Нэгдүгээр сарын 31-нд Украины ихэнх бүс нутагт эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан цахилгаан тасарсан талаар дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
Блэкаут Киев хот болон Киев, Чернигов, Сума, Житомир, Одесса мужийг хамран, нийслэлийн бүх дүүрэгт ус хангамж тасарч, Киев, Харьков хотуудын метроны хөдөлгөөн зогссон байна.
Ерөнхий сайд Денис Шмыгалийн мэдээлснээр, Румын, Молдаваас ирдэг 400 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, мөн Украины баруун ба төв хэсгийг холбодог 750 кВ-ын шугам зэрэг зогссоноор системийн автомат хамгаалалт ажиллаж, атомын цахилгаан станцуудын зарим блок унтарчээ. Үүний улмаас аваарийн хязгаарлалтыг тусгай графикаар хэрэгжүүлэхэд хүрсэн байна.
Киев хотын Мэр Виталий Кличко амин чухал дэд бүтцийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэнийг мэдэгдсэн бөгөөд уг цахилгаан тасалдал нь хөрш Молдав улсад ч нөлөөлж, Кишинёв хотын ихэнх хэсэг тоггүй болжээ.
Эх сурвалж: officelife



