x

Монголын шашин: Богд Зонхов шагналаа аваарай

Монголчууд шүтэх эрх чөлөөтэй золгоход шашин нь тэмдгийн төдий байв. Гандан гэдэг ганц бүтэн үзмэрийн дугантай. Бурхдаар нь оросууд аваачаад сум цутгачихсан. Судар шастар номын сангийн хөмрөгт. Арц утлага нийтийн жорлонд. Лам хувраг нийгмийн дайсны дүртэй... 

Сөрөг дүр

Большевикууд дэлхийн хувьсгал хийхээр Монголд ирээд устгах капиталист ганцыг ч олсонгүй. Гэхдээ дорхноо л дайснаа тодорхойлжээ. Э.Д.Ринчино “Монголын хувьсгалын ирээдүй цагийн төлөв байдал” илтгэлдээ “хар, шар харгис” томъёоллыг анх ашигласан байдаг. Дайснаа тодорхойлсон тул устгахад ядах юу билээ. Монголын түүхэнд гараагүй аллагаа зөвтгөх ухаанаа ч зэрэг ажиллуулав. Үндэсний баатраар тодруулчихаад байсан Сүхбаатарын учир битүүлэг үхлийг ламтай холбож орхилоо. Гучаад оны жүжигт Богдын гарын лам эм барих нэрээр Сүхбаатарт хор өгсөн болгов. Тун удалгүй яг тэр явдлыг уран сайхны киногоор “баталгаажуулав”. Үнэнээс илүү уран сайхан нь хүнд үлддэг юм хойно үеийн үед харааж явах дайсан тодорлоо. Социалист Монголын урлаг, уран сайхны хүлээн зөвшөөрөгдсөн мөнхийн сөрөг дүр ингэж амилав. Үүнээс хойш өөдтэй “лам” ганц гараагүй. Орчлонгоос гэтлэх номынхоо утгыг ойлгоогүй “Оройгүй сүм”-ийн Санж гэлэн арай дөнгүүр нь юм даа. 

Сүйтгэл

Нийгмийн ийм сэтгэлгээн дээр үндэстнийх нь дархлааг үгүй хийхэд амар байжээ. Тэгээд хэн ч хүний юманд хүйтэн ханддаг хойно сэтгэл өвдөх зовлонгүй амьдыг нь алж, барьсныг нь нурааж, бичснийг шатаав. Большевикууд 1917-1930 онд үнэн алдартны 60 мянган сүм хийдээсээ мянгыг нь авч үлдсэн. Өндөр мяндагтай хуврагуудаасаа дөрвийнх нь амийг нь хэлтрүүлсэн. Андрей Рублёвын “Святая Троица”, “Евангелие Хитрово” зэрэг икон, Эгэтийн дацангийн Буддагийн зандан дүрийг устгалгүй орхижээ. Харин Монголын гэлэн байтугай гөлөг ч дуудуулж үзээгүй “шар” бүхний хосыг шувтарч, Мэгжиджанрайсиг тэргүүтэй нандин шүтээнийг ачаад арилсан юм. Яг алж талах, устгаж нураахыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэхээ яаж мартах билээ. МАХН-ын VIII Их хурлаас “Лам нар болбоос тус хувьсгалын эсэргүү дайсан, тэдэн лугаа тэмцэх явдал болбоос тус намын даруй гүйтгэх зорилго мөн” гэжээ. Ингээд олон нийт, ялангуяа эвлэлийн гишүүдийг турхиран дэвэргээд тавчихав аа. Үндэстэн байтугай өөрийнхөө ч учрыг олоогүй яваа залууст цээрлэх, хайрлах сэтгэл гэж үгүй. Цогт тайжийн орд өргөөг нураадаг киноны хэсэг шиг л загнажээ. Тэдний дотроос нутгийн олныхоо хараалыг барж, эцэст нь үйлээ эдэлсэн Түвдэнгийн Бор гэгчийг хожим зөвтгөн мандуулсан юм. 1941 онд эхээр Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарт өгсөн тайланг харвал: 1937 онд хүрээ хийд 767 байсныг 1939 он гэхэд бүгдийг устгаж эсвэл улсын өмч болгосон. Үүнд нийт 2265 тооны барилга. Алт 30.9 кг, монгол төгрөг 233 847, хятад янчаан 5055, бусад хогшлын үнэ 388 564 төгрөг улсын орлогод авсан, гуулин бурхан хэрэглэлийн зүйлс 71 644 кг-ийг ЗХУ-д шилжүүлэн тушаасан. 1937 онд баригдсан лам 1689, үүнээс буудагдсан 1548; 1938 онд бүх баригдсан 15 268, үүнээс буудагдсан 12 100, хоригдсон 3165; 1939 онд бүх баригдсан 47, үүнээс буудагдсан 31; одоо улсын хэмжээнд хоригдож буй лам 2938 гэжээ.

Ашиглалт

Гэтэл 1944 онд Сталин Монголын шашин шүтлэгийг сүйтгээгүй гэж харуулах хэрэгтэй болов. Ингээд Н.Эрдэнэпил нарын 11 ламаар Улсын бага хурлын тэргүүлэгчид өргөдөл бичүүлсэн байдаг. Өөрсдөө утсгачихаад эргээд нээх логик муутай учир дээрх лам нарт тушаал өгсөн хэрэг л дээ. Ингэж Ганданд 1944 оны зургаадугаар сарын 01-нд 10 ламтай мөргөлийн ганц дуган нээсэн юм. 1947 онд Сталин Цэдэнбалтай уулзахдаа дахиад 2-3 сүм нэмж нээх хэрэгтэй гэж зөвлөсөн ч багадаа банди явсан Цэдэнбал яахин тийм зүйл хийх билээ. Гэхдээ Зөвлөлтийн заавраар 1944 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Шашны хэрэг эрхлэх зөвлөл байгуулсан юм. Хорин жил ганц орон тоотой явсан энэ бүтэц 1967 онд гэнэт хэрэг нь гарав. ШХЭЗ-ийн ганц төлөөлөгч Г.Дамбийнямыг СССР-ын ШХЭЗ-ийн тэргүүн, КГБ-ын дэслэгч генерал В.А.Кроедов өөрөө “залж” Иволгын дацан гэх мэтийн буддын болон бусад шашны сүм хийдээ үзүүлэн шашныг Хүйтэн дайнд хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн байна. Төдөлгүй 1969 онд КГБ-ын дэслэгч генерал өөрөө Монголд морилж шашны боловсрол олгох нэг жилийн курс нээ, “Дэлхийн дэвшилтэт буддистуудын хурал” хий гэж үгийн сөхөөгүй шахжээ. Ахын үг хууль юм хойно Лениний мэндэлсний ой, Дэлхийн монголч эрдэмтдийн хурал хоёрынхоо хажуугаар амжуулж таарна. Шашны дээд сургууль байгуулахад шаардагдах хөрөнгийг Зөвлөлтийн ШХЭЗ-өөс шийдэж, сургалтын хөтөлбөрийг нь тус зөвлөлийн орлогч дарга П.В.Макарцов баталжээ. Ийнхүү нэгэнт цагт нийгмийн ад шоо болсон лам Хүйтэн дайны далд фронтын дайчин болов. Мөнхүү дэвшилт үзэлт лам нарын тоонд багтсаны учир XIV Далай лам Далхын дэнжинд мөрөө анх гаргасан билээ. 

Сэргэлт

Зөвлөлтийн гараас мултарсан Монгол юун түрүүнд шашин номоо сэргээх ёстой гэдгээ далд зөнгөөрөө мэдэж байлаа. Жанрайсигийн хоосон дуган, хагас дутуу боловсролтой хэдэн лам, монголоо алдаж хүнээ байсан хомосоветикус... Үндэсний шашин ийм төрхтэй суухад үйл ажиллагаа, арга тактик нь хэдэн зуун жилээр тогтчихсон гадны шашин сад тавив. Аль наяад онд орчуулаад бэлдчихсэн “Шинэ гэрээ”-г Олон Улсын Библийн Нийгэмлэг өрхийн тоогоор үнэгүй тараахаас ажлаа эхлүүлж байв даа. Хэн ч аваад уншихад ойлгохоор Библийг ядаж сөхөж хараагүй монгол ганц үгүй биз. Их савны ёроолд юмтай хоцорсон тулдаа л Монгол тэр чигтээ загалмайтан бололгүй өдий хүрлээ. Өнгөрсөн 30 жилд шашны боловсролыг дэг жаягаар нь эзэмшсэн боловсон хүчин ч нэмэгдэв. Буддын шашны болоод философийн ном зохиол орчин үеийн монголчууд ойлгох хэлээр хэвлэгдэж байна. Түүн дотроо гол гарын авлага, Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-ийг өөр өөр сурвалж гурвантаа орчуулан хэвлэжээ. “Бодь мөрийн зэрэг” бол буддын шашинтан хэмээгдэхийн утга учрыг тодорхой өгүүлж, хоосон чанарыг тайлбарласан өдөр бүрийн гарын авлага юм. Түүний дотор НЭПКО хэвлэлийн газар лам, хар олон хүний хүч хөдөлмөрөөр “Их бодь мөрийн зэрэг”-ийг эрхлэн гаргасан. Өдгөө айл бүхэнд шахам “Бодь мөрийн зэрэг”-ийн хураангуй хувилбар харагдах болж. Шашин оршин байх таван шалтгаан байдаг 1. Үндэслэгч, 2. Судар шастар, 3. Номлол сургаалыг дагагч-хувраг 4. Зан үйл, 5. Сүсэгтэн-өглөгийн эзэн. Эдгээр шалтгаан нөхцөл бүрэн цогцолбоос шашин оршин тогтнохын дээр улс үндэстнийхээ дархлаа болдог номтой. 

Эхлэл

“Оны шилдэг орчуулгаар Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” шалгарлаа. Богд Зонхов та ирж шагналаа авна уу” гэдэг онигоо бий. Онигоо ч гэж болсон явдал. Олны өмнө “Богд Зонхов” гэж дуудуулахад эмээх, баясах давхцах юм билээ. Үүнээс хойш 12 жил өнгөрчээ. Шашинтайгаа эргээд золгосон монголчууд орчин цагийн хэлээрээ уншиж мэдэх номтой золгоод нэгэн “жаран” өнгөрч. Бас болоогүй будлиу хөтлөгчөөр наргиа хийж сууна гэдэг Богд Зонхов, “Бодь мөрийн зэрэг” хоёрын учрыг таньж, утгыг мэдсний тэмдэг билээ. 

Зоригдолгүй их энэрлийн сан Жанрайсаг

Хиргүй сургаалын эрхт Манзушри

Шулмасын омгийг үлдээлгүй дарагч Очирваань

Цастын мэргэдийн оройн чимэг Зонхов хэмээх

Лувсандагвын өлмий дор итгэн хоргодму

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 53 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 49 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 50 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 53 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 54 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 16 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 21 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 21 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 26 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 28 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 29 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 31 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 32 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 34 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 30 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 31 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 34 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top