Өнөөгийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бол Америкийн төдийгүй дэлхийн улс төрд ихээхэн нөлөөтэй. 11 оноос Сенатын гишүүнээр олон жил ажилласан. 2025 оноос Трампын засаг захиргааны тангараг өргөсөн Төрийн нарийн бичгийн дарга болсон. Тэр болтлоо БНН-аас Флорида муж улсаа төлөөлөн АНУ-ын Сенатын гишүүнээр ажилласан.
Тэрээр Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгахын тулд шахалт үзүүлэх талаар Трампын засаг захиргааны гол хүн нь. Тодорхой хэлэх юм бол: Венесуэлийн Засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхийг дэмжихийг санал болгосон. Мадурод анхааруулга өгч байсан. Тэрийг нь хүлээж аваагүйгээс дараагийн алхам “Шөнийн алх” ажиллагааг явуулсан. Одоо Куба, Аргентин, Иранд энэ шиг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Өмнөхөн болсон БНСУ, Японы үйл явдлуудад ч Марко Рубио хамаатай.
Ерөнхийлөхөд: Марко Рубио бол улс төрийн хатуу тоглогч. Тэр хэлсэн л бол хийдэг. Энүүгээрээ алдартай улстөрч, мөнхүү стратегич.
Марко Рубио: 2017 оны хоёрдугаар сарын 27-нд Сенатын гишүүн байхдаа АНУ-ын Конгресст: ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Вашингтон хот дахь “Висконсины өргөн чөлөө” гудамжийг “Борис Немцов плаза” болгон өөрчлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Дараагаар нь: 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд: АНУ-ын цэргийг Сириэс гаргах тухай Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг буруушааж: Энэ нь Туркийн цэргүүд Курдуудыг хоморголон устгахад хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэрийгээ: Сирид Ираны нөлөө нэмэгдэнэ гэх таамагтайгаа уяж, энэ нь Сири Израиль хоёрын дунд зэвсэгт мөргөлдөөнд хүргэнэ гэж урьдчилан харж чадсан.
2022 оны долдугаар сард: Сенатор Скотт, Крамер нартай хамтран ОХУ-аас БНХАУ руу шатахуун тээвэрлэж буй усан онгоц даатгагчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барьж байсан.
Марко Рубио Монголд ч анхаарал тавьдаг. Монголын ардчилалд гэх нь зохилтой. Тэрээр 2021 оны тавдугаар сарын 4-нд Төрийн нарийн бичгийн дарга Блинкенд Монголын талаар захидал бичиж хүргүүлж байв. Тэгэхдээ Сенатын гишүүн байсан. Тэрэндээ: Монголын эрх баригч МАН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж сөрөг хүчин АН-ыг хуваах байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулж сонгогдсон гэж байжээ.
Тэр захидлыг хүргэе. Захидалд: Монгол Улс болон тус улсын ардчиллын ирээдүй хойчид сөргөөр нөлөөлж болзошгүй улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх санаа зовнилоо илэрхийлж танд өнөөдөр ийнхүү хандаж байна. Авторитарт дэглэм бүхий ОХУ, БНХАУ хоёр хөршийн завсарт, Монгол Улс дахь нөлөөллөө тэлэх, өөрт хамааруулах өмнөд хөршийн эртний санаархал өдгөө ч амь бөх оршин байх магадлалтай өнөөгийн амаргүй нөхцөлд Монгол Улс ардчиллын замаар зүтгэж чамгүй амжилтад хүрсэн болохыг та мэднэ.
Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлж хөхиүлэн дэмжих явдал АНУ-ын ашиг сонирхолд нийцэж ирсэн. Сүүлийн үед Монголын УИХ, шүүх засаглал, Ерөнхийлөгчийн зүгээс маргаан дагуулсан үйлдэл гаргаж буйг, тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаравчлан нэмэлт өөрчлөлт оруулж бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших, сонгогдох эрхийг хориглосон, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад тотгор учруулсан үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн, Ерөнхийлөгчийн зүгээс эрх баригч МАН-ыг тараах асуудлаар Дээд шүүхэд давж заалдсан зэрэг хэрэг явдлыг онцлон дурдахаар байна. Эдгээр үйлдэл нь зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх улс төрийн хямралд хөтлөх эрсдэл дагуулж байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, Төрийн Департаментын зүгээс улс төрийн бүх намуудтай яриа хэлэлцээр үүсгэж, тэдний дунд улам гаарч буй зөрчилдөөн, хурцадмал байдлыг намжаах, шүүхээс аль нэг иргэний улс төрийн сонгуульд оролцох эрхэд халдахаас урьдчилан сэргийлэх, улс төрийн аливаа нам сонгосон этгээдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж санал хураалгах эрхээ эдлэх, шүүх засаглалын хараат бус байдлыг хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд хамтран ажиллахыг бид хичээнгүйлэн хүсэмжилж байна. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/ -тай хамтран ажиллаж сонгуульд саналаа өгч дуу хоолойгоо илэрхийлэх монгол иргэдийн чадамжид саад болох алив оролдлогыг баримтжуулах чиг үүрэг бүхий олон улсын ажиглагчдын баг томилж богино хугацааны гэрээ байгуулж санхүүжилт олгох асуудлыг харгалзан үзэхийг хүсье. Хугацаа тулгаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь иргэдийн Засгийн газарт итгэх итгэлийг эвдэж, тогтворгүй байдлыг өдөөх эрсдэлтэй.
Түүнчлэн эдгээр үйл ажиллагаа шат дараалж гинжин хэлхээ байдлаар өрнөж байгаа нь зарим монгол удирдагчид авлига өгөх, үгсэн хуйвалдах замаар Монгол Улсын ардчилал, эрх зүйт төр, шүүх тогтолцооны үр нөлөөг алдагдуулах гэсэн Хятадын Коммунист намын санаархалд улам автагдах эмзэг байдлыг өдөөж буйд бид санаа зовниж байна.
2016 оны 11 дүгээр сард Дээрхийн гэгээн Далай лам тус улсад айлчилсны дараа Хятадын Коммунист намын зүгээс Монгол Улсад эдийн засгийн санкц үзүүлсэн. Гадаад харилцааны сайд, улстөрч Цэндийн Мөнх-Оргил Бээжингийн шаардлагад автаж Далай ламыг Монгол Улсад дахин айлчлахыг хориглох мэдэгдлийг олон нийтийн өмнө хийсэн. Төвөдийн Буддын шашин нь Монгол Улсын зохилох байр суурьтай шашин бөгөөд монголчуудын олонх нь Далай ламыг сүсэглэн дагадаг. Энийг харгалзан үзвэл энэ нь цочром мэдэгдэл байсан.
2017 оны 12 дугаар сард эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан Бээжингийн нэгэн сэтгүүлчид “Бид Хятадын Коммунист нам болон Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэх болно” хэмээн хэлж байсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үүнтэй төстэй мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сард намынхаа 100 жилийн ойн үеэр хийж байсан гэсэн мэдээ бий. Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам болон МАН-ын хооронд хэд хэдэн удаа албан ёсны яриа хэлэлцээ хийж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон өндөр түвшний бусад албаны хүмүүс оролцсон байдаг.
Ардчиллыг хөхиүлэн дэмжих асуудал нь манай улсын гадаад бодлогын цөм бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятадын Коммунист нам болон авторитат дэглэм бүхий бусад хүчнүүдийн зүгээс дэлхий даяар ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд онцгойлон анхаарах асуудал болно.
Бид АНУ болоод Монгол Улсын харилцааг бэхжүүлж Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлэх арга замуудыг эрэлхийлэх асуудлаар та бүхэнтэй цаашид хамтран ажиллана хэмээн найдаж байна. Таныг хүндэтгэсэн: АНУ-н сенатын гишүүн Марко Рубио, АНУ-н сенатын гишүүн Патрик Леахи гэсэн байна.
Энэнээс үзэх нь ээ: Марко Рубиогийн авторлаж, АНУ-аас хэрэгжүүлж байгаа, үргэлжилж болзошгүй үйл ажиллагааны давлагаа Монгол Улсыг ч хамарч магадгүй.
Базах нь ээ: Марко Рубио 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжих өндөр магадлалтай бөгөөд ОХУ, БНХАУ-ын дундах Монгол Улсад нөлөөгөө тогтоохыг хүсэх нь гарцаагүй. Хэрэвзээ тэгэх юм бол тэр нь гурван сонгууль дараалж коммунистуудын гарт байгаа Монголыг чөлөөлөх том өөрчлөлтийн эхлэл болно…
Ө.Билэг, Өдрийн сонин



