x

Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд  гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов.  АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдал

Америкийн тал Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. Монголын тал АНУ-ын зүгээс эдгээр сургалт болон Монголын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс орнуудаас бүрэлдэн бий болсон аюулгүй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх зорилгодоо хамтдаа байж, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотлов.

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах нь бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Монгол Улс дээрх зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд америкийн тал талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэв.

Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай

Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний тусын тулд бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Энэ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг баталж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө эерэг, үр бүтээлтэй арга хэмжээ авч ажиллахаа харилцан илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх Хоёр дахь Компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг талууд сайшаан тэмдэглэв. Компактын хүрээнд Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна. Компакт гэрээ байгуулагдсан явдал нь АНУ-ын зүгээс Монгол Улс төдийгүй бүс нутагт эрх чөлөө, нээлттэй, тусгаар тогтносон болон ил тод байдлын зарчмуудыг сахин хамгаалах, түгээх хүсэлтийн илэрхийлэл гэдгийг америкийн тал онцлов. Энэхүү Компакт гэрээ нь Монгол, Америкийн ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг монголын тал тэмдэглэв.

Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тогтвортой орчин нь Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглэж,  Монгол Улсыг санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, ил тод байдал болон макро-эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, бэхжүүлэхийн чухлыг талууд онцлов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжихээ монголын тал илэрхийлж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлэхээ нотлов.

Нийтлэг үнэт зүйлс болон иргэд хоорондын солилцоо

Талууд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөөх хоёр улсын хамтын эрмэлзэл нь хоёр талын харилцааны үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Монголын тал Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлыг зохион байгуулсанд америкийн талд талархал илэрхийлж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд шашны эрх чөлөөг дэмжих Монгол Улсын эрмэлзлийг илэрхийлэв. Өнгөрсөн 7 дугаар сард болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс Шашны эрх чөлөө хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилохоо зарласныг америкийн тал сайшаан тэмдэглэв. Монгол Улс нь бүс нутагтаа эл асуудлаар тэргүүлэгч орны хувьд шашны эрх чөлөөг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хамтран эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.

Талууд соёлын болон боловсролын хамтын ажиллагааны чухлыг онцлохын сацуу боловсролын хөтөлбөр, хамтын ажиллагааг төр-хувийн хэвшлийн түншлэл, солилцоог нэмэгдүүлэх, ашгийн төлөө болон ашгийн бус соёлын солилцоог дэмжих, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь англи хэлний сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх хэлбэрээр хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа мөн нотлов. Энэхүү харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улс болон АНУ нь 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлахаар тохиролцов.

Түүнчлэн талууд дээд, өндөр түвшний яриа хэлцээний давтамжийг хадгалж,  ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын яриа хэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн уулзалт, Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлцээ зэрэг механизмаар дамжуулан хоёр талын харилцааны тэргүүлэх асуудлууд, олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүч чармайлтаа урагшлуулахын чухлыг тэмдэглэв.

Монгол Улс, АНУ нь ойр дотно түншлэлийнхээ хүрээнд ардчиллын зарчмыг сахих, сайн засаглал, хүнийг эрхийг дээдлэх, бүс нутагтаа болон олон улсад энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрах чин эрмэлзэлтэй байгаагаа бататган нотлов.

Вашингтон хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 34 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 40 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 52 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 1 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 3 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 8 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 15 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 20 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 37 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 45 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 51 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 57 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 29 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 32 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 35 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 43 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 50 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top