинтан буйн 90 хувь нь сунитууд. Крымын цонхыг Сирийн хаалгаар солих гэсэн оролдлого нь Оросыг ийм аймаар том хүчний урдаас сөргүүлэн тавьлаа. Өдгөө барууны хориг тавигдлаа ч гэсэн Орос нь таван жилийн өмнөх төвшиндөө эргэж очтол лавтай 10 жил хэрэгтэй болно. Учир нь гол экспорт болох байгалийн түүхий эдийн үнэ эргэж өсөх магадлал тун хэцүү. Авилгатай дайн заралсан Путины хөтөлбөр байдлыг улам дордуулсан болохоос нэмэр болоогүй. Английн шүүх Путиныг хүн амины хэрэгт холбож, АНУ-ын төр түүнийг олон тэрбумын хөрөнгөтэй авилгачаар зараллаа. Хэдийгээр хатуу чанга арга хэмжээ авч байгаа ч гэсэн сөрөг хүчин улам хүчээ зузаатгаж хэзээ хэзээгүй дэлбэрэхэд алхам алхамаар ойртсоор. Сонгууль ойртсоор.

Орос улс задрах дээрээ тулбал энэ нь дэлхийн гамшиг болно. Хэдийгээр муу муухай ч Саддам Хусайн, Муамар Каддафи, Хосни Мубаракийн дэглэм юутай ч улс орондоо хяналт тогтоож байсан, харин дэглэм унасны дараа хаос үүсэн дэлхийг донсолгож гарсан. Путины дэглэм унавал үүнээс олон арав дахин гамшиг дагуулна. Орос улс Борис Годуновын дараах самуурал, ХХ зууны хориод оны иргэний дайны байдалд ч орж болзошгүй. Хэрэв ингэвэл дэлхийн хамгийн олон хөрштэй орны хувьд Дэлхийг донсолгосон 10 хоног болно. Жон Рид 10 хоногийг нь үзээд л үхчихсэн болохоос түүнээс хойш донсолгоо хэдэн жил үргэлжилсэн юм.

Хориод оны иргэний дайны үеэр Орост хориод бие даасан засаг оршиж биентэйгээ үхэх сэхэхээ үзэж байсан гэдэг. Нэг л бүлгийнх нь өчүүхэн хэсэг нь Монголд орж ирж түйвээж байсныг, араас нь тэднийгээ нэхэж ирснүүд нь нэмж баллаж байсныг түүх тодорхой санаж байгаа. Алив дайны амжилт хүнсний хангамжаас маш их хамаардаг. Цэрэг ч бай дээрэмчдийн бүлэг ч бай хүнсний хамгамжгүй болох аваас байлдахаасаа илүү удирдагчаа буудаж хаячихаад тонуулчин алуурчин болдог. 60-70 сая мал нь талаар нэг билчсэн, дайн байлдаан тонуул дээрэм хийхэд хүн амьтангүй эзгүй полигон бүхий газар ямар аятай оромж болох нь ойлгомжтой. Төрийн нэгдсэн хангамж үгүй жижиг бүлэглэлүүд хүнсний хангамжтай бол удаан хугацаагаар байлдах чадвартай. Түйвээх ч чадвартай.

Жич: Түүхэнд Төв Азийн нүүдэлчид 10 мянган км-ийн тэртээх алс газруудад довтлон түрэмгийлж байжээ. Түрэг, Хүн, Жужуань, Аваар, Монгол, Мажаар, Ногай, Алтан улс, Ильхан гээд олон жишээ татаж болно. Заримдаа хэдэн зуун мянган хүн хүрэх энэ том армиуд хүнсний хангамжаа маш сайн шийдсэн байсан нь тэдний амжилтын гол үндэс юм. Байгалийн ямар ч хүнд нөхцөлд өөрөө өвч тэжээлээ олоод идчихдэг хагас зэрлэг морьд (зөөвөрлөх) болон бусад мал (хоол хүнс) тэрхүү том армийн араас дагалдаж явдаг байжээ.

2016.1.31

Энэ өгүүллийг оросууд Украины Донбасст дайн дэгдээсэн үе буюу бараг арваад жилийн өмнө бичжээ. Үүнээс өмнө “Дэлхийн дайн болбол юунд хүргэх вэ?” (2015.1.24), дараа нь “Путины дараах Орос” (2022.2.21), "Хямрал Оросыг иргэний дайн, задрал, сүйрлийн ангалд аваачлаа” (2023.1.15) зэрэг өгүүллүүдэд Украин дахь Оросын түрэмгийлэл цааш өргөжвөл Монголд ямар аюул учруулж болох тухай анализ дүгнэлт бичсэн билээ.

Одоо Оросын задрал болбол энэ нь зөвхөн Оросын асуудал биш, дэлхийг доргиосон гамшгийн суурь болно. Путин аварга том Орос оронд хяналтаа алдаж эхэлжээ. Задрал өнөөдөр улам бодит зүйл болон харагдаж байна. Магадгүй дэлхийн шинэ дайн үүсэж болох энэ байдлаас улс орон болгон эмээж өөрийн аюулгүй байдалд санаа зовниж байгаа. Орос бол пэлхийн хамгийн олон хөрштэй орон, иймээс хөршүүд бусдаас илүү түгшин хил хязгаартаа улам анхаарал хандуулж байгаа билээ. Үүнд Финланд, Швед, Норвеги, Польш, Балтын орнууд, Румын, Молдав, Япон ямар арга хэмжээ авч байгааг мэдээллийн хэрэгслэлүүд онцолж байна.

Монгол бол хоёр хөршийн муудалцаан сайдалцаан, дотоодод нь болсон хямрал, иргэний дайн зэрэгт олон удаа хэлмэгдэж байсан гашуун түүх туулсан ард түмэн. Зөвхөн ХХ зуун гэхэд Орос-Японы дайн, Оросын иргэний дайн, Зөвлөлтийн хамтралжуулалт, Сталины дотоод дахь хядлага, Халх гол дахь Зөвлөлт-Японы мөргөлдөөн, Зөвлөлт-Хятадын муудалцаан, Зөвлөлтийн задрал, Хятад дахь барууны орнуудын түрэмгийлэл, лалын бослого, Хятадын Цинхайн хувьсгал, олон жил үргэлжилсэн хятадын иргэний дайн зэрэг хөрш орны дотоодын хямрал ихэнхдээ Монгол улсад өөрийн муу нөлөөгөө үзүүлж байсан.

Монгол улс шинэ Үндсэн хуулиараа гадаад харилцаандаа төвийг сахьсан орон билээ. Гадны цэрэг арми Монголд байрлах, Монголын нутгаар дайран өнгөрөхийг Үндсэн хуулиар хориглосон. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол –Оросын хил дээр хоёр орны цэргийн жижиг ангиуд хилийн аюулгүй байдлыг хангах сургууль хийх гэрээ байгуулсан, түүнээ өргөжүүлэн нэлээд хэдэн удаа бүх Монголоор гадны цэргийн зэвсэг техник бүхий томоохон хүчнийг сургууль нэрээр туучуулсан. Их энгийн, магадгүй гэнэн байж болох жишээ хэлье. Хэрэв Оросын одоогийн задарлаар, 1918-1923 онд болсон иргэний дайны үед биендээ дайсагнасан хорь орчим засаглал үүсээд хоорондоо дайтаж байсантай адил юм давтагдвал юу болох вэ? Монгол нутгаар нэг туучих замдаа эзгүй тал нутаг, талаар нэг бэлчих харах хандах хүнгүй мал сүргийг нүдлээд авсан орос цэрэг хожим иргэний дайнд аль нэг талд орон зугтах, дайрах үедээ ямар шийдвэр гаргаж болох вэ? Хүнсний хангамж талаасаа шүү дээ! Оросуудтай нийлж даган Номхон далай хүртэл явж Японыг айлгах сүр хүчинд оролцсон монголчуудыг хямралын үед өмөөрөх газаргүй болбол яана!

Юутай ч Оростой хиллэж буй олон орны нэгэн адил хил хязгаараа бэхжүүлдэггүй юм гэхэд учирч болох аюулаас зайлсхийхийн тулд хилийн хяналт шалгалтаа сайжруулмаар байна. Зуун жилийн турш үргэлж ямар нэг зөрчил хямралд автаж байсан Монгол-Тувагийн хил бол юун түрүүн анхаарах нутаг мөн. Хэнтийн нурууны тайга ч аюулын харанга дэлдэж болох эзэнгүй хөвч. Хэрэв асар их дүрвэгчдийн давалгаан Монгол руу нэвтэрч эхэлбэл бидэнд үүнийг зохицуулсан, арга хэмжээ авах хууль бий бил үү?

Б.Баабар 2024.10.14

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.212.116.15)
    Энэ ч ҮАЗ дээр бодож тооцсон байх ёстой асуудал шүү.
    2024 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.181.232)
    өөрийгөө л хичээ зөнөг өвгөн.орон гаран болчихсон зөнөг худлаа хүмүүсийн тархи угаахаа боль.орос задарвал задарна л биз хэнд хамаатай юм!
    2024 оны 10 сарын 14 | Хариулах
  • Монгол хүн (103.57.95.156)
    Энэ бол бодитой аюул шүү?!! Орос ах нар чинь цагаа тулвал Монголчуудыг тоох чүгүй мал нохой шиг хоморголон устгах алуурчид болон хувирна! Болгоомжлогтун!
    2024 оны 10 сарын 14 | Хариулах
  • Эх оронч (103.168.34.152)
    Энэ бол маш бодит байдал! Хойд хилээр хэдэн мянган АК болон бусад зэвсгээр зэвсэглэсэн нөхдүүд орж ирвэл " Ах минь! ,Ах минь!" гээд мөргөөд байх уу???? Тоох ч үгүй буудаж ална. Энэ бол бодитой байдал шүү. Төр засгийн тэнэгүүд үүнд анхаарлаа хандуулаасай!!!!
    2024 оны 10 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 4 цаг 58 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 5 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 5 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 6 цаг 30 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 6 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 7 цаг 12 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 7 цаг 13 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 7 цаг 15 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 7 цаг 48 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 7 цаг 49 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 7 цаг 52 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 7 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 10 цаг 3 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 10 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 10 цаг 5 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 10 цаг 7 мин Эх оронч Лоохууз 11 цаг 38 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 11 цаг 54 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 12 цаг 6 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 12 цаг 51 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top