x

З.Энхболд: Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол бид нүүрсээ 200 доллараар зарна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үр дүнг дүгнэж хэлнэ үү?

-Айлчлал ажлын, албан ёсны, төрийн гэх зэрэг олон түвшнийх байдаг. Энэ удаагийн айлчлал төрийн айлчлал юм. Манай улсын Ерөнхийлөгч БНХАУ-д ойрын хэдэн жил төрийн айлчлал хийгээгүй. Энэ удаагийн төрийн айлчлалыг аравдугаар сард тэмдэглэх дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа. Тиймээс хоёр улс хоёулаа ач холбогдол өгч, өндөр хэмжээнд, төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан. Айлчлал дөрвөн шөнө, таван өдөр байсны хоёр нь айлчлалын өдөр, хоёр өдөр нь “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцсон. Нэг айлчлалаар хоёр арга хэмжээнд оролцсон гэсэн үг. Хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтьн ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа.

Ерөнхийлөгчийн айлчлал гэж нэрлэгдэх боловч төрийн бүхий л байгууллага оролцдог чухал арга хэмжээ юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүх гадаад айлчлал гадаад яаман дээр бэлтгэгдэж ҮАБЗ-өөр орсноор бэлтгэл дуусдаг, тэгээд тэнд гарсан шийдвэрийн дагуу л хийгддэг. Гадаад бодлого дээр намын ялгаа хэзээ ч байгаагүй, цаашид ч гарахгүй байвал зүгээр. Ерөнхийлөгч Баттулга энэ зарчмаа баримтлаад аль ч намын Засгийн газрыг ялгахгүй ажилладаг. Гарын үсэг зурах ажлаар сайд нар, агентлагийн дарга дагалдаж явдаг нь ч бас нэг илрэл. Энэ дашрамд айлчлалыг амжилттай болгоход хамтран ажилласан ГЯ, БНХАУ-ын ЭСЯ болон бусад холбогдох төрийн байгууллагынхандаа баярлалаа.

Хамгийн товчхоноор айлчлалыг дүгнэж хэлье гэвэл хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилээ дүгнээд ирэх жилүүдэд ямар зарчмаар хамтран ажиллах вэ гэдгээ шийдсэн чухал цэг боллоо.

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Си Жиньпин дарга нар албан ёсны гэрээ хэлэлцээр хийж, найман баримт бичигт гарын үсэг зурлаа гэсэн албан мэдээ байна?

-Хорин баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр Ерөнхийлөгч байлцаж зурсан нь найм юм. Засгийн газар хоорондын болон агентлагуудын хоорондын хэлэлцээрийн баримтуудыг хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн дараа шууд үргэлжлүүлэн зурсан. Бусад компани хоорондын хамтын ажиллагаа, манай компани тэдний банкнаас зээл авах гэх мэтийн аж ахуйн нэгжтэй холбоотой хэсгийг тусад нь гарын үсэг зурсан. Айлчлалыг манай сошиалаар шүүмжлээд байсан. Азербайджаны ерөнхийлөгч онгоцоор ирээд л, цэцэг бариад нисэх дээр угтаж авч байхад манай Ерөнхийлөгчийг хоолойгоор оруулсан байна гэж. Энэ бол угаасаа тохиролцсон ажил.

Манайд Ерөнхийлөгчийн онгоц гэж байхгүй учраас МИАТ-ийн төлөвлөгөөт нислэгээр ердийн зорчигчдын онгоцоор явдаг. Хэрэв бид хүссэн бол Хятадын талыг тэгж угтуулж болох байсан. Тэгвэл зорчигчдыг хоолойгоор биш, автобусаар авна. Ёслол дуустал 15 минут орчим ч юм уу зорчигчид онгоц дотроо хүлээнэ. Дараа нь автобусаар явах байсан учраас Ерөнхийлөгч зоригчдыг ингэж хүндрүүлж болохгүй, нэгэнт л тусгай онгоцгүй юм чинь тусгай онгоцгүй улсуудыг угтаж авдаг тэр жишгээр л яв гэсэн. Үүнээс цааших бүх протоколын ажил яг төрийн айлчлалынхаа журмаар явсан. Энэ бол манай Ерөнхийлөгчийн Тамгын газар мөнгө хэмнэж байгаагийн нэг хэлбэр. Тусгай онгоц авч явж болох байсан ч үнэ нь өндөр учраас ердийн билетээ аваад л явсан. Хамт явсан зорчигчдынхоо нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн үүднээс л ийм арга хэмжээ авсан. Харин ч шүүмжлэхийн оронд магтах ёстой. Бүхэл бүтэн онгоц хөлсөлж яваагүй, төсвөө хэмнэсэн байна гэхийн оронд өө хайгаад байгаа.

-Жижиг улсыг тоосонгүй гэх маягийн хандлага сошиалаар явж байсан...

-Үгүй л дээ. Жижиг улс учраас онгоцгүй л байхгүй юу. Улсын том жижгээс үл хамаарч төрийн ёслолын протокол ав адил байдаг. Харин ч хамгийн олон уншигчтай төвийн сонины нэгдүгээр нүүрэндээ айлчлалын фототой сурвалжлага тавьсан нь хөршдөө илүү анхаарч байгаагийн илрэл биш үү.

-Төрийн айлчлал хийж, гэрээ хэлэлцээр үзэглэнэ гэдэг хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байна л гэсэн үг биз дээ?

-70 жилийн ойгоо хамтарч тэмдэглэнэ. Түүнээс гадна Монгол байнга тусламж гуйдгаа больё гэсэн шинэ зарчим баримтлахаар тохирсон. Энэ нь “Хамтдаа шинээр үнэ цэнэ бүтээж, түүнээсээ шударгаар үр шимээ хүртэж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим”. Энэ зарчим бол саяын “Бүс ба зам” хурлын уриа юм. Зөвхөн Монголтой ингэж байгаа юм биш. Саяын хуралд 120 орны төлөөлөл, үүн дотроо 39 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд цугларалт боллоо. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсны хувьд эдийн засгаа нээлттэй болгож гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаа олон улсын тогтсон дүрэм журмаар явуулах болсноо зарлаж байна. Нээлтийн өдөр БНХАУ-ын дарга хэлсэн үгэндээ “Реформоо хийнэ, нээлттэй болно.

Бид хариуцлагатай улсын хувьд зах зээлийнхээ шударга дүрмийг тогтоож, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн гээд бусад улсаас авдаг зүйлээ нэмнэ. Манайх бол хамгийн том дундаж ангитай улс. Энэ дундаж ангид зориулсан сайн бүтээгдэхүүн хийж байвал бүгд манайд нийлүүл. Бид бүх зүйлийг бүрдүүлэхээ больж байгаа” гэх мэтээр шинэ бодлогоо танилцуулсан. Дараагийн 70 жилдээ нэг нэгэндээ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах, өгөх гэхээсээ илүү ингэж хамтарч ажиллая гэсэн утгатай юм.

-Саяын айлчлалаар тусламж гээд мөнгө авсан уу?

-700 сая юанийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол хэдэн жилийн өмнө шийдэгдсэн хоёр тэрбум юанийн 2019 онд авах хэсэг нь болохоос шинээр өгч байгаа тусламж биш.

-БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувиар Замын-Үүд Эрээний чөлөөт бүсийг хөгжүүлнэ гэсэн гэж яригдсан. Энэ асуудал сая яригдав уу. Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридорын хүрээнд үүнийг шийдэх ёстой. Монгол, Хятадын хооронд гэхээсээ илүү Алтанбулаг Хиагтад баригдах Монгол-Оросын чөлөөт бүс, Замын-Үүд Эрээнд баригдах Монгол-Хятадын чөлөөт бүсийг холбохын тулд 1000 км өндөр хурдны, хүнд даацын машины зам тавих хэрэгтэй байгаа. Зам баригдаж дуусмагц энэ хоёр чөлөөт бүсийг нэгэн зэрэг, нэг өдөр нээнэ. Тэгж байж зөвхөн Хятадын бараа Монголд орох, Монголын бараа Хятадад орох биш гурван улсын бараа чөлөөтэй худалдагдана. Тиймээс 1000 км замаа яаравчилъя гэдэг байр суурин дээр байгаа. Энэ тохиолдолд чөлөөт бүсүүд бодит болно. Түүнээс зам байхгүй бол бүтэхгүй.

-Айлчлалаар цахилгаан станц, аккумлятор, гангийн үйлдвэр барих төсөл эхлүүлэхээр болсон гэсэн мэдээлэл байна. Эдийн засгийн ач холбогдолтой ийм төслүүд хэдийнээс хэрэгжих вэ?

-Үйлдвэр болгон өөр ч нэг том онцлог байна. Засгийн газар зээл авч үйлдвэр байгуулахгүй. Өөрийн чинь асуусан аккумляторын үйлдвэр бол жижиг. “Иш Ноён Бадрах” компани болон “Хайюу” компани хоорондоо гэрээ хийж, Замын-Үүдэд аккумляторын үйлдвэр байгуулж байгаа. Монгол, Хятадын хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр. Цахилгаан станцын хувьд, “Цэцэнс майнинг” компани өөрийн ажиллуулдаг Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайгаар хөрөнгө оруулж, Хятадын тал 300 мегаваттын цахилгаан станц байгуулж, дундын аж ахуйн нэгж болон ажиллах юм. Энд ямар ч Засгийн газрын баталгаа, зээл байхгүй. Хувийн хэвшлийн компани өөрөө уурхай дээрээ цахилгаан станц нэмж байгаа.

Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс стийл” компани мөн Хятадын талтай гарын үсэг зурлаа. “Эрдэнэс стийл” компанийг төмрийн хүдэр, ширэм экспортолдог “Бэрэн” компани 50 хувь нь, “Эрдэнэс монгол” 50 хувь хамтарч байгуулсан. “Эрдэнэс Монгол” коксжих нүүрсээ, Бэрэн төмрийн хүдрээ нийлүүлж хайлуулна. Хятадын банкнаас зээл авч түлхүүр гардуулах нөхцөлөөр гангийн үйлдвэр байгуулж гарсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортлох төсөл. Хэдэн жилийн дараа гангийн үйлдвэр бүрэн баригдаж дуусахад нийтдээ 10 сая тонн ган үйлдвэрлэдэг болно. Гангийн үйлдвэр одоо яагаад идэвхжээд байна гэхээр жилийн дараа Зүүнбаян-Таван толгойн төмөр зам ашиглалтад орно. Тэгэхээр коксжих нүүрс ашиглан ган үйлдвэрлэх юм. Ерөнхийлөгч биенесийн салбарт олон жил ажилласан болохоор иймэрхүү бодит хамтын ажиллагааг дэмжиж, айлчлалын хүрээнд дэмжигдэж шийдэгдсэн гэсэн үг.

Энэ бүхэн бол боловсруулалтын түвшингээ дээшлүүлэх замаар монголчууд ажилтай болно, экспортоо нэмэгдүүлнэ гэсэн төрийн бодлоготой нийлж байгаа. Эрчим хүчний нүүрсээ зарахын оронд цахилгаан болгож, төмрийн хүдэр, коксжих нүүрсээ зарахын оронд ган болгож экспортловол манай эдийн засаг томорно. Түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөхгүй. Ер нь бизнесийг хөнгөвчлөх талаар маш олон хэлэлцээр хийсэн. Хоёр талын гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежмэнтийн хөтөлбөр гээд. Аж ахуйн нэгжүүд заавал гааль дээр очихгүйгээр гаалийн итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан байгаа газраасаа бүрдүүлэлтээ хийгээд явдаг хэлэлцээр зурсан. Улаанбаатар төмөр зам болон Хятадын төмөр замын хооронд олон улсын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох протоколоо тохирсон. Зам тээвэр, хил дээр гардаг бүх хүндрэлийг арилгах талаар ажиллаж байгаа. Мөн “Гангар инвест” компани “Шинэ Амгалан хороолол” төслийнхөө зээлийн хэлэлцээрийг зурсан. “Мошеа эко энержи” компани Шинэ Нисэхийн хажууд барьж байгаа 50 мегаваттын 65 сая долларын өртөгтэй нарны станцын төхөөрөмжөө зээлээр авч байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 550 сая доллар, Чойрт баригдах 10 сая тонн гангийн үйлдвэрийн эхний ээлжийн 290 сая доллар гэх мэт бүх зээл, хөрөнгө оруулалтад Засгийн газар баталгаа гаргаж өгөөгүй, хувийн хэвшлийн гэрээнүүд.

-Хувийн хэвшлийнхэн их амжилттай яваад иржээ гэж харагдаж байна?

-Би хувийн хэвшлийнхний авсан зээлд эргэлзэхгүй байна. Улсын авсан зээл бол үр ашиггүй зарцуулагддаг олон жишээг дурдаж болно. Бадамжунай сайдын авсан пад пад тракторыг малчид тариаланчид аваагүй, Эрээнээс очоод авахад 2 дахин хямд байсан гэх мэт.Харин Бөөрөлжүүт Цахилгаан станц барихдаа яг л олон улсын жишгээр явна. Яагаад гэхээр Бөөрөлжүүт авсан мөнгөө өөрөө төлнө, улс төлөхгүй.

-Гангийн үйлдвэрт улс зээл авч байгаа юу?

-Үгүй. "Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани оролцсон гэдэг утгаараа 50 хувь нь шууд бусаар улсад хамаарна гэсэн үг. Засгийн газрын баталгаа байхгүй учраас “Эрдэнэс стийл” компани өөрөө л өрөө төлнө гэсэн үг. Би төлж барагдуулахад нь итгэж байгаа. Монгол ган үйлдвэрлэгч улс болж байгаа, гангийн үнэ өөрчлөгддөггүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 5-10 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортлох учраас.

-Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулганд оролцлоо. Чуулганы гол сэдвийн нэг нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” хөтөлбөр байсан. Харин энэ хөтөлбөрт Монгол Улс ямархуу байр суурьтай оролцох бол. Эдийн засгийн үр өгөөж нь манайд хэр тусах вэ?

-Монгол Улсын хамгийн том оролцоо бол Монгол Орос, Хятадын эдийн засгийн коридор. Бид “Бүс ба зам”-д оролцоод эхэлчихсэн. Ази Европыг холбосон эх газрын дэд бүтцийг барьж байгуулах нь “Бүс ба зам”-ын хамгийн гол зорилго. Дэд бүтэц барихаар тэр дагуу байгаа улсуудад худалдаа хөнгөвчилж өртөг хямдарна, тэгэхээр бүх улсын эдийн засаг хөгжинө. Хуучин Торгоны замын үед дэлхийн худалдаа яаж эрчимтэй байсан яг түүн шиг бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүний нэг хэсэг нь Монголоор яваад эхэлчихсэн. 2014 онд манайхаар Хятад Европын хооронд найман вагон транзитаар явдаг байсан бол өнгөрсөн жил 800 болж, 100 дахин өслөө. Контейнерын транзит тээвэр өсч байна. Бид одоо Хятад, Европын хоорондын контейнерийн транзит тээврийн 20 хувийг нэвтрүүлж байна. Наян хувь нь Манжуур, Казахтсанаар явж байгаа. Бид 20 хувиа өсгөх боломжтой. Энэ асуудал хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр зориуд хөндөгдсөн.

-Яаж өсгөнө гэж?

-Үүнд юу саад болж байна гэхээр Монголын төмөр зам, Оросын төмөр замын хувьд асуудал байхгүй. Ганцхан Эрээний нэвтрүүлэх чадвар, Эрээнээс Жинэнь хүрэх ганцхан төмөр зам л саад болж байна. “Бүс ба зам” гээд том бүтээн байгуулалт эхэлчихсэн байхад та нар Эрээн болон Эрээний нэвтрүүлэх чадвар, Эрээн Жинэнийн замынхаа өргөтгөлийг хийхгүй бол танай дээр гацалт үүсээд байна шүү гэдгийг хэлсэн. Эрээн-Жинэний 200 км төмөр замын ажил хурдан хийвэл ирэх жилдээ дуусах байх. Жинэнь хотоос цааш асуудалгүй. Мөн шилжүүлэн ачилтынхаа хүчин чадлыг нэмэх санал тавьсан.

Мөн бид өөрийнхөө хүчээр Алтанбулаг-Замын Үүдийн 1000 км засмал замаа барьсан тохиолдолд контейнерийг ачааны машинаар ч зөөх боломжтой. Энэ бүх боломжийг нээхийн тулд “Бүс ба зам” манай улсад чухал хэрэгтэй юм.

-“Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” төслийг хэрэгжүүлэхдээ нэг улсын хөрөнгө оруулалтаас татгалзаж, олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татна гэсэн мэдээлэл байсан?

-“Бүс ба зам”-ын шүүмжлүүлж байгаа зүйл нь өрийг нь төлж чадахгүй улсуудад өндөр үнэтэй төмөр зам, засмал зам барьж өгөөд өрөндөө хийсэн юмаа буцааж аваад байна гэдэг зүйл. Үүнд хариулт өгөх гэж саяын арга хэмжээг зохион байгуулсан болотой. Бид 1000 км засмал замаа өөрийнхөө хүчээр тавьбал “Бүс ба зам”-аас зээл авахгүй, хятад ажилчид орж ирэхгүй. Энэ тохиолдолд бид замаар явах ачааны урсгалаа нэмэх, Европоор явж байгаа ачааныхаа 40 хувийг манайхаар явуул гэсэн хүсэлт тавина. Ер нь өрийн хавханд орохгүйн тулд өөрсдөө хийж чадах юмаа хийх л хэрэгтэй.

-1000 км зам хэзээ эхлэх вэ?

-Нэг хувийн компани авчихаад барьж чадахгүй бараг 10 жил болж байгаа. Тэд барьж чадахгүй бол Засгийн газар өөрөө хийхээс өөр аргагүй. Зүүнбаянгийн төмөр замыг барьж чадахгүй гэж манайх 10 жил ярьсан. Анх удаа “Эрдэнэс Таван толгой”-н ашгаар барьж байна. Дотоодод ийм нөөц бололцоо байсан л байна.

-Мөн манай Ерөнхийлөгч тус чуулганд Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн. Энэ талын яриа хэлэлцээрүүд эхэлсэн үү?

-Хоёр талын уулзалтаар үүнийгээ ярьсан. Хятадын тал дэмжинэ гэсэн. Түүнээс гадна Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжил, хамтын ажиллагааны байгууллага дээр очиж уулзсан. Энэ байгууллага дэлхийг эрчим хүчээр холбох санаачилга хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан. Манай Ерөнхийлөгчийн санаачилга бол энэ том сүлжээнийхээ хүрээнд эхлээд Зүүн Хойд Азийн эрчим хүч дутагдалтай байгаа гурван улс, илүүдэлтэй байгаа гурван улс хооронд хамтын ажиллагаа байгуулж, төв оффисыг нь Улаанбаатарт байрлуулъя гэсэн. Ийм санаачилга гаргасны дараа Хойд, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Монгол, Орос гэсэн зургаан улс идэвхжиж ажил нэлээн явж байгаа. Манай санаачилга 100 хувь дэмжигдэж, хамгийн эхэнд юу хийх вэ гэдгээ хүртэл ярьсан.

Үүний хамгийн чухал ач холбогдол бол манай эрчим хүчний нүүрсийг далай хүргэхэд ашиггүй. Тэгвэл нүүрсээ тог болгоод Солонгос, Япон улсуудад борлуулах санаачилга юм. Монгол Улс нүүрсээр тог гаргахын хажуугаар нар болон салхинаасаа 2,6 тераватт эрчим хүч гаргаж Азийг хангах боломж байна гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллага тооцсон байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэбэй мужийн Таншань хотод очихдоо Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тэндээс хийсэн мэдээлэл бидэнд их сонирхолтой байлаа. Өмнө нь тэр бүр сонсож байгаагүй Цаофэйдянь боомт дээр манайхан нүүрсээ аваачих хэтийн төлөвтэй юм байна гэж ойлгосон?

-Цаофэйдянь боомт нь Таншань хотоосоо 90 км зайтай. Нийтдээ 400 сая тонн төмрийн хүдэр, нүүрс нэвтрүүлдэг Зүүн Хойд Хятадын нурмаг ачааны хамгийн том боомт. 2014 онд гарын үсэг зурсан Төмөр замын транзит тээврийн хэлэлцээрээр өмнө нь зөвхөн Тянжин байсан бол одоо Бохайн тэнгисийн гадаад худалдааны бүх боомт манайд нээлттэй болсон. Тэр хүрээнд Цаофэйдянь боомтод очсон. Яагаад очсон гэхээр Тянжин боомт нурмаг ачаа буюу нүүрс болон төмрийн хүдэр цаашид авахгүй гэж байгаа. Харин Цаофэйдянь боомтыг нурмаг ачаанд зориулж хөгжүүлсэн. Энэ боомт руу явахад Бээжингээр дамжихгүй учраас ачаалал багатай, түгжрэлгүй замаар явна.

Манай энэ боомтоор зарах гээд байгаа нүүрс 10-хан сая тонн. Туршилтын тээврээ энэ жилдээ явуулах бөгөөд дэлхийн зах зээлд нүүрс гаргахад тээвэрлэлт ямар байх судалгааны ажил гэсэн үг. Ер нь Цаофэйдянь боомт руу очиход нүүрсээ заавал угаах ёстой. Тэгэхээр Сайншандын төмөр зам ашиглалтад орж, тэнд угааж, урагшаа Эрээнээр гаргах юм. Улмаар ирэх жилийн сүүлч гэхэд Ханги-Мандалын төмөр зам мөн ашиглалтад орно. Тэгэхээр Сайншандаас Замын-Үүдээр дамжаад нэг порттой. Сайншандаас Зүүнбаянгаар салаалаад Таван толгойн төмөр замын уулзвараар дайраад Ханги боомтоор гарах бас нэг гарцтай болох юм. Замын-Үүд Эрээнийг одоогийн явж байгаа ердийн ачаандаа зориулж үлдээгээд, нурмаг ачаагаа Ханги-Мандалаар гаргая гэсэн төлөвлөгөө байгаа. Тэгвэл бие биедээ саад болохгүй.
Манай эдийн засгийн хөгжлийг боомилоод байсан дэд бүтэц буюу гурван улсыг холбосон засмал зам, төмөр замын бүтээн байгуулалтаа бид өөрсдөө хийж дуусгах хэрэгтэй. Барьж дууссаны дараа баахан өртэй үлдэх аюултай тул “Эрдэнэс Таван толгойн” 2018 оны цэвэр ашгаар төмөр зам барих шийдвэр гаргаад одоо хэрэгжээд явж байна. Арванхоёрдугаар сарын 31-нд вагон явах ёстой.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан ч төмөр замыг хааш нь татвал дээр вэ гэсэн маргаан одоо ч байсаар байна. Таван толгойгоос урд хил рүү, Таван толгойгоос Зүүнбаян рүү төмөр зам татсаны ялгааг та тайлбарлаж өгнө үү. Ойрхон гэдгээр нь Таван толгойгоос урд хил рүү төмөр зам татвал ашигтай байсан юм гэсэн ойлголт олон хүнд байгаа л даа...

-Ойрхон гээд байгаа урд хил дээр нэг л асуудал байгаа. Ойрхон хил рүү татахаар монголчууд ажилгүй, Монголын нутагт өртөг, үнэ цэнэ нь шингэхгүй шууд гараад явна. Өнөөдөр угаагаагүй нүүрсээ хил гарангуутаа зарж байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дээр 200-250 ам.долларын үнэ хүрдэг нүүрсээ газар дээр нь 70-хан ам.доллараар зардаг. Яагаад гэхээр ганцхан худалдан авагчтай. Ганцхан Шэнхуа компанийн ТЗ-аар явна. Харин далай руу очихоор дэлхийн бүх улстай арилжаа хийж болно. Бид 200 доллараар өгч байгаа учраас чамд 70-аар өгөхгүй гэж хэлэхийн тулд далай руу хүрэх гээд байгаа. Өнөөдөр бид урд хил дээр нүүрсээ дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр зарж байна. 

Далай руу хоёр замаар явж болно. Нэг бол Хятадын нутгаар явж далай орно. Эсвэл Монголын нутгаар явсаар байгаад далайн боомт дээрээ дөхөж очоод Хятадын нутаг руу орж болно. Энэ бүхэн яагаад боломжтой болсон гэхээр 2014 онд байгуулсан Монгол Хятадын транзит тээврийн төмөр замын хэлэлцээр. 2017 онд эхлээд 2018 оны есөн сард байгуулсан Монгол Оросын төмөр замын транзит тээврийн хэлэлцээрийн үр дүн. Энэ хоёр хэлэлцээрээр нэг тонн нурмаг ачааг 25 доллараар Монгол, Хятадын хилээс Цаофэйдянь боомт руу хүргэж байгаа бол Монгол Оросын хилээс Владивосток хүртэл мөн 25 доллараар хүргэж болдог болсон. Оросын нутгаар явахад хол, 3000 км явна. Гэхдээ ялгаагүй 25 доллар л авна. Тиймээс Владивостокоор ч, Цаофэйдянь боомтоор ч нүүрсээ зарна.

-Замын хол нь хамаагүй нэг л үнээр гэсэн үг үү?

-Замын хол урт нь хамаагүй нэг үнээр тохирч чадсандаа л гол нууц нь байгаа юм. Аль улсын нутгаар явах нь хамаагүй болж байгаа. Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны дараа бид нүүрсний экспортоо гурав дахин нэмэх боломжтой болно. Үнэ ч гурав дахин нэмэгдэнэ. Дахин бид Гашуун сухайтаар 70 доллараар өгөхгүй гэсэн үг. Гашуун сухайтаар 200 доллараар авахгүй бол бид Зүүнбаянгаар Цаофэйдянь орж үнэд хүргэнэ. Сайншандад хүрээд Владивосток оруулж 200 доллараар зарна. Зах зээлийн өрсөлдөөн оруулж өгч байгаа учраас хүссэн хүсээгүй Гашуунсухайтаар ч гэсэн 200-гаар авна. Хил гаруут Баяннуурт нүүрс угааж, төмөр замтай нь холбогдож байгаа. Тэгвэл яагаад Монголын төмөр замаар нүүрсээ зөөж, устай газраа угааж, буцаад Бичигтээр Цаофэйдянь орж болохгүй гэж. Үүний тулд одоогийн 400 дээр нэмж 600-хан км төмөр зам барих шаардлагатай байгаа. Төмөр зам тавин жил ашгаа өгнө, үүний цаана ажлын байр нэмэгдэнэ гэх мэтээр эдийн засгийн үр ашиг их.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар урагшаа нүүрс гаргахад өргөн, нарийн царигаас үүдэн ачаа буулгаж шилжүүлэх төвөг чирэгдэл гарах уу?

-Тэртэй тэргүй цариг шилжүүлэхэд зардал гарна. Контейнер буулгадаг том кранууд маш үр дүнтэй ажилладаг болсон. Өргөн, нарийн царигтай төмөр зам дээр ачаатай, ачаагүй хоёр вагоны цуваа зогсож байхад дундуур нь кран яваад хэдхэн минутын дотор ачааг нь өргөж, шилжүүлдэг болсон. Нүүрсийг хуучин шиг задгай вогонд ачаад, хөөсрүүлээд тоос үүсгээд байдаг юмгүй болсон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (103.229.121.253)
    бид чам шиг юманд хууртаж хулхидуулж тархиа угаалгахаа больсон шүү шал худалч луйварчин минь хойд насандаа тамд очиж үр хүүхэдүүд чинь хийсэн лайг чинь үүрнэ гэж айхгүй бн уу газрын бэтэгээ
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • С.Тунгалаг (59.153.87.62)
    600 км төмөр зам тавьж байх хооронд эхлээд угаах үйлдвэрээ барьж. байгаад хил дээр эхний удаад машинаар зөөлгөж ажилгүй хүмүүсээ ажилтай болгох боломж байна уу. үнэхээр шинэлэг ажлууд санаачилсан байна .ерөнхийлөгч болон бусад хүмүүст баяр хүргэе одоо зохион байгуулах чадвартай хүмүүс хэрэгтэй юм б.а даа
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Хятадаас өөр орноос зээл авах хэрэгтэй Ирээдүй хойч үeээ бодоочээ
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • Мөнх (103.57.92.58)
    Энэ хүн галзуурсан байна : 12сарын 31нд ТТ-ЗБ замаар вагон явна 2. нүүрсийг задгай тээвэрлэхээ больсон..3. Хятад үүрэг өгсөн эрээн - жинин ТЗ ын нэвтрүүлэх чадварыг 3 дахин нэмэгдүүлэх...4. Хятадын боомтоос манай нүүрсийг худдалдан авагч???
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • ширмэнлантуу (103.57.95.170)
    Шал худлаа хуцаж байгаа юм энэ пизда.одоо хамгийн түрүүнд таван толгой ганц мод гэсэн төмөр замаа тавиад нүүрсээ гаргаж.мөн нарийн сухайт шивээ хүрэн гэсэн төмөр замаа тавиж экспортоо нэмэгдүүлж ашиг орлогоо нэмж ажиллах хэрэгтэй.нүүрс авто замаарч гарч төмөр замаарч гарч байх ёстой.дараа нь бусад замаа бариж нүүрсэндээ нэмүү өртөг шингээж борлуулбал дээр гэж үзнэ.тэрнээс биш оросын заавраар баттулгын яриснаар явж огт болохгүй.энийг жирийн монгол бүх хүмүүс мэдэж байгаа шүү дээ.Зика пизда бол монголын дайсан.Их хурлын дарга байхад нь таван толгойг авах гэсэн олигархууд тэмцсэн боловч баттулга зика хоёрыг гаднаа үлдээсэн тул эрх мэдлээрээ зика тогтоосон.орос ч нөлөөлсөн.тэгээд 5 толгой монголдоо үлдсэн юм шүү дээ.одоо бол төмөр замаа бариад хятад руу нүүрсээ гаргаад явж байхад хэн хожхов монгол хожно.
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
    • Хаха
      Хуцна биз чи. Дугай л бай. Гүйх нохойд юу саад гэдэг билээ
      2019 оны 05 сарын 04
iШинэ мэдээ
Путин албан ёсоор дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ 9 цаг 13 мин "Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна 9 цаг 22 мин Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө 9 цаг 24 мин “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна 9 цаг 27 мин Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хаана 9 цаг 34 мин ТБД андууд төвийн уулзвараас УБТЗ-ын төв буудал хүртэлх замыг гурав хоног хаана 9 цаг 39 мин “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 9 цаг 43 мин Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл сүсэгтэн олонд нээлттэй 9 цаг 47 мин Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгохоор шийдвэрлэжээ 9 цаг 58 мин Хотын дарга “Өнөр бүл” төвийн гурван хүүхдийг Германд сургана 10 цаг 1 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд 5 жилийн хугацаатай 5 их наяд төгрөгийн зээл олгоно 10 цаг 19 мин Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна 10 цаг 32 мин Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно 11 цаг 37 мин Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Өчигдөр 18 цаг 24 мин У.Хүрэлсүх: Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг бүх талаар дэмжинэ Өчигдөр 13 цаг 43 мин Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй Өчигдөр 13 цаг 18 мин Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлав Өчигдөр 13 цаг 00 мин Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа Өчигдөр 10 цаг 35 мин Гантулгын Буянбаатар: Санал болгож буй номууд Өчигдөр 10 цаг 33 мин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтууд Өчигдөр 10 цаг 31 мин
iИх уншсан
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... Ихэнх нутгаар дулаарна Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв “Титаник”, “Бөгжний эзэн” цувралын од Бернард Хилл таалал тө...
Top