x

Өндөр дошин дээр гараагүй хөөрхийс

ХӨӨРХИЙС...

Дээрэлхүүлдгээ нуудаг хөөрхийс. “Танк их буу” онигоо 10 жил манай руу урсах олон тэрбум долларыг хааж дөнгөсөн. Гиннест бичигдэхээр үнэтэй онигоо. Өмнөд хил рүүгээ 267 км уурхайн экспортын төмөр зам тавивал Монгол тусгаар тогтнолоо алдах байв. Хятадууд танк их буугаа вагонд ачаад орж ирэхэд л муу Монгол конец. Ийм тэнэг онигоо Төрийн бодлого болоод биднийг дөрлөн хөтөлсөнд ичиж үхмээр. Гэхдээ энэ мангуу ярианы цаана муу нэрт монголчуудын өрөвдөм эмгэнэл оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Танк их буу ачаад орж ирнэ гэдэгт бид итгэж дөнгүүлсэн юм огт биш. Шарх хөндүүрлэсэн юм. Монголыг бяд суулгахгүй-орос геополитик хил залгаа Хятадын үсрэнгүй хөгжлөөс биднийг юм олж долоогоод сэхчих вий гэж цагддаг нь гэм биш зан. 

Төмөр зам тавиад нүүрс зэс хүдрээ тээвэрлэх-бидний шийдэх манай ажил. Олон жил гацав. Өдгөө БНХАУ, Австралийн харилцаа хүйтэрсний хударгаар ОХУ нүүрсний экспортоо нэмж буйг бид шүүмжлэх эрхгүй. Хөршийн асуудал. Гашуун сухайт руу нүүрс зөөх төмөр зам тавих манай төслийг гацаасан Оросыг хорих харин манай хэрэг байв. “Жа” хэмээн бөхөлзөж олон тэрбум доллароор эх орноо хорлож байхад дуугараагүй нийгэм өнөөдөр “Орос манайхыг нүүрсний экспортоос шахлаа” гэж гэнэт сэрсэн мэт гоншигнож, бусдын хэрэгт оролцох буруу агаад тэнэглэл гэхэд багадана. Улсын ирээдүй-олон их наядаа уже алдчихсан биз дээ.

Уг нь уурхайн мухар замыг ямар царигаар тавихыг УИХ нээлттэй үлдээсэн. Нарийн царигаар төмөр зам тавивал өдөрт зуугаад вагоны нурмаг ачаа сэлгүүлэн ачих чирэгдэлгүй, асар их мөнгө хэмнэхийг монголчууд мулгуу ч мэдэхтэйгээ. Мэддэг юм бол нарийнаа тавиач гэх биз. Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг манай нуугч хөөрхийс хав дарсан. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томроод буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах эр зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нэр нүүрийг Төр нь хөөддөг. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 гаруй жил тавьж чадсангүй” гэж биедээ бурууг тохож Орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм. Оросыг зөөлрүүлж дөнгөвөл бусад нь болно биз гэх мөхөсдөлөөр бид ХХ зууныг туулжээ. 100 дахь жилдээ бахархал, эргэлзээ, хөндүүрэл алаглаж байна, ардчилсан Монголд.

Эгийн УЦС-д БНХАУ-аас олгох нэн хөнгөлттэй урт хугацааны тэрбум долларын зээлийг Оросын эрчим хүчний магнатууд гацаасныг манай “нуугч хөөрхийс” ярьдаггүй. Сөхвөл Эгийн станцыг хоёр хөрш гацаав гэж Оросоос айхдаа бялдуучлах нь ой гутам. Айх тусам оросууд зөөлрөх бүү хэл чангардаг нь гомдмоор. Эгийн УЦС-ыг гацаах байтугай зээл олгож эхэлсэн БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын өөдөөс ОХУ-ыг хань татах-том ашиг сонирхлоо чухалчлаад өчүүхэн бидний гөрдлөгийг тоодоггүй. Багануурын цахилгаан станцыг зогсоохдоо Хятадын арми Багануурт хяналтаа тогтоож, 5000 хужаагийн тосгон байгуулж байна хэмээн “хужаа” харшилтай массаа турхирч дэмжүүлсэн. Ингэснээр орос олигархи О.Дерипаскагийн цахилгаан манай руу хэдий хүртэл урсахыг бид биш тэр шийднэ. Гэм нь дэндүү үнэтэй. Хэлбэл тусгаар тогтносны үнэ цэнээр бүхнийг өчиггүй сөгдүүлэгчид өмөөрнө. Тэд найрамдал-дружбад хир халдаадаггүй бөгөөд дэлхийн хоёр дахь социалист орон гэгдэж явснаараа онгирдог хөөрхийс.

150 орчим эх орончийг маань Москвад буудсаныг нуусаар яваад 70 гаруй жилийн дараа илэрсэнд дурамчхан царайлсан монгол цөөнгүй шүү. Эх орондоо улаан Оросын тулгалтаар 40-50 мянган ямар ч гэмгүй ах дүүсээ яргалуулсныг дурсахад 40-50 нь ч юу ч вэ 20-30 мянга гэж янзгүйрхэнэ. Үрэгдэгсдийн дунд өвөө нь, аав нь, магадгүй эмээ нь, ээж нь өртсөн ч хэлмэгдлийг хэт улстөржүүллээ гэж уурладгийг яалтай. Геноцид болтлоо даамжирсан яргаллыг өр зүрхэндээ харамсан дурсахад эсэргүүцдэг өнөө үеийн зарим монголыг ойлгохгүй юм. Зөнөг өвгөн балайрч буй бол шууд хэлээрэй. Би гомдохгүй. Зөв хариу олохын тулд үжирсэн тархиа дайчлан эргэцүүлнэ би.

Өдгөөх бидний аймхай хулчигар зан бол өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх. Одоо ч бид дээрэлхүүлдгээ дэлхий дахин, ялангуяа баруунаас маш чанд нуудаг. Ерөнхийдөө айдас арилах яагаа ч үгүй шинжтэй. Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Энэ эмгэнэлээ бид “Ам бат бол амь бат” гээд цухуйлгадаггүй. Хятад зөөлөн тэврэлт уусгах гэнэ. Эрсдэл бий юү? Бий! Урд хөршийн хаялгаас өөр өгөгдөл дэлхийн дээвэр дээрх зөдгий хэдэд хомс тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Олон улсын хууль байна. НҮБ байна. Бүрэн эрхт улс шүү юм байна-уусахгүйгээр айлсахаа тааруулах сан. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Шатахуун, эрчим хүчээ дотооддоо хангаад, нүүрс зэсийн баяжмалаа төмөр замаар хямд агаад ихээр тээвэрлэвэл “ах” араандаа зууна гэх айдас-эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүйтэй бид овсгоотож зүрхлээгүй нь-хоцрогдол. Уг нь хөрш Япон Солонгос Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх боломж 1990 оноос нээгдсэн. Хулчгартаа хөгжсөнгүй. Бид дээрэлхүүлдгээ нуугаад зогсохгүй, дээрэлхэгчээ өмөөрдөг одонд төрсөн хөөрхийс аж.

Хуучнаа өмөөрдөг хөөрхийс. Нэг намын дураараа ноёрхогч алтан үеэ битүүхэн өмөөрч шүд зуугаад буйд би эмзэглэдэг. Өшөө авах хонзон үр хүүхдэд дамжвал гай салахгүй. Залуу үеэ коммунист халдвар авчих вий гэсэндээ би бичдэг. Коммунизм дампуурсанд харамсаад бус гагцхүү ялагдсан хорсолдоо ардчилал чөлөөт зах зээлийг үзэн ядагчдын хяхуу арилахгүй цартай. Ардчиллыг эхлүүлсэн залуус (одоо хэнз өвгөд) алдаа дутагдалд өртвөл дайсан дарагдсан мэт баясна. Ардчиллыг зүхсээр хувьдаа байр, газар, малтай болсон. Хүүхдүүд нь баруунд мэргэжиж, нүд нь нээгдсэн ч эцэг эх нь коммунист удирдагчдын хожуулд мөргүүлсээр. “Одооны байж буйг хар, урьд мөн ч гоё байж” гээд шүүрс алдана. Коммунизм эргээд ирвэл гуяа алгадан баясах хөгшин залуу зөндөөн. Хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэлгүй атлаа нийгмийн өмчийн төлөө өлөн зэлмүүр шалдан нүцгэн зүтгэх ясны коммунистууд юм уу тэд. Эсвэл Монголдоо л тусгай хангамж гэхээр шальгүй давуу талаа алдсанд ардчилалд өширхөөд 30 жил хорсож явна уу.

Хуучнаа өмөөрөгч хөөрхийс ХХI зууны сэтгэлгээний тэсрэлтийг дагахгүй, хүн төрөлхтөний урсгалын эсрэг хойд Солонгос шиг сөрж чадах уу. Хугацаа нь дууссан бүхнээ-гишигсэн мөр шигээ орхи, хуучнаа өмөөрөгч анд минь. Би ардчиллыг өөгүй гэж сохроор шүтээгүй. Нэгдлийн ялтай сүрэг хариулсан эрх чөлөөгүй гишүүнээс, хэн ч үл халдах хувийн малтай, дуртай бизнесээрээ баяжих бүрэн эрхтэй малчин бололцоотой юм уу даа л гэж багцаалдаг. Би АН-ын гишүүн биш. Би ардчиллын хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр социализмээ муулдаг өөдгүй төгцөг гэж намайг зүхэгч цөөнгүй. Намайг социализм тэжээсэн юм уу, ард түмэн тэжээсэн юм уу хэлээд өгөөч. Насны эцэст хараалгаж байснаас бичихээ больдог ч юм билүү гэж эргэлзэх нь бий. Гэвч коммунизмын нурамнаас оч олж, түймэр асаах санаа өвөрлөгчдийн өдөлт ширүүсээд байвал би бичихээ болихгүй хүн шиг байна. Хүн сүрэг хөгжлийн чөдөр аж. Хүн амын дийлэнх сүрэг тул тэднийг дөрөөлөгчид дийлээд, хуучин руугаа хөтлөв. Хуучнаа өмөөрөгчдийн ялалт айсуй.

Эрх чөлөөгүй нийгмийг туулж хаширсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний захиргаадалтад үр хүүхдээ дарлууламгүй байна. Буцаад хувийн өмчгүй гуриатамгүй байна. Хуучин тогтолцоо сэргэхээр өндөлзөөд байдаг. Намайг хуучин нийгмээ мууллаа гэж давшлахын хамт-хуучнаа хүссэн өмхийрлөө зөв үү буруу юу-эргэцүүлээч. Дарангуйлагч тогтолцоог би яагаад сөрөөгүй вэ? Даргаасаа айдгаад! Хамгийн наад захын, өөрөөр хэлбэл, миний даргаас эхлээд шат шатны дарга нарын оройд Цэдэнбал, Цэдэнбалын цаана Кремль. Нэг үгээр миний дарга бол Цэдэнбал, миний дарга бол Кремль. Тэмцэх гарц байж уу? Даргаасаа айж явсны учир энэ. Тийм сүлжээнд татаастай хурган дарга дийлдэшгүй тийрэнд хувирна. Зөвлөлтөөр сүрдүүлж, Цэдэнбалаар гул барьсан дураараа дургигчдын зуунд ганц олдсон амьдрал минь таарчээ. Жагсаагүй, өлсөөгүй шалтгаан энэ.

Анд минь хуучин тогтолцоогоо ил далд хамгаалахаа чи хаячихвал миний өнгөрснөө шүүмжлэх санаа аяндаа унтарна. Ерөөсөө магтдаг, шүүмжилдэг чи бид хоёр хэрүүл тарьж талцуулаад байна. Би шүүмжлэхээ цэглэе, чи өмөөрөхөө цэглэ. Хоёул хэн нэгнээ “түрүүлж боль” гэх шударга бус тул ханиндаа зэрэг больж хойч үедээ түвэг удахаа зогсооё. Зөв үү? Хүн төрөлхтөний замналаас арай дээр нь юм уу гээд сонгосныг саатуулагч-та нарыг би бичдэг болохоос сайн ч муу ч амь зуусан нийгмээ муулахыг өмнөө барьдаггүй. Социализмээр зөнөг банхар болтлоо тэтгүүлчихээд өнгөрснөө шүүмжлэв гэж намайг загнах хүн олширч сүрхий ширүүсэв. Би нийтийн өмчөөс хүртэх ёстой хувиа бусадтай тэнцүү халбагадсаар 1990 онтой золгосон тэжээвэр гөлөг л дөө. Би “Өнгөрсөн зууны алдааг энэ зууны сургамж болгоё” гэж бичдэг өвгөн. Алдаанаасаа салъя гэж уриалсан зохиол минь гай тарина гэж үү. 

Өндөр дошин дээр гараагүй хөөрхийс. Сөнөхдөө тулсан монголчуудад улаан орос туслаагүй бол хөрөнгөтнүүд устгаад нутгийг нь эзлэсэн гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. Энэ бодиттой юу? Машин анх үзсэн монгол хүн “Хөллөгөө үхэр тэмээгүй атлаа өөрөө явдаг бас хачин аа” гэж гайхсан биз. Нисэх онгоц харсан ардууд “Оросуудад хийж чадахгүй юм алга” гэж бишрэх нь мэдээж. Үзэх нь байтугай сонсоогүй, ухаанд багтамгүй гайхамшгийг зөвхөн орос ах нар бүтээж байна гэж тэд ухаарчээ. Тэгж ухааруулжээ. “Оросын ачийг хүртэх хувьгүй Монголоос бусад хоцрогдсон үндэстнүүд мөн хөөрхийеө. Бид орчлонд тусдаа азтай төржээ” гээд бахархсан. Бүдүүлэг харанхуй дээдсийнхээ гэнэн бахархлыг хүлцэе гэхэд харамсалтай нь ХХI зуунд бид хоцрогдсон бишрэлтэйгээ зууралдаж зальдуулсаар хохирлоо. Хоцорлоо.

ХХ зууны туршид шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцөгт үлдээгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 70 жилийн манай ололт буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн, маниус шиг онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү? Шинжлэх ухааны нээлтүүд тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид дэлхийд ганцаар зөвлөлтийн тусламжаар цойлж, капитализмыг харайсан гэж хөөрцөглөж явснаа тунгаа. Тусгаар тогтнолыг минь олж өгсөн Оросын ач буяны дэргэд онгирох, нуух, өмөөрөх нүгэл бус буян гэж анд минь ятгав. Тийм ч юм уу золиг. Юутай ч талцалгүй дөрөө харшуулаад шогш. Газар амархан хорогддог юм.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 4 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 5 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 11 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 12 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 1 цаг 8 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 1 цаг 26 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 1 цаг 28 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 1 цаг 29 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 1 цаг 32 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 1 цаг 58 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 2 цаг 1 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 2 цаг 2 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 2 цаг 4 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 3 цаг 45 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 3 цаг 47 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 3 цаг 53 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 3 цаг 54 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 3 цаг 56 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 4 цаг 0 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top