x

Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа

ВЭНЭСҮЭЛЧҮҮД ЦЭЦЭГ БАРИН УГТЛАА

1989 онд АНУ-аас цэргийн ажиллагаа зохион Панам улсын захирагч Норьегаг нутагт нь баривчлан Америкт аваачин шүүхээр оруулж 20 жилийн ял өгөн шоронд хийсэн. Энэ бол Ерөнхийлөгч Бушийн үе. Түүнийг хар тамхины картель байгуулан АНУ-д хууль бусаар нэвтрүүлэн худалдсан, өмч дээрэмдсэн зэрэг хэрэгт буруутгасан юм. Шоронгийн хугацаа дуусангуут Норьега Францын шоронд шилжив, учир нь түүнийг эхнэрийн хамтаар франц банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан, мөн тийш нь хар тамхины нууц наймаа үйлдсэнийг шүүх тогтоожээ. Дараа нь эх орон нь болох Панамын шүүх Норьегаг улс төрийн аллага үйлдсэн хэрэгт буруутгаж 20 жилийн ял өгөв. Тэрээр хэд хэдэн улсын шорон дамжсаар 2017 онд 89 насандаа нас барсан.

АНУ-ын гадаад бодлогыг томьёолсон Монро номлол гэсэн зарчим байдаг. Энэ бол АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жэймс Монрогоор анхлан нэрлэгдсэн санаачилга. Шинэ тив нээгдэнгүүт тухайн үед далайд ноёлж байсан испани, англи, голланд, португал, францчууд бүтэн Америк тивийг эзлэн авчээ. Европчууд улс гүрэн байгуулангуутаа өөрийн жижиг тив дээр хоёр мянган жилийн турш хоорондоо байлдсан. Шинэ тив нээгдэнгүүт энэ байдалд залхан, эрх чөлөө олж тайван амьдрахаар шийдсэн хүмүүс тийш зугтан очсоноор анхны Америкийн цагаачид бий болсон. Иймээс одоогоос 250 жилийн өмнө хойд америкчууд өөрийн тусгаар тогтнолыг зарлаж, колончлогч англичуудыг хөөж гаргасан. 

Монро номлолын гол утга нь шинэ тивийг эзэлсэн европчуудыг хөөн гаргаад, Өмнөд болон Хойд Америкт оршин суугаа хүмүүсийг империалист ноёрхол дарлалаас чөлөөлөн өөр өөрсдийн тусгаар тогтнолыг нь олгуулах явдал ажгуу. Газар нутгаа тэлэхээр хоорондоо үргэлж байлддаг европчуудын байнгын уламжлалт сурсан дэглэмүүдийн тэмцэл нь саяхан тусгаар тогтносон АНУ-ын үндэсний эрх ашигт аюул учруулна гэж үзсэнийх.

АНУ-ын дараа 1804 онд Гаити тусгаар тогтнолоо зарлав. Энэ арал эхлээд Испаний колони байснаа францчууд хагасыг нь булааж авсан юм. Дан хар арьстнуудын Америк тив дахь анхны тусгаар улс. Араас нь 1821 онд АНУ-ын хөрш Мексик тусгаар тогтнолоо олж авав. Испаний колони байсан Мексикийг тусгаар болсны дараа францчууд эзэлж авсан. Гэвч АНУ-ын шахалтаар тэд цэргээ татжээ. Гэтэл Техас тусгаар тогтнолоо зарласнаа удалгүй АНУ-д өөрсдийн хүсэлтээр нэгдлээ. Мөн Юкатаны хойгт Юкатаны бүгд найрамдах улс бий болон Мексикээс тусгаарлаж байгаагаа зарласан нь бөөн будилаан болж эцэст нь Калифорни, Шинэ Мексик мөн АНУ-д нэгдсэн. 

Өмнөд Америкийн хойд хэсэгт Симон Боливарын удирдлага дор бослого гаран испаничуудыг хөөж гарган Их Колумби улс байгуулсан ч, удалгүй Вэнэсүэл, Эквадор, Панам зэрэг газрууд салан өөр өөрийн улс болон задарчээ.

XIX зуун төгсөхөд нийт Америк тив тэр чигээрээ тусгаар тогтносон улсуудаас бүрдлээ. Испанийн хамгийн сүүлчийн колони Кубаг Америк-Испанийн дайнаар чөлөөлсөн. Испанийг ялсан дээрээ тэдний колони Филиппинийг бас чөлөөлсөн. Өөрснөө ч Аласкийг Оросоос, Луизанаг Францаас худалдан авав. Боолчлол устгасны дараа уугуул нутагтаа буцах хүсэлтэй нигерүүдэд зориулан Баруун Африкт газар худалдан авч тэдэнд Либэриа хэмээх тусгаар улс байгуулж өгөв. Ийнхүү Монро номлолын анхны зарчим шинэ тивд бүрэн хэрэгжсэн юм. Үүнд АНУ тэдгээр орнуудад их бага хэмжээгээр тусалсан, үгүйдээ маш ихээр нөлөөлсөн.

Эндээс АНУ өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангагдсан гэх үзэлтэй болсон нь дагаад үргэлжийн дайн байлдаан тасардаггүй Европ, Азиас хөндийрч, тэндхийн бужигнаан улс төрийн зөрчилд үл оролцох амиа бодсон үзэл тогтжээ.

Дэлхийн I дайн дэгдэж бүх газар цусандаа хутгалдаж байхад Америк тив холоос харж байв. Гурван жил хөндлөнгөөс ажиглаж байсны эцэст 1917 онд Ерөнхийлөгч Вилсон шийдвэрээр дайнд оролцож богино хугацаанд энэ цуст алаан хядлагыг дуусгаж өгсөн. Хэрэв Япон тэнэгтэж АНУ-д гэнэдүүлэн халдаагүй бол зэвсэглэлийн хэмжээгээр Румыны дараа 16-р байр эзэлж байсан АНУ Дэлхийн II дайнд үл оролцон хөндлөнгийн ажиглагч-туслагчаар үлдэх ч байсан юм бил үү?

Газар нутгаа дайн байлдаан дээрэм тонуулаар тэлэх, бусдыг колоничлох зэрэг нь Монро номлолын зарчимд харш, АНУ-ын гадаад бодлогын тулгуур ойлголт юм. Харин Дэлхийн дайн дуусангуут хүйтэн дайн эхэлсэн тэр мөчөөс АНУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлт гарлаа. Дэлхийн дэг журам тогтооход хамгийн хүчирхэг орон АНУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснээр өөрийн аюулгүй байдлаа хангана гэж үзэх болсон. Коммунист Солонгос Өмнөд рүүгээ цэргийн хүчээр довтлоход НҮБ-ын шийдвэрээр 16 орны арми дайнд оролцоход АНУ-ын зэвсэгт хүчин толгойлсон. Мөн коммунист Вьетнам өмнөд рүүгээ халдахад тэд мөн зэвсэгт хүчнээ тийш оруулсан. Солонгосын ба Вьетнамын дайн маш их шүүмжлэл дагуулдаг, үнэхээр Америкийн төр олон алдаа гаргасан, гэвч тэд энэ дайнд ороогүй бол Зүүн Ази тэр чигээрээ коммунист дэглэмд нэгдэх аюултай байсан.

Америкийн хараанд байдаг Латин Америк тайван байгаагүй. Олон оронд дарангуйллын дэглэм, төрийн эргэлт, цэргийн захиргаа байнга гарч байлаа. Парагвай, Гаити зэрэг орнуудад эцэг хүү үе дамжсан дэглэмүүд ч олон жил тогтсон. Гэвч тэр болгонд АНУ-ын зүгээс үг хэлээр шүүмжилж байсан болохоос хөндлөнгөөс оролцон хүч хэрэглэж байгаагүй. Гэтэл 1962 онд Кубад гарсан төрийн эргэлтийг ЗХУ дэмжсэн төдийгүй энэ арал дээр цөмийн пуужин суурилуулсан. Энэ бол Америкийн үндэсний эрх ашигт шууд аюул учруулсан, үүнээс болж Дэлхийн III дайн эхлэхтэй шахсан. Энэ бол Монро номлолд шууд халдсан хэрэг. Том ч сургамж үлдээсэн. Никарагуад бас л Зөвлөлтийн дэмжлэг авсан дэглэм төрийн эрх авангуут тэдний эсрэг босогчдыг дэмжих Иран-контрас ажиллагааг нууцаар хийж байгаад илчлэгдэн бөөн шуугиан тарьж байлаа. Чилид сонгуулиар ялсан Алендегийн социалист-коммунист намын эвслийг Зөвлөлт төдийгүй, Куба асар их дэмжиж улс орныг сүйрэлд хүргэж байлаа. Пиночетийн цэргийн дэглэмийг АНУ хамгийн ихээр дэмжсэн. Рэйган Ерөнхийлөгч 150 мянган хүн амтай жижигхэн Гренадад цэрэг оруулж байсан нь Куба тэнд зөвлөлтийн мөнгөөр стратегийн нисэх зурвас байгуулж байсантай холбоотой.

ЗХУ тарснаас хойш нэг хэсэгтээ Латин Америкийн социализм гэсэн хөдөлгөөн Өмнөд Америкийн нэлээд оронд өрнөв. Үүнд Бразил, Аргентин зэрэг том орнууд ч хамрагдсан. Гэхдээ хамгийн содон нь 1999 онд Вэнэсүэлд сонгуулиар ялалт байгуулсан Уго Чааваасын дэглэм байлаа. Тэрээр Боливарын хувьсгал, Латин Америк маягийн социализм тунхаглав. Энэ тайван орон гэнэт ийнхүү солиороход Орос, Хятад, Иран, Куба асар их дэмжив.Чааваасыг үхсэний дараа залгамжилсан Мадуро “социалист хувьсгалаа” дээрх орнуудын мөнгө, цэрэг техникийн тусламжаар улам мандуулах нь тэр. Хятадууд Мадурод нийт 60 тэрбум долларын зээл тусламж олгосон нь гадаадад өгсөн нийт зээлийнх нь 40%. Оросууд Вэнэсүэлийг орчин үеийн зэвсгээр хангад анхаарах болсон. Стратегийн бөмбөгдөгч онгоцнууд ч нийлүүлсэн.

Вэнэсүэлд олон жил нэг хүний дэглэм тогтжээ. Яг л Хятад, Орос, Иран, Беларусс шиг. Арван таван толгойтой мангас биш, ердөө ганц толгойтой. Тэрийг нь хяргачихвал дэглэм алга болно. Ард түмэн нь бараг нийтээрээ энэ дэглэмийг эсэргүүцэж байв. 

Трамп эхлээд хар тамхины наймаатай тэмцэхээ илэрхийлээд үүнийг олон улсын терризтай адилтгав. Вэнэсүэл хэдийгээр хар тамхи өөрөө үйлдвэрлэдэггүй ч ойр хавийн хар тамхины картелиудын барааг АНУ-руу зөөвөрлөдөг гол цонх нь болжээ. Энэ нь олон улсын терроризмтай тэмцэх хүрээнд Вэнэсүэлд халдах хууль эрхийг нээж өгсөн юм. Мадурог ердөө ганц цагийн цэргийн ажиллагаагаар баривчлан Нью Йоркийн шүүхэд шилжүүлэв. Нэг үгэндээ АНУ-ын гадаад бодлогын гол зарчим болсон Монро номлол ингэж хэрэгжив.

АНУ Вэнэсүэл дахь харгис дэглэмийг унагаснаар ард түмнийг нь жаргуулах гэсэн, эсвэл америкчууд тэр орны асар их нефтэд шунаж байгаа гэх мэтийн маш олон янз тайлбар одоо цуварч таарна. Үнэн байлаа ч тэр нь Америкийн гол зорилго ч биш, сонирхол ч биш. Ердөө л Монро номлолт гадаад бодлогын зарчим нь.

Б.БААБАР 2026.01.05.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top