x

15 дахь нь Сү.Батболд уу?

Сү.Батболд төрийн эргэлт хийв гэж хэн зарласан гээч. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Юу хамгийн хатуу үнэн байх ёстой вэ өнөөдөр Монголд? Ядаж Ерөнхийлөгчийн мэдэгдэл заавал ортой байх учиртай. Тэгэхээр Сү.Батболд төрийн эргэлт хийж У.Хүрэлсүхийн засгийн газар огцорчээ. Би зөв ойлгосон байгаа биз. Намайг буруутгах хүн байна уу? Байвал босоод ир. Чамайг шүүхэд өгөхөд чи муу конец фильм. Уучлаарай энэ бол марзагнал бус манай өнөөгийн дүр зураг. Хэлсэн үгэндээ эзэн идсэн хоолондоо сав байх өнгөрсөн хорвоо гэж үү. Үгүй. Ардын маань энэ сургаал улам үнэд орно. Тэр тусмаа Ерөнхийлөгчид.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд 14 улстөрийн ялтны араас 15 дахиар ачигдах учир ургав. Татвар төлөгчдийн асар их мөнгөөр харийхныг хөлсөлж түүнийг шалгуулжээ. Гэвч нотлогдсонгүй. Монгол нэхэмжлэлээ татахаас аргүйд хүрч. Хэн нэхэмжлэлээ татав гэдэгт эзэн олдохгүй эрх баригчид хоёр хуваагдав. Нэхэмжлэлээ нэг бол Ерөнхийлөгч Х.Баттулга, нөгөө бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх татсан байж таарна. Хоёр биеэ тэд илчлэхийг үзүүлээд өгнө гэж бардамнавч ядуу ард түмнээ доромжилдог ээлжит жүжиг аваас юу ч илрэхгүй. Ер нь нэг гишүүнээ төрийн эргэлт хийж байхад МАН-ын дарга-Ерөнхий сайд УИХ-ын 62 төлөөлөлтэйгөө толгойгоо дараад хэвтэж байх уу. Үүнийг ямар ч тэнэг итгэхгүй. Энэ бол ард олноо мал гэж басамжилдаг хүний л үг.

Юу үнэн бэ? Англи Шведээс элчин сайдуудаа татаж авчраад шоронд хадсан нь үнэн ч тэдний бурууг нотлоогүй. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Оюутолгойн гэрээ хийсэн, далд уурхайн хөрөнгө босгохоор Дубайн гэх төлөвлөгөөг үзэглэсэн. Тавантолгойн ордыг МСS, Шинхуатай хамтарч коксоо баяжуулж төмөр замаар тээвэрлэх, Сумитомо борлуулах-хорлон сүйтгэх ноорог үйлдсэн. Ардын дайснуудын хойд дүр-90 оны ардчиллын лидерүүдийг намнах хоморгонд Сү.Батболд МАН-аас С.Баярын хамт гадны захиалгаар чирэгдлээ гэх харлага-таамаг өвгөн надад төрдөг. Би зөнөг ч гэсэн Монголын нэг иргэн биз дээ. Иргэнийхээ толгойд юу төрж буйг нам засаг мэдэх ёстой гэх үзлээр би шилэн-иргэн байхыг хичээдэг буурай. Тиймээс илэн далангүй бурдаг. Зөв үү?

Гурав дахь хөрш гэж сэвэгчдийг хамах ажиллагаа үргэлжилж байх шиг. Сү.Батболд гишүүний гэм буруутай эсэхийг би яаж мэдэх билээ. Би байтугай манай шүүх нотолтлоо хол. Харин түүний ажлын албаны мэдэгдлийг нөгөө талын мэдэгдлүүдтэй харьцуулан уншвал үнэний үзүүрээс чимхэж юу магад. Элдэв жиргээ толгой эргүүлэхийн нэмэр. 

Оюу толгойн гэрээ батлагдсанаас хойш Сү.Батболд Ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах-суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсныг мушгин буруутгаж, гадаадын шүүхэд өгчээ гэж гомдолложээ. Эдгээр тоон үзүүлэлтүүдийн үнэн худлыг би ч тулгаад магадалчихаж дөнгөмөөр. Гар утаснаас салдаггүй хүүхдүүд бол шилэн данснаас бүр ч түвэггүй шалгачих биз. Ийм ойрхон худал хэлэхгүй гэх үүднээс Сү.Батболдын мэдэгдэлд итгэх үндэс байна. Гэхдээ юутай ч шалга. Одооны эрх баригчид горьгүй.

Энэ бүх гүтгэлэг дайралтадтөсвийн хөрөнгө-хэдэн тэрбум төгрөг зарж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад мөрдүүлэхээр захиалж, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүжирдэж, эх орныхоо төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглажээ. "Эрдэнэт" УБҮ, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр бүү хэл Монголын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хууль бус ашиглан маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргасан гэж гишүүний ажлын алба мэдээлжээ.

М.Энхсайхан, Д.Ганболд, Э.Бат-Үүл нарыг хилсдүүлүүзэй гэж эмзэглэсэн минь залуусыг бодвол ная гарсан би аймшигт хэлмэгдэлтэй ойр төрсөн, ураг төрлөө хэрхэн өртсөнийг мэдэж цочирдсонтой холбож болох. Одоо огт танихгүй Сү.Батболд гэгчийг өмөөрч хүмүүсийн дургүй хүргэх нь шиг байна. Сү.Батболдыг Оюутолгойн гэрээнд нөлөөлж авлига авсан, Эрдэнэтэд шахаа хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан, мөн 10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй гэж Нью-Йоркийн шүүхэд, хаяагаа хадардаг малын хулгайчийн атаа жөтөөгөөр гаргасан нэхэмжлэл нь бүдэрч арга буюу Сү.Батболдын нэрийг татсан аж. Хэн татав гэхээр хэргийн эзэн тодордоггүй-таг. Миний авсан ойлголт ердөө энэ. 

Энэ тухай С1 телевизийн сэтгэл судлаач мунадаг мэргэжилтний айлдвараас өөр таамаг алга. Сэтгэл судлаачийн онолоор Сү.Батболд төрийн эргэлт хийсэн нь худлаа бол инээх байсан гэнэ. Харин үнэн учраас хоолой нь цахиртаж, харц нь гөлөлзөж, сандарч айсан. Айсан учир сэтгэл зүйчийнхээр төрийн эргэлт хийсэн нь үнэн болоод явчихав. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэх хүчирхэг гүжирдэгчдээс айж, 20-30 мянгуулаа буудуулахын өмнө чичирч зогссон дээдэс минь ардын дайсан нь үнэн байжээ гэх нь. Сэтгэл судлал мөн лутаа. С1-ийн тэр мэргэжилтэн-сэтгэл судлаач бус үзмэрч бүр хувилгаан мэт далдыг шууд хэлсэн шүү. 14-ийн араас Сү.Батболдыг түлхэхэд тэр сэтгэл судлаач мэтэс голлох нь дамжиггүй.

Нэхэмжлэлээ Засгийн газар татлаа гэж УИХ-ын гишүүн асан Уянга бичсэн юмдаг уу даа. Засгийн газар гэхээр У.Хүрэлсүх нэхэмжлэлээ татсан болж таарна. Уянгад итгэх хэцүү. Харанхуй гудамжны сүүдэрт бүрэлзэх хар сүүдэр шиг осолтой эм гэдгээ хангалттай таниулсан сэтгүүлч-улстөрч. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж. Нэр нүүрээ барж их ч зүтгэсэн дээ. Санасандаа нэг юм хүрч. Гэвч Ерөнхий сайд Оюун-Эрдэнийгээ нэг харахад херо Баатар шиг, дахиад лавлавал Женко шиг манараад буйгаа нуугаад яах ч билээ. Элийрсэн зөнөгөөр тулхтай МАН оролдов л гэж. Тэдний ганц чаддаг нь эрх мэдлийн төлөө уралцах юмсан хойно хагарч талцаад л байна.

30 жил гацсан Эгийн УЦС шигээ, 20 жил гацсан VДЦС шигээ, 10 жил гацсан төмөр зам шигээ ганц тэжээгч Оюутолгойгоо чөдөрлөж, хойд хилийн цаах нь үйл ажиллагаагаа жигдрүүлж буй зэсийн аварга уурхайд гагцхүү хэн чинь үйлчлэх гээд байна вэ? Ядмаг дорой олныхоо мөнгө олдог ганц экспортыг хумьж хохироосноор орос баячуудын олзыг арвижуулах гэж улаан нүүрээ улалзуулан зүтгэхдээ мөр дээрээ тээглэсэн нөхдөө хэлмэгдүүлэх ямар хүний яс вэ? Энэ үүднээс би өмнөх нийтлэлдээ “Х.Баттулгатай хоёулхнаа Ерөнхийлөгчид өрсөлдвөл би У.Хүрэлсүхийг сонгоно. Арай дээр нь гэх үндэслэл бий. Ядаж хүрэн бөөргүй” гэсэн.

“Хөөрхөн хүүхэн л бол баривчлаад байх уу” гэдэг кино аятай “Тавантолгой, Оюутолгой гэсэн болгоныг шоронд шидээд байх уу”. Шүүхийн тогтоол байндаа мөн ч багцаагүй хол хол тусах юм аа. 10 жил нь 4 жил, 5-6 жил гэсэн нь нэг жил эсвэл бүр байнд ч үгүй банзанд ч үгүй болно гээч. Тангараг өргөсөн хуулиа нулимаад, томилсон ноёныхоо нууц тушаалаар шилдэг сэхээтнүүдээ хилсдүүлсэн шүүгчдийг залуу үе бүү март. Шударга ёсны хариуг заавал аваарай. Хүмүүжихэд хэрэгтэй. Гэмгүй хүмүүсийг сүйд хийвэл хариу нь ирдгийг тэд зовлогоороо эдлэх жамтай. Бас нийтэд сургамж болно. Хэлмэгдлийн үед ийм энд тэнд тусгалтай шүүх мөн ч олон хүн хөнөөсөн дөө. Ардчиллын ХХI зууны ачаар алтан амь мултардаг болжээ бурхан минь. Эрин зуун өөрчлөгдсөнөөс хэлмэгдүүлэгч бол Монголд байж л байна. 

Гагцхүү үүнд л өвгөн зохиолчийн сэтгэл зовж буйгаас МАН, АН хоёрын аль нь дийлэх надад бол ёстой падгүй. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр бол монгол хар модон тэрэгний хоёр дугуй. Гэхдээ яахав монгол юм чинь болно бүтнэ. Харин чонотой нөхөцсөн нохойнд малчин монголчууд маш дургүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь сонголт гарч ирэх байгаа гэж горьдоод л сууж байна. Шинжлэх ухаанч өндөр боловсролтой, эх орон ард олноо гэсэн сэтгэл-мөс чанартай лидер л чухал байна даа хүүхдүүд минь. 

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ҮНЭНБАТ (86.106.74.194)
    Хүрэлсүхийн "би дэвшихгүй Сү-г дэвшүүлээд ялагдаж өгнө" гэсэн үгэнд итгээд СҮ-Г ГУТААХ харлуулах компанит ажилд асар их хөрөнгө хүч хаясан нь талаар болж, өнөөх гутаах хөлс авсан сэтгүүлчид тэдний үгэнд итгэсэн хар масс нь СҮ гэгч МАНГАС ГЭСЭЭР СОНГУУЛЬ ДУУСГАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧООД БАЙХАД ХҮК ИНЭГЭЭД СУУЖ БАЙХААС ДАА К К К
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Монголоос урвагчид Батболд, Хүрэлсүх, Баярцогт, Элбэгдорж, Сахйанбилэг, МиЭнхболд, Бадамжунай... (90.79.25.59)
    Монголоос урвагчид Батболд, Хүрэлсүх, Баярцогт, Элбэгдорж, Сахйанбилэг, МиЭнхболд, Бадамжунай... гэх мэт шуналт эх орноосоо урвагсад
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    uvuu min, ter hurelsuh chin batboldiin buunii nohoi, enbayariin gutliin uliig doloosondoo, yag tuun shigee har batboldiinhiig bas doloojee, ta buu zunuurei
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    chamd hun itgehgui ZAIL, SHUNALIIN BUZAR DEV
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 44 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 50 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 54 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 39 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 9 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 20 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 45 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 49 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 54 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 59 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 4 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top