Болгар улс Их Британи, Франц улсын санаачилсан Ормузын хоолойд олон улсын далайн тээврийн аюулгүй байдал ба хөлөг онгоцуудын чөлөөтэй зорчих эрхийг хангах хамтарсан ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдээлэв.
Уг санаачилга нь олон улсын эрх зүй болон Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцын заалтуудад бүрэн нийцэж байгааг тус яам онцолсон байна.
Ормузын хоолойд хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчих эрхийг хангах асуудлаар дөрөвдүгээр сард болсон төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын дараа зохион байгуулсан Батлан хамгаалахын сайд нарын цахим хурлын үеэр олон улсын батлан хамгаалах хамтарсан ажиллагааг эхлүүлэх талаар улс төрийн тохиролцоонд хүрчээ.
Болгар улс энэхүү олон улсын хамтарсан ажиллагааг улс төрийн түвшинд дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг ажиллагаа нь иргэний болон худалдааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах, тэр дундаа тэнгисийн хамгаалалтыг чангатгах, мина устгах ажиллагаа явуулах зорилготой юм.
Мөн тус улс бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаах, тогтвортой байдлыг дэмжих замаар дэлхийн эдийн засаг болон эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.



