x

12 дахь долоо хоног: Ойрх Дорнодын дайны улмаас хийн үнэ өслөө

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд анхаарал татсан хэд хэдэн үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Хятад, Америкийн худалдаа-эдийн засгийн хэлэлцээ Парист болсон бол Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д айлчиллаа. Мөн Ойрх Дорнод дахь мөргөлдөөн Европт төдийгүй дэлхий даяар хийн үнэд нөлөөлж эхэлснээс гадна агаарын тээврийн компаниуд тийзний үнээ нэмэв. Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Хятад, АНУ-ын талууд худалдааны маргаанаа шийдвэрлэхээр тохиролцлоо

Францын нийслэл Парис хотноо АНУ, Хятад хоёр улсын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болж, талууд тариф болон хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцээнд БНХАУ-ын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн, АНУ-ын төлөөлөгчдийг Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар ахлан оролцжээ. Зөвлөлдөх уулзалтын дараа хоёр тал санал зөрөлдөөнийг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг дахин мэдэгдлээ. Түүнчлэн хэлэлцээгээ үргэлжлүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хамтын ажиллагааны механизмыг боловсруулахаар тохиролцов.

Европт хийн үнэ огцом өслөө

АНУ, Израил улсууд Иранд агаарын цохилт өгсөөр байгаатай холбоотойгоор Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 115 ам.доллароос давж, байгалийн хийн үнэ огцом өслөө. Нидерландын TTF бирж дээр дайнаас өмнө 30 орчим евро байсан хийн үнэ нэг мегаватт/цаг нь 72 еврод (83 ам.доллар)  хүрч огцом нэмэгджээ.

Шингэрүүлсэн шатдаг хийн дэлхий дээрх хамгийн том үйлдвэр оршдог Катарын аж үйлдвэрийн Рас-Лаффан цогцолборт Иранаас пуужингийн цохилт өгсний дараа үнэ өсжээ. Цохилтын улмаас "ихээхэн хохирол учирсан" гэдгийг үйлдвэрийн оператор компани болох “QatarEnergy” мэдэгдсэн байна. Рас-Лаффанд дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн 20 хувийг үйлдвэрлэдэг бол үүний 80 хувийг Ази руу нийлүүлдэг. Пакистан зэрэг зарим улс бараг 100 хувь Катарын хийнээс хамааралтай байдаг. Ойрын болон дунд хугацаанд Катарын хийн нийлүүлэлтийг орлуулах боломжгүй тул дэлхий даяар хийн хомсдол үүсэж болзошгүй гэдгийг газрын тос, байгалийн хийн салбарын шинжээчид анхаарууллаа.

Д.Трамп Рас-Лаффан дахь хийн цогцолбор руу хийсэн Ираны довтолгоог буруушааж, хэрэв Катарт дахин цохилт өгвөл Ираны “Өмнөд-Парс” хийн ордыг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Энэхүү орд бол газрын тос, байгалийн хийн дэлхий дээрх хамгийн том орд юм. Өнгөрсөн онд тус ордоос өдөрт 730 сая шоо метр хий олборлосон нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал огцорлоо

АНУ-ын терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жо Кент Ираны эсрэг явуулж буй Америкийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн албан тушаалаасаа огцорлоо. MAGA хөдөлгөөний дайныг эсэргүүцэгч жигүүрийн төлөөлөгч болох тэрбээр “Иранаас АНУ-д шууд аюул учруулаагүй” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг "аюулгүй байдлын асуудлаар мэдлэг муутай" гэж шүүмжлээд “Иранаас ямар ч аюул занал учрахгүй гэж энэ хүн үзэж байгаа учир огцорсон нь сайн хэрэг боллоо” хэмээн мэдэгдэв. 

Жо Кент Ираны эсрэг ажиллагааны улмаас огцорсон Д.Трампын засаг захиргааны анхны өндөр албан тушаалтан боллоо. Терроризмтой тэмцэх төвийн захирал огцорсныг “Бүгд Найрамдах нам дотор хагарал гарч байгаагийн шинж тэмдэг” гэж “The New York Times” сонинд дүгнэн бичсэн байна.

Израилын арми “Хезболла”-гийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүллээ

Израилын Батлан хамгаалах арми (IDF) “Хезболла” хөдөлгөөний эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулан Ливаны өмнөд нутгийн иргэдэд хандан нүүхийг уриалжээ. Изриалын цэргүүд Бейрутын төвд, мөн Ливаны өмнөд нутагт агаарын цохилт өгсөн байна.

Израилын арми Ливантай залгаа хилийн дагуу цэргүүдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, Литани голын гүүрнүүдийг эвдэж эхэлсэн нь газраар довтлоход бэлтгэж байж магадгүй гэж үзэж байна. “Хезболла” хөдөлгөөний эсрэг Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ливанд 950 гаруй хүн амиа алдаж 1 сая орчим хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрчээ.

Трамп Кубын талаарх үг яриагаа улам ширүүсгэв

Дональд Трамп "Кубаг ямар нэгэн хэлбэрээр эзлэн авах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно, би тэнд хүссэн бүхнээ хийж чадна” гэж мэдэгдлээ. Арлын тус улсад эрчим хүчний хямрал хүндэрч, сая сая хүн 24 цаг гаруй тог цахилгаангүй болсон юм. АНУ-ын эрх баригчид гурван сарын өмнө Кубад нефть нийлүүлэхийг хориглосноос хойш тус улсад ямар ч түлш орж ирээгүй байна. Энэ үед Коста-Рикагийн Ерөнхийлөгч Родриго Чавес Хавана хот дахь Элчин сайдын яамыг хаах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Д.Трампын холбоотон болох Чавес Кубын засгийн газрыг хууль ёсны гэж үздэггүй гэдгээ илэрхийлж, “Бид коммунистуудыг цэвэрлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Пакистан, Афганистаны зэвсэгт мөргөлдөөн түр зогслоо

Пакистан, Афганистан улсууд Рамадан сарын мацаг барих зан үйл дууссаныг тэмдэглэдэг Ид аль-Фитр баярыг тохиолдуулан мөргөлдөөнөө түр зогсоохоор тохиролцлоо. Дөрвөн өдөр үргэлжлэх уг тохиролцоонд Пакистаны цэргүүд Кабулд агаараас цохилт өгсний дараа хүрчээ.  Уг довтолгооны улмаас 143 орчим хүн амиа алдсан байна. Талибуудын засгийн газраас мэдэгдэхдээ, эмнэлгийг онилон өгсөн цохилтод өртөн амиа алдсан хүний тоо 400-д хүрсэн гэсэн бол Пакистаны тал үүнийг няцааж, террористуудын дэд бүтцэд оновчтой цохилт өгсөн гэж мэдэгджээ. 

Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны эсрэг дайны улмаас БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр гуравдугаар сарын 31-нд Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байсан юм. Трампын хэлснээр, түүний айлчлал “таваас зургаан долоо хоногийн дараа” болно.

Японы Ерөнхий сайд Таикачи Санаэ АНУ-д айлчиллаа

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзлаа. Энэхүү уулзалт Д.Трамп Ормузын хоолойг хамгаалахад Японоос дэмжлэг үзүүлэхээс татгалзаж байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэний дараа боллоо. Уулзалтын үеэр Т.Санаэ Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Япон улс  эсэргүүцэж байгаа гэдгийг мэдэгджээ. Тэрбээр мөн Ойрх Дорнод төдийгүй дэлхий нийтийн "аюулгүй байдал ноцтой аюулд ороод" байгаад санаа зовж буйгаа илэрхийлээд, зөвхөн Ерөнхийлөгч Трамп л дэлхий дахинд энх тайвныг цогцлоож чадна гэдэгт найдаж байгаагаа хэлэв. Хоёр удирдагчийн хэлэлцээ ойролцоогоор нэг цаг хагасын турш үргэлжилсэн бөгөөд Ираны эсрэг дайн болон АНУ-д оруулж буй Японы хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн байна.

Агаарын тээврийн компаниуд тийзний үнээ нэмлээ

Агаарын тээврийн компаниуд түлшний үнэ огцом өссөний улмаас зардлууд нэмэгдэж байгааг анхааруулжээ. АНУ-ын агаарын тээврийн гурван том компани болох “Delta”, “United”, “American Airlines”-ийн удирдлагуудын мэдээлснээр, зөвхөн гуравдугаар сард гэхэд компаниудын зардал 400 сая орчим ам.доллароор нэмэгджээ. Скандинавын агаарын тээврийн хамгийн том компани болох SAS нислэгийнхээ тоог цөөрүүлж байна. Европ болон Сингапурт онгоцны түлшний үнэ дайн эхэлснээс хойш хоёр дахин нэмэгдсэн байна.

Төв банкууд бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр үлдээлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард бодлогын хүүгээ бууруулсан АНУ-ын Төв банк эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөнөөс үүсэх инфляцын эрсдлээс болгоомжлон оны төгсгөл хүртэл бодлогын хүүг хэвээр хадгална гэж трейдерүүд таамаглаж байна. Бусад Төв банкууд мөн Персийн булан дахь дайнаас үүдэн гарах эрсдэлүүдээс болгоомжилж буйгаа харууллаа. Японы банк хүүгээ хэвээр хадгалсан бол Европын Төв Банк мөн геополитикийн хурцадмал байдал даамжирч, еврогийн бүсийн инфляц, эдийн засгийн талаарх урьдчилсан таамагт нөлөөлж байгаатай холбогдуулан бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Гуравдугаар сарын 22-нд цэвэр усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой Дэлхийн усны нөөцийн өдөр, мөн Дэлхийн цаг уурын өдөр тохионо. Энэ өдөр мөн Словенид парламентын сонгууль болно.
  • Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 15 дугаар бага хурал (CMP COP15) гуравдугаар сарын 23-29-ний хооронд Бразилын Кампо Гранде хотод болно.
  • Олон улсын дугуйн холбооны (UCI)  "World Tour" ангиллын олон өдрийн “Volta Ciclista a Catalunya” дугуйн уралдаан гуравдугаар сарын 23-нд Испанид эхэлнэ.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Цар тахлын тухай хэлэлцээрийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын ажлын хэсгийн зургаадугаар хурал гуравдугаар сарын 23-28-ны хооронд болно.
  • Гуравдугаар сарын 24-нд Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чехийн Прага хотод эхэлнэ. 
  • Гуравдугаар сарын 24-нд Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохионо.
  • Гуравдугаар сарын 27-нд Дэлхийн театрын өдөр тохионо. 

Монцэмэ Агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 23 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 23 цаг 14 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 23 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top