/Kazinform/ Цагаан ордны зүүн жигүүрийг нурааж, 8360 хавтгай дөрвөлжин метр талбайд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг хориглох тухай шийдвэрийг АНУ-ын давж заалдах шатны шүүх гаргажээ.
Ийм өргөн цар хүрээтэй барилгын ажлын төслийг Конгресс дэмжсэн байх ёстой гэж шүүх үзсэн байна.
Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 3 шүүгчийн 2 нь дэмжсэн байна. Гэхдээ газрын түвшнээс дээших орон зайд явагдаж буй барилгын ажлыг хориглосон ба газар дорх бөмбөгнөөс хоргодох байр, бусад байгууламж барихыг зөвшөөрсөн ажээ.
Д.Трампын засаг захиргаа Цагаан ордны зүүн жигүүрийг нурааж, Конгрессын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн нь маргаан үүсэхэд хүргэж, АНУ-ын Түүхэн өвийг хамгаалах үндэсний сангаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ингээд газрын түвшнээс дээших орон зайд барилга барихыг хориглож, газар дор барихыг зөвшөөрсөн шийдвэрийг Холбооны шүүх гаргасан юм.
Бүжгийн танхимын хэмжээ нь 8360 хав.дөр.м бөгөөд төслийн өртөг 400 сая долларт хүрсэн нь анхны үнэлгээнээс 2 дахин давжээ.
Одоо Д.Трампын хувьд уг шийдвэрийг АНУ-ын Дээд шүүхэд давж заалдахад хоёр долоо хоногийн хугацаа бий. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж Цагаан ордон үзжээ. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхэн уг төслийг санхүүжүүлэх тул шүүх хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж Хуульзүйн яам мэдэгдсэн байна.
Одоо нэгэнт нураасан зүүн жигүүр нь Ерөнхийлөгч ба Цагаан ордны ажилтнуудыг сайтар хамгаалж чадахгүй байсан учраас түүнийг шинэчлэх нь зүйтэй гэж эрх баригчид үзжээ.
Өмнө нь, бүжгийн танхимыг шинэчлэхэд 1 тэрбум доллар зарцуулах гэсэн Трампын төлөвлөгөөг АНУ-ын Сенат дэмжээгүй юм.



