"Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит бүтээгдэхүүнүүдийн” нэр төрлийг өргөжүүлэхийг зорьж байна. Тодруулбал, хиймэл оюуны технологио жолоочгүй авто машинуудад суурилуулна гэдгээ зарлалаа.
Тус компанийн захирал Женсен Хуан уг технологийг Лас-Вегаст жил тутам болдог CES технологийн бага хурлын үеэр танилцуулсан байна. “Alpamayo” гэдэг нэртэй энэхүү авто машины технологи нь жолоочгүй тээврийн хэрэгслүүдийг reasoning буюу эргэцүүлэн бодож шийдвэр гаргах чадвартай болгох ажээ.
Уг технологи нь авто машинуудыг "онцгой нөхцөл байдалд шийдэл гаргах, төвөгтэй нөхцөлд аюулгүй жолоодох, мөн өөрийн шийдвэрийг тайлбарлах чадвартай” болгоно гэж Хуан хэлээд, энэ технологид суурилсан автомат жолоодлоготой авто машиныг Nvidia компани Mercedes-тэй хамтран зохион бүтээж байгааг мэдээллээ. Уг машин удахгүй АНУ-д худалдаанд гарах бөгөөд дараа нь Европ, Ази тивийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж.
"Nvidia"-гийн чипүүд нь хиймэл оюуны салбарт хувьсгал гарахад нөлөөлсөн хэдий ч одоогоор зөвхөн ChatGPT программ хангамжуудад ашиглаж байна.
Технологийн тэргүүлэгч компаниуд сүүлийн үед хиймэл оюуныг ашиглах боломжтой биет төхөөрөмжүүд, жишээ нь авто машин зэрэгт хиймэл оюуныг ашиглах боломжтой техник хангамжийг эрэлхийлэх болжээ.
Хуан өөрийн таних тэмдэг болсон хар өнгийн арьсан хүрэмтэйгээ хэдэн зуун хүний өмнө илтгэл тавихдаа, эл төсөл нь Nvidia-д “робот системийг хөгжүүлэхэд түншүүдээ хэрхэн дэмжих талаар маш их зүйл сургаж өгсөн” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: UNN



