1986 онд дэлхийн түүхэн дэх хамгийн хөнөөлт цөмийн осол гарсан Украины хойд хэсэгт орших Чернобылийн атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос хамгаалах аварга том бүрхүүлийг засварлахад АНУ-аас 100 сая ам.долларын тусламж олгохоор болсныг Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль лхагва гарагт мэдэгджээ.
Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж уг бүрхүүлийг мөргөж гэмтээсний улмаас ийнхүү засвар хийх шаардлагатай болсон байна. Чернобылийн станцын дөрвөн реакторын нэг нь 1986 онд дэлбэрсэн бөгөөд үлдэгдэл цацрагийг агаарт дэгдэхээс сэргийлэхийн тулд хамгаалалтын бүрхүүл хийжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын нисгэгчгүй онгоц тус байгууламжийг мөргөсөн байна.
Д.Шмыгаль "Telegram" сувагт мэдээлснээр, нийт 500 сая орчим еврогийн (584.95 сая ам.доллар) өртөгтэй уг засварын ажлыг санхүүжүүлэх асуудлыг саяхан болсон олон улсын бага хурлын үеэр түнш орнуудтай хэлэлцжээ.



