x

МҮОНРТ: Юу хийх вэ?

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн бараг тэн хагасыг УИХ-аас нөхөж  бүрдүүлсэн ч хуучин бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл нь шинэ Ерөнхий захирлыг сонгон шалгаруулжээ. Үүнийг хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийнхэн чимээ шуугиантайгаар эсэргүүцсэн боловч дийлдсэн байна.

Барагцаалбал дөрвөөс таван жилийн давтамжтайгаар дэгддэг энэ удаагийн тэмцлийн онцлог бол удаж төдөлгүй огцорсон өмнөх Ерөнхий захирлаас гадна Үндэсний зөвлөлийн эсрэг байсан явдал юм. Төчнөөн жил энд тухлан суусан хэрнээ ажиллагсаддаа хаалттай, нэр хүндгүй, юм л бол тэдэнтэйгээ хэрэлдсэн хүмүүс харагдлаа. Бодоод байхнээ МҮОНРТ-ийнхэн шиг аядуу, дуулгавартай сэтгүүлч, уран бүтээлчид Монголд алга. Улс төрийн томилолтоор ирсэн үе үеийн удирдлагууд намынхаа дайчин зэвсэг болгож, төрийн өндөрлөг, сайд дарга, яам тамгын газруудын эх захгүй сурталчилгаа хийлгэж, сувгийг нь тариф гаргаад компаниудад зарж байхад эсэргүүцлээ барилаа гэж сонсоогүй. Сая бужигнах үеэр, та нарын ямар нэвтрүүлгийг гаргахгүй цензурдэж байсан бэ гэсэн асуултын хариуд дорвитой юм дуугараагүй. Аа тийм, "Цаг үе, үзэл бодол"-д хэнийг урьж оролцуулахыг дээрээс зааж өгдөг гэсэн. Яг үнэндээ хэн ч оролцоод нэмэргүй усан ярилцлагууд билээ.

Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд болон шинэ Ерөнхий захирлыг сонгосон тухайд гэвэл эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа яг хашлаа. МҮОНРТ хэзээ ч зүүсэн нэр шигээ олон нийтийнх биш, зөвхөн төр засгийн, түүний цаана эрх баригч намынх байж ирсэн. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн телевизийг сул тавьж хэрхэвч болохгүй учраас УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд "Үндэсний зөвлөлд уг нь олон нийтээс сонгох ёстой л доо" хэмээн матрын хэд гурван нулимсыг цахимаар дуслуулж байгаад халааснаасаа найдвартай хүмүүсээ гарган Үндэсний зөвлөлд байршуулсан бол Ерөнхий захиралд шуудхан намынхаа шилдэг пиарчинг илгээв. Санал хуваах шинжтэй зарим нөхдийн нэрийг татуулжээ. Одоо эрхбиш шинэ хүн учраас шинэчлэл хийнэ, нэр хаяг зөндөө өөрчилнө, мөнгө олно, авна, том том төсөл, шоунуудыг бодож олно. Харин энэ бүгдийн цаана олон нийтийн өргөн нэвтрүүлгийн мөн чанарыг юун түрүүнд илэрхийлэх мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагуудын агуулга, зорилго өөрчлөгдөх үү?

Бид чадаагүйгээ засах гэж оролдохдоо хэрэглэдэг ганц аргатай. Тэр бол хууль гаргах юмуу хуулиа сайжруулах. УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулжээ. Сая томилгооны сонсгол хийж байж Ерөнхий захирлыг сонгохыг уриалаад амаа алгадуулсан төрийн бус байгууллагууд бас тийм санал дэвшүүлсэн. Төсөв санхүүжилтыг баталгаатай болгох, шударга сайн хүмүүсийг өрсөлдүүлж сонгох, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах гээд яриа хөөрөө ундарна. Хэзээ нэгэн цагт хууль батална, хэсэг хугацааны дараа нь хэрэгжилт муу байгааг шүүмжилнэ, төдөлгүй өөрчлөлт оруулж шинэчлэхээр хөөцөлдөнө.  Харамсалтай нь аль ч салбарт, тухайлбал өргөн нэвтрүүлэг, тэр тусмаа олон нийтийн өргөн нэвтрүүлэгт хууль дангаараа юу ч биш гэдгийг 2005 онд ийм хуультай болсноос хойшхи арван таван жил харууллаа.

Хууль хэзээ ч билээ, харин түүнийг хүлээхгүйгээр өөрчлөлтийг хийх боломж олон нийтийн радио телевизийн уран бүтээлч, сэтгүүлчдэд өөрсдөд нь байна. Мэдээж цалин хөлсөө шийдүүлж авах хэрэгтэй, тэгээд өнгөрсөн хоёр сарын турш уриа лоозонгоо болгож тэмцсэн шударга, хараат бус нэвтрүүлгүүдээ хийж эхлэх цаг болжээ. "Цагийн хүрд" хэмээх ганц брэндээ ил далд ухуулга сурталчилгаанаас салгаж аврах. Олон нийтийн телевизийн сурвалжлагч заавал УИХ-ын гишүүн, сайд нарыг дагахгүйгээр бие дааж хөдөө орон нутгийг айхгүйгээр зорьж үзэх. Долоо хоногийн тоймоо “Ийгл” телевизийн 25 жилийн ойд зориулсан мэдээллийн хөтөлбөрийн саяхны тусгай дугаар шиг түвшинд хүргэх, тэгээд давж гарах.

Бага тойруу, Төрийн ордон, яам тамгын газар, төрийн өндөр албан тушаалтнууд болон мөнгөө төлөөд өөрсдийгөө гаргуулж чаддаг том том банк, компаниудаас гадна тэгэж чаддаггүй ч үгээ хэлж дуу хоолойгоо гаргах эрхтэй гурван сая иргэн, хэдэн арав, зуун мянган байгууллага байдагсан.

Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлагийн бэлтгэж ирүүлсэн сурталчилгааг зогсоож тэднээр заалгахгүйгээр өөрсдөө нэвтэрч сурвалжилдаг болох. Нэрээ нуугаад сумаа тавьсан, сайндаа л "2020 он" гэх мэт  хаягтай, монголын бүх дэлгэцийг нэг үдэш гэнэтхэн дүүргэдэг захиалгат нэвтрүүлгийг цацахаа болих.

Хүсэл байгаад чадал хүрвэл том, тодорхой юм барьж авах. Дөнгөж сая илчлэгдсэн Ерөнхийлөгчийн офшор дансыг сөхөж харах, УИХ-аас баталсан 2021 оны төсвийн үрэлгэн зарцуулалт, тансаглалуудыг эздийнх нь нүүрийг улалзтал дэлгэх, Монгол Улсын өр хэд болсныг өглөө бүр цаг агаарын мэдээ шиг тоолж Тан улс шиг сануулж байх, сэмээрхэн мартагнуулж чадлаа гэж тэдний бодож байгаа ЖДҮ-гийн хэргүүдийг гүйцээх, Монголд нэг ч айл цахилгаан, усны үнийг тэглэх байтугай хямдруулаач гэж гуйгаагүй байхад Эрдэнэтийн бүтэн жилийн ашиг буюу бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгийг зольчихсон Ерөнхий сайдын ээлжит цочролыг задлан шинжлэх, шоронд бөөнөөр шахам хоригдож буй өмнөх гурван Ерөнхий сайд, бас бус экс сайдууд дээр очиж юм хэлүүлэх ...

Ингэж ажиллаад эхлэхэд захирлууд муухай харах гээд байвал редакцийн бие даасан байдлыг эхлээд эелдгээр сануулах, дараагийн удаад олон нийтэд хандаж чангахан дуугарах. Жинхэнээсээ эрэн сурвалжлага хийдэг болох, шаардлага гарвал "муусайн" арилжааныхан байтугай монголын бусад бүх сэтгүүлч мөрөөдөөд ч авч чадаагүй эх сурвалжаа нууцлах онц эрхээ эдэлсэн шиг эдлэх. За тэгээд цар тахал, хөл хорионы зуун асуудал, мянган сэдэв олон нийтийн телевизийг хүлээсэн мэт гарч ирэхгүй байх шиг.

Өмнөх хийж бүтээснээ үгүйсгэж мэдээж болохгүй. Түүх соёл, уран сайхны чиглэлийн уламжлал болсон хэдэн нэвтрүүлэг, тухайлбал, "Гэгээн үдэш"-ээ үргэлжлүүлэх. Заримыг сэргээх хэрэгтэй байж магадгүй. Мартсанаас, "Гэрэлтэй цонх" гэж нэвтрүүлэг хаачсан билээ?

Д.Цэрэнжав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 40 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 49 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 50 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 53 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 2 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 7 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 56 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 1 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 5 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 8 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 30 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 1 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 7 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 8 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 13 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top