Оросын багуудыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг эргэн харах хэрэгтэй гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино үзэж байна. Тэрбээр энэ тухай өчигдөр Sky News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бид үүнийг хийх ёстой. Учир нь, энэ хориг ямар ч үр дүнд хүрээгүй, зөвхөн урмыг хугалж, үзэн ядалтыг бий болгосон” гэж тэрбээр хэллээ.
Тэрбээр мөн Израилын багуудад хориг тавихын эсрэг байгаагаа илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар, улс төрийн удирдагчдын үйлдлээс шалтгаалан аливаа улсын эсрэг хөлбөмбөгчдөд хориг тавих ёсгүй, үүнийг дүрэмд тусгах ёстой.
Оросын арми 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолсны дараа ФИФА, УЕФА-гийн ивээл дор болдог тэмцээнүүдэд Оросын багуудыг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн юм. The Times сонинд бичсэнээр, Оросын хөлбөмбөгчдөд авсан хоригийг цуцлах асуудлыг ФИФА-гийн зөвлөл ойрын үед хэлэлцэхгүй бололтой.
ФИФА 2023 онд Оросын 17 хүртэлх насны багуудыг хоригоос чөлөөлсөн боловч бодит байдал дээр уг хязгаарлалт хүчинтэй хэвээр байна. Учир нь, тус улсын U17 багууд УЕФА-гийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй байгаа юм. Түүнээс гадна, Англи, Украин, Польш, Шведийн багууд Оросын багуудтай тоглохоос татгалзжээ.
Эх сурвалж: DW



