Өөрчлөн байгуулалтын үеийн Зөвлөлтийн телевизийн өнгө төрхийг тодорхойлж байсан “Шөнө дундаас өмнө ба хойш” /До и после полуночи/ нэвтрүүлгийн хөтлөгч Владимир Молчанов 75 насандаа таалал төгссөн тухай түүний анд найз, сэтгүүлч, зохиолч Юрий Рост олон нийтийн сүлжээнд бичжээ.
В.Молчанов удтал хүндээр өвчилсний эцэст нас барсан байна. “Нэр төртэй, гайхамшигтай, Оросын ухаалаг, авьяаслаг сэхээтэн хүн амьдралыг орхин явлаа. Ёсзүйтэй сэтгүүлч, гялалзсан жавхаалаг телевизийн хөтлөгч, шударга зохиолч, миний дотно анд найз таалал төгслөө. Нөхөж баршгүй их хохирол учирлаа” хэмээн Ю.Рост Телеграм сувгийн хуудсандаа бичжээ.
Талийгаач В.Молчанов 1973-1986 онд “Новости” агентлагт редактороор ажилласан бөгөөд 1987 оноос ЗХУ-ын Төв телевизийн “До и после полуночи” нэвтрүүлгийг хөтлөх болжээ. Уг нэвтрүүлэг сард 1-2 удаа эфирээр цацагдаж байв. Тухайн үедээ стандарт бус хэлбэрээр найруулсан нэвтрүүлгийн үеэр В.Молчанов олны танил хүмүүстэй ярилцаж, барууны дуу хөгжим эгшиглэж байсныг олон сая хүн үзжээ.
Уг нэвтрүүлгийн анхны зочин нь жүжигчин Андрей Миронов байв.



