x

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн танилцуулга

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн давуу болон сул талууд, хэрэгжилтийн байдлыг судлан хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчлэн найруулсан.

Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийгбүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дараахь зохицуулалтыг шинээр тусгасан.

Мерит зарчмын талаар:

Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах мерит зарчмыг шинээр тусгасан.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээстусгай шалгалтад оруулж сонгон шалгаруулах, төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, хэрэв ийнхүү нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс, ийнхүү нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж сонгон шалгаруулахаар заасан.

Ийнхүү сонгон шалгаруулж томилогдох иргэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдана.

Түүнчлэн ажилласан жилийг тогтоосон дээрх шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх боломжийг хуульд заасан.

Иймд аливаа албан тушаалд томилогдох албан хаагч тухайн албан тушаалын ангиллын доод шатны ангиллын албан тушаалд тодорхой хугацаагаар ажилласан байх шаардлагатай бөгөөд төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан шатлан дэвших зарчмаар томилсноортөрийн алба мэргэшсэн, тогтвортой байх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.

Төрийн албаны шалгалтын талаар:

Төрийн албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ гэсэн 2 төрөлтэй байх бөгөөд ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалтыг албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд төрийн тухайн байгууллагад, төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс тус тус авахаар заасан.

Ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа, тусгай шалгалтыг сул орон тоо гарсан тухай бүрд төрийн албаны төв байгууллага зохион байгуулах бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргасан болон хуульд заасан бусад тохиолдолд ногдуулахаар заасан.

Төрийн албаны улсын нэгдсэн тоо бүртгэл, албан тушаалын тодорхойлолтын талаар:

Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна.

Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг холбогдох журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээрбатлахаар заасан. Улмаар тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглосон.

Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлагын талаар:

Төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна. Зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульд заасан.

Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих талаар:

Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүрэг шинээр нэмэгдсэн.

Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын төлөвлөгөөний талаар:

Төсвийн ерөнхийлөн захирагч хууль тогтоомжид нийцүүлэн харьяа байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулахаар, төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлэхээр, төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болоналбан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус заасан.

Түүнчлэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналт тавих чиг үүргийг Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар хуульд шинээр тусгажээ.

Төрийн албан хаагчид шинээр олгох тусламж, нэмэгдэл хөлсний талаар:

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 36 хүртэлх сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй хэмжээгээр олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн үйлчилгээний албан хаагчдад олгохоор заасан. Мөн төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгохоор тусгасан бөгөөд эдгээр нэмэгдэл хөлс, тусламжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор дагаж мөрдөх хугацааг тусгайлан заасан.

Төрийн албаны төв байгууллагын бүрэлдэхүүн, хараат бус байдлын талаар:

Төрийн албаны зөвлөл нь зургаан жилийн хугацаагаар томилогдсон орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батална.

Зөвлөлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглох бөгөөд зөрчсөн албан тушаалтныг төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан.

Зөвлөлөөс төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэсэн дүн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, зөрчлийн талаарх дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал бүхий үйл ажиллагааны тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх бөгөөд тайланг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гарсан дүгнэлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.

Хариуцлагыг нэмэгдүүлэх талаар:

Төрийн жинхэнэ албан тушаалд тавих шаардлага, томилох шалгуур, сонгон шалгаруулах журам, томилох хугацаа, хориглох заалтыг зөрчсөн бол төрийн албаны төв байгууллага эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн.

Улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс төрийн албан тушаалд томилох үйл явцад аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглох бөгөөд нөлөөлсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшигч иргэн энэ тухай тэмдэглэл хөтөлж, холбогдох баримтыг төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Төрийн албаны төв байгууллага тэмдэглэлтэй танилцаж, үндэслэлтэй бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд томилох үйл явцад нөлөөлсөн улс төрийн албан тушаалтан, бусад албан тушаалтныг огцруулах, үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульд заасан.

Түүнчлэн төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйнүндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох бүрэн эрхтэй төдийгүй төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг биелүүлээгүй эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах хариуцлагыг хуульд заасан.

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталсантай холбогдуулан 2002 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд холбогдох бусад 20 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх, томилогдох этгээд ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах үүргээ биелүүлж ажиллах талаар баталгаа гаргах, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг 2021 оноос эхлэн тус тус 6 жилийн хугацаагаар томилохоор өөрчлөлт орсон.

Төрийн албаны тухай хууль батлагдсанаар улс төрөөс хараат бус, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаах шалгуур зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажих, мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломжийн зэрэгцээ шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой болсон.

 

                     Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Эх сурвалж: PARLIAMENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top