x

Сэр сэр салхинд хатсан навчис хийснэ...

Бүх юм унаад байгаа юм шиг, бүх юм урсаад үгүйрэх юм шиг хоос оргиулсаар намар оройн жихүүн салхи гудамж уруудаж одов. Уруул хайрч, сэтгэл жиндүүлэх энэ салхинд уруудсаар би гэртээ хүрнэ. Ийм нэг хоосон санаашралын хуурмаг атлаа сэрүүн амьсгал сэтгэлд таатай. Хаашаа ч хамаагүй тэнэн одох хүсэл төрж, зүрх загатнана. Хуучин усны гудамж байгаад өдгөө гэрэлт гудамж гэгдэх өргөн чөлөө өмнөөс тосно. Үүр цайтал ажилладаг уушийн газруудын гэрэл алжаасан мэт анивчина. Ивийн дуу аманд эрхгүй аялагдана...

Дууны эхэнд Ив Монтаний унших шүлэглэл нь донжтой...

... Les feuilles mortes se ramassent à la pelle,
Les souvenirs et les regrets aussi
Et le vent du nord les emporte
Dans la nuit froide de l'oubli.
Tu vois, je n'ai pas oublié
La chanson que tu me chantais...

...Хатсан навчисыг хүрзээр хамж зайлуулна
Халуун дурсамж, харуусал гуниг ч адил
Умрын салхинд туугдсаар
Мартахуйн хүйтэн шөнөд замхрана.
Харж байна уу, би мартаагүй байна
Чиний надад дуулж суусан дууг...

Les Feuilles Mortes-“Хатсан навчис” хэмээх франц шансон. Яг үгчилвэл "Үхсэн навчис" ч гэмээр. Навчисын үхэл, хийсэн унах навчис... Намар бүр хүн бүр шивнээд байх шиг болдог энэ үгс яагаад ч юм сэтгэл хайрах болж. "Хатсан навчис"-ыг Эдит Пиафаас эхлээд олон дуучин гэнгэнүүлсэн ч надад Ив Монтанийх илүү таалагддаг юм. Элдэв маяггүй аялахчаа аядан дуулах аргил хоолойд сэтгэл татам нууц нь бий. Анх цомгоос нь сонсоод үнэхээр л хуучны дуу юм даа гэж санагдаж билээ.

C'est une chanson qui nous ressemble.
Toi, tu m'aimais et je t'aimais...

Хамтдаа дуулж суусан энэ дуу

Хайрласан чи намайг, хайрласан би чамайг...

Гэхдээ хэв маяг хуучирдаг. Хэв маяг нь хуучирсан ч хэзээ хойно сонсоход ч цоо шинэ сонсогддог дуу байдаг. Авчиг тун цөөхөн. Ямар ч агуу цомгоос ганц хоёр нь л тэгж сонсогдоно. Ив Монтаний Les Feuilles Mortes, Planter café хоёр бол тийм л дуунууд...

Ив Монтань бол тавь, жараад оны Европ, Америкийн цуутай эрсийн нэг. Францын алдарт жүжигчин Симон Сигнореттэй гэрлэж, насан туршдаа хамт амьдарсан Ив Монтанийг Мерилин Монротой Холливүүдэд үүсгэсэн романсаар нь өдгөө хүмүүс ихэвчлэн санадаг. 1991 онд насан эцэслэх хүртээл тайзнаас буулгүй 70 илүү кинод дүр бүтээж, 40 гаруй хөгжмийн цомог хэвлүүлсэн Ив Францын хорьдугаар зууны сүүл хагасын домог. Тэр гоо үзэсгэлэнг мэддэг байлаа. Тэр гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ, хагацлын огшуун амтыг аялаж чаддаг байлаа.

Харин “Хатсан навчис” дууны үгийг францын алдарт яруу найрагч Жак Превер бичжээ. Тэр ахуйлаг хөнгөн мэдрэмжийг яг л энэ мэтээр хэмнэлтэй илэрхийлдэг байсан учраас олон ч шүлэг нь шансон болжээ. Орчуулагч А.Баасандорж түүний “Өглөөний цай” тэргүүтэй цөөвтөр шүлгийг монгол хэлнээ орчуулсан нь бий. Харин аялгууг нь Унгар гаралтай Франц хөгжмийн зохиолч Иосеф Кожма бичсэн. Жан Ренуарын “Агуу илбэ”-ээс эхлээд Марсел Карнегийн “Диваажингийн хүүхдүүд” гээд 120 гаруй киноноос түүний хөгжмийг сонсож болно.

Гэрэлт гудамжны төгсгөлд иржээ. UB JAZZ хэмээх уушийн газраас Элвисийн сөөнгө хоолой сонсогдоход зэвүү оргисон хуурмаг мэдрэмж төрөв. Дотор давчдана. Өчигдөрхөн энэ газраас хөлчүүхэн гарахдаа ганц янжуур  энгэртээ хийсэн санаанд оров. Тэмтэрч үзвэл, буруу санасангүй. Шалавхан асааж сорвол сая нэг цээж цэлмэх шиг. Нийслэлийн татуухан төсвөөс хэрэндээ л гараа гаргаж хийсэн гэрэл чимэглэлийн хуурмаг гэрлэн завсраар одод гялалзана. Салхи арай л намуухан, үл мэдэгхэн болжээ. Сэр сэрхэн салхи. Цардмал гудамж, жазз уушийн газрын дэргэд Алтанжаргалын дуу аманд аялагдах нь хачин...

Дэгдэн гарах жавар салхи дээд зүгээс хө
Дэмжин авах жавар салхи нь дор зүгээс дээ хө...

Бас л битүүлэг үгтэй дуу шүү. Социализмын үед Оросын судлаач К.Н.Яцковская гэгч энэ дууны үгийг “Хоёр дахь бадагт буй салхи нь байгальд тохиолддог салхитай төсгүй. Энэ салхи шинэ уур амьсгалын бэлэгдэл болж байна” гэж тайлбарласан нь бий. Бүр цаашаа давраад “Энэ дуу нь ч үзэгч олны хувьсгалт өөрчлөлтийг бэлэгдэн харуулж, театрчилсан тоглолт дээр дуулж байсан дуунуудын нэг биш биз” гэх мэтээр тун ч дайчин ангич, намч таамаглал дэвшүүлсэн нь бий.

Үнэндээ энэ дуунд ямар ч үзэл суртлын агуулга үгүй бөгөөд, харин ч зоргоор салхины олон өнгө, үүсэх зүг, хурын шим сэлтээр салхин сарны явдалыг ёгтлон үзүүлснийг анзаарч ядах юмгүй. Сэтгэл алдарсан хүний үрийн санчиг юуг илбэн наадах салхины үзүүрт хайрын сэтгэл, хүслийн очоо нийтгэн дуулсан нь энэ.

Сэр сэр салхи нь салхилаад байна хөө

Цэн цэнгийн бороо нь дуслаад байна хөө... гээд дуулахаар сэтгэл дотор нэгэн зүггүй бодол сэрж, унаж яваа мориныхоо амыг сэтгэл бүсгүйн суугаа зүгт эргүүлмээр болдог л байсан биз. “Сэр сэр салхи” дууг агуу их Д.Нацагдорж тайзны бүтээлд жийрэг болгон ашиглаж байв. Харин 1936 онд Магсар Хурцын Дугаржав тэргүүтний эрхлэн гаргасан Ардын дууны цоморлигт энэ дууны үг багтсан байдаг талаар судлаач Д.Цэдэв нэгэнтээ ярьж билээ.

Ардын дууны энэ бэлгэдэлт чанар, үгийн айзам, авианы хэм хэмнэлийг тааруулсан авьяас нь монгол яруу найргийн нэгэн амьд чанар, онцлог болдог. Нэгэнт утга нь үгэндээ уусаж, үг нь аяндаа шингэсэн ийм бүтээлийг мэдэрч дуулахгүй л бол амилуулахад бэрх. Алтанжаргалын дуулахыг сонсохоор би тал нутагтаа очсон юм шиг санагддаг. Ардын дуу бол монгол хүний сэтгэл дэх тал нутгийн аялгуу. Энэ аялгууг сэтгэлгүй мэдрэмжгүй дуулахаар хоосон цухал төрүүлэхээс цаашгүй болчихно. Нугалаа, шуранхайг нь аяг маяг оруулах гэж байгаад хоосон амьгүй болгож орхидог дуучид олширсон цаг.

Харин Алтанжаргал тал нутгийн эрдүү омголон атлаа намуун салхины мөн чанарыг ойлгосон хүн шиг санагдсан. Бүсгүй хүнийг, цаг хугацааг, хорвоогийн жам ёсыг ойлгосон хүний дуу хоолой. Багануурын уурхайн хүнд машин механизм дээр ажилладаг энэ залуу хэдий мэргэжлийн сургуульд сурсан ч амьдралд хөөж явсаар арав гаруй жилийн дараа 2012 онд л уран бүтээлээ эхлүүлсэн нь зөв тохиол байжээ. Дуугаа дотроо аялж, ургуулж явсан энэ 10 жилд тэр Ардын дууны мөн чанарыг арай л илүү ухаарчихсан ч юм шиг.

Хүйтэн намар болох нь ээ. Улаанбаатар минь хөөрхий. Удалгүй утаанд дарагдаж, хагас үхэх хотынхоо агаараар ганц сайхан амьсгалж аваад гэртээ харих минь. Навчис биш дээ, салхи биш дээ ямар. Шилэрч ханалаа...

Я.Баяраа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 41 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 46 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 17 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 18 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 23 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 39 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 8 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 22 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 7 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 40 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 47 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 23 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top