x

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль: Үхсэн монгол хамгийн сайн монгол

Зургийг нүүр номоос

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд өртөж амиа алдсан Онцгойгийн гурван залуутай даваа гаригийн өглөө салах ёс хийв. Салах ёс гүйцэтгэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцжээ. Мөн “Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл цалинг нөхөн олгох, ар гэрт нь гурван өрөө байр өгөх” хуулийн төсөл санаачилсан гэнэ.

Ерөнхийлөгчийн хувьд өмнө нь энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд Онцгой байдлын алба, алба хаагчдад хүндэтгэлтэй хандах ёстой хүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ удаагийнх бол арай л биш сонсогдож байна. Учир нь хүний амийг мөнгөөр үнэлж болдоггүй. Аавыгаа, ахыгаа, дүүгээ, хүүгээ алдсан гэр бүлд ямар ч мөнгө төгрөг, орон сууц хүнийг нь орлож чадахгүй.

Хэрвээ үнэхээр Онцгойгийн алба хаагчдыг гэсэн чин сэтгэл, хүндэтгэл байгаа бол алба хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрсдлийг бууруулах, авран хамгаалах ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах боломж, нөхцлийг нь бүрдүүлэх, үүнд нь зориулсан тусгай техник, тоног төхөөрөмж, нэг бүрийн хэрэгслээр хангахад эрх мэдлээ, хүчээ гаргах хэрэгтэй биз дээ. Үүнийхээ дараа харин хохирол, нөхөн олговрын тухай ярьж болно. Өөрөөр хэлбэл, дараалал нь буруу байна аа гэсэн үг. Яг сая болж өнгөрсөн эмгэнэлт осол шиг.

Үер ус, гал түймэр, осол аваар, байгалийн гамшигтай өдөр бүр нүүр тулж байдаг Онцгой байдлын алба өөрөө эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй. Гэхдээ энэ эрсдлийг хамгийн бага хэмжээнд бууруулах нь энэ салбарын бодлого байх ёстой. Үүнд алба хаагчдын мэргэшсэн байдал, дадлага, туршлага, сургалт, ажлын зохион байгуулалт гээд олон зүйл хамаарна. Сүүлд болсон эмгэнэлт осол бол цэвэр үүнээс шалтгаалж гарсан осол.

Хэрвээ осол гарах үед аврагчдыг мэргэшсэн удирдлагаар хангаж ажилласан бол, шуурхай ажиллагаанд бэлэн байсан бол, нөхцөл байдлыг зөвөөр үнэлсэн бол гурвын гурван сайхан залуу амиа алдахгүй байлаа. Осол гарсны дараа Онцгойгийн дарга “Манайд урьд өмнө газ ачсан 60 тоннын цистерн дэлбэрсэн осол гарч байгаагүй. Цистерн шатахуун, хий мэтийн шатамхай зүйл ачиж явааг бид мэдээгүй", "Аврах ажиллагаанд алдаа гараагүй, санамсаргүй осол байсан” гэж мэдэгдсэн.

Энд хэлсэн үг бүр нь анхнаасаа аврах ажиллагаанд алдаа гарсан гэдгийг нотолсон. Юутай учирч байгаагаа мэдэхгүй, төсөөлөхгүйгээр “алдаагүй ажиллана” гэж байх уу? Тэгээд мэдсэн байлаа ч манайд аврах ажиллагаа явуулах хүн хүчний болон техникийн чадамж байхгүй гэдэг нь ар араасаа нотлогдлоо. ”Газ дэлбэрсэн тохиолдолд яаж ажиллах тухай заавар, журам байхгүй” гээд зогсож байгаа чинь тэр залуусыг зүгээр л мухар сохроор, нүдээ аниад гал руу түлхсэн гэсэн үг. Тийм учраас залуус юу руу орж байгаагаа ч мэдэхгүй явж очоод, ямар ч үнэ цэнэгүйгээр амиа алдсан байна.

Тиймээс энэ бол баатарлаг биш, баатарлал. "Баатарлаг" гэдэг чинь юунд зорьж байгаа, юу алдахаа тооцоолоод, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд амиа зориулахыг хэлдэг юм. Бас санамсаргүй осол ч биш. Энэ бол мэдлэггүй, мэдээлэлгүйн улмаас үүдсэн эмгэнэлтэй, гомдолтой үхэл. Тэр гомдлыг нь өнөөдөр гурван өрөө байраар төлж байгаа юм. Ард нь дахиад хэдэн аавын хүүхэд, айл гэрийн эзнийг ийм “баатарлал” хүлээж байгааг бид мэдэхгүй.

Ослын газарт хамгийн түрүүнд очсон нь дүүргийн онцгой байдлынхан. Яг үнэндээ дүүргийн онцгой байдлын хэлтсийн хүн хүч, тоног төхөөрөмж юу билээ. Үсрээд нэг, хоёр галын машин л байгаа. Ахуйн түймэр, үеэр уснаас өөр зүйлд явж үзээгүй хорь, гучаад насны залуус байгаа. (амиа алдсан гурван залуугийн насыг хараад үзээрэй) Ядаж Ерөнхий газраас удирдлагаар шуурхай хангаад, хоорондоо шууд холбоотой ажиллаад, мэргэжлийн туршлагатай хүнээр удирдуулсан бол “Цистернд ойртож болохгүй. Ойр орчмын хүмүүсийг холдуулж, замаа чөлөөлөөд өөрсдийнхөө аюулгүй байдлыг ханга” гэдэг заавар чиглэл өгнө биз дээ.

Тийм болохоор энэ бол санаандгүй осол биш. Санаатайгаар ажлаа цалгардуулсан, хариуцлага алдсан зүйл. Гэтэл өнөөдрийг хүртэл хэн ч хэнтэй ч хариуцлага ярьсангүй. Иргэд бухимдахаар, хариуцлага нэхэхээр мушгиад төсөв, мөнгө рүү чихэж байна.

Өнгөрсөн наадмын өмнө болсон үерийн үеэр үзүүлсэн дүр зургийг сана л даа. Аврагчид нь завьгүй, хамгаалах хувцасгүй, урсаж яваа айлын жорлон, бөөн халдвар дундуур өдөр өмссөн хувцастайгаа туучаад иргэдийг аварч байсан. Үерийн дараа алба хаагчдын хувцас, хэрэглэлд 15 тэрбумын төсөв нэмж хуваарилсан гэх ч одоо болтол худалдан авалт нь хийгдээгүй.  

Тэгэхээр бүх бурууг төсөв, мөнгө рүү чихэж болохгүй юм байна. Хуваарилсан төсөв нь бас зориулалтаараа зарцуулагддаггүй юм байна. Хагас тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн жип аваад унаж байгаа Онцгой байдлын даргад “төсөвгүй” гэж хэлэх эрх байх уу? Алба хаагчаа, ажил үүргээ гэсэн сэтгэл, зүтгэл энэ хүнээс гарах уу? Тийм болохоор асуудал нь төсөв мөнгөндөө биш, хүндээ байна.

Жишээлэхэд, Онцгойд ажиллаж байгаад мэргэжлээрээ гадаадад гурван дээд сургууль төгсөөд ирсэн хүнд орон тоо олдохгүй байна гэж байна. Нэг дарга нь нөгөө даргынхаа хүүхдийг дээш нь татдаг, нөгөөх нь дээшээ гарахаараа дахиад нөгөө даргынхаа хүүхдийг нь дээш нь татдаг тийм л тогцтолцоо бий болсон гэж байна. Мэргэжлийн ямар ч шалгуур байхгүй, мэргэжлийн удирдлага байхгүй.

Сая осол болсны дараа дүүргийн Онцгой байдлын хэлсийн дарга, хамтлагийн дуучин байсан залуу ажлаа өгсөн. “Мэргэжлийн бус удирдлага” гэж иргэд шүүмжлээгүй бол ажлаа өгөх байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тэр хүнд ямар эрх мэдэл бий гэж хариуцлага үүрүүлж байгаа юм. Түүнээс дээшээгээ яагаад хариуцлагаа хүлээхгүй байгаа юм. Ерөнхий газрын дарга, асуудал эрхэлсэн сайд  нь тийм их гавьяатай улс уу?

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ч бас “Энэ бол санамсаргүй осол биш. Буруутай этгээдүүдэд нь хариуцлага тооц” гэдэг үүрэг чиглэл өгсөн байна лээ. Тэгвэл тооцох ёстой хүн нь өөрөө биш үү. Энэ хүмүүсийг албан тушаал, эрх мэдлээс нь холдуулж байж буруутныг олно. Хамгийн түрүүнд улс төрийн хариуцлага гэж юм бий. Түүний дараа хуулийн хариуцлага ч яригдах ёстой. Ядаж ингэж байж амиа алдсан алба хаагчдын, тэдний ар гэрийнхний өмнө гэм буруугаа хүлээсэн болно. Түүнээс биш төсвийн мөнгөөр гурван өрөө байр өгөөд хариуцлагаас мултардаг байж болохгүй.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл ч гэсэн ялгаагүй. Алба хаагчдаа аврах, хамгаалах хэрэгсэл, тусгай техник, тоног төхөөрөмжөөр хангая, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалдаг, нөхөн төлдөг тогтолцоотой болъё гэхийн оронд “Амиа алдвал чинь байр өгнө” гэдэг нь ямар утгатай хууль вэ? 

Монголчуудын дунд нэг муухай үг бий. "Үхсэн монгол хамгийн сайн монгол" гэж. Амьддаа сайнаа үзэхгүй дээ л гэсэн үг байх. Социализмын үед үйлдвэрийн ажилчин хүн насаараа борив бохисхийлгүй зүтгээд тэтгэвэртээ гарахад нь улсаас байр өгдөг, “үр хүүхдээ орох оронтой болголоо” гэж сэтгэл амраад нүд аньдаг байсан гэдэг. Одоо гэтэл “үхсэн хойноо байртай болно шүү” гэдэг хуулийн төслийг улсын ерөнхийлөгч нь санаачлаад явж байна. Ар гэрээ орон байртай, хүн шиг амьдруулахын тулд амиараа төлөх ёстой  юм гэнэ. Үүнийг тэгээд тэнэглэл гэх үү, эсвэл доромжлол уу?  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 51 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 55 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 56 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 57 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 58 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 55 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 57 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 59 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 0 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 2 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 3 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 7 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 19 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 20 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 22 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 24 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top