x

ХҮНЭН СҮРЭГ

ХҮНЭН СҮРЭГ

Дэлхий дээр амьдрал үүссэнтэй харьцуулахад хүний зүйл маш хожим буй болжээ. 10 сая жилийн өмнө хүн дүрст амьтан, нэг сая жилийн өмнө хүний төрөл, харин ухаант хүн ердөө 100 мянган жилийн өмнө үүссэн. 3,8 тэрбум жилийн өмнө манай дэлхийд амьдрал буй болсон гэхээр бид үүний 36 мянгад хуваасны нэгд ноогдох богино хугацааг туулжээ. Ингэхээр хэл яриа үүссэний 15 мянган жил, иргэншил төрсний 6 мянган жил, хүн төрлөхтөн үйлдвэржсэний 300 жил, нэг хүний амьдралын 70 жил юутай өчүүхэн, тэрбумаар тоологдох аугаа их хувьслын зураг дээр цэг ч эзэлж чадахгүй бяцхан үртэс ажгуу.

    Хүн өнөөдөр манай гаригийг бүрэн эзэмдэж байна. Цэцэглүүлж ч байна, засаж ч байна, сүйрүүлж ч байна. Ариун сударт өгүүлэхдээ Бурхан хүнийг энэ дэлхийг захируулах гэж бүтээжээ. Буддагийн сургаснаар хүн нь бусад бүхий л амьтадтай ижил эрхт бие бөгөөд үхэшгүй сүнс нэг хэлбэрээс нөгөөд шилжихдээ зарим нь хүний биеийг олдог бололтой. Өөрөөр хэлбэл хүнд тусгай юм юу ч үгүй аж. Хүнийг бусад бүх амьтанаас илүүтэй сүрэглэх чадвар нь гоц болохыг шинжлэх ухаан онцолдог. Шоргоолж, зээр зэрэг бусад сүрэглэх амьтнаас ялгаатай нь зөн билэгт бүрэн захирагддаггүй, шинэ нөхцөлд шинэ зохион байгуулалтанд орж чаддаг ухамсарт сүрэг ажгуу. Хомо сапиэнс хэмээх ухаант хүний өмнө нэндэрталийн хүн гэх нэгэн зүйл үүсчээ. Эдний яс ялангуяа Европоос их олддог. Гал олсон, тодорхой авиагаар хоорондоо нэлээд нарийн ойлголцдог энэ хүн-сүрэг бие томтой, сэтгэх чадвартай байж. Хэрэвзээ араас нь бид буй болоогүй бол эд одоо дэлхийг захирч байх байсан ч юм билүү?

     Төв Африкт үүсэн улмаар бүх дэлхийгээр тархсан хомо сапиэнс гэгдэх бид нэндэртальчуудтай үзэлцэн тэднийг умарт туйл руу шахан хөөжээ. Хөөрхий тэд мөстлөгийн үед бүрэн сөнөсөн байна. Бид тэднээс сүрэглэх, зохион байгуулагдах чадвараар илүү байжээ. Ингээд хүний зүйл өөрийн баг бүлэг дотор ганцаар хоцорч, ямар ч өрсөлдөх өөр амьтангүйгээр манай гаригийг эзэгнэх болж. Хүмүүс сүрэглэх чадвараа улам төгөлдөршүүлж отог овог, аймаг гэж явсаар төр улс, шашин гэх мэтийн сюпэр сүргийн тогтолцоо бодож олжээ. Хувьслын явцад хүмүүс арьстан үүлдэр болон хоорондоо ялгагдсан төдийгүй түүхийн явцад хэл үүсэж үүнээ даган бие даасан соёлууд, улмаар иргэншлүүд бий болжээ. Нэгэн зүйлд хамрагдах хомо сапиэнс биенээсээ ялгагдах биологийн болон соёлын ялгаануудтай болж авлаа.

    Хувь хүн сүрэг дотроо хүчтэй. Сүргээс шахагдвал хүн шиг өчүүхэн арчаагүй амьтан өөр үгүй биз. Эртний хүн нь сүргээсээ тасарвал наад зах нь араатанд бариулна, цаашилбал хамтын бүтээл болох оромж хүнс зэргээсээ сална. Сүрэг төгөлдөршихийн хэрээр хувь хүмүүсийн оюуныг эзэмдэх болжээ. Үүний нэг илрэл нь шашин. Шашинаар гадуурхах, сүм хийдээс хөөх, улмаар тэрслэгчдийг бие мах бодийн хувьд устгах явдал хүний түүхэнд дэндүү элбэг үзэгдэл байв. Шашин хүчирхэгжих тутам түүнд хамаарах хувь хүн жижигрэнэ. Яг үүнтэй Төр ижил. Улс орон үндэстэн, улсын ба төрийн эрх ашиг гэдгээр гишүүдийг нийгмийн сүргийн хүчтэй зохион байгуулалтанд оруулж, салж тасрах гэснийг хатуу цээрлүүлнэ. Ялангуяа тоталитар дэглэм энэ талаар гаажтай. Нацизм, коммунизм нь нам гэсэн сюпэр сүргийн элит бүлэг байгуулдаг ба эндээс гадуурхах, хөөх нь хувь хүнд том цохилт болдог. Чухам ийм нийгэмд сүргийн хүч чадалд наалдан түүнд үнэнч байх, эсбөгөөс зохицуулах үүрэг хүлээснээр хувь хүн хүчирхждэг байна.

    Сүргийг захирахаар онцгойрон ялгарч хүчирхэгжсэн удирдагч бие хүн олон байсан. Гэтэл тэднээс шал өөр утгатай онцгойрогчид бас бий. Эд бол сүргээс тасрах, бие даах, үл хамаарах оролдлоготон хүний түүхэнд байнга л үзэгдэж байлаа. Шизофрени өвчтөнөөс авахуулаад сартваахи ухаантан хүртэл нийгмийн янз бүрийн спектрыг хамаарна. Иймээс эд үргэлж гадуурхагдаж байсан. Сүрэг тэднийг хатуу цээрлүүлнэ. Галиллей сүрэгт бууж өгсөн боловч хаалгаар гарахдаа “гэхдээ л эргэдэг л юм даа” гэж байв. Бруно бууж өгөлгүй амьдаараа шатаагдсан. Гээд үе үеийн аугаа сэтгэгчдийн ятгалгаар хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн тогтолцоо буй болсон юм. Бие хүн сүргийг үл тоож болно, сүрэг үүний төлөө цээрлэл үзүүлэхгүй. Олонхи шийдвэр гаргана, цөөнх оршин тогтнох төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн маягаар томъёологдов.

    Хууль орчны ийм бололцоо гарсан боловч хүн хэмээх нь угаасаа л сүргийн амьтан учир үй олноороо сүргээ нулимаад ганцаараа тэнээд явчихсангүй. Ерөнхийдөө сүргийн бүтэц хуучнаараа л оршин тогтносоор. Гээд хоёр гурван зуун жил өнгөрөхөд өөрийн бодолтой, түүгээрээ бахархдаг, сүргээс хамаарах хамаарал нь бага болсон, өөрийгөө илэрхийлэх чадвартай, биеэ тоосон хүчирхэг бие хүмүүс үй олон болжээ. Технологийн дэвшил ийм хүчирхэг бие хүмүүсийг улам олшруулах нөхцөл бүрэлдүүлэв. Мэдээж сүргээс ор тас тасран Робинзон Крузо шиг амьдрах хүн гарахгүй. Учир нь угаасаа л хүн нь сүргийн амьтан. Биологийн дизайн нь тэр юм. Харин хүний өөрийнх нь зохиосон сүргийн дэд болон дээд бүтцүүдийн хана хэрэм нурж унаж байна гэсэн үг.

    Гэвч гэр бүл гэсэн байгаллаг, компани маягийн ашиг сонирхлын, найз нөхөд гэсэн сэтгэл санааны, төр, шашин мэтчилэнгийн сюпэр сүргийн бүтцүүд хүний нийгмийг үргэлж дагах болно. Энэ бүтцээс хэн ч ангид байхгүй боловч эдний алинаас нь ч асар бага хамааралтай хүчирхэг бие хүмүүс үржин олширлоо. Харин сул доройчууд сүргийн амьдралаас бүрэн хараат төдийгүй улам ахиу хамааралтай болохоор тэмүүлнэ. Нэг хэсэг нь сүргээр тэжээлгэх гэж тэмүүлдэг бол нөгөө хэсэг нь сүргийн нэр сүр хүч чадлын буянгаар өөрийн биеийг хүчирхэгжүүлэх гэж зүтгэнэ. Эхний хэв шинжийнхэн төрөөс болон сүм хийдээс улам ихийг нэхэж зүгээр тэжээлгэх гэсэн хандлагатай. Сүүлчийн хэв шинжийнхэн төр болон сүм хийдэд чухал алба хашиж сүргийн нэрээр бусдыг далайлган хүчтэй мэт харагдах гэсэн эрмэлзлэлтэй.

    Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон байдаг. Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шудрага хүн олон бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр инстүүцүүд дампуурсан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шудрага нэгнээ шахаж гаргана. Гааль, цагдаа, татварын алба, нийгмийн даатгал, шүүх, төрийн яамд, мэргэжлийн хяналт зэрэг иргэдийг дарамталж болдог төрийн байгууллагуудад үнэнч шудрага хүмүүс бий нь бий л байх, гэхдээ ерөнхий бүрэлдэхүүнийг нь харахад олонхи нь тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хүчирхэг нэгэн” болдгийг бүгд харж байгаа. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячихвал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч сүргийн эрэг шураг болсондоо байгаа юм.

    Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомо сапиэнс сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож таран байрлажээ. Бурхан тэдэнд сүргийн амьдрал заяасан. Түүнээс гадна өөр хэнд ч өгөөгүй оюуныг давхар бэлэглэсэн юм. Магадгүй энэ нь хомо сапиэнсийн байгаллаг ба оюунлаг хоёр тал нь байх. Арга билэг ч юм уу! Бурхан буг ч юм уу! Гэрэл сүүдэр ч юм уу! Нэгэнт Бурхан ингэж заяасан болохоор хүний нийгэм сүргийн бүтцээрээ л явсаар дуусах байх. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих, тусгаарлах, үл хамаарах эмэлзлэлийг үргэлж төрүүлнэ. Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй цадъя гэсэн ганц зорилготой байдаг биз дээ.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 51 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 55 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 56 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 57 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 58 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 55 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 57 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 59 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 0 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 2 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 3 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 7 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 19 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 20 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 22 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 24 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top