Ираны эсрэг явуулж буй ажиллагаанд цөмийн зэвсэг ашиглахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид түүнээс цөмийн зэвсэг хэрэглэх эсэх талаар тодруулахад “Би яагаад цөмийн зэвсэг хэрэглэх ёстой гэж? Бид ердийн зэвсэглэл ашиглан тэднийг аль хэдийн бүрэн сүйрүүлээд байна” гэж хариулаад, үргэлжлүүлэн хэлэхдээ, “Үгүй ээ, би ашиглахгүй. Цөмийн зэвсгийг хэн ч, хэзээ ч ашиглах ёсгүй” гэжээ.
Ирантай байгуулах урт хугацааны энхийн хэлэлцээрийг хэр удаан хүлээхэд бэлэн байгааг нь асуухад Д.Трамп “Намайг бүү яаруул” гэж хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн үеэр Иран зэвсэглэлээ “бага зэрэг” зузаатгасан байж болохыг үгүйсгээгүй ч АНУ-ын зэвсэгт хүчин ганц өдрийн дотор л устгах чадалтай гэж мэдэгджээ.
“Тэдний тэнгисийн цэргийн флот, агаарын цэргийн хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем үгүй болсон. Хэрэв тэд энэ хугацаанд хүчээ зузаатгасан бол бид түүнийг нь ганцхан өдөрт л үгүй хийнэ. Би хамгийн сайн хэлэлцээрийг байгуулахыг хүсэж байна. Би яг одоо ч хэлэлцээр хийж чадна... гэхдээ тэгэхийг хүсэхгүй байна. Би үүнийг урт хугацаанд тогтвортой, бат бөх байлгахыг хүсэж байна” хэмээн Д.Трамп хэлсэн байна.



