Орос, Иран улсуудтай хамтран ажиллаж байгаа хөгжиж буй орнуудад үзүүлдэг санхүүгийн тусламжаа Европын Холбоо танаж магадгүй гэж тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн Дээд төлөөлөгч Кая Каллас өчигдөр анхааруулжээ.
Түүний хэлснээр, өөрсдийн эрх ашгийг харгалзан үзсэний үндсэн дээр хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийг хуваарилах талаар ЕХ шинэ бодлого боловсруулах нь зүйтэй. Хэрвээ түнш маань Орос эсвэл Ираныг дэмжиж байвал манай хамтын ажиллагааг эргэн хардаг уян хатан бодлого явуулах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь дэмжлэг үзүүлэхээс бүрмөсөн татгалзана гэсэн үг биш гэдгийг онцолжээ.
ЕХ-ны хөрөнгө оруулалтын стратегийг /Global Gateway/ боловсруулж буй энэ үед Дээд төлөөлөгч энэхүү мэдэгдлийг хийлээ. 300 тэрбум орчим еврогийн төсөвтэй уг хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй дэд бүтэц, эрчим хүч, тоон технологийн төслүүдийг санхүүжүүлэх юм.
Саяхан Хөгжлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Йозеф Сикела мэдэгдэхдээ, өнөө цагийн улс төрийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт гэдэг бол “нөлөөлөх хэрэгсэл” бөгөөд ЕХ-ны гадаад бодлого “сэтгэл хөдлөлд автах” ёсгүй гэлээ.
Global Gateway хөтөлбөрийн хүрээнд Африк, Ази, Латин Америкийн улс орнуудад хөрөнгө оруулдаг байна. Төслүүдийг Европын Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан санхүүжүүлдэг бөгөөд Египет, Кени, ӨАБНУ, Вьетнам, Бангладеш, Чили, Перу зэрэг улсуудад зээл олгодог ажээ.



