x

Хоёрыг бус бүр гурвыг хөөж алцганах тэнэглэл

(УИХ-ын гишүүн Д.Ганбат: Үнэндээ монгол хүүхдүүд шиг ачаалалтай
хүүхдүүд байхгүй. Монгол бичиг сурна, кирилл бичиг сурна.
Дээр нь англи хэл сурна. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэж
ярьсан хэвээрээ юү. Ер нь бүх мэдээлэл англи хэл дээр байгаа цагт
нэг мөсөн кириллээ болиод, латин үсгээр бичдэг болсон нь зөв).

1990 оны үндэсний сэрлээр монгол бичгээ хэрэглэх яриа өрнөмөгц ардчилсан эхлэл бүрийг ёс мэт дэс дараалан няцааж байсан нөхдөд эмзэглэх бас нэг хөндүүр нэмэгдлээ. Төрөлх бичгээ улаан галзуу эсэргүүцэгчдийг дөнгөн данган соёолж асан ардчилал аргадаж, кириллээ орхилгүйгээр хос бичигтэн болъё гэж зөөлрөөд ч тусыг эс олов. Худам бичгээ хэрэглэхийг сөрөгчид сайд, дарга, эрдэмтэд гэх үзэл сурталчид байсан агаад тэднийг дагагч олон гарлаа. Дагах нь ч зөв. Зөрвөл нясалдаг хүч тийхнээрээ цаг. Хачирхалтай нь тэдний дунд зарим зохиолч орчихсон монгол бичгээ ад үзэн муулж буй нь содон харагдаж билээ.

Монголчууд хос бичигтэн бус кирилл, латин, худам-гурван цагаан толгойтой супир-үндэстэн болжээ. Гурван янз үсгээр уншиж, бичдэг чадвар бахархалтай ч гурвууланг алдаатай хэрэглэснээс төрөлх хэл вирустэв. Нийтийн сүлжээгээр бид латин үсгээр харилцдаг болоод удлаа. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй хэмжээнд даамжирчээ. Гар утас, интернетээр харилцъя гэвэл латин үсгээр хөгшин хөвөө өрөв нялхгүй уншиж сурахаас аргагүйд хүрэв. Хаяг зар-реклам гээд гудамж дүүрэн латин үсэг. Яваандаа кирилл, худам хоёрын аль нэг үлдэх бус худам хасагдаж, харин кирилл, латин хоёр өрсөлдөж нэг нь ялах ирээдүй нүүрлэв. Ази нилэнхүйдээ англи хэлтэн болж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд явсан республикүүд латин үсэгт шилжих хандлагатай гээч. 

Үндэстэн бүр төрөлх хэлээ нандигнан дээдлэхийн хажуугаар дэлхий даяараа нэг хэлээр ярьдаг болох муу нь ч юу байв гэж. Амар л биз. Хүн төрөлхтөн нэг хэлээр харилцаж, биесээ хялбар ойлгох гэсэн тэмүүллийн хүчирхэг цунамийг 3 сая монгол ангич намч үзлийнхээ шавхруугаар сөрж зөрүүдлээд тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэг болно. Ийм нөхцөлд кирилл, латин, худам гэх гурван туулай хөөснөөс хоёрыг хөөвөл ачаа хөнгөрөх сөн. Болгар Орос кирилл, латин хос бичигтэй бол Монгол дэлхийд ганцаараа кирилл, латин, худам гуравт будилж орхив. Тарж бутарсан Зөвлөлтөд үнэнчээ харуулахаар кириллээ хаяхгүй гэж шүд зуудаг монгол олон. Гурван цагаан толгойгоор бичиж уншиж сурвал хөгжлийн хурд 3 дахин түргэсэх аятай омогшино. Үнэнчээ харуулах Зөвлөлт арилсан. Орос латинд шилжвэл яах вэ?

Латин үсгээр монголчууд ямар ч дүрэмгүй дур дураараа бичээд дор дороо гүжирдэн уншдаг болжээ. Янз бүрээр мушигсан этгээд аялгуу дуудлагатай жаргоноор хүн бүр марзагнан бичээд (ялангуяа сахилгагүй багачууд) түүнийгээ тааж уншдаг журамгүй байдал үргэлжилбэл аялгуу сайхан монгол хэл минь алиа алдана. Сошиал сүлжээнд бол эвдрэл ноцтой хэмжээнд аль хэдийнэ хүрчихсэн. Хүүхэд залуус нийтлэг хэрэглэдэг болсон латин үсгийг захиргаадан тас хоривол өнөөн цагт бүдүүлэг нугалаа болно. Тэгэхээр эрдэмтэд кирилл үсгийнхээ дүрэмд латин үсгийг тохоон тааруулж, монгол хэлээ аврахын тулд дав даруй латин цагаан толгойн дүрэмтэй болгооч. Уг нь 1940 оноос өмнө Бямбын Ринчен зохиогоод хэдэн жил хэрэглэсэн латин цагаан толгойн дүрэм (шатаачихаагүй бол) байх ёстой. Цагаантан буриадуудын удам Б.Ринчен зохиосон латин цагаан толгойг хэрэглэвэл найрамдал-дружбад хортой гэж Ю.Цэдэнбалын үлдэгдлүүд шазруутах юм бол уу. Гар утас, интернетээр монгол үгийн дуудлага өдөр шөнөгүй эвдэрч буйгаас онцгой сэргийлж яаравчлах мөч тулгарчээ.

Латин үсэг, хөрөнгөтөн англи хэлнээс зугтахын цагт хань болох хөрш олдохгүй ганцаардвал яана аа, кирилл үсэг шүтэгч монголчууд аа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд латин бичигт шилжих мэдээ манай “Кирилл үсэг аврах” ТББ-ыг цочирдуулав болтой. Тэд насжилт нь дууссанюм болгоны төлөө мугуйдлан тэмцдэгээсээ ухрахгүй дэг ээ. Цаг нь болохоор өөрчлөгдөхгүй юм гэж үгүй болдгийг коммунистууд бүрэн зөвшөөрдөг атлаа гагцхүү зөвхөн “Лениний багшийн онол мөнх” гэж лоозогнодог. Энэ лоозон бидний харанхуй хохьмойд мандаатай мөнхийн зул болон сүүмэлзэж байна.

Төрийн ордон өөдөө салаавч гарган гуугчиж зогссон нэг улстөрч-банкир “Монголчуудад үндэсний гэх үсэг ерөөс байгаагүй. Монгол бичиг гээд байгаа босоо бичиг чинь араб үсэг” гэж хаазаллаа. Түүнтэй ярилцагч сэтгүүлч бүсгүй “Монгол бичгийг хэвтүүлчихвэл араб бичиг болдог гэсэн биз дээ” гэж улстөрчийн амыг долоочих шахаж харагдсан. Кирилл үсгийг орхивол нэг найрагчийн хит болсон дууны уянгалаг нугалаа айзмыг хоцрогдсон монгол бичиг илэрхийлж чадахгүй. Тиймээс дууны шүлгийн амт шимтийг ард түмэн мэдэрч чадахаа болино гэж тэр бээр гомдоллов. Түүний шавь шүлэгч залуу “Хуучин үсэг хэрэглэвэл яс үндэстэний хагарал жалга довоороо даамжирна гэсэн биз дээ багш аа” гэж саймширахад багш нь “Тэгэлгүй яахав. Кириллийг орхиж, орос ахаас холдуулах хорон санаат улс төр араар нь яваад байгаа юм” гэж өвгөн найрагч эх орончоор анхааруулж харагдсан. Худлаа гэвэл өдөр тутмын сонинд хэвлэгдсэн байгаа. 

Кирилл үсэг хаях орос ахаас холдуулах хорт бодлого гэх явцгүй мулгуу ил бялдуучлалаа өдгөө аргагүйн эрхэнд нуугаад, юутай ч цаг хожихоор латин үсэгт шилжихэд 2030-2040 он хүртэл үргэлжлэх маш түвэгтэй ажил ундарна гэж Академийн ерөнхийлөгч баахан шалтаг тоочив. Дургүйд хүчгүй. 2030 гэвэл 12, 2040 гэвэл 22 жил. Ганц кирилл ч бус, гол нь үеэ өнгөрөөгөөд хэрэггүй болсон бүхнээсээ хагацаж тэвчихгүй үхэн хатан зууралдсанаар хөгжлийн хурд саарч, эрч хүч суларч буйг эрдэмтэд маниас илүү мэднэ. Эгийн УЦС төслийг 30 жил, V ДЦС-ын газрыг сонгоход 15 жил, “Замын үүд” чөлөөт бүсийг 25 жил, уурхайн мухар төмөр замыг 10 жил гацаагаад, цааш хэдэн жил хэрэлдэх нь тодорхойгүй. Тиймээс кириллээс латинд шилжихэд 10-20 жил орно гэдэг-дээрх төслүүдийн замаар гацаах гадны тооцоо юм. Зориуд ингэж чөдөрлөдөг. Манай хөгжлийн хурд ийм. 28 жил өнгөрөхөд Монгол социалист лагерийн буйрыг сахиад ганцаараа алцайгаад хоцров. (2018).

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 37 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 40 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 43 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 45 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 46 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 16 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 17 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 18 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 22 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 38 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 4 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 6 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 21 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 6 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 39 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 41 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 44 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 46 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 21 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 34 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top