/TASS/ Конгрессын завсрын сонгуулийн өмнөх Бүгд найрамдах намын анхны их хурал болж буй “American Airlines Center” ордноос 4 орчим км-ийн зайд орших, Техас муж улсын Даллас хотын захиргааны байрны өмнө “Бид ард түмэн: Ардчиллын төлөөх цуглаан” болж байна.
Хэдэн зуун хүн оролцож буй уг жагсаалыг Техас муж улсын хүний эрх, олон нийтийн болон үйлдвэрчний эвлэлийн 10 гаруй байгууллага зохион байгуулж байгаа аж. Хотын захиргааны байрны өмнөх талбайд жагсагчид сонгуулийн эрх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд болон цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалахыг уриалсан лоозон барьж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний цагаачлалын эсрэг бодлогыг шүүмжилж байна.
Жагсаалыг зохион байгуулагчид хууль сахиулах байгууллагынхантай мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд их хурал болж буй ордны дэргэд бус хотын захиргааны байрны өмнөх талбайг зориуд сонгосон гэжээ. "Бид энэ талбайг сонгосон шалтгаан нь энэ барилга бол ард түмний өмч юм. Даллас хот болон муж улсын оршин суугчид бүгд энэ бол ард түмний төлөөх жагсаал гэдгийг харах ёстой" гэж зохион байгуулагчид хэлжээ.
"Жагсаал ямар нэгэн зөрчил мөргөлдөөнгүй үргэлжилж байна. Тайзнаас 100 орчим метрийн зайд Д.Трампыг дэмжигч хоёр хүн чанга яригчаар Ардчилсан намынхны эсрэг уриа лоозон хашхирч байгаа хэдий ч тайзнаас үг хэлж буй хүмүүсийн дуу хоолой, цугласан олны алга ташилтад дарагдан сонсогдохгүй байна. Пүрэв гаргийн өглөө эдгээр хоёр хүн их хурал болж буй ордны ойролцоо болсон идэвхтнүүдийн эсэргүүцлийн цуглааныг тасалдуулахыг оролджээ. Жагсаал болж буй газрын ойролцоо цагдаагийн хэд хэдэн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна" гэж ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.



