x

Ж.Бат-Эрдэнэ: Би ажил, албан тушаалын төлөө шалдаа бууж яваагүй

Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Бидний мэдэж байгаачлан та бол яалт ч үгүй энэ салбарын хүн. Яг Төрийн нарийн бичгийн даргаар хэр удаан ажилласан билээ?

-Таван жил. Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж байхад хоёр Засгийн газар дамжиж ажилласан.

-Сая сайдаар ирээд хэдэн хүнийг ажилд томилов?

-Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Авто замын газрын даргыг шинээр томилсон. Хоёр л хүн сольсон байна.

-Сайдын эрх мэдэл хязгаартай. Бүх томилгоо Төрийн нарийн, Төрийн албаны зөвлөлөөс хамааралтай хийгддэг?

-Мэдээж Төрийн нарийн бичгийн даргаар дамжиж хийгдсэн. Ажлын шаардлага байсан учраас би энэ хоёр хүнийг томилсон.

-Сая золгүй байдлаар нас барсан хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа танай төрийн нарийн ТАЗ рүү явуулсан байсан гэсэн. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга яагаад танд мэдэгдэлгүйгээр энэ асуудлаар талийгаачтай уулзсан юм бол?

-Угаасаа яамны боловсон хүчнийг ТАЗ-өөс тавьсан шаардлагын дагуу шалгуурт тэнцүүлж ажиллуулах нь төрийн нарийны ажил. Тэрийг нь гүйцэтгэгч нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Төрийн ажил явдгаараа л явсан байхгүй юу.

-Тэгвэл та яагаад түүнд нь саад болсон юм бэ? Талийгаачийг ажлаа хий, төрийн албаны шалгалтаа ч өг. Өөр яриа байхгүй гэсэн байсан?

-Би тэр хүнийг ажиллуулах сонирхолтой байсан. Яагаад гэвэл тэр хүн муугүй ажиллаж байсан. Тиймээс ТЗУГ-ын даргад “ТАЗ рүү явдаг бичиг сачгаа зогсоо” гэсэн.

-Б.Махбал гэдэг хүн энэ яаманд хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажлаа эхэлсэн, эрх зүйч мэргэжилтэй хүн гэсэн. Салбарын хувьд “мэргэжлийн” хүн мөн үү?

-Намайг 2000 онд Авто замын газрын даргаар очиход Дэд бүтцийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн хийж байсан. Түүнээс хойш хуулийн хэлтсийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, ТЗУГ-ын дарга, Авто тээвэр, авто замын газрын дарга хийж байсан, салбартаа мэргэшсэн хүн. Намайг төрийн нарийнаар ажилласан таван жилийн хугацаанд хамт ажилласан. Төрийн захиргаа, удирдлага талдаа мэргэшсэн хүн. Сая ажил авсныхаа дараа ч яамны дотоод үйл ажиллагааг цэгцлэхэд их ажил хийсэн.

-Тэрэндээ жаахан эрэмшдэг байсан юм уу? Хувийнх нь араншингийн асуудлаар хэвлэлээр маш их гарсан. Эрэлхүү, дээрэлхүү, хүн зоддог, агсан тавьдаг гээд?

-Миний харахад лав тийм хүн биш ээ. Хатуу догшин характертай ч хүн биш. “Тэр чинь болохгүй. Тэр хуулийг зөрчиж байна. Энэ чинь болохгүй, энэ хуультай зөрчилдөж байна” гээд шууд хэлдэг түс та зантай л хүн. “Улаан хөлтийг урдуураа гаргахгүй” гэдэг шиг хууль бус юмыг хажуугаараа өнгөрөөдөггүй, хаанаас ч юуг ч гогдоод гаргаад ирдэг. Энэ яаманд хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан гэдэг утгаараа салбарыг тэр чигээр нь мэдэж байх ёстой хүн байхгүй юу. Иргэний нисэх дээр, төмөр зам дээр юу болж байна, энэ салбар хаана юу болохгүй байна, хууль дүрэм нь ямар байна гэдгийг бүгдийг мэддэг хүн. Тийм учраас би энэ яамны бүх бичиг сачгийг Махбалын гараар төвлөрүүлж гаргаж байсан. Хэрвээ ямар нэг хууль дүрэмд харшилсан, зөрчилдсөн юм байвал энэ хүний толгойтой ярихаар итгэж ажиллуулсан.

-Ерөнхийлөгч танд энэ хүнийг тавь гэж шахаагүй гэж үү?

-Үгүй. Би өөрөө Б.Махбалыг авчирч ТЗУГ-ын даргаар тавиад бүх ажлыг даалгасан. Д.Наранпүрэв гэж өмнө нь энэ яаманд ТЗУГ-ын дарга, Тээврийн газрын дарга хийж байсан хүнийг зөвлөхөөрөө авсан. Нэгийг нь Ерөнхийлөгчийн хүн, нөгөөг нь Батхүүгийн хүн, АН-ын хоёр хүнийн ажилд тавьчихлаа гээд өчнөөн л яриа гарсан. Би хоёулантай нь 5-6 жил хамт ажилласан. Ажлаа хийлгэхийн тулд энэ хүмүүсийг авчирсан. Б.Махбалыг Ерөнхийлөгчийн хүн л гэнэ, Ц.Дашдорж сайдын үеэс л энэ яаманд ажилласан хүн шүү дээ. Д.Наранпүрэвийг Батхүүгийн хүн л гэнэ. Х.Баттулга сайд байхдаа “Наад хүнээ явуул” гэхэд нь “Би ажлаа хийлгэнэ ээ” гээд авч үлдэж л байсан. Тэгэхээр миний л хүн болж таарах гээд байна. Тэгж л хэн нэгэнд хаяглах гээд байгаа бол.

-Болсон явдлыг Б.Махбал талийгаачийн ажлыг авах гэж шахсанаас болсон гэдэг таамаг одоо хүртэл олон нийтийн дунд бат суучихаад байгаа. Та үнэхээр тийм зүйл байсан эсэхийг мэдээгүй юү?

-Хоёулаа илэн далангүй ярья. Одоо ч гэсэн болсон явдлыг ойлгохгүй олон хүн байна. Миний хэлсэн болгоныг хүн болгон ойлгож хүлээж авахгүй байна. Хэрэг гарсны дараа хэтэрхий их хар бараан мэдээлэл явчихсан учраас түүн дотор Бат-Эрдэнэ гэдэг хүний хэлж байгаа үг жин дарахгүй байна. ТЗУГ-ын дарга, талийгаач хоёрын хооронд ямар яриа хөөрөө болсон, бие биедээ ямар хандлагатай байсныг би мэдэхгүй. Хажуугаас нь харсан биш, “ажлыг нь авна” гэж дарамталсан барьсныг мэдэхгүй. ТАЗ-өөс ирсэн шаардлагын дагуу л болсон зүйл шүү дээ. Хоёр жил үүрэг гүйцэтгэгчээр явчихсан байсан. Хоёр жилийн турш ТАЗ-өөс үргэлж л дарамттай байсан байгаа шүү дээ. Тэрийг төрийн нарийн бичгийн дарга яаж аргалж байсныг би мэдэхгүй. ТАЗ бол хууль журмынхаа дагуу “Энэ хүнийхээ шалгалтыг нь өгүүл, тэнцэхгүй бол дараагийнх нь хүнийг гаргаж ирж тавь” гэсэн. Ийм л шаардлага байсан. Үүнийг ганцхан удаагийн бичгээр шийдчихгүй шүү дээ, наашаа цаашаа олон л бичиг сачиг явсан байгаа. Тэр бүгдийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн.

-Та цагдаад хэр олон удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Нэг л удаа өгсөн.

-Танаас юу асуусан бэ? Энэ хэрэг яг ямар зүйл ангиар явж байгаа юм?

-Нэгдүгээрт би мэдэхгүй байна. Хоёрдугаарт би хариулах эрхгүй байна. Надаас асуусан зүйл гэвэл “Та энэ хэргийг хэдэн цагт мэдсэн, хаана байсан?” гэх мэтийн л юм асуусан. Би ажлаасаа 5.30-д гарсан. Есөн цагт гэр рүүгээ ортол утас дуугараад ийм хэрэг болчихлоо гэсэн. Би эргээд гарсан. Ийм л зүйл болсон.

-Энэ хэргээс болж та сайдын ажлаа өгсөн. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн учраас тэр хүний ажил хэргийн байдал хоёрдугаар асуудал болчихоод байна л даа, энэ тохиолдолд?

-Магадгүй ээ. Ажил хийлгэхийн тулд энэ хүнийг томилсон, ажил хийсэн гэдэг нь өнөөдөр хэнд ч хамаагүй болсон. Энэ хоёр хүнийг авчирахад манай яамныхан бүгдээрээ сандарсан. Манай нам руу ч, АН руу ч байж болох бүх матаасыг явуулсан. Хэвлэлийнхнийг ч сайн цэнэглэсэн байх. Ажлаа хийж чадахгүй байхад дээрээс нь шахаад ирэхээр барьц алддаг юм байна л даа.

-Сайд болоод яамандаа эргэж ирэхэд 2012 онд таны орхиод явсан багийн хэд нь үлдсэн байна?

-Цөөхөөн. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс маань хүртэл ажлаа яаж хийдгээ мартчихсан байсан. Нэг удаа, хоёр удаа хуралдаад аргаа бараад хэлсэн. “Наранпүрэв ээ, чи өөрөө наад ажлаа хий. Тэгээд хүмүүстээ бүгдийг нь зааж өг” гэсэн. Махбалд ч хэлсэн. Тэгэхгүй бол хүмүүс “Аа, сайдыг дагаж ирсэн хүмүүс худлаа томорцгоогоод” гэдэг л байхгүй юу. Махбал, Наранпүрэв хоёр бол тэр чигээрээ Дэд бүтцийн яамны ой санамж. Яамны төрийн нарийн бичгийн дарга байх, салбарын сайд байх хоёр ондоо. Төрийн нарийн бол аппаратыг зөв ажиллахад л анхаарлаа хандуулдаг. Одоо бол аппарат зөв ажиллахаас гадна юм хийх хэрэгтэй байна шүү дээ. УИХ-ын гишүүн, сайд байхын нэг онцлог энэ. Энэ улс орны асуудлыг нуруундаа үүрч яваа хүн арай өөр өнцгөөс юмыг хардаг. Би бүх газрын дарга нар, төрийн нарийндаа ч хэлсэн. “Та нарын мэддэг Бат-Эрдэнэ биш болсон шүү. Та нар одоо иргэдэд ашиг тустай юм бүтээхийн төлөө ажиллана шүү. Магадгүй зарим нэг дүрэм журам чинь зөрчилдөж байж магадгүй, тэгвэл түүнийгээ засаад яв. Эцэст нь иргэний эрх ашиг хангагдаж байх ёстой шүү. Яам, тамгын газрын өнцгөөс битгий хар, төрийн албан хаагчийн өнцгөөс битгий хар. Тээвэрлэгчийн өнцгөөс, төмөр замчны өнцгөөс битгий хар. Энэ салбараар үйлчлүүлж байгаа иргэний байр сууринаас хар” гэж. Хүний харах өнцөг бас ондоо болдог юм байна шүү дээ.

-Төрийн албан хаагчид тан шиг тэгж харж чадах болов уу?

-Тийм болгохыг менежерүүд хийдэг. Би энэ яамны төрийн нарийн бичгийн даргын ажлыг 2012 он хүртэл хийхдээ Зам тээвэр, аялал жуулчлалын яамны багийг тийм болгож чадсан. Маш хурдтай ажилладаг байсан. Үүрэг даалгавар өгөөд гаргалаа, 20 минутын дараа “Дарга аа, энэ болох уу?” гээд ороод ирдэг. Цагийн дотор, хоёр цагийн дотор миний өгсөн үүрэг даалгавар цаасан дээр буугаад ороод ирдэг байсан. Гэтэл одоо тийм газар алга. Өнөөдөр үүрэг даалгавар өглөө, гараад шууд машиндаа сууж байна.

-Яагаад?

-Толгойд нь зүгээр л “маргааш өгнө” гэсэн ойлголттой болчихсон байна шүү дээ. Хорин минутын дараа авчирч өгнө, цагийн дараа танилцуулна гэдэг ойлголт энэ хүмүүсийн толгойд алга болсон байна. Энэ болгоныг би тэр Б.Махбалд даалгасан байсан. Яагаад гэвэл миний шалгуураар энэ яамнаас гарч байгаа шийдвэр, бүх бичиг сачиг ТЗУГ-ын даргын гараар дамжих ёстой.

-Сүүлийн үед төрийн албан хаагчдын дунд “Сайд ирж л байдаг, явж л байдаг. Би бол төрийн албан хаагч, хэн ч намайг хөдөлгөж чадахгүй” гэдэг ойлголттой болсон. Магадгүй таныг Төрийн нарийн байхад танай яам таны гарт байсан байх. Одоо сайд болоод эргээд ирэхэд эрх мэдэл сайдын гарт байна уу?

-Надад ч гэсэн анзаарагдсан. Гэхдээ сайд тэднийг ажиллуулах ёстой, бодлогоо барих ёстой. Тэр бодлогын боловсруулах ёстой хүмүүс нь мэргэжилтнүүд. Чадахгүй бол чаддаг болго, чаддаг хүнийг нь авчир гэдэг хэрүүлийг би төрийн нарийнтайгаа хийдэг байсан. Хоёрдугаарт, би хүмүүсээ ерөнхийд нь мэднэ, юу хийх ёстойг нь мэднэ.

-Тохиолдлоор томилогдоод ирчихсэн улстөрч биш, салбараа мэддэг хүний давуу тал юм даа?

-Салбарт байгаагийн онцлог энэ.

-Тэгвэл та сайдаар ажиллах хугацаандөө өөрийнхөөрөө бүрэн дүүрэн ажиллаж чадсан гэсэн үг үү?

-Чадсан. Үнэхээр өөрийнхөө хүсэл зоригоор ажилласан. Нэг зүйлийг хэлэхэд миний гаргасан бодлогыг Ерөнхий сайд 100 хувь дэмжиж байсанд баярладаг. Төмөр замын асуудлууд байна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудал хичнээн жил саатав. Одоо хийх бүрэн бололцоог нь нээлээ. Тавантолгой-Зүүнбаян, Шивээхүрэнгийн төмөр замын асуудал бүгд л тус тусдаа, нэг нэгэнтэйгээ зөрчилдсөн эрх ашиг байсан. Үгүй шүү, хийх ёстой гээд бүгдийг нь хөдөлгөсөн.

-Та зөвхөн хийх бололцоог нь нээгээд ажлаа өгч байна, хараахан барьчихаагүй. Тавантолгой-Гашуун сухайтын зам яг ийм “бололцоотой”-гоор арав шахам жил саатсан шүү дээ...

-Магадгүй ээ. МИАТ-ийн хувьчлалыг гэхэд олон жил ярьсан. Хувьчлах ёстой, ёсгүй гээд өчнөөн жил маргасан. Одоо тэгээд хувьчлахаар болоод УИХ руу оруулчихлаа. Олон хүн наадхаа болиулаач, болохгүй гээд л явсан. Эрх ашгийнхаа төлөө зогсоож байсныг нь ч би мэднэ, мэдэхгүйгээсээ хүний үгэнд ороод явж байсныг нь ч мэднэ. Одоо тэгээд бүгдэд нь ойлгуулаад, дэмжүүлээд МИАТ-ийг хувьчлахаар боллоо. Ерөнхий сайд өөрөө дэмжсэн юм чинь энэ Ерөнхий сайдын үед ямар ч байсан дэмжигдээд явна л гэж бодож байна.

-Хүмүүс бас өөр өнцгөөс харж болно шүү дээ. Хэтэрхий сайн хийх, хэн нэгний нөлөөнд автахгүй байх чинь бас ажлаа өгөх шалтгаан болж болдог?

-Тийм тохиолдол байдаг л даа. Саяын тохиолдол бол арай ондоо тохиолдол боллоо шүү дээ. Ерөнхий сайд хэд хэдэн удаа хэлсэн. Ганц ажил хийж байсан сайдыгаа явууллаа гэж. 

-Яг үнэндээ өөр хүний хийсэн хэргийн төлөө, энэ хэрэгт танаас шалтгаалсан зүйл байхгүй тохиолдолд та ажлаа өгсөн нь хэр шударга юм бэ? Эсвэл намаа, засгаа аврахын тулд гаргасан шийдвэр үү?

-Миний өөрийн нэг итгэл үнэмшил байна. Би ажил, албан тушаалын төлөө шалдаа бууж, гуйж гувшиж яваагүй. Хүнд элдвээр баалуулаад, алуурчнаараа дуудуулаад сууж байх тийм сайхан уу?

-Хэн таныг “алуурчин” гэсэн юм бэ?

-Олон нийтийн сүлжээгээр өчнөөн л юм явсан шүү дээ.

-Олон нийтийн сүлжээгээр олон л юм явдаг. У.Хүрэлсүхийг ч, Ерөнхийлөгчийг ч элдвээр хэлж л байдаг. Тэглээ гээд хэн ч ажлаа өгье гэдэггүй?

-Тэгвэл би л тийм “өвчтэй” хүн байхгүй юу.

-Та ч яах вэ, нэг ачаагаа аваад хаячихлаа. Харин таны дараа томилогдсон сайд тэр ачааг үүрээд явах болов уу, өшиглөөд явах болов уу? Я.Содбаатарт хэр итгэж байна? Мэргэжлийн биш хүн шүү дээ?

-Гэхдээ төрийн хүн. Юмыг зөвөөр хүлээж авч, эергээр хардаг хүн.

-Таныг сайдын ажлаа өгсний дараа танай нам дотор “хэн сайд болох вэ?” гэдэг тэмцэл нэлээд явсан юм шиг байна лээ? Танд анзаарагдсан уу?

-Тэрийг ямар надаас зөвшөөрөл авах болох. Надтай тийм юм ярихгүй шүү дээ. Яахав, хоёр хүний нэр явж байсан. Нэг нь сайд болсон.

-Та сүүлд өгсөн ярилцлагадаа “Шинэ төмөр замын асуудал надаас хойшхи явдал” гэсэн байсан?

-Би 2012 онд ажлаа өгсөн. Шинэ төмөр замын асуудал 2013-2014, 2015 онд явсан. Хоёрдугаарт би яамны төсвийг л захиран зарцуулах эртэй болохоос биш, Хөгжлийн банкнаас гарсан 280 сая ам.долларын асуудал төрийн нарийнд ямар ч хамаагүй. Гэхдээ тэр үеийн төрийн нарийн нэг алдаа хийсэн. Хөгжлийн банкнаас явж байгаа тэр мөнгөний гүйцэтгэл дээр төрийн нарийн гарын үсэг зураад явчихсан байхгүй юу.

-Д.Батзаяа юу?

-Би тэр үед “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга байсан. Тэр үедээ Батзаяад хэлж л байсан. “Монголын төмөр зам”-ын асуудал цаашаа явах ёстой, яамны асуудал тусдаа шүү. Энэ хоёрыг ялгаж салгана шүү. Яам “ингэж төмөр зам барина шүү” гэдэг бодлогыг нь гаргахаас биш ажилд оролцохгүй шүү гэж. Би төрийн нарийн байхдаа энэ ажлын гадна байсан. Манай хүн төрийн нарийн болчихоод гүйцэтгэлийг нь татаж авчирч гарын үсэг зураад Хөгжлийн банк руу явуулаад байсан. Тэр нь алдаа болсон.

-Одоо тэр дутуу орхисон дэд бүтцээ яах вэ?

-Тэрийг хийж дуусгана гээд дөнгөж сая шийдвэрийг нь гаргуулчихсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Шивээхүрэн, Тавантолгой-Зүүнбаян  гээд гурван төмөр замын шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан. Одоо нэг 200-гаад сая ам.долларын асуудал шийдвэрлэчихвэл энэ зам явна. Гэхдээ мэдээж элэгдэл хорогдол гэж зөндөө юм гарсан. Тэрийг засах хэрэгтэй болно. Тэрний дараа цаашаа үргэлжлээд явна. Төмөр замын асуудлыг сүүлийн арваад сарын хугацаанд нэлээд ярьж байж, сүүлд нь Хөгжлийн банк, Уул уурхайн яамтай тодорхой хэмжээнд зөвшилцөж байж “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” компани хоёр нийлээд төмөр замаа хийхээр боллоо. “Монголын төмөр зам” компани бол энэ замын эзэмшигч. Тэгэхээр “Монголын төмөр зам” дээр “Эрдэнэс Тавантолгой” компани нэмэгдээд мөнгөө уул уурхайгаасаа босгоод үргэлжлүүлнэ. Ингэж барьснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх асуудал, үнэ цэнэ ч нэмэгдэнэ.

-Энэ ажилд зориулж ирэх оны төсөвт мөнгө хийсэн үү?

-Төсөвт мөнгө байхгүй байхгүй. Цэцэрлэг сургуулиа яая гэж байгаа юм чинь юун төмөр замд мөнгө хийх.

-Өнгөрсөн сард Ерөнхийлөгч, Уул уурхайн сайд хоёр хойд хөршид яваад “төмөр замын транзит тээвэр, хөнгөлөлттэй тарифийн тухай тохиролцоо хийгээд ирлээ” гэж хэсэг шуугисан. Үүнд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа. Урагшаа гол худалдан авагчдаа хүрч чадахгүй байж хойшоогоо юу тээвэрлэх гэж ийм юм хийж байгаа юм бэ гэж?

-Би бол үүнийг шүүмжлэхгүй байгаа. Бүх бодлого нь явж л байг. Илүүдэхгүй шүү дээ. Монгол Улс хоёрхон улстай хиллэдэг хаалттай бүс шүү дээ. Тийм учраас хоёр хөрштэйгээ гэрээ хэлэлцээр, янз бүрийн юм нь явж л байг. Нэг нэгэнтэйгээ зөрчилдөөд, бие биенээ тас хаачихдаггүй л юм бол. Эцсийн эцэст төрөөс гаргаж байгаа шийдвэр чинь аж ахуйн нэгжүүд бизнес хийх бололцоог л дэмжиж байгаа юм. Түүнээс биш яам нүүрс тээхгүй шүү дээ. Хэн нэг хүн, аль нэг аж ахуйн нэгж л хийнэ. Баттулга юм уу, Бат-Эрдэнэ машины кабинд суугаад нүүрс зөөхгүй. Яг ингэж бодсоор байгаад бид Тавантолгой-Гашуунсухайтын авто замыг дампууруулж дууссан. Төр өмнөөс нь орж шийдсээр байгаад.

-Ингэхэд өнгөрсөн зун Ерөнхий сайд урд хил дээр очоод нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт амрах байр, авто зогсоол барьж өгнө гэж амлачихаад ирсэн. Энэ ч гэсэн Засгийн газар оролцох асуудал мөн үү?

-Худалдагч, худалдан авагч хоёрын хооронд нүүрсийг хэн тээвэрлэх вэ? Гуравдагч этгээд буюу тээвэрлэгч хийнэ. Өөрөөр хэлбэл компани тээвэрлэлт хийнэ. Энэ компани жолоочтой байна уу, машин нь эвдэрхий байна уу, жолооч нь нийгмийн даатгалтай байна уу гэдгийг хэн хариуцах ёстой вэ? Худалдагч, худалдан авагч хоёр үүнийг шийдэж, сонгон шалгаруулалтаа хийх ёстой байхгүй юу. Би эндээс тэнд хүртэл хүргэж өгнө, түүн дээрээ тээвэрлэлтийнхээ хөлсийг нэмнэ. Хэрвээ нүүрсээ аман дээрээсээ авна гэвэл танай тал бүх зардлаа гарга гэж ярих ёстой. Тэгэхээр тэнд жолооч хөлдөж үхэх гээд байгаа нь Хүрэлсүхэд, Бат-Эрдэнэд ямар хамаа байна? Жолоочийн асуудлыг худалдан авагчтай, тээвэрлэгчтэй л ярих ёстой байхгүй юу. Хэрвээ жолооч нарынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол тээвэрлэлтээ зогсоо. Ийм л шаардлагыг бид тавих ёстой. Ерөнхий сайдад ч би хэлсэн. Би гэрээг цуцалж, чадахгүй, С зөвшөөрлөө л цуцалчихна. Тэр бол харин миний эрх мэдэл. Яг жинхэнэ тээврийнхээ менежментээр явбал 2000 машин явахад л хангалттай. Гэтэл одоо тээвэр хийх зөвшөөрөлтэй 10 мянган хүн ар араасаа хийх ажилгүй ангайгаад сууж байна. Ийм менежмэнт гэж байхгүй.

-Иргэний нисэхийн салбарт хийсэн шинэчлэл юу болж байна?

-Хамгийн проблемтай нислэг Улаанбаатар-Сөүлийнх. Кореан Эйр, МИАТ хоёр тал талдаа нэг нэг нислэг хийдэг. Долоо хоногт зургаан нислэг хийх зөвшөөрөлтэй. Гэтэл амьдрал дээр 16 нислэг болоод явчихсан, тэгж байж өнөөдрийн ачааллаа даах гээд байна. Манай яамнаас Солонгосын тал руу “16 болгоё” гэдэг хүсэлт тавихаар “Тэгвэл манайх хоёр дахь компаниа оруулна” гэдэг. Долоо хоногт зургаа нисч байгаа бол чи нис, ашгаа ол. Долоо хоногт зургаагаас дээш нисээд ашиг олоод байвал илүү гарсан нислэг дээр чинь Доржийг оруулна. Чи ганцаараа их ашиг олж болохгүй гэдэг. Гэтэл бид энд “Ганцхан компани нислэг хийнэ” гээд хууль баталчихсан. Тэгэхээр “Тэгвэл уучлаарай, манай Кореан Эйр ганцаараа нисч байг. Нислэгийн тоог нэмэхгүй” гэдэг.

-Тэгээд юу хийсэн бэ?

-Хуулиа өөрчилсөн. Бид МИАТ дээр нэмэх нь хэн нэгнийг оруулья, танайх Кореан Эйр дээрээ нэмээд хоёр дахь компаниа оруул. Ингээд хоёр талаасаа хоёр, хоёр нислэг хийе. Тэгээд 16 нислэг хийнэ үү, хорин нислэг хийнэ үү, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, чөлөөтэй. Хоёр компани нислэг хийгээд эхэлбэл тийзний үнэ хямдарна гэдгийг тэдний сайд нь амласан. Өрсөлдөөн бий болно, хямд нислэг үйлдэнэ. Үүнийг дагаад манай тийзний үнэ ч буурна. Хамгийн гол нь иргэд чөлөөтэй зорчдог байх ёстой, үнэ хямдрах ёстой. Үүнийг гацааж байсан нь МИАТ, Кореан Эйр хоёр л байхгүй юу. Над руу довтлоод байдаг нь ийм шалтгаантай.

-МИАТ-ийг хувьчлах шийдвэр гаргуулахад амаргүй л дээ. Олон хүн эсэргүүцэж байсан, олон ч эрх ашиг явсан байх?

-Энд нэг хэдэн хүн компани болж тоглоод, мөнгө идэж уугаад байхад та зөвшөөрөх үү? Өө та цай уусан уу, май цайны мөнгө. Та тэдэн минут илүү ажиллачихсан уу, май мөнгө. Та ажлын хэсэгт орсон байна шүү дээ, ядарсан уу? Май мөнгө... гээд хэдэн хүн бие биедээ хувааж өгөөд сууж байгаа нь зөв үү? Берлинд гэхэд МИАТ-ын төлөөлөгчөөр 10 хүн суулгаж байсныг би хоёрыг нь татаад найм болгосон. “Хэдэн хүн төлөөлөгчөөр ажиллаж болох вэ?” гэхээр дуугарахгүй байгаа юм. Тэгээд “Нэг болох уу?” гэхээр толгой дохидог. Нэг л хүн төлөөлөгчөөр ажиллах газар найман хүн ажиллаж байна. Сөүлд найм, Бээжинд зургаа. Дээрээс нь та хэрвээ МИАТ-д ороод гурван жил ажилласан бол жилдээ нэг удаа нөхрөө, хүүхдүүдээ, ээж, аавыгаа дагуулаад үнэгүй ниснэ. Тэгэхээр чинь хүн болгон тийшээ шуурахгүй яах юм. Эрх мэдэлтэй хүн болгон хүүхдээ тийш нь чихэхгүй яах юм. Хэдэн хүн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэчихээд “МИАТ ашиггүй” гээд л сууж байна шүү дээ.

-Гэхдээ яаж хувьчлах вэ?

-Хөрөнгийн биржээр явуулна. Би хэн нэгний санал болгосон компани, менежмэнтийн баг оруулахыг санал болгоогүй. Хөрөнгийн биржээр хувьчилна аа л гэсэн. Хөрөнгийн биржийг л хардаж байгаа бол энэ хорвоо дээр ямар цэвэр юм байх юм бэ?

-Энэ бүхний дараа та ажлаа өгөх болсон нь харамсалтай. Гэвч сайдаа өгсөн ч УИХ-ын гишүүний эрх хэмжээ байх юм даа. Энэ чигээрээ явах нь уу, үгүй юу харж л байя...

-Харж л байя.

-Та сайдын албан тушаалаа өгөх гэж яарсан шиг танайхан ч бас авах гэж бас яарсан биз?

-Үгүй шүү. Харин зүгээр айцгаасан байх. Олон нийтийн элдэв дайралтаас болоод. Тэгээд намайг өргөдлөө аваад очиход нэг урт амьсгаа авсан байх.(инээв)

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байсан, дутуу орхисон ажил бий юу?

-Удахгүй автомашины дугаарын асуудал бас нэлээд шуугиан тарих байх. Дөрвөн оронтой, гурван үсэгтэй, сонголттойгоор хийж байгаа. 2011 онд төрийн нарийн байхдаа хийх гээд чадаагүй. 9999 гэдэг дугаар гэхэд 1500 ширхэг гарна. 8888 гэдэг дугаар тухайн үедээ 45 сая төгрөг хүрч байсан. Одоо та тэр дугаарыг зүгээр өөрөө сонгоод ав. Тэгвэл тэр дугаарын төлөө тэмцэл чинь дуусна. Сүүлдээ утгаа алдана шүү дээ. Гэтэл хүмүүс зөрүүлээд юу сэтгэж байна гэхээр “Сайд аа, тэгвэл үүнийг чинь дуудлага худалдаанд оруулчихья” гэнэ ээ. Яаж сэтгэхээрээ тэгж сэтгээд байдгийг мэдэхгүй. Тэрийг заавал дуудлага худалдаанд оруулаад, илүү өрсөлдөөн бий болгоод, баячуудынх нь хорхойг хүргээд, ядуучуудынх нь зэвүүцлийг төрүүлэх ямар хэрэгтэй юм. Яагаад зүгээр нэг “Приус”-тэй залуу 0001 АЗЗ гэсэн дугаар авч болдоггүй юм. Би юмыг энэ өнцгөөс нь харахыг хүсдэг. Хогний машин нь 0001 гэдэг дугаартай явж л байг л дээ. 

-Цаг зав, тэвчээр гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Шударга мундаг сайд байсан юмсан. Харамсалтай юм. МИАТ-аас болж жирийн иргэн билет авч чадахгшй маш үнэтэй бас олдохгүй бадалтай байн (59.153.113.11)
    Иргэн
    2018 оны 10 сарын 20 | Хариулах
  • Хээ (202.126.89.32)
    Сайд Бат-эрдэнийг үлдээгээд, төрийн нарийн байсан бат-эрдэнийг нья вуулаад болчих байсан юм
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Хээ (202.126.89.32)
    Сайд Бат-эрдэнийг үлдээгээд, төрийн нарийн байсан бат-эрдэнийг нья вуулаад болчих байсан юм
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.32)
    Энэ хүнийг явсанд харамсаж байна. 2 хүн авчирсан гэж байна. Махбал бол жинхэнэ төрийн албан хаагч чадвартай толгойтой хүн. Нөгөөдөх нь Энхбат. Авто замын дарга. Японд сурсан мундаг залуу. Хамт халагдсан Артур нь төмөр замын дарга. Хятадад төмөр замаар төгссөн мэргэшсэн залуу. Талийгаач бүтэн 2 жил үүрэг гүйцтгэгч гэж явж байснаас төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцчихгүй яасан юм бэээ
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зүгээр л асуусын (175.38.117.60)
    Нөгөө махбал гэгчийн хамтрагч байх шив дээ, хүн амины хэрэгт бас татагдсан гэв үү?!
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
  • Булганы иргэн (66.181.160.80)
    Булганд ч гэсэн та хөгийн гаруудыг дээш нь татсан шүү. Бас аймгийн дарга гэж зуумхай зантай, ховоор хоол хийж худлаа томорсон банди.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Сайн ажиллаж байсан (103.212.119.111)
    ажлаа алддаг муу байна даа их л шударга ажиллаж байсан юм даа манай хүнийг унагах гэж оролдсон фракц дийлжээ.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Д. Чанцал (64.119.27.97)
    Еррөнхий сайдын хэлдэгээр ганц юм хийж бсан сайдаа балласан юм биш үү? Сайхан ярилцлага бнаа.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
    • erka
      saihan zuv yariltslaga bna
      2018 оны 10 сарын 15
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 7 цаг 35 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 9 цаг 9 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 9 цаг 34 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 9 цаг 52 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 10 цаг 9 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 10 цаг 28 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 22 цаг 52 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 23 цаг 2 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө Өчигдөр 18 цаг 04 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр 17 цаг 50 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно Өчигдөр 17 цаг 47 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top