УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, гол асуудлаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Засгийн газар жилийн төсвөө дахин тодотгох нөхцөлд хүрсэн нь эдийн засгийн бодит нөхцөлөөс үүдсэн зайлшгүй шаардлага уу, эсвэл төсвийг анх боловсруулахдаа тооцоо, төлөвлөлтийн алдаа гаргасны үр дагавар уу?
-Төсөвт тодотгол хийх шаардлага эдийн засгийн бодит нөхцөлөөс үүссэн. Ер нь нэлээд эрт үүсчихээд байсан нь мэдрэгдээд байсан. Энэ оны долдугаар сарын байдлаар төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарч, нэгдсэн төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүн дээр түлш, шатахуун, түүнийг дагасан инфляци, үнийн өсөлт зэрэг эдийн засгийн сөрөг нөхцөл нэмэгдсэн. Тиймээс төсвөө огт хөдөлгөхгүй суух боломжгүй болсон нь үнэн. гэхдээ төсвийн тодотголыг бүхэлд нь гадаад нөхцөлөөр зөвтгөж болохгүй. Түүхий эдийн үнэ, экспортын орлогоос өндөр хамааралтай манай эдийн засагт орлогын эрсдэлийг анхнаасаа хэд хэдэн хувилбараар тооцох ёстой. Төсвийн жил дуусаагүй байхад орлого их хэмжээгээр тасарч байгаа бол анхны төсвийн тооцоо хэр бодитой байсан бэ гэдгийг заавал асуух хэрэгтэй.
Миний харж байгаагаар гол асуудал бол нөгөө хэмжээгээ алдаж тэлсэн төсөв. Төсөв хэзээд ч улстөржсөн байна. гэтэл эдийн засагт энэ улстөржсөн тогтворгүй хэмжигдэхүүн хэт өндөр байхаар эдийн засаг тогтворгүй савлана. Эдийн засаг савлах бүрд улстөрчдийг шахна. Улс төрчид юу хийж чадах вэ. Төсвөө оролдоно. Энэ чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ гэдэг чинь урт хугацааны шийдэл. Үүнийг миний хувьд тогтмол сөхөж, ковидын хөл хорионы үеэс л уйгагүй ярьсаар ирсэн. одоо харин төсөв, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн асуудал бол нийтлэг яригддаг болоод байгаад баяртай байдаг. Тэр үед ийм зүйл сөхөж, ярьж холбогдох тогтоолын төсөл өргөн барьж байхад энэ сөрөг шүүмжлэл, дайралт дагуулдаг сэдэв байлаа. Тиймээс ч хүмүүс тэр бүр дэмждэггүй байсан.
Ямар сайндаа тухайн тогтоолыг маань батлуулаагүй унтуулахав. Гэхдээ түүнээс гарсан сайн юм нь юу гэвэл тэр тогтоолын төслийн агуулга өнөөдрийн олон шинэ хуулиуд, шинэ хандлагын суурь болсон. Бас энэ суурь асуудлыг ярихаас хүмүүс айдаггүй болсон. Тэр байтугай энэхүү асуудал яригдахаа больсон, ярихад элдвээр хэлүүлдэг байсан сэдэв гэдгийг одоогийн залуус маань мэдэхгүй болсон. Үүнд жинхнээсээ олзуурхаж байна.
-Тодотголын зөв тал нь юу байна вэ?
-Тодотголын зөв тал нь төрийн байгууллагын томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, автомашин, хурал форум зэрэг тэвчиж болох зардлыг танаж, хэмнэсэн хөрөнгөө боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр болон стратегийн нөөцөд шилжүүлэхээр зорьж байгаа явдал. Харин анхаарах ёстой гол асуудал нь 1.4 их наяд төгрөг хэмнэнэ гэж байгаа боловч төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг зэрэг нэмэгдүүлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, зардлын зарим хэсгийг танаж байгаа ч төсөв бүхэлдээ агшаагүй. Тиймээс яг ямар зардлыг танасан, хэмнэсэн хөрөнгийг хаашаа шилжүүлсэн, нийт зарлага яагаад нэмэгдэж байгааг Засгийн газар маш тодорхой, ил тод тайлбарлах ёстой.
-Төсвийн орлого буурсантай холбоотойгоор зардлаа танах уу, эсвэл эдийн засгаа дэмжихийн тулд тодорхой салбарын зарлагыг нэмэгдүүлэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын хамгийн том асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш. Анхны төсөвт гарсан алдаа, орлогын тасалдал болон урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлыг засах зориулалттай байх ёстой. Засгийн газар урсгал зардал буюу сайд нарын багцаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэхээр танилцуулсан. Үүний зэрэгцээ боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд 674.5 тэрбум, эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, соёл, спорт, төрийн үйлчилгээ болон шинжлэх ухааны салбарын цалинд 80.1 тэрбум, ахмадуудад суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Үндсэн хуулийг гишүүдийн тоог нэмэгдүүлж өөрчлөх асуудал яригдаж байхад л үүнийг чинь дагаад төсөв урт хугацаандаа нэмэгдэнэ шүү гэж сануулаад байсан. Урт хугацаанд хүлээх ч шаардлага гараагүй, жилийн дотор л төсөв замбараагүй тэлсэн учраас бүр хориг тавигдах нөхцөл байдал хүртэл үүсч байв. Асуудал нь суурь сэтгэлгээндээ байгаа юм.
-Суурь сэтгэлгээ гэдэг нь ямар учиртай вэ?
-Нийгэмд асуудал үүсэхээр л төрийн шийдвэр гаргагч нарын тоог нэмэгдүүлж шийддэг гэсэн бодол зонхилох болж. Гишүүдийн тоо нэмэгдэхээр Засгийн газрын гишүүдийн тоог бууруулах боломжгүй болчихдог. Засгийг унагаах гэсэн саналын эсрэг унагаахгүй гэсэн саналыг баталгаатай өгөх хүмүүсийн тоог ядаж бууруулахгүй байх л шаардлага үүснэ. Яам болгон бүхэл бүтэн салбарыг төлөөлнө биз дээ. Салбар болгон өөрийн төсвийг санал болгож, түүнийгээ хамгаалах зөнтэй байна шүү дээ. Тэгэхээр гишүүдийн тооны асуудал зүгээр нэг парламентын тоон тэлэлтийн асуудал биш, ар араасаа механик тоон тэлэлтийн олон асуудлыг дагуулж байгаа юм. Ингэж давхар давхар тэлэлтийг өөрийн зөнгөөрөө дагуулж буй өөрчлөлт чинь урсгал зардлыг огцом тэлэх суурь шалтгаан болж байгаа юм.
Иймд, урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах асуудал нэн чухлаар тавигдаад, төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагыг бүрдүүлээд байгаа нь ойлгомжтой. Тиймээс эхлээд төрийн захиргааны тэвчиж болох зардал, үр дүн нь тодорхойгүй зөвлөх үйлчилгээ, сурталчилгаа, хурал форум, автомашин, тавилга, шагнал урамшууллыг бодитоор танах ёстой. Ер нь ажлын бодит шаардлагаар үүсээгүй, улс төрийн шахаагаар бий болсон орон тоо, тэдгээрийг ажилтай байлгахад зориулагдсан төсөв мөнгийг бол хасах зайлшгүй шаардлагатай. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр цаашдаа ийм орон тоотой тэмцэх асуудал улам л хурц болох бөгөөд мөнхийн тэмцэл болж хувирна даа гэж бодож байна.
-Засгийн газрын оруулж ирсэн төсөв хуульд нийцэж байгаа эсэх дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-2027 оны нэгдсэн төсвийн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд, алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь байхаар тооцжээ. Эдийн засгийн бодит өсөлтийг 5.8 хувь, инфляцийг найман хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 57.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьд хүрэхээр төлөвлөсөн байна. Эдгээр үзүүлэлтийг дангаар нь харахад хуульд тогтоосон хязгаарт байгаа мэт боловч гол асуудал нь орлогын тооцоо юм. 2026 онд төсвийн орлого тасарч, тодотгол хийж байгаа атлаа 2027 оны орлогыг огцом нэмэгдүүлэн тооцсон бол энэ өсөлт ямар шинэ эх үүсвэр, ямар баталгаатай тооцоонд тулгуурласныг нарийвчлан шалгах шаардлагатай. Ер нь бид найдлага биш бүр горьдлого төрүүлсэн хийсвэр уран сайхны төсөөлөлд хөтлөгдсөн төсөл хөтөлбөр яриад л түүндээ суурилсан тооцоолол хийгээд л төсвөө боловсруулаад байвал өр, алдагдал буухгүй. Харин улам өссөөр л байна. Энэ макро эдийн засгийн ирээдүйн огцом уналтын суурийг тавиад өгөх эрсдэлтэй. Тиймээс бид ПиАр-д суурилсан мөрөөдлийн төсөвтэй биш, бодит амьдралд суурилсан арай консерватив хандлагатай тооцоотойгоор боловсруулсан бодлоготой урагшлахгүй бол хол явахааргүй л харагдаад байгаа.
-Засгийн газар төсвийн алдагдал, өрийн дарамтыг бууруулах нэрээр иргэдийн нуруун дээр шинэ ачаа үүрүүлэх эрсдэл бий юу. Та УИХ-ын гишүүний хувьд иргэдэд хамгийн түрүүнд ямар баталгаа өгөх ёстой гэж үзэж байна вэ?
-Энэ удаагийн тодотголын хүрээнд иргэдэд шинэ татвар ногдуулах бус, төсөв доторх зардлыг дахин эрэмбэлэх тухай ярьж байна. Гэхдээ иргэдийн ачаалал зөвхөн татвараар хэмжигдэхгүй. Төсвийн алдагдал нэмэгдэж, түүнийг зээлээр санхүүжүүлбэл инфляци, төгрөгийн ханш, зээлийн хүүгээр дамжин эцсийн төлбөрийг иргэд төлдөг. Иргэдэд өгөх хамгийн эхний баталгаа бол төр өөрийн үрэлгэн хэрэглээгээ эхэлж танаж, төсвийн алдагдал болон буруу төлөвлөлтийн төлөөсийг шинэ татвар, үнийн өсөлтөөр иргэдэд үүрүүлэхгүй байх явдал юм. Бас ил тод байдал, шилэн дансны хууль журмын хэрэгжилт чанд байх ёстой. Ил тод байдал бол төр мөнгөндөө харам, хариуцлагатай байхын баталгаа.
Тэгэхээр энд яригдах гол зүйл нь төрийн өгөх баталгаанд иргэд итгэх тухай асуудал биш, харин ил тод баримт материалд суурилаад иргэд, иргэний нийгэм төрийн зардалд объектив хяналт тавих баталгаатай боломжийн тухай асуудал юм. Ийм хяналттай байвал зардал зүй ёсных байна. Тэгээд ийм хяналттай байвал иргэд өөрсдөө дүгнэлтээ хийж, өөрөө өөрийнхөө дүгнэлтэд итгэх асуудал яригдах юм. Энэ тохиолдолд л хариуцлагатай зарлагын асуудал баталгаатай байна гэж хэлж болно. Хяналтгүй баталгаа бол хоосон амлалт гэсэн үг.
-Монгол Улс жил бүр төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө баталдаг боловч хэдхэн сарын дараа төсөвтөө тодотгол хийж, заримдаа дараа жилийн төсвийн үзүүлэлтээ дахин өөрчилдөг байдал давтагдаж байна. Тэгэхээр асуудал зөвхөн энэ удаагийн Засгийн газарт байна уу, эсвэл Монголын төсөв боловсруулах тогтолцоонд суурь гажиг байна уу?
-Асуудал зөвхөн энэ удаагийн Засгийн газарт бус, төсөв боловсруулах тогтолцоонд өөрт нь бий. Манайд эхлээд төсвийн хүрээг баталчихаад, дараа нь зарлагаа төлөвлөхдөө өмнөх хүрээндээ багтахаа больж, улмаар төсөвтөө тааруулан хүрээгээ дахин өөрчилдөг буруу дадал байдаг. Ер нь л төсвөө батлуулж аваад дараа нь болохгүй бол өөрчлөөд явчихна гэсэн хандлага байгаа нь намын сахилга бат гэсэн зүйлээр хэтэрхий гишүүдийг барьж, нэгдсэн үйл хөдлөл рүү хөтөлж, болоод байгаагийн дутагдал гарч байгаа юм. Мэдээж намын сахилга бат чухал, гэхдээ төсөв зэрэг асуудал дээр олон ургальч үзэл бодлыг бас дэмжиж байх нь улс үндэсний хөгжилд хэрэгцээтэй.
Мөн төсвийн тодотголыг хэлэлцэх дэгийн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт хийж, төсвийн тодотголын хуулийн төслийг ердийн хууль санаачлах журмаар явуулдаг байхгүй бол улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой энэ асуудал агууллага, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл талаасаа ханасан гүйцэд хэлэлцүүлэгт орохгүй явчихаад байгааг онцолмоор байна. Төсвийн тодотголыг яг төсвийн хуультайгаа адилтгаж авч үзээд байгаа нь яах аргагүй асуудал дагуулна гэдгийг эртнээс хэлж, хууль санаачлахыг ярьж байсан. Тухайн үед зурвасхан ярьсхийгээд л өнгөрсөн. Энэ удаагийн төсвийн тодотголоор энэхүү асуудлаарх өнөөгийн дэгийн тогтолцооны дутагдал маш тодорхой гарч байна. Төсөв нь байсаар байхад гэнэт огт хүлээн авах боломжгүй популист тодотголын төслийг сонгууль угтуулаад оруулаад ирвэл гишүүд хэлэлцэх эсэхийг шийдэх шатан дээрээ асуудлыг зогсоох бололцоотой байх ёстой.
Төсвийн тодотгол бол парламент дахь улс төрийн хамгийн том асуудлуудын нэг байдаг. Гэтэл үүнийг ердийн төсөвтэйгөө яг адилтгаад хэлэлцэх эсэх үе шатгүй хэлэлцээд явчихдаг нь яах аргагүй асуудал дагуулаад байгаа юм. АН-ын зүгээс Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой гаргаад буй асуудлыг та дээр хөндсөн. Энэ асуудал ч үүнтэй бас холбоотой гэж бодогдож байгаа. Тодотголыг хэлэлцэхгүй болсноор улс бид төсөвгүй болохгүй, учир нь батлагдсан төсөв нь цаана нь мөрдөгдөөд явж л байгаа. Зөвхөн тодотгол оруулах шалгуурыг л нэмэх тухай асуудал яригдаж буй хэрэг юм. Тиймээс хуулийн холбогдох нэмэлт өөрчлөлтийг санаачилна гэж гишүүддээ уриалсан. Нэлээд хэдэн гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
Өдрийн сонин



