x

Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна

Хятад улс Номхон далай, Энэтхэгийн далай болон Хойд мөсөн далайг дамнасан усан доорх зураглал гаргах, хянах өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байна. Тэнгисийн цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь АНУ болон түүний холбоотнуудын эсрэг шумбагч онгоцны дайн явуулахад нэн чухал далайн нөхцөл байдлын талаарх нарийвчилсан мэдээллийг Бээжинд бүрдүүлж өгч байгаа хэрэг юм.

Жишээлбэл, Хятадын Далай судлалын их сургуулийн харьяа "Дун Фан Хун 3" судалгааны хөлөг онгоц 2024-2025 онд Тайвань болон АНУ-ын цэргийн түшиц газар болох Гуам арлын ойролцоох тэнгис, мөн Энэтхэгийн далайн стратегийн бүсүүдээр нааш цааш аялсан болохыг хөлөг онгоцны хөдөлгөөн хянах өгөгдөл харуулж байна.

Тус их сургуулийн мэдээлснээр, уг хөлөг онгоц 2024 оны 10 дугаар сард Японы ойролцоо усан доорх биетүүдийг илрүүлэх чадвартай Хятадын хүчирхэг далайн мэдрэгчүүдийн ажиллагааг шалгасан бөгөөд өнгөрсөн 5 дугаар сард тус бүсэд дахин очжээ. Мөн 2025 оны 3 дугаар сард Шри-Ланка болон Индонезийн хоорондох усан хилээр хөндлөн гулд аялж, далайн худалдааны чухал зангилаа болох Малаккагийн хоолой орчмыг хамарсан байна.

Их сургуулийн зүгээс тус хөлөг онгоцыг шаврын болон уур амьсгалын судалгаа хийж байсан гэж мэдэгдсэн ч эрдэмтдийн хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд гүн тэнгисийн өргөн цар хүрээтэй зураглал хийсэн болохыг дурджээ. Тэнгисийн цэргийн дайны шинжээчид болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүсийн хэлж буйгаар, "Дун Фан Хун 3"-ын цуглуулж буй гүн тэнгисийн өгөгдөл нь Хятад улсад шумбагч онгоцоо илүү үр дүнтэй байрлуулах, дайсныхаа шумбагч онгоцыг мөрдөн илрүүлэхэд шаардлагатай усан доорх нөхцөл байдлын дүр зургийг гаргаж өгч байгаа аж.

Энэхүү хөлөг онгоц нь ганцаараа ажиллаагүй бөгөөд хэдэн арван судалгааны хөлөг онгоц, хэдэн зуун мэдрэгчийг хамарсан далайн зураглал гаргах, хянах илүү өргөн цар хүрээтэй ажиллагааны нэг хэсэг юм. Ройтерс агентлаг энэхүү үйл ажиллагааг мөшгихдөө Хятадын засгийн газар болон их дээд сургуулиудын бүртгэл, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг судалж, 42 судалгааны хөлөг онгоцны таван жилийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийжээ.

Хэдийгээр эдгээр судалгаа нь иргэний зориулалттай (загас агнуурын бүс эсвэл ашигт малтмалын хайгуул) гэгдэж байгаа ч цэргийн зорилгоор давхар ашиглагдаж байна гэж Ройтерс агентлагийн дүгнэлттэй танилцсан тэнгисийн цэргийн есөн шинжээч үзэж байна. Австралийн шумбагч онгоцны хүчний дарга асан Питер Скотт "Эдгээр хөлөг онгоцны судалгааны мэдээлэл нь Хятадын шумбагч онгоцуудын хувьд тулалдааны талбарыг бэлтгэхэд үнэлж баршгүй ач холбогдолтой байж болох юм" гэжээ.

Хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээс харахад Хятадын далайн ёроолын судалгаа нь Филиппиний эргэн тойрон, Гуам болон Хавайн ойролцоо, мөн Номхон далайн хойд хэсэгт байрлах АНУ-ын цэргийн байгууламж орчмын цэргийн ач холбогдолтой усан мандалд төвлөрч байна. Баруун Австралийн Их Сургуулийн батлан хамгаалах, аюулгүй байдлын туслах профессор Женнифер Паркер "Тэдний хийж буй ажлын цар хүрээ нь зөвхөн нөөц баялгаар хязгаарлагдахгүй. Тэд шумбагч онгоцны ажиллагаанд суурилсан хөх усан флотын чадавхтай болохыг зорьж байгаа нь маш тодорхой байна" гэж онцолжээ.

Түүнчлэн, шинжлэх ухааны зорилгоор мэдээлэл цуглуулж байгаа ч иргэний шинжлэх ухааны судалгаа болон цэргийн технологийн хөгжлийг нэгтгэх нь Ши Жиньпин даргын үеийн Хятадын засгийн газрын гол анхаарах асуудал болсон гэдгийг шинжээчид нэмж хэлэв. Бээжин энэхүү хандлагыг "иргэний болон цэргийн нэгдэл" гэж нэрлэдэг.

Энэ сард АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын газрын дарга, контр-адмирал Майк Брукс Конгресст өгсөн мэдүүлэгтээ Хятад улс судалгааны ажлаа эрс өргөжүүлж, шумбагч онгоцны навигаци, өнгөлөн далдлалт, далайн ёроолын мэдрэгч эсвэл зэвсгийг байрлуулах боломжийг олгодог өгөгдлөөр хангаж байгааг анхааруулсан байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн дайны коллежийн дэд профессор Райан Мартинсон "Хятадын далайн шинжлэх ухааны судалгааны асар том цар хүрээг харах нь үнэхээр гайхмаар байна. Энэ нь АНУ-ын давуу талыг сулруулах аюултай бөгөөд маш их санаа зовоосон асуудал юм" гэжээ.

Хятадын судалгааны хөлөг онгоцуудын цуглуулж буй далайн ёроол болон усны нөхцөл байдлын талаарх мэдээлэл нь шумбагч онгоцны ажиллагаа болон шумбагч онгоцны эсрэг дайнд маш чухал юм. Усан доорх газар нутгийн мэдээлэл нь мөргөлдөхөөс сэргийлэх, хөлөг онгоцоо нуухад шаардлагатайгаас гадна дайсны шумбагч онгоцыг илрүүлэхэд чухал үүрэгтэй байдаг.

Хятад улс Филиппиний зүүн хэсэгт хамгийн өргөн хүрээтэй далайн судалгаа хийсэн бөгөөд энэ нь АНУ-ын холбоотнуудын хяналтад байдаг "Нэгдүгээр арлын гинжин хэлхээ"-ний дагуу байрладаг. Мөн АНУ-ын цөмийн шумбагч онгоцууд байрладаг Гуам, Хавай орчмын усан мандал, түүнчлэн Энэтхэгийн далай, Хойд мөсөн далайн чухал бүсүүдийг хамарчээ. Бээжин Хойд мөсөн далайг стратегийн хил хязгаар гэж тодорхойлж, 2030-аад он гэхэд туйлын агуу гүрэн болох амбицаа зарласан юм.

2014 оны орчимд Далай судлалын их сургуулийн эрдэмтэн У Лишин тодорхой бүс нутгууд дахь усны нөхцөл байдал, хөдөлгөөнийг цогцоор нь харах боломжийг олгох мэдрэгчүүдийг байрлуулах замаар "Ил тод далай" хэмээх амбицтай төслийг санал болгожээ. Энэхүү төсөл нь Өмнөд Хятадын тэнгисээс эхэлж, улмаар Номхон далай, Энэтхэгийн далай руу өргөжсөн байна.

Хятад улс Япон, Филиппиний зүүн хэсэг, Гуам орчмын далайд усны температур, давсжилт, усан доорх хөдөлгөөний өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор хэдэн зуун мэдрэгч, хөвүүр байрлуулжээ. Мөн Энэтхэг, Шри-Ланкийг тойрсон мэдрэгчийн сүлжээг бий болгосон байна. Хятадын эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр мэдрэгчүүд нь далайн нөхцөл байдлыг тасралтгүй хянаж, стратегийн чухал усан замууд дахь хөдөлгөөнийг ажиглах боломжийг олгож байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 5 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 14 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 28 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 47 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 7 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 12 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 17 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 43 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 30 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 14 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 21 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 34 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 41 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 47 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top