Литийн зах зээл гурван жил үргэлжилсэн уналтын дараа дахин сэргэлээ. 2024, 2025 оны ихэнх хугацаанд батарейн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох уг металлын үнэ хамгийн доод түвшинд хүрээд байсан юм.
Чикагогийн барааны бирж (CME) дээрх литийн гидроксидын гэрээний үнэ оны эхнээс хойш 86 хувиар өсөж, 2023 оны сүүлчээс хойш анх удаа нэг тонн нь 20 000 гаруй ам.доллароор арилжаалагдаж байна.
Гэсэн хэдий ч энэ удаагийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй байх төлөвтэй байна.
Литийн эрэлт их хэвээр байгаа хэдий ч энэ оны эхний улиралд дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалт шинжээчдийн таамаглалд хүрээгүй нь 2026 оны зах зээлийн төлөвийн талаарх өөдрөг хүлээлтийг тодорхой хэмжээнд бууруулжээ. Нөгөөтэйгүүр, үнэ өссөнөөр уналтын жилүүдэд зогссон төслүүд дахин сэргэж, нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ цаашдын нөхцөл байдал Хятадын уурхайгаас ихээхэн хэмжээгээр шалтгаалах төлөвтэй байна.
Литийн халуурал
Литийн үнэ дахин өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь өнгөрсөн оны наймдугаар сард болсон үйл явдал байв. Тухайн үед Хятадын батерей үйлдвэрлэгч аварга компани болох "Contemporary Amperex Technology" (CATL) (300750.SZ) олборлолтын лицензийн хугацаа нь дууссан тул Жянши муж дахь Жяньсяьво литийн уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоосноо мэдэгджээ. Энэ мэдээ нь Гуанжөүгийн фьючерсийн бирж дээр ашиг орлого олох зорилготой арилжааны давлагааг үүсгэсэн байна. Арваннэгдүгээр сард литийн халуурал оргил үедээ хүрэхэд Гуанжөүгийн бирж дээр тус бүр нь нэг тонн литийн карбонатын 27 сая фьючерс гэрээ, 12.5 сая опцион гэрээ арилжаалагджээ.
Дэлхийн литийн зах зээл хурдацтай өсөж байгаа хэдий ч хэмжээний хувьд 2 сая тоннд хүрэхгүй хэвээр байна.
Зах зээлийн энэхүү хөөрлийг намжаахын тулд тус бирж арилжааны шимтгэл болон барьцаа хөрөнгийн шаардлагыг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, мөн арилжааны хэмжээнд хязгаарлалт тогтоосны эцэст нөхцөл байдлыг тогтворжуулж чаджээ.
Гэвч анхаарал татаж буй нэг зүйл бол энэ он гарснаас хойш арилжааны хэмжээ огцом буурсан хэдий ч үнэ өндөр хэвээр байгаа явдал юм. Энэ нь Хятадын литийн нийлүүлэлтийн динамикт Жяньшяво уурхай чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг харуулж байна.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "Benchmark Mineral Intelligence" (BMI) компанийн мэдээлснээр, Жяньшяво уурхай нь жилд 150 000 тонн литийн карбонат олборлох хүчин чадалтай бөгөөд дэлхий дээрх хамгийн том литийн уурхайнуудын нэгд тооцогддог. CATL компани тусгай зөвшөөрлийг нь гурван сарын дотор сунгана гэж тооцоолж байсан боловч одоог хүртэл хүлээсээр байна.



