x

Өрийн тоолуур, одон медаль, жендэр, дүрэмт хувцас

Нэг.

Монгол Улсын гадаад өр 2023 оны эхний хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллар боллоо гэж Үндэсний статистикийн хороо зарлажээ. Сүүлийн арван жилд энэ тоо гурав дахин, хүүгийн хэмжээ 40 дахин өссөн гэж эдийн засагч тооцоолсон байна. Барагцаалбал, нийт өрийн гуравны нэг Засгийн газрын, гуравны хоёр нь хувийн компаниудын, түүний тэн хагас Оюутолгойн зээл гэх мэтчилэн задарна.

Бид энэ их өрийг төлж чадахаасаа өнгөрч байх шиг. Сангийн сайд Б.Жавхлан үе үе өрийн гайхамшигтай менежмент хийлээ, төлбөр тулчихсан байсан бондийг бага хүүтэйгээр солилоо, улс орноо аварлаа гэж зарладаг. Гэхдээ энэ бол өмнөх өрийг дараачийн өрөөр төлж хойшлуулсан төдий учраас 2030 он гэхэд бид хүүнд гүйцэгдэнэ гэсэн тооцоо бас байна. Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олдохгүйн үлгэрээр хэдэн арван их наядын өртэй болсон бид тэртээ алсад бүдэгхэн улалзаж буй цорын ганц найдвар “манай хойч үе төлчих байх өө”-г эс тооцвол тоохоо ч больжээ.

Гэхдээ бид зүгээр сууж таарахгүй, сүрийг үзүүлье. Монгол Улсын гадаад өрийн тоолууртай дэлгэцийг Сүхбаатарын талбайн урд Төрийн ордон руу харуулж зооё. Тэндээс манай гурав “Өмнө зүгт өрийн тоолуур бий гэдгийг надад өглөө бүр сануулж бай” гэж худлаа ч хамаагүй томроод сууж байг. Даанч тэр зүгт манай өрийг хойт зүгийнхэн шиг өршөөхгүй, жишээлбэл, Монгол банкны своп хэлцлийг 2011 оноос хойш сунгасаар байгаад хуримтлагдсан хоёр тэрбум доллар Монгол Улсын өрөнд тооцогддог эсэхийг би мэдэхгүй байна, яадаг ч байсан хятадууд түүнийгээ хэзээ нэгэн цагт заавал буцааж авч байж сална. Ер нь салах ч үгүй биз.  

Аймаар дарамттай дэлгэц санагдвал өрийн тоолуурыг эхний удаад цахимаар хийж болох. Америк ах нарын бэлэн туршлага энд байна. Манайхаас өөр, дотоод өр хэдий ч бид санаа авахуйц, төрөл, ангилал тус бүрээр, нэмэлт бүх мэдээлэлтэй.

Эндээс "амьдаар" нь үзнэ үү:

(Цахим явдал хариуцсан Н.Учрал сайдад хандав)

Хоёр.

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ?

Төрийн нууцад хамаараагүй бол одон, медалийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад овог нэрийг одон медаль, гавъяа зүтгэлтэй нь бүрэн жагсаачихад яагаад болохгүй гэж? Тэнд алдарших нь эзэндээ ч нэр төртэй баймаарсан.

Ерөнхийлөгч зарлигдсан цол, одон медалиа бүгдийг өөрөө зүүж өгдөг байх ёстой гэж бодлоо. Тэгвэл ядахдаа хөл гараа цуцахыг бодоод Ерөнхийлөгч хэмжээ хязгаартай олгоно. Тэгдэггүй учраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, сум хороо, бараг л байгууллага болгон дээр “Ерөнхийлөгч өгчихөөрэй” гэсэн, ямар ч сүр сүлдгүй арга хэмжээ болох юм.

Гурав.

Жендерийн үндэсний хороог Хүний эрхийн үндэсний комисст нэгтгэе. Чиг үүрэг нь элбэг багтаад орчихно. Тэгэхгүй бол энэ хороо төрийн байгууллага, албан тушаалтнуудаас бичиг цаас, ам тангараг, төлөвлөгөө, тайлан нэхэж залхааж байна гэнэ. Удалгүй хаа нэгтээ жендер судлалаар эрдэмтэн доктор бэлтгэх сураг дуулдав. Жендерийг яаж ч өөрөөр тайлбарлаад нэгдүгээр тавьдаг зорилго нь эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд тавих явлал болжээ. Би 200 хувь дэмжиж байна, харин үүнийгээ яг энэ чиглэлээр төрөлжсөн, мэргэшсэн, төрийн агентлагийн хэмжээнд хүрч томорсон, төсөв санхүү нь тэрбум тэрбумаар хэмжигддэг болсон ХЭҮК-ын хүрээнд хийвэл илүү үр дүнд хүрнэ.

Өнөөдөр Жендерийн үндэсний хороо Бага тойруугийн нэгэн барилгын талыг эзэлдэг. Урьд нь Куба улсын ЭСЯ байрлаж, түүнээс өмнө Жамсрангийн Самбуу болон тухайн үеийн нам, төрийн бусад зүтгэлтнүүд амьдарч байсан түүхэн барилга. Одоо тэр барилгыг суллаад төрийн олон яам, агентлагийн нэгэнд өгч дахиад нэг тансаг офис барих зардал мөнгө, газрыг хэмнэсэн нь дээр.

Дөрөв.

Хичээл сургууль жигдэрч сурагчийн дүрэмт хувцасны асуудал ирэх зун “үнэ өслөө, чанаргүй байна, Хятадаас орууллаа” гэж дахин шуугилдаж эхлэх хүртэл намжлаа. Дүрэмт хувцас өмсөх эсэх тухайд нэг хэсэг ширүүн мэтгэлцээд баян (эцэг, эхийн) хүүхдүүд хувцсаараа ялгарах нь муухай гэж үзээд бүгд ижил форм өмсдөг байсан өмнөх цаг үеийн уламжлалыг үргэлжлүүлсэн билээ

Харин өнөөдөр хөдөө, сумын төвд сургууль руу, сургуулиасаа алхаж яваа охид, хөвгүүдийн өмссөн зүүсэн хотынхноос, гэр хорооллын хүүхдийнх хотын төвийнхтэй яг адилхан болсныг анзаарахгүй байхын аргагүй. Бүгдээрээ ориг, ориг биш нь огт ялгагдахгүй, брэндийн үг үсэгтэй жинсэн өмд, гадуур куртка, өнгө алагласан үүргэвчтэй болжээ. Монголд байтугай дэлхий даяараа хувцас нэг хэлбэр загвартай төдийгүй хүртээмжтэй болж ардчилагдсан юм биш үү?

Санал байна. Хүүхдүүд сургууль дээрээ хувцсаар ижилсэх шаардлага, 12 жилийн турш тасралтгүй өсдөг насандаа яваа хүүхэд ганц хоёрхон жил болоод хувцсаа томруулж солиход хүрдэг, хэд хэдэн хүүхэдтэй өрхийн төсөвт дарамттай, материал, загвар сайн муу, биенд эвтэй эвгүй тухай элдэв асуудал, маргааны нэгмөсөн шийдэл нь дүрэмт хантааз байж болмоор. Иж бүрэн дүрэмт хувцас бус, сурагчид тус тусын “баян”, “ядуу”, дуртай, эвтэй, олдсон нь тэр ямар ч хувцсан дээрээ өмсөнгүүт бүгд ярайтал жигдрэх тийм хантааз. Тэгвэл наад зах нь үнэ өртгийн хувьд хамаагүй хямд, угааж цэвэрлэхэд хялбар. Олон халаас, зүүлт, гэрэл ойлгогч гээд бүх юмтайгаар загварчилж болно.

Мэдээж Монгол Улсын бага, дунд, ахлах сургуулийн сурагчийн дүрэмт хантааз нэг стандарт загвартай байх ёстой, гэхдээ аймаг, сургуулиараа өөрийн зарим нэг онцлог, бичиг тэмдэглэгээ, оруулгатай байг. Говь-Алтай ба Хэнтийн сурагчдын дүрэмт хантаазны өнгө өөр байвал сонин бус уу? Нөгөө яриад байдаг ижилсэл ба ондоошил.

Д.Цэрэнжав /2023.09.27/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • kino Urlag hugjij ih ashig olog (172.69.252.166)
    Saihan Sanaa bn
    2023 оны 10 сарын 01 | Хариулах
  • Иргэн (172.69.252.165)
    Өр тавьсан үе үеийн ЗГ, УИХ, эрх баригч нарын нэрсийн жагсаалт гаргаж зарим нөхдүүдэд хуулийн хатуу ял шийтгэл хүлээлгэж хөрөнгийг хурааж Улсын өрийг барагдуул! Төрөөс үндэслэлгүй баяжсан нөхдүүдийн хөрөнгийг хурааж улсын өрийг барагдуул!
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 47 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 51 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 52 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 53 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 54 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 51 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 53 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 54 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 56 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 58 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 59 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 17 цаг 3 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 15 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 15 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 16 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 18 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 20 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top