ОХУ-ын эрх баригчид "Meta Platforms" компанийн эзэмшдэг "WhatsApp" аппликейшнийг тус улсын интернэт зохицуулах байгууллагын цахим лавлах жагсаалтаас хассан тухай "Financial Times" сонинд лхагва гарагт мэдээлжээ.
Орост саяхныг хүртэл 100 сая гаруй хэрэглэгчтэй байсан уг мессенжерийн үйлчилгээг ийнхүү хязгаарлаж байна. Өнгөрсөн онд Оросын эрх баригчид "WhatsApp" болон ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг өөр платформ болох "Telegram"-ыг залилан мэхлэх гэмт хэрэг болон терроризмтой тэмцэх ажиллагаанд хууль сахиулах байгууллагуудад мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж буруутгаж, зарим дуудлага, үйлчилгээг нь хязгаарлаж эхэлсэн юм.
“ОХУ-ын засгийн газар хэрэглэгчдийг төрийн хяналтан доорх систем рүү шилжүүлэхийн тулд манай аппликэйшнийг бүрэн хаахыг оролдож байна” гэж "WhatsApp"-аас "Financial Times" сонинд өгсөн тайлбарт дурдсан байна.
Одоогийн байдлаар Оросын эрх баригчид төрийн дэмжлэгтэй "MAX" хэмээх шинэ аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Уг аппликэйшнийг хэрэглэгчдийн мэдээллийг хянах зорилготой гэж шүүмлэгчид үзэж байгаа боловч Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр шүүмжлэлийг үндэслэлгүй хэмээн няцаасаар байгаа аж.
Эх сурвалж: Reuters



