x

Өмгөөлөгч Б.Баяраа: Шүүгч Ё.Цогтзандан хэргийн оролцогчийг хууран мэхэлж цагдан хорьсон

Өдгөө Оюутолгойн далд уурхайн гэрээний асуудлаар буруутгагдан шүүгдэж, хууль бусаар цагдан хоригдоод байгаа Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-ЭРҮҮГИЙН ХУУЛИАС БУСАД ХУУЛЬ ХАМААГҮЙ ГЭЖ ШҮҮГЧ ХЭЛСЭН-

-Да.Ганболд нарыг 2020 оны 6-р сарын 18-нд ямар үндэслэлээр шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-2020оны УИХ-ын сонгуулиар анх удаа УИХ-д нэр дэвшсэн 6 нэр дэвшигчийг цагдан хорьж, улмаар хорих 461-р анги буюу “Ганц худаг”-аас сонгуульд өрсөлдүүлсэн. Энэ нь иргэний Үндсэн хуулиар  олгогдсон сонгох, сонгогдох, сонгосон төлөөллөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох үндсэн эрх болон сонгуулийн тэгш байдлын зарчмыг шууд зөрчиж байгаа хэрэг.

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан гэх АН-ын гурван гишүүн, МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, бие даагчаас Н.Номтойбаяр зэрэг зургаан хүнийг хорьсон. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар сонгуульд нэр дэвшсэн иргэнийг ­СЕХ-ны  зөвшөөрөлгүйгээр баривчлах, саатуулах, цагдан хорихыг шууд хориглодог. Энэ заалтыг шүүх илэрхий зөрчсөн. Эрүүгийн хуулиас бусад хууль шүүхэд хамаагүй гэсэн үг.

Уг нь сонгуулийн үеэр сонгуулийн хуулийг нийтээр дагаж мөрдөхөөр тусгайлан зохицуулсан. Эрүүгийн хэрэгт шалгаж болох ч сонгуульд нэр дэвшиж буй 21 хоногийн дотор баривчилж цагдан хорьж болохгүй. Нөгөө талдаа тухайн нэр дэвшигчийг дэмжигчдийн сонгох эрхийг шууд хязгаарлаж байгаа хэрэг. Зөвхөн сонгуулийн хууль төдийгүй УИХ-д хамаарах бусад хуулийг зөрчиж гишүүн Ж.Эрдэнэбатын Үндсэн хуулиас эхтэй халдашгүй эрхэнд нь шүүх халдаж цагдан хорьсоныг бид бүгд мэдэж байгаа. 

-Их мөнгөний барьцаа байршуулах шийдвэр шүүхээс гаргаж байсан. Ямар учиртай вэ?

-2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан над руу залгаж, “Өмгөөлөгч таны эрүүгийн хэрэг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авлаа. Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр маргаан үүссэн баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй хүсэлт байна. Тиймээс 2020 оны 6 дугаар сарын 15-ны зарлагдсан шүүх хурал дээр Хөвсгөлд нэр дэвшиж буй Да.Ганболдыг ирүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн.

-ДА.ГАНБОЛД, С.БАЯРЦОГТ  НАРЫГ 10 ТЭРБУМ, С.БАЯРЫГ ТАВАН ТЭРБУМ, Б.БЯМБАСАЙХАНЫГ 2 ТЭРБУМ ТӨГРӨГ МӨН БАЙРШУУЛ ГЭСЭН-

Иймд би нэр дэвшигчид үүнийг дуулгаж сонгуульдаа анхаарал тавихыг зөвлөсөн.  Гэтэл шүүгч тухайн шүүх хурал болох 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байр сууриа эрс өөрчлөөд, “Да.Ганболд гэх хүн яагаад шүүх хуралд ирдэггүй юм? гээд таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж 3 хоногийн дотор 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул” гэсэн захирамж гаргасан. Ганцхан Д.Ганболдыг ч биш үүгээр шалтаглаж хурлын ирц идэвхээ бүрэн хангаж явсан С.Баярцогтыг 10 тэрбум, С.Баярыг таван тэрбум, Б.Бямбасайханыг 2 тэрбум төгрөг мөн байршуул гэх даалгавар өгсөн. Энэ нь шүүх хэргийн оролцогч нараар илэрхий дайжигнаж байгаа хэрэг.

Торгох ялын дээд хэмжээнээс даруй 250 дахин их мөнгө 3 хоногт байршуул гэдэг нь ямар ч хуулийн үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй, амьдралгүй шийдвэр бөгөөд энэ биелэгдэшгүй даалгавраар шалтаглан барьцаа бүрэн байршуулаагүй гэх үндэслэлээр 3 хоногийн дараа 7 хүнээс зөвхөн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбайсайхан гурвыг ялгаж аваад цагдан хорьсон. Шүүгдэгч нар өөрсдийн боломжоороо л дансанд мөнгө байршуулсан. Эдгээр хүмүүс одоог хүртэл 5 сар хоригдож байна.

Тухайн үед Да.Ганболд болон бусад шүүгдэгч шүүх хурал бүр дээр ирц идэвхи сайн байсан тул хорих шалтаг олдохгүй байсан байгаа юм. Ингээд хамгийн эмзэг хэсэг байж болох эрүүгийн хэрэг шүүхэд хэрэг шилжихтэй зэрэгцэн сүүлд яллагдагчаар татагдсан, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүйн дээр нэг л өмгөөлөгчтэй байсан Да.Ганболд руу чиглүүлэн шүүгдэгч нарыг сонгуулийн үеэр цагдан хорих ажиллагаа шүүхээс явуулсан. Шүүгч хүн өмгөөлөгчтэй шууд утсаар ярих нь ёс зүйн дүрмээрээ хориотой.

Гэтэл Да.Ганболдын өмгөөлөгч над руу шүүгч өөрөө шууд утсаар холбогдон шүүх хуралд ирэх шаардлагагүй гэж ойлгуулаад улмаар шүүхэд итгэсэн бидний итгэлийг хөсөрдүүлэн хуурч мэхлэх замаар шалтаг зохиож цагдан хорьсон. 2020 оны 6 дугаар сарын 15-ны хурлын дараа шүүхийн зүгээс хэргийн оролцогчийг илэрхий хуурч байгаа нь тодорхой болсон тул 3 хоногийн дараах хурал дээр Да.Ганболд сонгуулийн ажлаа орхиод Хөвсгөлөөс өөрийн биеэр ирсэн, ингэхдээ 10 тэрбум байршуулах боломжгүй тул боломжоороо багахан мөнгө шүүхийн дансанд байршуулсан.  

-Цагдан хорих үндэслэл юу байв?

-2020 оны 6 дугаар сарын 18-ны шүүх хуралд шүүгдэгч нар бүрэн ирсэн байтал гэрч, шинжээч нь ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшилсон. Гэрч, шинжээч нарыг ирүүлэх нь шүүхийн үүрэг болохоос шүүгдэгч нарын үүрэг биш. Гэрч, шинжээч бүрэн ирээгүй шалтгаанаар хурал хойшлуулсан атлаа үүнд ямар ч буруугүй шүүгдэгч нарыг шүүх хуралд саад учруулсан гэж үзээд цагдан хорьсон. Шалтаг нь 10 тэрбумыг 3 хоногт байршуулаагүй нь өмнөх таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн гэх.

Ер нь тухайн үед 10 тэрбум төгрөгийг 3 хоногт шүүхийн дансанд байршуул гэж аманд орсон тоогоо хэлээд дараа нь чадаагүй тул цагдан хорих шийдвэр шүүхүүдэд бараг жишиг болсон. Гэхдээ зөвхөн сонгуульд нэр дэвшсэн улс төрч нарт холбогдох хэрэгт шүү. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 6-наас 17-ны өдрүүдэд улсын наадам дамнуулж хуралдан хорих ял шийтгэсэн. Шүүгчээс татгалзсан боловч ийм илэрхий зөрчил дээр хүртэл татгалзлыг хүлээн авахгүй улалзсаар хэргийг шийдэж ял өгнө гэдэг нь шүүхэд ямар их гадны нөлөө, дарамт шахалт байсны илрэл болов уу.

-Хэргийн тухайд яг ямар хэргээр шүүж байгаа вэ. Задлаад тайлбарлаад өгөөч?

-УИХ-аас 2014 онд Эдийн засгийн идэвхижилийг нэмэгдүүлэх тухай 34 тоот тогтоолоор тухайн үеийн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг үүрэг болгосон. УИХ-ын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж чадаагүй. Ингээд дараа жил нь шинэ ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай УИХ-ын 41 дүгээр тогтоол гарсан байдаг.

УИХ уг тогтоолоор “Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” хугацаат үүргийг Засгийн газарт өгч, энэ үүргийг хугацаандаа хэрэгжүүлээгүй, саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэж эргээд УИХ-д танилцуулж байхыг Засгийн газарт үүрэг болгосон. УИХ-ын шийдвэрийг Засгийн газар биелүүлэхээс өөр аргагүйд хүрсэн.

Ингээд 2015 оны 4 сард Засгийн газрын 2 удаагийн хурлаар хэлэлцүүлэгдэж “Оюутолгой далд уурхай” төслийн төлөвлөгөөг яаралтай батлая гэсэн шийдвэр гарсан. Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй Засгийн газрын гишүүд заалт нэг бүрээр танилцаж шийдвэр гаргасан. Мөн асуудлаар Ерөнхий сайдын Ажлын хэсэг байгуулах тухай, Удирдамж батлах тухай, Эрх олгох тухай, Гарын үсэг зурах эрх олгох тухай гэсэн дөрвөн захирамж гарсан.

Нэгэнт УИХ,Засгийн газар, Ерөнхий сайдын удаа дараагийн шийдвэр гарсан тул төрийн өмчит  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, түүний охин компани “Эрдэнэс Оюу толгой” ХХК-н Гүйцэтгэх захирал Да.Ганболд хоёр албаны чиг үүргийн дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зурсан. Төр засгийн бүх түвшинд шийдвэр гарчихаад байхад түүнийг хэрэгжүүлэхгүй гэж том толгойлж эсэргүүцэх эрх төрийн өмчит компанийн захирлуудад байхгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг албаны дагуу нэр төртэй биелүүлсэнийхээ төлөө шоронд сууж байгаа хүмүүс шүү дээ.

Зориуд нэг зүйл цохож тэмдэглэхэд эдгээр хүмүүс хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огт буруутгагдаагүй. Ер нь УИХ, Засгийн газрын шийдвэрийг улдан чангаах, эсэргүүцэх, зөрчих эрх тэдэнд байхгүй нэг ёсондоо сонголтгүйгээр шийдвэр хэрэгжүүлдэг албан тушаалтан юм. Төрийн шийдвэрийг хэн нэгэн албан тушаалтан гацаагаад байвал цаашид төрийн үйл хэрэг ямар ч чадамжгүй болноо доо.

-Оюутолгойн далд уурхайг хөдөлгөхдөө яг юуг буруу хийсэн гэж үзээд байгаа вэ?

-Хэрвээ Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол өнөөгийн энэ хөл хорио, цар тахлын үед эдийн засаг элгээрээ хэвтэж, та бид амаараа шороо үмхэх байсныг эдийн засагч болгон ярьж байна.  Оюутолгойн төсөлж хөдөлж байгаа тулдаа өдий зэрэгтэй дэнжигнээд яваад байна. Оюу толгой төслийг 2012-2015 хүртэлх 3 жилийн гацаанаас гаргаж, хөдөлгөсөн гавьяатай хүмүүс нь шоронд сууж байна.

Прокурор, шүүхээс яллаж буй ганц үндэслэл нь Дубайн төлөвлөгөө батлагдсанаар Оюутолгой ХХК-д татварын давуу байдал бий болгосон гэх буруутгал. Уул нь “Оюу толгой” ХХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар юм. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраар хэлэлцэн баталсан Оюу толгой төслийн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээн дээр Монгол Улс хөрөнгө оруулагчийн өмнө татварыг тогтвортой байлгана гэх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй гэсэн үг.

Гэтэл 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш бий болсон хуулийн дагуу татвар авна гээд татварын байцаагч нар нь ороод ирдэг.  Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллагынхаа түвшинд гадаадын хөрөнгө оруулагчаа залилж болохгүй биз дээ. Татварын орчноо тогтвортой байлгана гэж олон улсын гэрээгээр хөрөнгө оруулагчийнхаа өмнө үүрэг хүлээж хөрөнгө оруулалтыг нь татчихаад маргааш нь зангаа хувиргаж хууль баталж шинэ төрлийн татвар бий болгож, хувь хэмжээгээ өсгөөд байж болохгүй. Үүнээсээ болоод өнөөдөр ч Лондонгийн арбитр дээр дуудагдаад л явж байна. Наанадаж маргаанд ялагдах, цаашлаад улс орны нэр хүндэд ч сэвтэй.

Дубайн төлөвлөгөөн дээр татварыг 2009 оны хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тогтворжуулсан байдлаар авна гэдгийг л тодотгосон. Засгийн газрын удирдамжаар батлагдсан төлөвлөгөөнд албан үүргийнхээ дагуу гарын үсэг зурсаны төлөө татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх хэргээр Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг яллачихсан.

-Дубайн төлөвлөгөө гэх баримтыг эрүүгийн шүүхээр шүүсэн юм уу?

-Тийм. Аливаа Засгийн газрын бодлого, улс төрийн шийдвэр, гэрээ хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг мөн биш гэж шүүдэг жишиг дэлхийд байхгүй. Харин хэлцэл хийх явцад хувьдаа давуу байдал үүсгэж, хөрөнгө завшиж, хулгай хийсэн бол эрүүгийн хэрэг болно. Манай тохиолдолд хувь хүнийг буруутгаагүй, буруутгах үндэслэл баримт ч байхгүй. Эрүүгийн шүүх нэг ёсондоо Дубайн төлөвлөгөө гэх баримтыг шүүсэн. За яахав хэрэв гэрээ хэлцлийг гэмт хэрэг мөн биш гэж үнэхээр хууль зөрчин шүүдэг юм гэхэд ядаж бүхэлд нь авч үзэх нь шударга биз дээ.

Татварын хөнгөлөлт нь Монгол Улсад ашиггүй гэж хүчээр дүгнэлээ гэхэд нөгөө талд нь Оюутолгойн далд уурхайн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад өнөөдрийг хүртэл төлж байгаа хамгийн өндөр татварын орлого, арван дөрвөн мянган ажлын байр бий болсон, тэдгээр ажилтнуудын гэр бүлд яаж нөлөөлөв, орон нутгийн дэд бүтцийн хөгжил, уг төсөлд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг дотоодын 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн ажлын байр, тэдгээрийн орлого, төлдөг татвар зэрэг төслийн үр ашигтай талуудыг нь давхар тооцох нь шударга биз дээ.

Хамгийн их хэл ам таталдаг гадаад хөрөнгө оруулагчдын удирдлагын зардлыг 50 хувиар бууруулсан, хөндлөнгийн аудитыг Монгол компани хийж, Аудитын хорооны даргыг Монгол талаас томилдог болсон, ашигт малтмалын нөөц ашигласаны татварын суурийг нэмэгдүүлсэн, бүтээгдэхүүнийг Монголын Геологийн төв лаборитороор хянасны үндсэн дээр экспортолдог болсон, төслийн туслан гүйцэтгэгчийн 80-90 хувь нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж давуу байдлаар оролцохоор тохирсон, олон жил яригдсаны эцэст анх удаа Монгол Улсын хүртэх өгөөж 50 хувиас багагүй байхыг бичгээр тохирсон зэрэг дурдаад байвал Монгол Улсад олон үр ашигтай төсөл болсон.

Үүнийг шүүх прокурорын байгууллагууд ор тас мартаж  татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх хэргээр л харлуулчихаж байгаа юм. Үнэхээр гэрээ хэлцлийг гэмт хэрэг мөн биш гэж шүүмээр байгаа бол ядаж хуульд зааснаар яллах, цагаатгах талын баримтыг тэнцүү цуглуулж үнэлэх нь шударга ёсонд нийцнэ.

-ХОХИРОЛ НОТЛОГДОХГҮЙ БОЛОХООР НЬ ЯМАРТАЙ Ч ЯЛЛАДГААРАА ЯЛЛАЧИХЬЯ ГЭЭД ШИЙДСЭН-

-Хэдий хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлсэн гэж буруутгадаг вэ?

-Энэ хэрэг анх ерөнхий сайд нарын хэрэг гэж их сүр дуулиантай эхэлсэн. Анх 3 их наяд 850 тэрбумын хохирол, хор уршиг учруулсан гэж ялласан юм.  Тухайн үеийн Монголбанкны ам.долларын ханш 1940 төгрөг байсан гэж тооцохоор 2 тэрбум доллар болж байгаа юм.  Чингис бонд 1,5 тэрбум доллар, Самурай бонд 300 сая доллар байсан гэхээр энэ хоёрыг нийлүүлсэнээс их хэмжээний хохирлыг Монгол Улсад учруулсан гэж яллаж эхэлсэн. 

Гэвч шүүхийн шийдвэр гарах үед хохирол нь 0 болсон. Хохирол нотлогдохгүй болохоор нь ямартай ч ялладгаараа яллачихья, хожим Монгол Улсын Засгийн газар жич нотлох баримтаа бүрдүүлээд хохирлоо Оюутолгой компаниас нэхэмжлэх эрхтэй гэж  дүгнэлт гаргасан. Хэзээ, юу ч нэхэх юм, нэхэхгүй бол яах вэ, нэхээд нотлогдохгүй бол хэрхэх зэрэг бөөн асуултын тэмдэг үлдээчихээд хохирол учруулсан гэж урьдчилж хүн яллаж болохгүй биз дээ.

Бодит байдал дээр манай Засгийн газар татварын төлбөр нэхэх биш эсрэгээр татварын акт нь үндэслэлгүй гээд Лондонгийн арбитр, Монголын Захиргааны хэргийн шүүх дээр зэрэг дуудагдаад тэвдэж яваа шүү дээ.

-Шинжээч нарын талаар тухайн үед их маргаан гарч байсан санагдаж байна?

-Энэ хэргийн хохирогчоор Сангийн яамыг тогтоож, шинжээчээр Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын татварын байцаагч нар томилогдсон. Хуульд зааснаар шинжээч хараат бус байх шаардлагатай боловч хохирогчийн шууд харьяа байгууллагын ажилтнууд томилогдсон. Ингэснээр Эрүүгийн хууль, Шүүхийн шинжилгээний хууль, Татварын ерөнхий хууль гээд олон хууль зөрчсөн. Татварын байцаагч нарыг шинжээчээр ажиллахыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд шууд хориглосоор байхад шүүх хурал дээр шинжээчээр тайлбар өгөөд сууж байх жишээтэй. Татварын улсын байцаагч ажил үүргийнхээ дагуу ч тэр, хохирогч талын хувиар  ч тэр аль болох татвар төлөгдөөгүй гэсэн дүгнэлт гаргахаас өөр гарцгүй юм, харин татвар авахгүй гэвэл ажилгүй болох байх. Хохирогчийг шинжээчээр томилчихоод мянга хууль санууллаа гээд яахав дээ.

Шүүх хурал дээр хохирогч нь шүүгчдэгч нараас биш Оюу толгой ХХК-аас хохирлоо нэхэмжилнэ гээд, сүүлдээ прокурор нотлогдохгүй болмогц хохирлоо жич нэхэх санал гаргахад бидний хувьд шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох байх гэсэн найдлага төрсөн. Учир нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол шаарддаг гэмт хэрэгт хохирлыг нотлохгүйгээр ял өгдөггүй юм.

Гэтэл шүүх илэрхий хуулиа зөрчин хүчээр ял өгчихсөн. Энэ хэргээс үзэхэд манай прокурор, шүүхийн байгууллага хуульгүйгээр дураар шийдвэр гаргаж, хууль руугаа нулимж байгаад гэмгүй албан хаагчдыг хэлмэгдүүлсэн гэж үзэхээс өөр аргагүй юм.

Эх сурвалж: urug.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ССТС (103.80.211.37)
    Цогтзандан муу гөлөг жинхэнэ хорчин ажлаа мэдэхгүй, тэнэг гар ш дээ. Одоо болтол байдаг юмуу. Завханд бүрэлдхүүнтэй шүүх хуралдаанаар дээд хэмжээ өгөөд сүүлд нь тэр нь цагаадаад жинхэнэ ажил хийж чадахгүй гар ш дээ. Ийм хог одоо болтол ажллаж байгааг нь бодохлоор Монголын шүүүх ч дээ дампуу хэвээрээ байгаа. энэ Цогтзандан хөгийн ш дээ эсвэл өөрийн үзэмжээрээ шийднэ. Харин энд бол цаадах чинь шууд захиалгаар хийсэн тодорхой ш дэнэ.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zailuul (64.119.23.206)
    Tsogtzandan ugiin buunii nohoi shuud zailuulj shorond hiih heregtei
    2020 оны 11 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв саяхан Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв 1 мин U-15 волейболын Азийн аваргад Сэлэнгийн сурагчид багтлаа 2 мин И.Цэлмүүн Дэлхийн шатрын цомоос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргав 3 мин Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ 4 мин Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав 5 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 13 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив 1 цаг 14 мин Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийг эцэслэн батлав 1 цаг 15 мин Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг дахин хэлэлцүүлэхээр буцаав 1 цаг 16 мин УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудал 1 цаг 17 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна 1 цаг 18 мин Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна 13 цаг 34 мин "Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алдлаа 13 цаг 49 мин Игавахара Масарү: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно 13 цаг 57 мин Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана 14 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 14 цаг 15 мин Төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүллээ 15 цаг 7 мин Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна 17 цаг 0 мин Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төсөл өргөн барив 17 цаг 2 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянан... Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхааруул... Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн тө... Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуу...
Top