БНХАУ-ын Төрийн зөвлөл 15 дугаар таван жилийн (2026–2030 он) төлөвлөгөөний хугацаанд хэрэгжүүлэх “Үзэсгэлэнт Хятад улс”-ыг цогцлоон байгуулах төлөвлөгөөг нийтэлжээ. Уг баримт бичигт энэхүү санаачилгыг бүх талаар ахиулах ерөнхий шаардлага, зорилтууд, тэргүүлэх чиглэлүүд болон хэрэгжүүлэх гол төслүүдийг тусгасан байна.
Төлөвлөгөөнд тусгасны дагуу Хятад улс 2030 он гэхэд экологийн нөхцөл байдлыг иж бүрэн сайжруулж, хүрээлэн буй орчны чанарыг дээшлүүлэн, “Үзэсгэлэнт Хятад улс”-ыг байгуулах үйлсэд томоохон ахиц гаргахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд байгальд ээлтэй үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг өргөнөөр нэвтрүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг оргил үед нь хүргэх болон саармагжуулах зорилтуудыг товлосон хугацаанд нь биелүүлэхээр тусгажээ.
Уг баримт бичигт цэнхэр тэнгэр, цэвэр ус, эрүүл хөрсийг хамгаалах хүчин чармайлтыг эрчимжүүлэх, экосистемийг сэргээн сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх, байгальд ээлтэй үйлдвэрлэл болон амьдралын хэв маягийг хурдацтай нэвтрүүлэх зэрэг долоон тэргүүлэх чиглэлийн зорилтыг тодорхойлсон байна.
Мөн агаарын бохирдлоос сэргийлэх, хянах, ус болон далайн экологийн орчныг хамгаалах, сэргээх, хөрсний бохирдлын эх үүсвэрийг хянах, бохирдсон бүс нутгийг цэвэрлэх, үйлдвэрлэлийн хатуу хаягдлыг дахин боловсруулах, түүнчлэн шинэ төрлийн бохирдуулагч бодисуудын хяналт менежментийг уялдуулан хэрэгжүүлэх зэрэг чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Xinhua



