x

М.Тулгат: АН барууны үзэл баримтлалтай залуусыг олноор элсүүлж, намаа шинэчилмээр байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.

-Нийгмийн тодорхой хэсэг Ардчилсан намыг эргэлт, сэргэлтийн үе дээрээ ирлээ хэмээн дүгнэж буй. Тиймээс энэ үед Ардчилсан нам яг ямар шинэчлэл хийх хэрэгтэй гэж та харж байна?

-Өнгөрөгч хоёр жил хагасын хугацаанд манай нам хүнд замыг туулсан. АН дотооддоо гүнзгий шинэчлэл хийх ёстой байсны нэг үр дагавар нь энэ. Тиймээс өнөөдөр бид дотооддоо том реформ хийж, иргэд дээр очих ёстой. Ингэж байж сонгогчдод итгэл төрж, биднийг дэмжинэ. Ер нь улс оронд реформ хийх гэж байгаа бол нам эхлээд өөртөө шинэчлэл хийх ёстой гэж бодож байна. Гэхдээ манай намын нэг зовлон нь олон намын нэгдлээс үүдэлтэйгээр манайд олон янзын үзэл баримтлалтай хүмүүс холилдсон. Үзэл санаа гэдэг бол хөгжлийн бодлогын суурь нь. Гэтэл үзэл санаа холилдсоноос болж хөгжлийн өөр өөр бодлого ярьж, зөрчилдөөд байна. Энэ нийгэмд ойлгомжгүй харагддаг. Намын нэг гишүүн “Оюу толгойг хөгжүүлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой” гэж яриад байдаг. Гэтэл өөр нэг нөхөр үүний эсрэг зүйл яриад байхаар олон нийт АН-ыг ойлгохгүй байна шүү дээ. “Халамжаа тана, баялаг бүтээгч иргэдэд боломж олгоё” гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө талд нь тэтгэврийн зээлийг тэглэх тухай яриад байхаар ойлгохгүй байгаа юм.

-Ийм нөхцөлд яах ёстой вэ?

-Огцом шинэчлэхээс илүү намаа бүрэн бүтэн байлгахад намын дарга Лу.Гантөмөр ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Ер нь нам бодлогын ялгаагаараа фракц, бүлэг болоод хуваагдчихдаг. Фракц гэдэг бол улс төрийн судлагдахуун болчихсон, олон улсад байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, албан тушаал хуваалцдаг бүлэглэл гэдэг утгаар бус бодлого, арга барилын ялгаа гэдэг мөн чанараар нь хөгжүүлэх ёстой. Хэд хэдэн фракцын хамтын ажиллагааны үр дүнд нам цааш явах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, би “Open democracу”-ийн "Од" клубт байдаг. Нэлээд барууны чиг баримжаатай, хувь хүний эрх чөлөөг хамгаалах чиглэлд нягтарчихсан залуус энэ клубт байдаг л даа. Хэрвээ нам эрс шинэчлэлийг хийхэд хүндрэлтэй байгаа бол бид намынхаа шинэчлэлийг дэмжиж, манлайлж, үзэл санаагаа түгээж, идэвхтэй ажиллая гэсэн бодолтой байгаа.

Манай намын нэг том асуудал нь улс төрийг бизнес гэж ойлгодог, дотоод сонгуулийг мөнгө гэж хардаг, эсвэл дээд шатны удирдлага, сонгуульт гишүүдээс бэлэг сэлт авах, дайлуулж халамжлуулахыг хүсдэг гишүүдтэй болчихсон. Иймээс нам доторх улс төрд их зардал гардаг. Уг нь тэр зардлыг нийгэм, улс орон, эсвэл бодлого судалгаанд зарцуулмаар байгаа юм. Нам доторх улс төрд их зардал, их цаг зав гаргадаг, дотоод асуудал их байдаг зэрэг манай намд олон жил хуримтлагдаж ужгирсан зовлон бий. Бидний хийх ёстой өөр нэг чухал зүйл нь үүдээ цэлийтэл нээгээд шинэ залуу, барууны үзэл баримтлалтай хүмүүсийг намдаа олноор оруулж ирж шинэчилмээр байна. 100 хувь биш юм гэхэд аль болох шинэчилж, байх ёстой үзэл санаан дээрээ очих нь чухал. Мөн илүү судалгаанд суурилсан байх хэрэгтэй байна. Дунд, анхан шатны намуудад дотоод ардчиллыг нь илүү хангаж өгөх зэрэг асуудлууд байна. Зүүний, социалист, большевик маягийн үзэлтэй хэсгээс салж, хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн хамтын удирдлагын зарчмыг хангах хэрэгтэй. Хамтын удирдлагын зарчим гэдэг нь хэн нэгэн дарга, түүнийг тойрсон хүрээлэл дангаар ноёрхож бүхнийг шийддэг бус хүчтэй бүлэг, клуб, зөвлөлүүд гарч ирэх хэрэгтэй. Харин тэдгээрийн бодлого, үгийг намын дарга нь сонсож дундын зөвшилцлөөр шийдвэр гаргахыг хэлж байгаа юм.

-Нэг талаар намын дотоод ардчиллыг хангах ёстой гэсэн үг үү?

-Дотоод ардчилал гэдэг бол арай өөр ойлголт л доо. Өөрөөр хэлбэл, нам өөрийн дүрэмтэй. Тэрхүү дүрэмдээ ардчиллын үндсэн зарчмуудыг хангасан байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай намд тохиолдсон зүйл нь, намын дарга сонгогдож ирэхдээ дүрмээ өөрчилсөөр байгаад хэмжээлшгүй эрх дархтай, дангаараа ноёрхсон байдалтай болчихсон байсан. Мөн дүрэмд байхгүй зүйлийг гаргаж ирж дүрмийг уландаа гишгэсэн асуудал гарч байсан. Энэ бол дотоод ардчилалгүй байгаагийн шинж. Нэгдүгээрт, дүрэм нь ардчиллын зарчмыг хангасан байх ёстой. Хоёрдугаарт, намын дарга, нөлөө бүхий хүмүүс дүрмийг сахиж хамгаалдаг манаач нь байх ёстой. Ингэж байж дотоод ардчиллаа хангана.

-Тэгвэл намын дүрмийг тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ?

-Дүрэмд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх ёстой. Гэхдээ хэзээ вэ гэдэг нь чухал. Өнөө маргаашдаа дүрэмд өөрчлөлт оруулахаас илүү дотоод зохион байгуулалтаа цэгцлэх нь чухал байна. Дунд, урт хугацаандаа дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Та бид хоёрын дараагийн ярилцах сэдэв ҮХНӨ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна?

-АН 2015 онд Үндсэн хуульд өөрийн төслийг боловсруулсан. Тэрхүү өөрчлөлт 2019 оны ҮХНӨ-д тусгагдаагүй. Тиймээс тухайн үед АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхиж гарч байсныг олон нийт санаж байгаа байх. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоотой болох асуудлыг тухайн үед АН дэвшүүлж байсан. Одоо оруулах гээд байгаа өөрчлөлт бол АН-ын хувьд шинэ зүйл биш. Парламентын засаглалыг төгөлдөржүүлж бэхжүүлье гэсэн үзэл санаанаасаа АН өнөөг хүртэл хазайгаагүй байгаа. Одоогийн хэлэлцэгдэж байгаа ҮХНӨ-ийн төслийн талаар баримтлах АН-ын байр суурийг саяхан Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцсэн. Дэвшилтэт энэ өөрчлөлтийг өмнө ч дэмжиж байсан. Өнөөдөр ч дэмжиж байгаа. Харин гишүүдийн тоог 152 болгох нь үндэслэлгүй гэж бид үзсэн. 1992 онтой харьцуулахад хүн амын өсөлт 60-аад хувь байна. Тиймээс энэхүү өсөлтөд тохирсон тоогоор ахиулах нь зөв. Хүн амын тоо цаашид өснө гээд одоогийн УИХ-ын гишүүдийн тоог 100 хувиар өсгөх шаардлагагүй.

Энд нэг зүйлийг хэлэхэд, Үндсэн хуульд 2019 онд, мөн 2022 оны наймдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдөр дахин оруулах гэж байна. Энд өрнөж байгаа процесст санаа зовж байна. Учир нь дарангуйллын тогтолцоотой орнуудыг харж байхад Үндсэн хуулиа байн байн өөрчилсөөр байгаад нэг мэдэхэд дарангуйлагчтай болчихдог. Тухайлбал, ОХУ Үндсэн хуулиа бага багаар өөрчлөгдсөөр байгаад аварга том мангасыг бүтээсэн. Үндсэн хуулийг анх өөрчлөхөд иргэд эмзэг ханддаг, нийгмээрээ шуугьдаг. Харин сүүлдээ дасаад, тоохоо больдог. Дахин хэлэхэд, Монголын Үндсэн хуулийг 2019 онд, 2020 онд өөрчилсөн. Өнөөдөр дахиад өөрчлөх гэж байна. Үүнийг хүнээр жишээлбэл, байсхийгээд л гэдсийг нь хагалаад байгаагаас өөрцгүй хэрэг шүү дээ.

Үндсэн хууль бол дан ганц парламентын дархлааны асуудал биш. Тусгаар тогтнолын дархлааны асуудал. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зохицуулалтыг эцэг хуульдаа тусгаж хэрэгтэй. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан тухайн заалтад найман жилийн хугацаанд гар хүрэхгүй хэмээн заасан ч “хүчгүйдээд” байна. Нэгэнт өөрчлөлт оруулж байгаа бол нэг хэсэгтээ өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалтыг өнөөдөр хиймээр байна.

Үүнээс гадна манай Үндсэн хуульд хүний эрхийн баталгаажуулалт нь дутуу дулимаг байна. Энэ асуудлыг АН хөндөж, өөрсдийн өгсөн саналд оруулсан. УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр юу болохыг харж байна. Нэгэнт өөрчлөлт оруулсных чухал өөрчлөлтүүдийг нэг мөсөн тусгах шаардлагатай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Энэ 7 хоногт Монгол Улсад Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ
Top