x

Биньямин Нетаньяху-Энэ цаг үеийн түүхэн баатар уу?

-Бид энэ дайнд гурван зорилго тавьж байна. 1) ХАМАС-ыг устгах, 2) Барьцаалагдсан хүмүүсийг буцааж авах, 3) Цаашид Газын зурвас Израильд аюул занал учруулахгүй байхыг баталгаажуулах. Энэ гурван зорилгыг биелүүлэхэд хэн ч бидэнд саад болохгүй–Б.Нетаньяху Газад хийсэн мэдэгдэл.

Израиль Улсын түүхнээ гурван удаа Ерөнхий сайдаар ажилласан нэг л хүн бий. Тэр бол Биньямин Нетаньяху. 1996-1999, 2009-2021 он, одоогийн алба хашсан нь 2022.12.29-нөөс. Түүхнээ хамгийн удаан, хамгийн олон удаа тэр улсын Засгийн газрыг тэргүүлжээ. Тэргүүлж ч байна. Угсаа гарал нь Хаант Орос руу заана. Түүний эцэг Польш-Литвийн жүүд (еврей) Бенцион Нетаньяху (жинхэнэ нэр нь Милейковский) нь түүхийн профессор. 1950-1960-аад онд гэр бүлээрээ АНУ-д шилжин суурьшиж Бенцион нь Корнеллын их сургуульд багшлах болсноор Биньямин хүүгийн үзэл бодол төлөвшиж чухам америкжсан жүүд болж өсчээ. Дунд сургуулиа дүүргэсэн тэр залуу 1967 онд төрөлх нутагтаа эгэн ирж, армид алба хаахдаа Жанжин штабын дэргэдэх хорлон сүйтгэх элитийн тусгай ангид алба хааж, дайсны нутгийн гүнд хэд хэдэн нууц шуурхай ажиллагаанд оролцож хоёр удаа шархаджээ. 1972 онд палестины террористуудын барьцаалсан иргэний агаарын тээврийн онгоцыг чөлөөлөх ажиллагаанд оролцож алдаршаад ахмад цолтойгоор албаа дуусгажээ. Дараа нь АНУ-д суралцах завсраа 1973 онд эх орныхоо дуудлагаар Суэцын суваг, Голаны өндөрлөгийн төлөөх тулалдаануудад очиж оролцжээ. Тэрээр АНУ-д нэр хүндтэй хэд хэдэн их сургуулийг зэрэг шахуу олон мэргэжлээр дүүргэжээ. Уран барилгын бакалавр, менежментийн магистр, улс төр судлалын магистрыг 5 жилд багтаан үзэж дуусгасан аж. 

Эх орондоо эргэж ирээд хувийн компанид топ-менежерээр ажиллахын сацуу олсон зөөсөн мөнгөөрөө өөрийн ах дайны баатар Йонатан Нетанияхугийн нэрэмжит террор судлах хүрээлэн (“Институт Йонатан”) гэдгийг байгуулж, терроризмтэй тэмцэх асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурлууд зохион явуулж эхэлжээ. Өөрийнх нь хүрээлэн өөрийг нь алдаршуулж тэр үедээ израилийн нэлээд улс төрчид, түүний дотор хожим өөрийг нь улс төрд хөтөлсөн Моше Аренстай танилцуулсан аж. Менежер, бэлтгэл ахмад залуу эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар хавсран ажиллах, тэгээд бүр хэд хэдэн ном хэвлүүлж, “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост”, “Лос Анжелес Таймс” сонин, францын “Ле Монд” сонин, “Тайм” сэтгүүлд улс төрийн нийтлэлээ бичиж хэвлэлээр алдаршина гэдэг эрүүл ухаанаар төсөөлбөл чухам жүүд хүний хийж чаддаг л ажил байх гэж бодмоор. 

Түүний овсгоо, мэдлэг, эр зоригийг олж харсан Моше Аренс АНУ-д Элчин сайдаар ажиллахдаа дэргэдээ татан авч төдөлгүй дэвшүүлэн Элчин сайдын яамныхаа хоёрдугаар хүн болгож, АНУ-тай стратегийн хэлэлцээ хийх Израилийн анхны төлөөлөгчдийн гишүүнээр ажиллуулжээ. Нетанияху 1984-1988 онд НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр ажилласан он жилүүд түүнийн хувьд нэн онцлогтой. Ухаалаг дипломатч, гайхамшигт илтгэгч, цуцалтгүй маргагч Нетанияху эх орныхоо байр суурь, имижийг дэлхийн хамтын нийгэмлэгт бэхжүүлсний сацуу уйгагүй эрэлхийлж, олон архив үзэж судлан байж НҮБ-ын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга, Австрийн иргэн Курт Вальдхаймын II дайны үед нацист явсан түүхийг дэлхийд дэлгэж шившгийг нь хутгажээ.

1988 онд Израильдаа эргэж ирээд улс төрийн жинхэнэ карьераа эхлүүлэв. Эхлээд Кнессетэд Ликуд намын нэрээр сонгогдлоо. Ерөнхий сайд Ицхак Шамирын Засгийн газарт Гадаад хэргийн дэд сайд боллоо. 1992 онд Ликуд нам сонгуульд ялагдаж, намын лидер Шамир огцорлоо. Дараа жил нь намын даргын буухиа сонгуульд (праймериз) Ерөнхий сайд асан Бегиний хүү Бени Бегин, сайд Давид Леви, Ариэль Шарон нартай өрсөлдөөд Нетанияху яллаа. Ийнхүү Ликудын шинэ залуу удирдагч Израилийн улс төрийн тавцанд эргэлтгүй гарч ирлээ.

Ликудын удирдагч, парламент дахь намын бүлгийн дарга Нетанияху Хөдөлмөрийн намынхныг зад шүүмжилж Ослогийн хэлэлцээрийг цуцлахыг шаардлаа. Арабын терроризм байгаа цагт тэдэнтэй ямар ч хэлэлцээр байгуулаад нэмэргүй хэмээн Ерөнхий сайд Ицхак Рабин руу давшлав. Израилийн цэргийг Газын зурвас, Иордан голын баруун эргээс гаргана гэж ярилтгүй хэмээн Ликудын залуу удирдагч үзэв.

Өмнө нь Ерөнхий сайдыг парламентаасаа сонгож ажиллуулж ирсэн практикийг халж 1996 онд Израиль Улс анх удаа Ерөнхий сайдаа бүх ард түмний шууд сонгуулиар сонгоход Ерөнхий сайдНобелийн шагналт Шимон Перестэй (хожмын Ерөнхийлөгч) халз үзээд Нетаньяху дуулиантай ялж гарлаа. Шимон Пересийн Авода нам (Хөдөлмөрийн нам) палестинчуудад нутаг дэвсгэрийн буулт хийж ирсэнийг тууштэй эсэргүүцэгч Ликудын лидерт олонхи нь саналаа өгсөн аж. Санал хураалт болдогийн өмнөхөн палестины исламист бүлгийнхэн террорист халдлага үйлдэж 32 иргэн алагдаад байсан нь Авода намын ялагдалд нөлөөлжээ. Мөн америкийн улс төрийн технологич, сонгуулиар мэргэжсэн Артур Финкельштейн гэдгийг Нетаньяху зөвлөхөөрөө авч ажиллуулсан нь ч ялалтад нөлөөлжэ. Тэрхүү америк жүүд Финкельштейн гэгч нь эсрэг этгээддээ сэхээ өгөлгүй шувтан атаклан дайрах технологийг зөвлөдөг, ерөөсөө түрэмгий үзэж байж ялна гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн аж. Ингээд Израилийн түүхнээ хамгийн залуу (47 настай) Ерөнхий сайд төрлөө. 

Хатуу чиг шугам баримтлагч, палестинчуудад нутаг дэвсгэрийн буулт үл хийгч Нетаньяху энхийн үйл явцыг үргэлжлүүлэхээс өөр арга байсангүй, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтоны зүгээс ч даралт шахалт бишгүй ирлээ. 1997 онд палестины Хеврон хотод Палестины удирдагч Ясир Арафаттай анх удаа уулзлаа. Буулт хийлээ, Хевроны 80 хувийг палестичуудад шилжүүлж, үлдэх 20 хувийг нь нутгийн жүүдүүдэд үлдээхээр боллоо. Хойтон жил нь Б.Клинтоны зуучлалаар Вай Плантейшн хэлэлцээр(Wye Plantation Agreement) гэдэг баримт бичигт Арафаттай хамт гарын үсэг зуран, Баруун эргийн Иудеи, Самари нутгийн 13 хувийг палестинчуудад өгөх болж “А бүс” гэдгийг байгуулжээ. Хэд хэдэн зэрэглэлтэй ийм бүсүүдэд нутгийн (хуучнаар бол эзлэгдсэн) палестинчууд хувь заяагаа өөрсдөө шийдэн оршин суух болжээ.

Нетаньяху эдийн засгийн бодлогоороо улс орныхоо эдийн засаг–санхүүг өөд татсан юм. Инфляцийг бууруулж чадсан, төсвийн алдагдлыг зогсоосон. Жил бүр өндөр технологи нэвтрүүлэхэд 1 тэрбум ам.доллар төсөвлөдөг болсноор тус орон мэдлэгт суурилсан эдийн засгийн анхдагчийн нэг болжээ. Энэ бодлогоо хожим Шароны Засгийн газарт Сангийн сайд байхдаа ч үргэлжлүүлсэн. 

Гэвч хэл ам, элдэв маргаан будлиан Нетаньяхуг тойроогүй. Энэ нь ихэвчлэн палестинчуудтай харилцах асуудлаас үүддэг. ХАМАС-ын оюун санааны удирдагч лалын шашны лам Ахмед Ясиныг шоронгоос сулласан, хариуд нь израилийн тагнуулчийг суллуулсан, тэр тагнуулч нь Канадын паспорттой Иорданд очиж ажиллах нууц даалгавартай явснаас үүдэн Иордан, Канадтай харилцаа хүйтэрч, энэ хэрэгт Нетаньяху, Шарон нар буруутгагдав. Иерусалимын өмнөд хэсэгт жүүдийн шинэ суурин байгуулах, 30 мянган жүүд цагаачдыг тэнд суулгах асуудал палестинчуудын төдийгүй израильчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Үүнээс болж Арафат хойшдын бүх уулзалтаа урьдчилан цуцлаж, энхийн хэлэлцээгээ таслав. ХАМАС-ынхан Израилийн нутагт хорлон сүйтгэх аллагаа үе үе хийж байснаас израиль–палестины харилцаа үлэмж хурцдав.

Энэ мэт бүтэлгүй явдал, Кнессетэд төсөв батлах зэрэг асуудлаас болж Ликуд нам дотор санал зөрөлдөөн гарч, 1999 онд хугацаанаас өмнө ээлжит бус сонгууль хийх дээрээ туллаа.Сонгууль болдогоороо болж Авода нам ялж Нетаньяху албаа Эхуд Баракад шилжүүллээ. 2003 онд дараагийн сонгуулиар Ликуд нам барууны намуудтай эвсэн орж үнэмлэхүй ялалт байгуулан эвслийн Засгийн газар байгуулахад Шарон Ерөнхий сайд болж, Нетаньяху Сангийн сайдаар томилогдон дахин улс төрд орж ирлээ. Ингээд дээр бичсэн 2005 оны Ликуд намын хагарал, Ликуд–Кадима намын эсрэгцэл залгаж байна. 2006 оны ээлжит бус сонгуулиар Нетаньяхугийн толгойлсон шинэ Ликуд нам гуравт жагсаж, Кадима, Авода намуудыг урдаа оруулж, Нетаньяхугийн өнгөн дээр Ликуд нам хамгийн муу дүн үзүүлжээ.

Намын доторхи зөрчил тэмцэл ч хурцадлаа. 2006-2009 онд намын даргын сонгууль хэд хэд тохиож тухай бүрт нь Нетаньяху ялж, парламент дахь сөрөг хүчний лидерийн байр сууриа алдахгүй явсаар 2009 оны сонгуультай золгож, тэрээр Ерөнхий сайдаар дахинтаа сонгогджээ. Түүнийг тангарагаа дөнгөж өргөөд байтал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамын шахалт Вашингтоноос дахин очжээ. Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хоёр жилийн дотор зохицуулах тухай тэрхүү шаардлагыг Нетаньяху сөрсөөр байв. 

Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах түүний төлөвлөгөө бол тун ойлгомжтой. Хязгаарлагдмал эрх бүхий палестины төр улс байгуулахыг зөвшөөрнө. Гэхдээ палестинчууд Израилийг жүүдийн ард түмний гэр орон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Израилийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой, Израилийг аюулгүй байлгана хэмээн олон улсын зүгээс баталгаажуулах ёстой. Ердөө л энэ. Өөрөөр хэлбэл цэрэг зэвсэггүй ирээдүйн Палестин улс, тэр нь хагас бүрэн эрхэт, Арабын бүх орноор Израилийн жүүдүүдийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага энд хосолно. Ийнхүү Нетаньяху Израилийн эрх ашгийг тууштай улайран хамгаалагч гэдгээ энэхүү төлөвлөгөөндөө томъёолжээ.

Дэлхийг гайхшруулж, бүс нутгийг донсолгосон “Арабын хавар” гэгчийн талаар Нетаньяху туйлын өөдрөг бус, гэхдээ тун бодитой байр суурь баримталдаг. Ялангуяа хөрш Египетэд Мубаракийн дэглэмийг унагахын төлөө ажилласныхаа төлөөсөнд АНУ болон Өрнөд Европ нь исламистуудад буулт хийж, түүний өртөг нь нэн өндөр байх болно гэж үздэгээ нуудаггүй. Нaaretzdaily.com сайтад “Netanyahu: Arab Spring pushing Mideast backward, not forward” гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 11 дүгээр сард тавигдсан нь эдүгээ хүртэл анхаарал татсаар байна. Биньямин Нетаньяху Кнессетийн чуулган дээр мэдэгдэл хийж, Арабын дараалсан хувьсгалуудыг дэмжсэн барууны улс төрчдийг ширүүн шүүмжилжээ.Х.Мубаракийн талд зогсоогүй нь маш том алдаа боллоо, бодит байдлыг олж харсангүй, буруу алхам хийлээ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч рүү хандан шүүмжилжээ. 

-“Арабын хавар” гэдэг нь явж явж барууны эсрэг, либерализмын эсрэг, израилийн эсрэг, ардчиллын эсрэг лалын популист үймээн болж хувирлаа.Эдгээр хувьсгал нь арабын ертөнцийг урагш нь биш, харин гэдрэг нь ухраана. Тийм учраас зөв үйл хэрэг гэж үзэх аргагүй. Хөрш Иорданд Хашемитын династ унавал том аюул учирна. Унах магадлал бий. Арабын орнуудын оршин суугчид хэвийн ардчилсан тогтолцоогоо бүтээж босгож чадна гэдэгт би үнэхээр эргэлзэж байна хэмээн анхааруулжээ.

Д.Баабар, Д.Баярхүү “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид" номоос

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 26 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 30 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 31 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 32 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 33 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 30 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 32 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 33 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 35 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 37 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 38 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 42 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 54 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 54 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 55 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 57 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 59 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top