x

90 оны тэсгим жавар

ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнуудаас хамгийн буурай, хамгийн бөглүү Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор, МАХН-ыг тарааж, хөрөнгийг хураая гэх лоозон бариад Ордон өөдөө орилолдох бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх осолтой байв. Ихээхэн хуцвал нам засаг Ц.Лоохууз, Л.Цэнд нарын замаар цөлөх буюу даварвал Д.Төмөр-Очир шиг төгсгөнө гэдэгт эргэлзэхээ больсон айдастай, эзэрхэг түрэмгий хэмжээгүй эрх дархтай нэг нам нэг хүн жанжилсан баргар нийгэм гээд бодчих.

90 оны өвөл яасан ч айхтар хүйтэрсэн юм. Уухилсан жагсагчдын халуурал идэр есийн жаврыг уятуулж дийлэхгүй, булгилсан зүрхний буцлам уриа хөлдүү орчлонд хэсэг зуур уур унтуу савсуулаад замхарна. Гэлээ гэвч тийм их хилэн, тийм их нягтрал 70 жил зүрхээ зүсүүлсэн аймхай монголчуудын хаана нь бүгж байв аа? Овоо доо муу тэнэг ард түмэн минь! Дор бүрнээ ингэж бахархсан. Цуглаан ганц удаа болоод унтраагүй. Цааш юунд ч хоригдохооргүй өрнөсөн нь нийт олонд горьдлого бүү хэл итгэл төрүүлж, эх орноо, ард түмнээ гэсэн омогшил аяндаа амилан дүрэлзэв. Зөвлөлт империйн мөхөл, социалист системийн нуралтад адгийн муу Монгол хүртэл зоригжсонд адгуус хэлд орсон мэт гайхсан, дургүйцэж ад нь хөдөлсөн зэвүүцэгч дотоод гадаадад бишгүй уурласан. Ядмагт дээрэлхдэг өнгөлөн далдалсан нууц Найрамдал-дружбагийн нялуурлаас бүлтэрсэн нь тэр. Их задралыг далимдуулан эх орноо гадны дарамтаас салгаж, өөрсдийн хүсэл, өөрсдийн үзлээр өөд татъя гэх зорилгод бүгд нэгдсэнээс бус ардчилал зах зээлийг дэвших баяжихад ашиглая гэх аминч санаа хараахан төрөөгүй, нилэнхүйдээ эх оронч хөөрлийн зурвас агшин байлаа.

Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан цаг. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй хулчгар би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Сосорбарам, Амарсанаа гэх зулдрайнууд тодорлоо. Тэднийг яах бол? Шоронд бол бат. Арай буудчихгүй байгаа. Цус урсгасан 70 жилээрээ хүн зоныг чичрүүлсэн коммунист араатны өөдөөс амиа анх дэнсэлсэн Бат-үүл, Сосорбарам, Амарсанаа гэх жаалуудыг тэнэг мангар гэж дотроо битүү оношилж, хумсаа нууж асан мань мэт Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамласнаа нуугаад яах билээ. Аюул суларсанд зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан даа.

Индэр дээр заларч үг хэлэх Брежнев Цэдэнбал хоёрт оногдсон тусгай хувь заяа гэх хатуу ойлголттой цаг. Юугаар ч хамаагүй овойлгосон индэр маягийн юман дээр бээрчихсэн хэдэн жаал дэлхийд дийлдээгүй аюумшигт хэрцгий коммунизмыг устгая гэж уухайлах нь инээдэмтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг харагдаж билээ. Хэлмэгдүүлж гаршсан харгис коммунист оронд индэр дээр гарч эсэргүү үг донгосох бүү хэл эхнэртээ хөнжилдөө цуурах осолтой үе. Гэтэл аймаар тэрс үг тэр хэдэн бөөдгөр жаалаас бүлтэрснийг би хувьдаа Монголын бахархал гэж хэзээ ч үнэлнэ. Өөрийнхөө зохиосон “хонхны дуу”-гаар мэхлэгдсэн олноо сэрээсэн цоглог С.Цогтсайханыгаа би үүрд мартахгүй. Бид хайртай ах дүү-багш шавь хоёр явав. Өдгөө хараал зүхлийн бай болсон жаалууддаа би мэхийж явдаг. Тийм эр зориг тэр үед социализмыг амьхандаа битүү егөх нууц санаа тээгч шог зохиолчид байгаагүй юм шүү. Үүрээр үстэй дээл өмссөн Баабар цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал үстэй дээл хэрэгтэй гэж аав нь захьсан гэнэ.

Хоёр улаан хацар нь холцруутсан ч юм уу гэмээр малчин маркын хүү Ц.Элбэгдорж явил биедээ дэндүү ахадсан, империалист америк л хэлдэг эсэргүү үг индэр дээрээс цуурч соц. нийгмийн нүдийг орой дээр нь гаргав. Илтгэгчийг басамжлахын зэрэгцээ ард нь индэрт зогссон Зориг Галсандорж Батсүх нарын залуусыг өөрсдийгөө удирдагчдын зиндаанд тавилаа гэж шоолсон. Цуглааныг дэмжигч, ажиглагч, эсэргүүцэгч нар алаглаж байв. Голдуу КПСС-ын курс Москвад төгссөн Дарханы нэхий дээл, орос булган малгайгаар гангарагч илүүдэл жинтэй идэрмэг албан хаагчид дооглох өө сэв хайж, цуглааны араар хямсагнана. Хачирхалтай нь ардчиллын үр шимийг өдгөөг хүртэл тэд л хүртэж, индэрт гарч адлагдсан анхны хараацай нараас лав л миний дурдсан гурвын нэг алуулаад хоёр нь наслаагүй.

Даварсан гэхэд дэндсэн том санаатай хэдэн бацааныг Санжаасүрэнгийн Зориг хэмээх монгол орос холимог цустай хүү толгойлж буй нь тэгсгээд илрэв. Орос ахаас угшилтай коммунизм гэгч ландрамыг тонилгох том санаа монгол оросын эрлийз хүүд төрсөн нь хувь тавилангийн хоржоон гэлтэй. Далан жил нар харалгүй гудайсан ард түмэндээ монгол орос эцэг эх учиртай хүү хайрлажээ гээд далдуур залбирсан хүн надаас эхлээд цөөнгүй. 

Социалист лагерьт ардчилал цунами мэт давалгаалав. Манай хэдэн жаал ч хоцорсонгүй өлсгөлөн зарлаж үр дүнд нь Улс Төрийн Товчоо ухаалаг алхам хийж огцорлоо. Үүнд сайд дарга нар болон тойрон хүрээлэгч явсан хуучинсгууд хорсоод бүтэж үхэх шахав. Зуйрган генерал Ж.Жамъян 1990 онд АИХ-ын чуулган дээр “Монголд өлсгөлөн зарлах гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг зэвгийн хүчээр дарахбайсан юм” гэж бачимдаж байв. 

Гэтэл тэр ёсоор мөнөөх учиртай хүү-С.Зоригийгоо хутгаар сийчээд алчихлаа. Юутай аймшиг. Юутай шившиг. Ийм өөдгүй монголчуудын нэг болж төрсөндөө боож үхмээр. Эрх чөлөөгүй дарлагдсан дорой бидэнд монгол орос эцэг эх дундаасаа илгээсэн учиртай-дан биш давхар хүү байсан гэж харамсах мухар сүсэгтний зөв гэлтэй.

Бурхнаас хайрласан эрлийз хүүдээ монголчууд гашуудаж сүйрэв. Гэтэл олны өмөрсөн сэтгэлийг дөрөөлж С.Зоригийг хөнөөсөн алуурчийг илрүүлнэ хэмээн андгайлж, сонгуулиар санал хамдаг цөөврүүд үүссэн гэж байгаа. Хөнөөчихөөд нэр алдраар нь өөртөө сэнтий хождог давхар санаа зэвүүн ээ. Монголд үрсэлсэн нярай ардчилал ингэж монжуулсан юм. Эмч жүжигчин сайхан орос эхийн Монголд бэлэглэсэн хайран хүү. Орост хайртай гэх нөгөө хийрхэл чинь хаачив. Монгол хүн алчихав уу, гаднаас хөнөөчихөв үү? Эрдэнэтээс болов уу, Эгийн голоос шалтгаалав уу гэж халаглаад л мухардсан.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буриад хөвгүүн Э.Бат-Үүлийг буриад оросын эрлийз журмын анд С.Зоригийгоо алсан болгох гэж шоронд хориод журамлаг хүний амнаас унамгүй гүтгэлэг цацсан ч нотолж чадалгүй мухардсандаа суллав. Баабар, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар хужаа, эрлийз, хурлийз, барууны гар хөл гэгдэн адлагдаж, АН-д шургалсан хил дамжиж “гахай” чирэгсэд гадны оронд ханилж яваа нутаг нэгтнээ хулхиддаг сэтгэхүйгээр ашигт малтмалын аварга ордуудаа булаацалдав. Эцэст нь булчинлаг ганзгачдад оюунлаг ардчилагчид ялагдаж шоронд орлоо. Тэднийг гадны шахалтаар Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Амар Лхүмбэ нар шиг арай ч тонилгохгүй биз-ардчиллын хүчинд. Монголд өрнөсөн ардчилал цаазын ялыг түдгэлзүүлсэн. Хилсээр үрэгдэх халуун амийг ардчилал аврах буй зээ гэж мөргөе.

90 оны цуглаанаас дэвшүүлж асан үнэт үгнүүдийг хэлсэн эзэдтэй нь хамтбулшилж орхиод худал хулгайн замд оржээ. Анхны цуглаануудад ардчилагч нарын амнаас гарсан халуун амьсгаа 90 оны идэр есийн тэсгим жаврыг уятуулж дийлэлгүй хэсэг зуур цайран савсаад замхарч байсан нь тэр үед ёргүй совин татуулсан билээ. Бөмбөрцгийн хөлдүү мухар гэссэнгүй. Уг нь жагсаал цуглааны цуурай, уур амьсгал итгэл төрүүлэм гал цогтой бадарсан юмсан. Иргэн баян бол өрх баян. Өрх баян бол улс баян. Хувийн бизнес, хувийн худалдааг дэмжинэ. Хэнд овсгоо байна, түүнд баяжих зам нээлттэй. Шинжлэх ухаанч үнэмшилтэй уриа, ардчиллын өлгий гүрнүүдийн онол, хэрэглэсэн туршлага итгэл төрүүлсэн.

Бяцхан Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй үед босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ардчиллын ховор ялалтын буянаар Төр Засаг жолоодож үзлээ. Харамсалтай нь Н.Алтанхуяг намаа самарч, нөгөө хоёр нь орос баячуулд үйлчилж, том төслүүдээ гацааж, эх орноо хоосолноор иргэдээ ядууруулж өрөнд унагав. Хөгжилд хүргэсэн хүн төрөлхтөний туршлага онолтойгоо хамт Монголд үнэ цэнээ алдлаа. Тэднийг ялалтад хүргэсэн хөгжөөн дэмжигч-тролл хангалттай олон аж. Партизанууд хоцрогдож болох ч 90 оны өвлийн тэсгим жаварт цуурайтаж асан үзэл баримтлал ялагдсанд өвгөн зохиолч харамснам. Тиймээ, ардчиллын үнэт зүйлс замхарлаа.

Монголын нийгэм Энхсайхан, Баабар, Бат-Үүл, Элбэгдорж нарыг 30 жил зүхлээ. С.Зориг амьд бол түүний зүрхэнд хараалын сум бүр ч олон тусаа. Зүхэл нь ой гутам. Хүзүүгүй тарвага, салга, хужаагийн бөгс долоогч гэх мэт магадлах ямар ч үндэсгүй хоосон хараал. Жагсаж цуглаж өлсөж тэмцсэн хөвгүүд охидоо тэгж зүхэх надад ёргүй. Сэжиг хүрэм хараалын давалгааг уухайлан түрэх шившиг. Тэд хүн алаагүй. Харин нэгийгээ алуулсан. Монголыг тэд яачихсан юм бэ. Бие даалгах, ардчилах, чөлөөт зах зээлд оруулах, иргэдээ эрх, өмчтэй болгох гэж мунгинаа биз дээ. Цоо шинэ замаар Улсаа удирдахад туршлага дутаж бишгүй алдсан. Гадна дотны гацаа шахаанд дээрэлхүүлж, лусаас заяасан боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Гэвч эх орноо хар. Ямар болж? Хоол, хувцас, сууц, хот, замаа шинж. Дэлгүүр, захын лангуугаа 80-90 оныхтой харьцуул. Ололт бүхнийг тэдэнд өмчлүүлэх гэсэнгүй. Нүдний өмнө дээрдсэнийг гутаах хорон санаа надад алга.

Бат-Үүл, Элбэгдорж нарыг шоронд хий, тэр ч бүү хэл бууд, дүүжил гэх үгс тасардаггүй. Одоо шоронд байгаа хэд дээр тэр хоёрыг нэмээд хоривол 90 оны тэсгим жаварт “ардчилал” гэж түрүүлж дуугарсан хэд бүгд дайсан байж. Гадны тулгалт, манай урвагчдын зорилго ардчиллын лидерүүдийг намнаснаар Монголын ардчиллыг устгахад оршиж байх шиг. Мөнхийн жолоодогч залснаар хувийн өмчийг нийгэмчилж, гурав дахь хөршийг хөөх болтой. Нүүдэлчдийн коммунаас ардчиллын үр соёолуулж, баруун зүүнгүй магтагдсан хөвгүүд охидын минь бадраасан зул бүдгэрэв. Бөхөөчихгүй юмсан монголчууд аа.

Ц.Доржготов /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 12 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 34 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 1 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 1 цаг 11 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 1 цаг 12 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 1 цаг 17 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 1 цаг 17 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 2 цаг 42 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 2 цаг 43 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 3 цаг 3 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 цаг 23 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 24 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 3 цаг 26 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цаг 26 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 3 цаг 29 мин Фронтын генерал ба индрийн маршал 3 цаг 37 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 18 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 19 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 19 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top