Малид зэвсэгт мөргөлдөөн хурцдаж буй энэ үед Туарег босогчид тус улсад байрлаж буй Оросын зэвсэгт хүчнийг бүрэн гаргахыг шаарджээ. Энэ талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Босогчдын "Азавдын чөлөөлөх фронт"-ын төлөөлөгч Мохамед Эльмаулуд Рамадан Францад хийсэн айлчлалын үеэр Оросын "Африк корпус"-ын хүчнийг Малиас бүрмөсөн гаргах нь хөдөлгөөний гол зорилго гэж мэдэгдсэн.
Сүүлийн өдрүүдэд Малид зэвсэгт бүлэглэлүүдийн довтолгоо эрчимжиж, нийслэл Бамако болон хойд бүс нутгуудад зэрэг халдлага болсон байна. Эдгээр халдлагыг "Аль-Каида"-тай холбоотой бүлэглэл болон туарег босогчид хамтран үйлдсэн талаар мэдээлжээ.
Мөн тулааны явцад Мали улсын Батлан хамгаалахын сайд амиа алдаж, хойд бүсийн стратегийн ач холбогдолтой Кидал хотод засгийн газрын хүчний хяналт сулраад байгаа аж.
Энэ нөхцөл байдал нь Франц болон НҮБ-ын хүчнийг гаргасны дараа Орост түшиглэн аюулгүй байдлаа хангаж буй Мали улсын бодлогын үр дүнд эргэлзээ үүсгэж, бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.



