x

Э.Бат-Үүл: Төрийн албанд байгаа Путины "тавдугаар цуваа" Монголыг хорлож байна

Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ингэхэд таны харж буйгаар дэлхий маань ер нь хаашаа яваад байна аа? ОХУ-ын одоо хийж буй дайны нөхцөл байдал ямар үр дагаврыг авчрах бол? Дээр нь Тайваньтай холбоотой Хятад, АНУ-ын зөрчил гээд нөхцөл байдал улам л хурцдаад байх шиг...

-Дэлхийн дайн болно гэж бол би бодохгүй байна. Дэлхийн дайн болохын тулд их гүрнүүд хоорондоо хуваагдах ёстой. Тийм зүйл өнөөдөр болоогүй. Харин Орос болоод барууны орнуудын хооронд дайн болж байна. Оросын холбоотон болсон их гүрэн алга, Орос ганцаардсан байна. Тэгэхээр дэлхийн дайн болох магадлал тун бага. Орос л баруунтай дайтах гээд байна шүү дээ. Гэхдээ баруунтай дайтлаа ч гэсэн тэр нь дэлхийн дайн болж өргөжихгүй байх. Хятад, Энэтхэг гээд их гүрнүүд энэ дайныг илт дэмжихгүй, Оростой нэг фронт болж нэгдэхгүй байна шүү дээ. Тэр битгий хэл сая НҮБ-ын хурал дээр “Украины бүрэн бүтэн байдлыг дэмжиж байна, Дайнаа хурдан дуусга аа” гэлээ. Оросоос өөр байр суурьтай байгаа гэдгээ дипломат аргаар хэлж байна.

Тайванийг тойрсон асуудал бол арай өөр асуудал. Үүнийг Орос, Украины асуудалтай харьцуулах боломжгүй. Хятад болон Америкийн зөрчил, Орос болон барууны орнуудын зөрчил хоорондоо асар ялгаатай. Орос бол хүчээр их гүрэн болох гэсэн өнгөрсөн зууны нацист Герман, миллитарист Япон, фашист Италийн амбицийг гаргаж ирж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Орос улс 100 жилийн өмнөх аргаар олон улсын харилцаанд оролцож байна. Харин Хятад бол технологийн шинэ эринд хэн нь их гүрэн байх вэ, шинэ эринийг хэн манлайлах вэ гэдгийн төлөө АНУ-тай зөрчилдөж байна. Энэ бол өөр асуудал. Орчин үед баялаг гэдэг нь нефть, байгалийн хий биш, технологи, чип болоод хувирчихаад байна. Мэдээллийн технологийн асар том нөөц, бааз нь Тайваньд байна. Шинэ технологийн эд ангиудыг хангадаг хамгийн том ханган нийлүүлэгч болчихсон байна. Орчин үеийн технологийн Саудын Араб болчихлоо шүү дээ. Тэрний төлөө хоорондоо үзэж байна. Тэгэхээр энэ чинь хоёр өөр тулаан байна.

-Дэлхийн дайн болохгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

-Миний бодлоор бол дэлхийн дайн болохгүй. Харин цөмийн дайн болж магадгүй. Орос яах вэ, тактикийн чанартай цөмийн цохилт хийж магадгүй. Зүгээр нэг бөмбөг тэслэхийн оронд цөмийн хошуу аваачиж тэсэлж магадгүй. Нэг хотыг онилоод жижиг хэмжээний цөмийн цохилт хийх тийм сонголт руу явж магадгүй. Тэгвэл цөмийн дайн эхэлнэ гэсэн үг. Гэхдээ тэгж зүрхлэхэд ч гэсэн хэцүү. Цөмийн дайныг Хятад ч зөвшөөрөхгүй, Энэтхэг ч зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл цөмийн дайн нэгэнт эхэлбэл зөвхөн Орос, баруунаар хязгаарлагдахгүй шүү дээ. Цөмийн цэнэгт хошуугаар хоорондоо байлдахыг торгоож тогтоож байсан түгжээ мулт үсэрнэ гэсэн үг. Орос цөмийн зэвсэг хэрэглэж байхад Пакистан яагаад Энэтхэгийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болдоггүй юм. Яагаад Хойд Солонгос Хятадын эсрэг цөмийн зэвсэг харваж болдоггүй юм. Ийм л зүйл болно шүү дээ. Тийм учраас Хятад, Энэтхэг хоёр барууны хоригтой нийлээд бүр ч аюултай, шийдсэн арга хэмжээ авах болно. Дайнаа хурдан дуусгахын тулд. Тийм болохоор Орос улс арай ч ийм сонголт руу явахгүй байх гэж би хувьдаа бодож байна.

-Гэвч Орос, Украины асуудал дээр манай улсын байр суурь хэр тодорхой байгаа вэ? Та тэр үед шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байсан ч гэсэн хувийн байр сууриа их тодорхой илэрхийлж байсан. Дайн эхэлсэн үетэй харьцуулбал өнөөдөр манай улсын байр суурь илүү тодорхой болж чадсан гэж та бодож байна уу?

-Энэ талаар ярья гэвэл утга учрыг нь нэлээд ухаж ярих хэрэгтэй болно. Би шоронд байхдаа хүртэл Путины Украинд хийсэн түрэмгийллийг эсэргүүцэж нийтлэл бичээд, Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж том самбар гаргаж байсан. Хэрэндээ л эсэргүүцэж байсан. Шоронгоос гарсныхаа дараа миний хамгийн их эмзэглэж, цочирдсон зүйл нь Монголд Путиныг шүтэх үзэл, Оросын төрд зулгуйдах байдал арай дэндүү болчихсон байхыг харсан. Орос их гүрэн л дээ. Гэхдээ хамгийн сэжгийн зүйл нь харийн төрийг өөрийнхөө төрөөс дээгүүр тавьж, өргөмжилж, бараг бурханчилж байгаа байдал. Яг үнэндээ Монголын төрийг хэн, хэзээ тэгж их дэмжиж байсныг би лав сүүлийн 30 жил хараагүй. Тийм дэмжлэг авсан удирдагч ч байхгүй. Гэтэл Монголтой адилхан жижиг улс руу дайрч байгаа том гүрний түрэмгийллийг манайхан дэмжиж болохгүй биз дээ. Жижигүүд нь ядаж санаа нэгтэй, амь нэгтэй байх ёстой биз дээ. Монгол руу дайрвал тэгээд яах юм. Гэтэл манайхны тэр Путиныг дэмжиж уухайлж байгааг ээ. Харийн төрийг дээдэлж, дэмжиж, зулгуйдаж байгаа, Монголын төрийг дорд үзэж байгаа байдал бол аймаар байлаа шүү дээ. Монголын төр хэн ч байсан, ямар ч байсан гэсэн ядаж л бидний өөрсдийн сонгож байгуулсан төр байхгүй юу. Өөрийнхөө сонгож байгуулсан төрийг “гөлөөг” ч гэж хардаггүй мөртлөө төрийг зулгуйдаж байгаа тэр байдал бол аймшигтай байсан даа.

-Гэхдээ дайн эхлүүлсэн тэр үед манай төрийн байр суурь ч гэсэн бас л бүрхэг байсан нь ч бас нөлөөлсөн байх л даа. Украинд эхлүүлсэн дайны асуудал дээр манайх жишээ нь түдгэлзсэн санал өгсөн шүү дээ?

-Хятад, Энэтхэг гээд хоёр том гүрэн түдгэлзчихээд байхад Монгол түдгэлдэх нь бол хэнд ч ойлгомжтой.  ШХАБ-ын орнууд, биднийг тойрч байгаа улсууд бүгд л түдгэлзсэн шүү дээ. Их гүрнүүд нь түдгэлзэж байхад эрчим хүчний бүрэн хамааралтай манай улс түдгэлзсэнийг буруутгах ямар ч арга байхгүй. Тэгээд төр нь түдгэлзэж байхад ард түмэн нь түдгэлзэж болно биз дээ. Гэтэл юун түдгэлзэх, “Украйныг алаад өг” гэх нь холгүй байлаа шүү дээ. Энэ л намайг хамгийн их цочирдуулсан.

-Азаар тэр хийрхэл нь удаан үргэлжилсэнгүй. Дайны нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой юм болов уу?

-Нийгмийн амьдралд нэг сонин үзэгдэл байдаг. Хөөрсөн масс хэзээд тогтворгүй байдаг. Хамгийн найдваргүй түнш байдаг. Маш олон дарангуйлагч нар хөөрсөн масстай нийлэх гэж оролддог, тэр нь хамгийн найдваргүй түнш байдаг. Хөөрсөн масс гэдэг өнөөдөр дэмжээд уухайлна, маргааш нь өөрсдийг нь эргээд дүүжлэхэд бэлэн байдаг. Италийн дарангуйлагч Муссолинийн төгсгөл бол хөөрсөн олон түмэн ямар жудаггүй вэ гэдгийн  их тод жишээ. Италийн хөөрсөн масс Муссолиниг бурханчлан шүтэж байсан. Дараа нь нууц амрагтай нь хөлнөөс нь дүүжлэхийг харж Итали даяар баяр хөөр болж байсан. Энэ бол хөөрсөн масс хэзээд тогтворгүй байдгийн л илрэл. Тиймээс ухаалаг дарангуйлагч нар хөөрсөн масстай түншлэхдээ хэзээд болгоомжтой байсан. Хөөрсөн масс ямар жудаггүй байдгийн илэрхийлэл одоо Путин дээр харагдаж байна. Одоо бол Путиныг бурханчлах биш, эсрэгээрээ “үхээсэй” л гэж байна шүү дээ. “Украйныг алаад өг” гэж байсан Босоо Оросууд нь цэргийн дайчилгаанаас зугтаад явчихаж байгаа биз дээ. Хөөрсөн масс бол хамгийн жудаггүй, тогтворгүй түнш байдаг. Түүний жишээ л одоо манайд ч болж байна. Путин ялагдах юм бол тэр хөөрсөн олон түмэн яана гэж бодож байна, дэвслэнэ шүү дээ.

-Путин ялагдвал манайд яаж нөлөөлөх бол? Хамгийн эхний реакци нь эхэлчихлээ шүү дээ. Хил дээр бөөгнөрч байгаа дүрвэгчдийн асуудал...

-Одоо манайхан нэг зүйлд их санаа зовж эхэлж байна. Нөгөө шүтээд байсан Орос бол “онигоо” гэдгийг ойлгочихлоо. Путин бол үнэхээр тэнэг юм байна гэдгийг харлаа. Улс төрд тун ч хариуцлагагүй ханддаг хүн юм байна. Өмнөх алдаагаа засах гээд л дараачийн алдаагаа хийгээд байна шүү дээ. Дээрээс нь хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлт явдал гэвэл нөгөө Оросын алдарт арми гэдэг чинь зүгээр л блеф (худал хуурмаг, заль мэх) байсан байна гэдгийг харлаа. Бод доо, Хойд Солонгосоос сум, пуужин гуйгаад байх даа яахав дээ. Яах гэж тийм байж дайн эхлүүлсэн юм. Иранаас дрон гуйгаад байхдаа яахав дээ. Нөгөө олон дрон нь нисч байх замдаа төөрөөд уначихаж байна. Орчин үеийн технологийг дуурайх гэж оролдсон л технологийн хоцрогдол шүү дээ. Ийм юм гуйгаад зогсч байгаа Оросын армийг юу гэж ойлгох вэ?

-Ялагдлаа гэхэд Путины дараах Орос улс их л хүнд нөхцөлд үлдэх нь ээ дээ?

-Путины эхлүүлсэн энэ ажиллагаа аль ч утгаараа маш хортой үр дагаварт хүргэнэ. Хэрвээ Путин унавал төв Азийн бүс нутагт ойрын 10 жилд маш тогтворгүй байдал үүснэ. Орост иргэний дайн гарч магадгүй, задрал явагдаж магадгүй. Дээр нь төв Азийн орнууд жолоодлогогүй, удирдлагагүй болно. Үндсэндээ Орос, Хятад хоёр энэ бүс нутгийн тогтвортой байдлыг зохицуулах гэж оролдоод явж байсан. Нэг нь нураад уначихад нөгөөх түүнийг хүлээж авахад бэлэн биш. Станы орнуудыг Орос зохицуулж явсан. Тэр нь нураад уначихвал төв Азийн бүс нутагт зах замбараагүй юм болно л гэж ойлго. Нөгөө дэлхийн дайн энэ тэрээ бүр хая, баруунтай дайтахаа ч байг. Зүгээр Путин нураад уналаа бол Орост задрал болно. Орост иргэний дайн гарвал төв Ази тэр чигээрээ бужигнана.

Жишээ нь, төв Азийн орнууд Путиныг тоохоо байсан гэдгийг сая ШХАБ дээр харууллаа шүү дээ. Нөгөө станы орнууд чинь Путиныг хүлээлгээд л, айхтар доош нь хийлээ. Эрдагон ширээний эзэн болчихсон сууж байна шүү дээ. Манай бүс нутгийн хувьд ойрын хэдэн жилдээ аягүй тогтворгүй болно. Орост хэрвээ иргэний дайн болбол манай хилээр ёстой нөгөө улаан, цагаанаараа хөөцөлдөөд орж ирнэ. Түүхэн туршлага байгаа шүү дээ.

-Яагаад заавал манайд орж ирнэ гэж?

-Монгол бол асар өргөн байлдааны талбар, асар том хүнсний нөөц. Ийм байхад зугтааж гарсан арми бол Монгол руу орж ирэхийг бодно. Манайд 80 сая мал, хүнсний асар том нөөц байна. Асар том байлдааны полигон байна. Улаан, цагаанаараа хөөцөлдөөд ороод ирлээ гэхэд олон улсын конвенци, гэрээ хэлэлцээр бол ямар ч падлийгүй болно. Нөгөө малыг чинь дээрэмдэж хүнсний нөөцөнд татна, иргэдийг чинь хүчээр дайчилна. Миний хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь манай зэвсэгт хүчин ийм зүйлд бэлэн үү? Өвөр Байгалийн нэг цэргийн тойрог хоёр хуваагдаад нэг нь зугтаад ороод ирэхэд бид тэрийг хил дээрээ зогсоож, торгоож чадах болов уу? гэдэг асуудал. Иргэний дайн хийгээд нэг нь зугтаад, нөгөө нь хөөгөөд орж ирж байгаа нөхцөлд юун НҮБ, Оросын төв Засгийн газар, аль нь ч падгүй. Олон улсын гэрээ хэлэлцээр, дүрэм юу ч үйлчлэхгүй. Амь тавьсан генерал дивизээ дагуулаад ороод ирвэл яана?

-Аймшигтай сонсогдож байна. Ялангуяа манай зэвсэгт хүчин үүнд бэлэн үү гэдэг асуулт?

-Би бүр шоронд байхдаа л бичиж байсан. Наад дайн чинь дараа нь задрал болно шүү, иргэний дайн болох нь байна шүү гэж. Өнөөдөр цэрэг татлага, дайчилгаанаас зугтаж гарсан хүмүүс чинь Оросын хуулиар эрүүгийн гэмт хэрэгтэн болчихлоо шүү дээ. Оросын ДУМ-ын баталсан хуулиар 10-15 жилийн ялтай гэмт хэрэгтнүүд болсон. Энэ гэмт хэрэгтнүүд цаашдаа яах юм?

-Монгол Улс энэ хүмүүсийг хүлээж авах нь зөв үү, буруу юу? гээд бас хэлэлцүүлгүүд иргэдийн дунд явж байна л даа. Оросуудыг буцаагаад монгол үндэстнүүдээ хүлээж авья гэх мэтээр...

-Нэгдүгээрт гэвэл үндэс угсаагаар ялгаварлахаа больё. Монгол үндэстэн, туургатан байх нь ч хамаа алга. Бид бол ардчилсан улс орон. Дайчилгаанаас зугтаж яваа хүмүүс бол өөрийн орны төр засгаас явуулж байгаа дайныг л эсэргүүцэж байгаа нэг хэлбэр шүү дээ. Арчилсан улс орнууд мөн тэр дайныг эсэргүүцэж байгаа. Тийм учраас хүлээгээд авах нь зүйтэй гэж бодож байна. Мэдээж хэрэг манай эдийн засагт ямар дарамт учрах вэ, ямар ашиг авчрах вэ гэх мэт эдийн засгийн асуудлууд бий. Түүнийг тусад нь авч үзэх ёстой.

Гэтэл нөгөө талдаа Оросын өөрийнх нь төв Засгийн газар гэж байгаа учраас манайд бас асуудал тавьж эхэлнэ. Та нар манай цэргээс оргон зайлсан улсуудыг хамгаалаад байна уу, ямар учиртай юм гэдэг асуудал тавина. Дотроо бужигнаангүй, Путин хууль ёсны ерөнхийлөгч байгаа үед “Цэргээс оргон зайлсан хүмүүсийг яагаад та нар орогнуулаад байгаа юм бэ?” гэдэг асуудлыг тавьж эхэлнэ. Энэ чинь эрчим хүчний хамааралтай бидэнд бол бас л хүнд тулгалт шүү дээ. Мэдээж хүндхэн сонголтын өмнө ирнэ. Тэглээ гээд дүрвэж ирсэн иргэдийг буцааж тэнэгтэх вий дээ. Цагдаа магдаагаа явуулах вий дээ. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр Оросын иргэд манай улсад 30 хоногт визгүй зорчих эрхтэй. Тэр эрхийг нь бид хангаж өгөх үүрэгтэй. Үүнийгээ л барих ёстой.

-Хэцүүхэн сонголтын өмнө ч ирдгээ ирчихээд байна л даа. Эхний өдөр бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “30 хоногийн хугацаанд визгүй зорчуулна” гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ асуудал хүндэрвэл яах вэ? ҮАБЗ-ийн гурван гишүүн маань таг чиг байгаад бас гайхаад байна л даа?

-Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Монгол бол асар том өргөн уудам нутагтай. Байлдааны үйл ажиллагаа явуулах өргөн талбайтай. Дээрээс нь асар их хүнсний нөөцтэй. Манайх бол хэсэг бусаг цэргийн бүлэглэл байтугай Хятадын армийг ч тэжээж чадах хүнсний нөөцтэй орон юм шүү дээ. Хятадад ч иргэний дайн болсон, улаан цагаанаараа хөөцөлдөөд манайд орж ирж байсан. Орост ч иргэний дайн болсон, улаан цагаанаараа хөөцөлдөөд орж ирж байсан. Яагаад гэвэл манайд хүнсний нөөц нь байна. Арми, цэргүүдийг нэг өдөр хоолгүй байлгавал өнгөрнө биз дээ. Манайх бол асар том хүнсний хангамжтай орон байхгүй юу. Тиймээс төв Азид хэрэв бужигнаан болбол бидэн дээр учирч байгаа дарамт нь бидний төсөөлөхийн аргагүй юм бууна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд л би шоронд байхдаа “ҮАБЗ маань бэлэн биз” гээд асуугаад байсан. Яг үнэндээ бид өнөөдөр дотроо намаар талцахаас илүү, Монголын дотоодын бүх асуудлаас илүү асуудал чинь энэ дайн болчихоод байна. Яг үнэндээ бид чинь энэ хоёр хөршөөсөө 100 хувь хамааралтай улс шүү дээ. Бүх хэрэгцээгээ энэ хоёр улсаас хангадаг. Тийм учраас энэ хоёрын асуудал манай дотоод асуудал байхгүй юу. Бидний дотоодын хэрүүл бол бүр арав дахь асуудал.

Харамсалтай нь манай ҮАБЗ, зөвлөлийн гурван гишүүн үүнд анхаарал тавьж байгаа юм сонсогдохгүй байна. Дээр нь төр өөрөө энэ асуудал дээр учир зүйгээ олохгүй байна уу гэж харагдаж байна. Макро том бодлого, жижиг үйлдэл хоёрын дунд зөрөө гарч эхэлж байна. Геополитикийн цунами ирж байна гэдгийг ерөнхийд нь гадарлаад байгаа мөртлөө хий сүржигнээд яриад байна. Яг нөгөө цунамийн түрлэг, эхний илэрлүүд ороод ирэхээр бэлэн биш байна, яахаа мэдэхгүй байна. Нэг талаас харахад гадаад бодлого дээрээ аягүй амжилттай яваад байгаа харагддаг хэрнээ. Би бол У.Хүрэлсүхийг ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын өөдөөс эгцэлж харж байгаад “Манайх бол ардчилсан улс орон. Энэ асуудал дээр манай ард түмэн өөр өөрийн байр суурьтай байгаа. Бид бол ажиглагч” гэж хэлэхэд бараг л гүйж очиж телевизээ үнсэх нь холгүй байлаа.

Яг үнэндээ бол Путины дарангуйллаас хойш ШХАБ чинь өөрөө дарангуйлагчдын эвсэл болж хувирахаар шийдчихсэн. Тийм байхад Х.Баттулга энэ байгууллагад манайхыг элсүүлэх өр тавьчихсан. Түүнийгээ бас “ахисан түвшин” энэ тэр гээд байгаа юм аа, юун ч гоё үг хэлдэг юм. Ямар элэнцгийн “ахисан түвшин”, зүгээр л өр тавьчихсан байхгүй юу. Тэгээд сая У.Хүрэлсүх “Тийм өр байхгүй ээ” л гэж хэллээ. Үүнийх нь төлөө монгол хүн байна даа, баярлалгүй л яах вэ.

-НҮБ дээр хэлсэн үгийг нь та бас их олзуурхсан тухайгаа нийгмийн сүлжээгээр бичсэн харагдсан?

-Хэрвээ хэлсэн үгийнх нь нюансыг сайн харсан бол, “Чингисийн үеийн эрх тайван” гэж ярьж байгаа нь амьхандаа бол “Бид их гүрэн байхдаа хариуцлагатай байсан шүү” л гэж их гүрнүүдэд хандаад байгаа юм шүү дээ. Үгийнх нь философи нь ийм. Бид их гүрэн байсан нь үнэн юм чинь. Бид их гүрэн байхдаа хариуцлагатай байсан шүү, та нар хариуцлагатай байгаач ээ л гэж хэллээ л дээ. Бас л логиктой л хэлсэн. Гэтэл ШХАБ дээр төрийн ёслолын албаныхны хийж байгаа протоколын алдааг  харахаар яг нөгөө Путины тавдугаар цуваа манай төрд ажиллаж байгаа нь харагдаад байна.

Гурвын уулзалт гэдэг чинь ШХАБ-ын тусдаа уулзалт. Энэ гурав уулздаг юмаа гээд дэлхийн хэвлэл мэдээллээр зарладаг. Гэтэл энэ уулзалтан дээр протоколын маш том алдаа хийсэн. Ши Жинпинтэй гар бариад, Путинтэй тэврэлдээд авдаг нь яаж байгаа юм бэ. Олон тулгуурт гадаад бодлого талаасаа, төрийн ёслолын талаасаа ч ийм байх ёсгүй юм. Хоёрдугаарт, Ши Жинпинд юу гэж хэлээд байгаа юм, “бид Оростойгоо илүү шүү” гэж хэлээд байгаа юм уу? Шин Жинпин юу гэж тэрийг зүгээр нэг хараад өнгөрөх юм. Наанаа бол үл тоосон байдалтай л байгаа. Санаанд нь бол заавал нэг юм уншигдана даа. Үүнийг Ерөнхийлөгч гэхээсээ илүү төрийн ёслолын алба хариуцах ёстой. Протоколыг заавал урьдчилж хэлдэг, төрийн ёслолын албаныхны үүрэг нь. Өөрийн улсын томьёолсон бодлогыг барьж харьцаарай л гэсэн үг шүү дээ. Шин Жинпинтэй гар барьсан бол Путинтэй мөн гар бариарай, тэврэлдэж болохгүй шүү гэдгийг хэлэх нь төрийн ёслолын албаны үндсэн үүрэг. Тэгэхгүйгээр төрийн тэргүүнүүд өөр өөрийн сурсан зангаар яваад байж болдоггүй. Яагаад гэвэл төрийн ёслол учраас тэр. Хувийн ажил, хувийн хандлага огт биш.

Жишээ нь, НҮБ дээр бас л гоё үг хэлсэн. Ёстой л НҮБ-ын гишүүн орны ёсоор үг хэлсэн. Гадаад хэргийн сайд М.Батцэцэг ч гэсэн “Бид тэнд ардчиллаараа гайхуулж байгаа ирлээ” гэсэн. Гэхдээ Зелинскийг үг хэлэхийг эсэргүүцэж кноп дардаг нь ямар учиртай юм. Үг хэлэх эрх чөлөө чинь манай үнэт зүйл байхгүй юу.

-Ядаж нөгөө түдгэлзлээ хааш нь аваачаад чихчихсэн юм бол?

-Харин тийм. Ядаж нөгөө түдгэлзлээ хааш нь хийчих вэ. Путины тавдугаар цуваа төрийн албанд аймаар хүчтэй байна шүү. Монголын төрийг Путины төрөөс дорд үздэг ийм солиорол, социализмын үеийн эмгэг одоо ч төрийн албанд байна шүү гэдгийг би шоронгоос бичиж л байсан. Тэд нар нь ажиллаад байхгүй юу. Яг хуучнаараа “Оросын удирдагчийг тэврэх ёстой” л гэж бодож байна. Энэ үеийг заавал солих ёстой. ШХАБ дээр тийм ноцтой алдаа хийж байна гэдэг чинь ямар ч тохиолдолд Оросын төрийн төлөө үйлчилж байна л гэсэн үг. Оростой бид ах, дүүгийн харилцаатай хэвээрээ шүү л гэж байна шүү дээ. Хоёр хөршөө эн тэнцүү үзэх, олон тулгуурт гадаад бодлогын харилцаа энэ тэр яасан бэ, хаачсан бэ? Ингэж эн тэнцүү үздэг юм уу? Тэгсэн мөртлөө “Бид ардчиллаараа гайхуулдаг орон” гээд байгаа. Үг хэлэх эрх чөлөөний эсрэг зогсчихоод ямар ардчилал яриад байгаа юм. Энэ бол жижиг алдаа биш, Путины тавдугаар цуваа төрд ажиллаад байна аа л гэсэн үг.

-Магадгүй дайны үйл явц хаашаа, яаж эргэснээс шалтгаалаад бага сага юм ойлгосон, бодсон байх л даа. Гэхдээ тэр нь судсаар нь гүйх хүртэл бас удах бололтой?

-Харин тийм. Тэр нь удаад байна. Хуучин инерциэрээ яваад байна. Гэхдээ бод доо. Энэ дайнд хэрвээ Орос ялагдвал Украин баатар болно. НҮБ-д Монгол яасан ийснийг, яаж хорлосныг тэр үед санах л болно доо. Яг үнэнийг хэлэхэд Европын хувьд Украин баатар улс болчихлоо шүү дээ. Ингэж Монголоо хорлож болохгүй. Макро бодлогоо гоё ярьчихаад, гүйцэтгэл дээрээ ингэж алдаад байж болохгүй. Путины тавдугаар цуваа болж байгаа мэргэжилтнүүдийн л хийж байгаа ажил гэж би хэлнэ.

-Хэдхэн хоногийг дараа УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Чуулганы нээлт дээр ярих ёстой хамгийн гол асуудал юу вэ? Сая таны ярьсан сэдвүүд яригдах болов уу?

-Жишээ нь, чуулган дээр сая ярьсан асуудлаар Төрийн ёслолын албыг авч хэлэлцэх ёстой. Ноцтой алдаа шүү. Ийм эгзэгтэй геополитикийн цунами болж байхад Монголын ирээдүйд хортой ийм онцгүй алдааг гадаад бодлогыг гүйцэтгэл дээр гаргаад байна шүү дээ. Би жишээ нь энэ асуудлаар намынхнаа уриална гэж бодож байгаа. Энэ асуудал дээр шалгалтын ажлын хэсэг гаргая гэж.

Жишээ нь, НҮБ-ын хурал дээр гаргасан манай түдгэлзлийг Украин улс ойлгох л байсан. Ойлгосондоо ч Европын холбоо “Бид танайхыг эрчим хүчний хараат байдлаас чинь гаргая” гэж хэлж байна шүү дээ. Сая У.Хүрэлсүхтэй Европын холбооны дарга уулзахаар нь би хувьдаа “Бидний байдлыг ойлгож л байгаа юм байна даа” гэж дотроо тайвширч байлаа. Тэгээд байхад нь сайн дурын ийм алдаа хийж байхдаа яадаг юм. Ер нь их олон асуудал дээр хойд Солонгостой  нийлж дуугарах гээд байна шүү дээ. Яаж болдог юм бэ.

-Ингэхэд батлан хамгаалах бодлого маань яг хаана явна?

-МАН сонгуульд ялж гарч ирээд нэг ноцтой алдаа хийсэн. Батлан хамгаалах салбарын сайдыг цэргийн хүнээр тавьсан. Бидний үед зориуд цэргийн бус, иргэний сайд тавьж ирсэн. Батлан хамгаалах яам гэдэг бол бодлогын яам. Цэргийнхэн бол тэр бодлогын гүйцэтгэгч нь. Тиймээс цэргийнхэн өөртөө зориулж бодлого гаргаж болдоггүй. Ардчилсан бус улсуудад бол Батлан хамгаалахын сайд нь дандаа цэргийн генералууд байдаг. Ардчилсан нийгэмд бол цэргийн бодлого нь иргэнийхээ хяналтанд байдаг. Иргэний бодлого дотроо цэргийн бодлого нь явдаг зарчимтай. Тэрийг МАН гарч ирээд байхгүй болгочлоо. Одоо тэгээд ер нь Монголын төрийн бодлогыг Батлан хамгаалах яам мэдэж эхлэх гэж байгаа юм бишүү дээ. Эдийн засаг маань хүртэл байлдааны зориулалттай болох гэж байна. Иргэний нийгэм нь өөрөө армидаа захирагдах тухай яригдах гээд байна.

-Өнгөрсөн дөрвөн жилийн зэвсэгт хүчин, ялангуяа офицер бие бүрэлдэхүүн тэр чигээрээ төмөр зам дээр ажиллалаа шүү дээ. Энэ иргэний бодлого уу, цэргийн бодлого уу?

-Х.Баттулгын хийсэн ажил л даа, хойд Солонгосыг дуурайх гэж оролдсон. Хойд Солонгос чинь дайнд зориулсан эдийн засагтай орон. Тэгээд цэргээр бүтээн байгуулалтаа хийлгэдэг. Тэр армийг цэргээр бүтээн байгууллалт хийлгэж л тэжээхгүй бол эдийн засаг нь дийлэхээ больчихоод байна. Хойд Солонгосын энэ туршлагыг Х.Баттулга Монголд оруулж ирсэн. Батлан хамгаалах бэлтгэл сургуулийг хийх ёстой улс чинь зам бариад эхэлсэн. Нэг үгээр Барон Унгерн II давхиад ороод ирвэл буугаа буудаж чадах уу, үгүй юу? Хүрз барьчихсан л зогсч байх нь л дээ. Энэ чинь манай батлан хамгаалах үзэл баримтлалын эсрэг зүйл байхгүй юу. Их хурлаар баталчихсан үзэл баримтлал бий шүү дээ. Цэрэг хүрч барьж болохгүй ээ, эх орноо батлан хамгаална аа гэсэн.   

-Мэргэжлийн цэрэг, армитай байна гэсэн...

-Тийм шүү дээ. Ийм тогтворгүй цаг үед мэргэжлийн арми нь хүн ардаа цэргийн бэлтгэл сургуулилтад хамруулж байх ёстой байтал мэргэжлийн армидаа хүрз бариулаад газар ухуулаад явчихсан.

Хоёрдугаарт, тэнд чинь бас нэг аймшигтай юм дуулдаад байна. Баахан цэргийн генералуудын бизнес явлаа гэж байна. Армийнхныг ард түмний өмнө аваачиж шонд өлгөөд байна шүү дээ. Нөгөө төмөр замын ажил дээр нь баахан генералууд идэж уусан гээд нийгмийн сүлжээгээр яваад байгаа биз дээ. Идэж уудаг улс төрчидтэйгээ л адилхан юм байна гэж. Армийг ийм юм руу оруулж, нэр төрийг нь алж болохгүй.

Гуравдугаарт, армийг бүтээн байгууллалт руу татаад оруулчихаар мэргэжлийн компаниуд нь ажилгүй болчихоод байна. Ажилчид нь цалингүй сууж байна. Тэгэхээр яаж эдийн засаг сэргэх юм бэ. Эдийн засаг гэдэг чинь компаниуд шүү дээ. Компаниуд нь ажил хийж, ажилчид нь цалинтай байж тэр мөнгө нь зах зээл рүү орж ирнэ. Тэр зүй тогтлыг будаа болгоод хаячихлаа. Хамгийн муухай нь мэргэжлийн армийг тендерийн коррупцитай хутгачихлаа. Одоо Барон Унгерн II  ороод ирэхэд хүрз барьсан армитай л угтах нь байна. Украин Крымийг яг ингэж алдсан. Олон улсын гэрээ хэлэлцээрт найдаж байсан. Гэтэл Путин хулхидаад Крымийг булаагад авчихсан шүү дээ. Буугүй шахуу хэдэн цэрэгтэй байсан, тэрийг нь хөөгөөд явуулчихсан.

-Манайх ч гэсэн бас олон улсын гэрээ хэлэлцээр, “улс төр дипломатын аргаар хамгаалах” гэдэгт хэт автаад байгаа юм биш үү?

-Үгүй л дээ. Барон Унгерн II чинь олон улсын гэрээ хэлэлцээрээр орж ирэхгүй шүү дээ. Зүгээр л түрэмгийлээд ороо ирнэ. Өнөөдрийнх шиг хил дээр дугаарлаж зогсохгүй, цөм цохиод л ороод ирнэ. Тэгэхээр бид яах юм, урд төмөр замаас цэргээ татах уу? Тэр үед чинь Улаанбаатарт ороод ирнэ шүү дээ. Х.Баттулга бол манай зэвсэгт хүчний бэлэн байдлыг бүрэн хорлосон гэж би боддог. Монголыг Путинээр хамгаалуулна гэх гэсэн юм уу? Манай арми зүгээр зам барьж байх ёстой гэх гээд байгаа юм уу?

-Явж явж, МАН муу муу гэж гэж сүүл рүүгээ АН руу буцдаг юм даа. АН нам шиг байсан бол ийм байдалд хүргэхгүй байлаа гэж...

-Үнэн шүү дээ. Үнэхээр тийм болж байна. Сая жишээ нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн хүчээр 2024 оны сонгуульд орно гэдгээ хэлчихлээ. ЗГХЭГ-ын дарга болж байгаа шалтгаанаа хэлэхдээ “Намаа сонгуульд ялуулна аа” л гэж байна. Гэтэл манай намынханд ямар ч реакци алга. Зүй нь АН энэ томилгоог эсэргүүцээд их хурал, чуулганаа хаях ёстой биз дээ. Бидний үед ийм үг хэлсэн бол жинхэнэ будаа болж байгаа. Нэг намын ерөнхий нарийн бичгийн дарга хэзээ байтлаа “Намаа сонгуульд ялууулахын тулд ЗГХЭГ-ын дарга болно” гэж хэлж байсан юм. Төрийн улс төрийн албан тушаалд очиж байгаа хүн шүү дээ. Гэтэл манай намын бүлэг дуугардаг ч үгүй. Одоо тэгээд Д.Амарбаясгалан нь сонгуульдаа засгийн хүчээр орох нь л дээ. Тэрийгээ ч ичгүүр сонжуургүй зарлалаа. Ер нь бол маш ноцтой байдлууд үүсээд байна. МАН яг нэг “пиар”-ын эдийн засагтай болчихлоо. “Пиар”-ын эдийн засаг ямар хортой  байдгийн нэг жишээ нь Дарханы зам. Хийж чадахгүй юмаа эхлүүлдэг, хийхгүй юмаа хэлдэг.

-Хошигнож хэлэхэд, Дарханы замыг барьж чадаагүй байгаа нь манай хамгийн том “геополитик” болчихоод юм биш үү? Өнөөдрийн нөхцөлд...

-Засмал замтай болчихсон байсан бол бүр балрах нь л дээ (инээгээд) МАН-ынхан яаж ийгээд сонгуулийн өмнө энэ замыг оруулна. Тэр замыг сонгуульд зориулж л хийж байна. Ард иргэдэд зориулж хийхгүй байна. Тэр замаас болж ард иргэдэд учирсан хохирол маш их. Тэр олон осол аваар, иргэддээр ирж байгаа эдийн засгийн болон эрүүл мэнд, амь насны сүйтгэлийг хэн ч хайхрахгүй байна. “Пиар”-ын эдийн засаг улс төрийн сонгуульд л зориулагддаг болохоос биш ард иргэд яаж хохирох нь ямар ч падгүй. Яг ийм пиарын эдийн засаг руу явчихлаа. Ажил хэрэг рүүгээ шилжээч ээ, ард иргэдээ бодооч ээ гэдэг АН-ын шаардлага байдаггүй. Бүлэг нь ч таг. Улс төрөө ерөөсөө хийхгүй байна.

-Танай намаас сонгогдсон гишүүд чинь яг ямар учиртай, хэнийг төлөөлж суудаг хүмүүс юм бэ?

-Тэрийг би өөрөө ч ойлгохгүй байна. Зүгээр хөндлөнгөөс хараад “ядахдаа улс төрөө хийгээч ээ” л гэж хэлж байна. Политик гэдэг чинь попрохын нэр биш шүү дээ, ажил хэрэг байхгүй юу. Уг үг нь өөрөө “ажил хэрэг” гэсэн утгатай. Одоо тийм юм байхгүй болчихлоо. МАН ч гэсэн өөрөө маш том алдаа хийлээ. Эдийн засаг ингэж хүндэрсэн үед том том мөнгөтэй төсөл, проект ярьж болдоггүй. Иргэдийн амьжиргаа буураад, туйлдаад байхад дээгүүр хэдэн их наядын том проект яриад байхаар ард түмэн сүүлдээ “Мөнгө бол байгаа юм байна, замд нь эд нар аваад, идэж уугаад байна” гэж уншдаг. Мөнгөгүй болохоороо хоосон яриад, пиар хийгээд байна гэж ойлгодоггүй. Дээр байгаа хэдэн хүн тэр их мөнгийг идэж уугаад, бялуугаа хуваагаад байна гэдэг ойлголттой болоод, итгэл алдраад ирэхээрээ ард түмэн хувьсгал хийдэг, босдог жамтай. МАН ийм л тэнэг юм хийж байна. АН дуугарахгүй байсан ч МАН өөрөө өөрийгөө алж байна. Яахав дээ, МАН-ынхан үнэндээ их боловсрол муутай л даа.

-Яагаад?

-Чи өөрөө МАН-аас нийтлэл бичдэг нэг ч гэсэн улстөрч мэдэх үү? Байхгүй биз дээ. Бичдэг улсууд чинь дандаа ардчиллынхан л байдаг биз дээ. МАН-д бол үнэхээр боловсрол байхгүй, үнэн шүү. Дипломтой, эд нар. Диплом бол хэнд ч л байдаг байхгүй юу. Боловсрол гэдэг чинь шал өөр юм. Дор хаяж л эдийн засаг хямарчихаад байхад их мөнгөтэй төсөл ярьж болдоггүй гэдэг тэр түүхийн сургамж, нийгмийн шинжлэх ухааны ойлголтыг мэдэж байгаа хүн алга. Энэ чинь хувьсгал руу түлхдэг байхгүй юу. Ийм дургүйцлүүд яг л хогийн сав шиг цуглардаг, нэг л өдөр дүүрдэг. Дүүрсэн үед бослого, хувьсгал гардаг. Хэзээ дүүрсэн байсныг хэн ч таадаггүй. Шри Ланкад яг тэгсэн. Тийм болохоор АН байхгүйгээс бол АН ч хохирлоо, түүнээс илүү нийгэм маань маш их хохирлоо. Ер нь бол ямар ч хяналтгүй, цадиггүй, хариуцлагагүй засаг л тогтчихлоо. Жинхэнэ олигархи төр гэдэг зүйл сонгодог утгаараа тогтож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоморголон устгалт шагнагдав 1 цаг 5 мин Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? 2 цаг 47 мин Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь 5 цаг 1 мин Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг давтах вий 6 цаг 22 мин Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна 6 цаг 30 мин Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай 6 цаг 43 мин Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Өчигдөр 16 цаг 49 мин ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 14 цаг 44 мин Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа 2024-12-10 Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ 2024-12-10 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ 2024-12-10 Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа 2024-12-10 Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ? 2024-12-10 Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа 2024-12-10 МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-12-09 Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? 2024-12-09 Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ" 2024-12-09 Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайгаа харайлгаж очлоо. Манайхан үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ 2024-12-09 Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно 2024-12-09 “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина 2024-12-08
iИх уншсан
Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайг... Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ... МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эм... Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор ц... Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгуулл... Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай... Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ... Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлги... Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад?
Top