x

Хурандаа генерал С.Лувсангомбо: Хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь өнөөгийн бидний үүрэг

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд 80 гаруй генерал жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. Ёслолд цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул зэрэг тусгай чиг үүргийн байгууллагын 70 гаруй генерал оролцлоо. Энэ үеэр чөлөөнд буй хурандаа генерал Сономын Лувсангомботой ярилцлаа.

-Танд Монголын генералуудын өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөрт хол газраас зорин ирж оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Манай улс 1944 оноос хойш эрхэм хүндтэй генерал гэдэг цолыг бий болгосон түүхтэй. Тухайн үед цаг үеийн байдал ч сайнгүй байсныг хэлэх үү дэлхийн II дайны хүнд үеийг бид дайран гарч байлаа. Генерал бол манай цэргийн нэр хүндтэй залуу оффицерууд энгэрээ мялаалгаснаас эхлэлтэй цэргийн хамгийн дээд цол юм. Тэр үеийн залуу дээд цолтнуудаас дурдвал маршал Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн генерал нар гээд нэрлэж болно. Ихэнх генералууд 28-32 насны идэр залуус байлаа шүү дээ. Хамгийн ахмад нь Д.Дамдинхүү гэхэд л тухайн үед 38 настай генерал болж байлаа. Ийм сайхан шижигнэсэн залуучууд эрхэм дээд цол хүртэж эх орныхоо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж цэргийн зохион байгуулалт, сургалт, техникжилт, ахуй хангамж зэргийг дээд зэрэгт хөгжүүлж авч явсны хүчинд бидний өнөөгийн зэвсэгт хүчин бүрдсэн билээ. Арми бүрдүүлэх, зэвсэгт хүчнээ хөгжүүлэн сайжруулахын тулд тухайн үеийн удирдлагууд хөрөнгө мөнгийг ч хангалттай зарцуулж ирсэн. Өнөөдрийн 75 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулаад зэвсэгт хүчинд алба хааж явсан ажилтан алба хаагчид болоод дайчид генералууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мөн амжилт хүсч Монгол орныхоо батлан хамгаалах их үйлст чин үнэнчээр зүтгэсээр байна гэдэгт бат итгэж байна. Манай цэргийн алба хаагчид эх орныхоо батлан хамгаалах их үйлсэд хүчин чармайлт гаргахын зэрэгцээ улс орныхоо хөгжил цэцэглэлтэд шууд утгаараа мөн оролцож ирсэн юм шүү. Армид барилгын цэргийн ангийн бие бүрэлдэхүүн гэж том салбар байлаа. Барилгын цэргийн ангийнхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өндөр хувь нэмрээ оруулж ирсэн.

-Тэр үеийн нөхцөл байдлаас товч ярина уу?

-Дэлхийн II дайн Зөвлөлт Холбоот Улсын баатарлаг Улаан Армийн ялалтаар төгсөх нь тодорхой болсон үед Монгол Улс Зэвсэгт хүчнээ бэхжүүлж цэргийн боловсрол, байлдах уран чадвар, дадлага, сургалтыг эрчимжүүлж бэлтгэлээ орчин үеийн армийн түвшинд хүргэн шинэчлэн зохион байгуулсан үе байсан. Тэр үед манай Зэвсэгт хүчний шилдэг офицерууд Монгол Улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг бататгаж, батлан хамгаалах хүчийг зузаатгах асуудлыг зоригтой дэвшүүлж оновчтой, дайчин шийдвэрүүдийг төлөвлөж цэрэг удирдах, зохион байгуулах шинэ зарчим, стратегийн бодлогыг хэрэгжүүлсэн юм. Үүний үндсэн дээр Монгол Улс цэргийн шинжлэх ухааны үндэслэл, дэвшлийг баримтлан цэргийнхээ байлдах уран арга барилгыг чадамгайжуулж бүтээлч, дайчин ажиллагаатай, эх оронч хүмүүжилтэй, орчин үеийн тэргүүний армитай болсон.

1944 оны өвөл ЗХУ-д сургуульд суралцахаар явах бэлтгэл хийж байсан цэргүүд биднийг Октябрын Хувьсгалын 27 жилийн ойн баярын хуралд оролцуулсан юм. Цэргийн клубт болсон тэр хуралд маршал Х.Чойбалсан тэргүүтэй Нам, засгийн удирдагчид хурлын тэргүүлэгчдийн байранд суулаа. Тэгэхэд л Монголын анхны генерал цолтнуудын форм, гоё мөрдсийг нь анх үзээд гайхаж байсан нь одоо ч санаанд тод байна. Тухайн хуралд маршал Х.Чойбалсан формтойгоо ирсэн юм. Алтан цацагтай мөрдөс, зах, ханцуй дээрээ улаан өнгийн тод, товгор хатгамал алхан хээтэй маш гоё китель өмссөн байлаа. Дэслэгч генерал Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, Д.Дамдинхүү, С.Балдан нарын зэрэг генералууд мөн жагсаал хувцастай байсан. Тэдний мөрдөс нь дув дугуй еэвэн шиг хэлбэртэй байх нь их сонин харагдаж билээ.

Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн командлагч, армийн генерал И.А.Плиев монгол цэргүүдийн ажиллагааг магтаж, эд чинь гал, усанд ч орохоос буцахгүй эрчүүд байна, харин эднийг сургах хэрэгтэй гэж ярьсан тухай маршал Ю.Цэдэнбал гуай хуучилдаг байсан. ЗХУ-ын эх орны дайны үед Монгол Улс маршал Х.Чойбалсангийн удирдлагад Зөвлөлтийн ард түмэнд бүх талаар туслалцаа үзүүлэх хөдөлгөөн өрнүүлж улсынхаа дотоод нөөц бололцоог дайчилж, эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсэн юм. 1974-1980 онд Хятад-Вьетнам хоёрын хооронд дайн дэгдэж байсан онцгой үед Монгол Улсын Засгийн газар Зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг техникээр хангах эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд цэргийн анги, нэгтгэлүүд орчин үеийн шинэ зэвсэг, техник, цэрэг-техникийн төрөл бүрийн хэрэгслээр бүрэн, найдвартай хангагдсан юм. Тэр үед хамгийн гол асуудал бол цэрэг дайчдыг шинэ зэвсэг, техникийг жинхэнэ ёсоор гардан эзэмшигчид болгон бэлтгэж, хүмүүжүүлэх явдал байлаа. Залуучуудын техникийн мэдлэгийг өндөржүүлэх, техник сонирхох сэтгэлгээг хөгжүүлэх, ер нь хүүхдийг бүр цэцэрлэгийн наснаас нь л техникт сонирхолтой болгон хүмүүжүүлэх хэрэгтэй гэж маршал Ю.Цэдэнбал гуай сургадаг байсан.

-Та цэргийн эрдмээр суралцсан тухайгаа болон цэргийн хүний замналаа хэрхэн эхэлсэн тухайгаа ярина уу?

-1944 оны өвөл арваннэгдүгээр сарын сүүлчээр манай армийн олон офицер, цэргүүд ЗХУ-д суралцахаар явсан юм. Д.Сандаг бид нарын зургаан цэрэг Тамбов хотын Артиллерийн техникийн дунд сургууль бусад цэргүүд танк, холбоо, химийн зэрэг сургуулиудад суралцахаар явсан. 1948 оны хавар сургуулиа төгсөөд ирэхэд сайд Ж.Лхагвасүрэн гуай бидэнтэй уулзаад, мэргэжил эзэмшсэн, орос хэл сурсан байдлыг асууж ярилцаад, дэслэгч цол олгон, ажилд томилсон юм. Залуу жанжин Ж.Лхагвасүрэн намуухан дуутай, түргэн хөдөлгөөнтэй, дөлгөөн сайхан харцтай хүн байв. Би Армийн Бууны үйлдвэрт зэвсгийн техникчээр томилогдоод, засварын бригад удирдан зүүн аймгуудад байгаа цэргийн ангиудын зэвсэг, төхникт засвар хийж, гурван сар гаруй яваад, наадмаар хот орж ирлээ. Тэр онд ЗХУ-д О.Сэрдар, С.Лувсангомбо нарын дөрвөн офицерыг Артиллерийн инженерийн академид суралцуулахаар сайдын тушаал гарсан байв. Тэр намар Фрунзын академид суралцахаар генерал Б.Дорж, Ж.Лхагвасүрэн нар ч бидэнтэй хамт Москвад очсон. Москвад сурч байхдаа Ж.Лхагвасүрэн гуайтай хэд хэдэн удаа уулзаж байсан, хөгжилтэй маш энгийн яриатай, хүнийг нас, цолоор нь ялгадаггүй ярьж хөөрдөг сайхан хүн байж билээ.

-Монголын анхны генералуудын тухай та дурсамжаасаа хуваалцана уу?

-Маршал Х.Чойбалсан монголоо гэсэн эх оронч үзэлдээ гуйвалтгүй үнэнч, тууштай, алсын хол хараатай удирдагч байсан. Ер нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар Монгол Улсын батлан хамгаалах хүч чадавхыг бэхжүүлэх, хүн ардынхаа амгалан тайван байдал, сонор сэрэмжийг дээшлүүлэх, нийт ард иргэд, залуучуудаа Ардын армидаа туслахад нь бэлэн байх бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч байсан. Би Монголын анхны генералууд Ж.Лхагвасүрэн, С.Равдан, С.Балдан, Г.Эрэндоо. С.Батаа, Б.Цог, Д.Дамдинхүү нарын удирдлагад цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байлаа.

Хожим Сайд нарын зөвлөлд ажиллаж байхдаа төрийн сайд, армийн генерал Б.Дорж, хурандаа генерал, Ж.Ёндон, Ж.Авхиа, Б.Дэжид, Б.Цог, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Ш.Жадамба, Ц.Цэдэн-Иш, Ж.Жамъян, Ш.Арвай нартай ажил төрлийн ойрхон холбоотой хамтран зүтгэж явсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний зохион байгуулалт, хангалтын зарим асуудлыг хариуцдаг байсны хувьд 1974-1978 онд армийн генерал Б.Дорж гуайтай олон удаа зөвлөлдөж, Ардын Армийн ар талын хангамж, цэргийн анги, нэгтгэлийн байршил, тохижилт, барилгажилтын талаар ажил төрлөө хамтран зохион байгуулж, зохицуулж байв. 1976 онд Б.Дорж гуайтай хамт ЗХУ-ын Өвөр Байгалийн цэргийн тойргийн ар талын хангалт, барилга, тохижилт, орон нутгийн байгууллагатай тогтоосон холбоо, харилцааг судалж туршлагыг нь өөрийн улсдаа нэвтрүүлэх талаар саналаа Засгийн газарт оруулснаар тодорхой шийдвэр гарч байсныг тодхон санаж байна. Б.Дорж гуай бол Ардын Арми, Хилийн цэргийг бэхжүүлэх, хил хамгаалалтыг баталгаажуулахад жинтэй хувь нэмрээ оруулсан Монгол Улсын баатар, гарамгай зохион байгуулагч хүн юм. Тусгаар тогтносон Монгол Улсын хилийн цэсийг түүхэн уламжлал, бодит байдлаар нь тогтоож баталгаажуулахад идэр залуу наснаасаа хил хамгаалалтад зүтгэж, улсын хилийн 9000 км шахам урт дээсийг уул овоо, гол ус, цөл говийг туулан бүх шугамаар нь явж нүдлэн судалсан нэрт эрдэмтэн, түүхч, гавьяат хуульч, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш гуай бол үнэмлэхүй их гавьяа байгуулсан хүн. Монгол Улсынхаа дархан хилийг бат цоожтой, найдвартай хамгаалахад хувь нэмрээ оруулсан дэслэгч генерал Ж.Жамъян, Ш.Арвай, хошууч генерал Л.Баябазар, П.Сүндэв нарын зүтгэл, чармайлтаар бахархдаг. Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн. Б.Цог, хурандаа генерал С.Батаа, Ж.Ёндон дэслэгч генерал Ш.Жадамба, Ч.Пүрэвдорж нар бол Ардын Армийг орчин үеийн өндөр хөгжилтэй улсуудын Зэвсэгт хүчний түвшинд хүргэж чадсан. Армийн хөгжилд тодорхой мөрөө үлдээж, жинтэй хувь нэмрээ оруулсан нэр хүндтэй, гавьяатай хүмүүс билээ.

-Та Зэвсэгт хүчний дайчид улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож маш их хувь нэмэр оруулснаар бахархдаг тухайгаа...?

-Маршал Х.Чойбалсангийн тодорхойлсон “Бид мал аж ахуйд суурилсан, хоршоолсон аж үйлдвэрийн орон болох нь чухал” гэсэн алс ирээдүйтэй хэтийн зорилтыг нь маршал Ю.Цэдэнбал улс орноо 40 гаруй жил удирдахдаа тууштай хэрэгжүүлж Монгол Улсаа Аж үйлдвэр-хөдөө аж ахуйн өндөр өсөлт, хөгжилтэй орон болгож чадсан.

Манай сумын малчид, хүүхдүүд гэхэд л дайны үед малдаа явахдаа заавал модон буу үүрч явдаг байсан, энэ нь монголчууд чинь цөмөөрөө буутай юм байна гэсэн ойлголт өгөх зорилготой байжээ гэж одоо боддог юм. Отрядын гишүүд Ардын Армийн бэлтгэл хүч болон чөлөөлөх дайны үед армидаа ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн түүхтэй.

Цэргийн албыг олон жил хаасан, дайн тулалдаанд оролцож эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй, шударга үнэнчээр зүтгэж явсан ахмад дайчид, генерал, офицерууд өнөө үед Зэвсэгт хүчнийхээ ялалт, ололтын түүх, дайчин уламжлал, сургамжийн талаар өсвөр үеийнхэндээ сургаалаа хэлж тэднийгээ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд идэвхтэй оролцох нь цэрэг, ард түмний холбоог зузаатгахад ихээхэн хувь нэмэр болно гэж боддог юм.

Ардын армийн онцлог бол эх орны уудам нутагт байгалийн цаг үеийн, ган зуд, малын гоц халдварт өвчин үүсэх зэрэг аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд ардын арми хүчээрээ тусалж хүнд бэрхшээлээс авардагт оршдог. 1966 онд Нийслэл хотод ширүүн бороо орж, Туул гол хүчтэй үерлэж бүх гүүр нурсан, хүмүүс осолдож, олон айл орон гэргүй болж, зам харилцаа тасарсан хүнд үед Ардын Арми нэгдсэн хүчээрээ, генерал Б.Цогийн удирдлагаар долоо хоногийн хугацаанд Богд уулын ар талын хад, асгыг тэсэлж, гараар ухаж зам тавьж, Туул голыг хэвийн голдиролд оруулж байлаа.

1950-аад онд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байх үед Ардын Армийн командлал армийн бүрэлдэхүүнд мэргэжлийн төрөлжсөн цэргийн зохион байгуулалтыг өргөтгөж, Барилгын цэрэг улсын онц чухал, хамгийн хүнд ажиллагаатай барилга, байгууламжийг ардын аж ахуйн бүх салбарт барьж өгч байлаа. Тэр үед Монгол Улсын хэмжээнд хийгдэж байсан барилга угсралтын ажлын бараг 30 хувийг нь Ардын Армийн Барилгын цэрэг гүйцэтгэж байсан юм. ЗХУ-ын барилгачидтай хамтран Дархан-Сэлэнгэ бүс нутгийн цогцолбор барилга, Эрдэнэтийн Уулын баяжуулах комбинатын барилгын ажил, 1960-1990 онд улсын онц чухал гэгдэх 5000 шахам барилга байгууламжийг барьж байгуулсны дотор 400 шахам аж үйлдвэрийн барилга, 190 мянган тонн нөөцийн будаа хадгалагдах автомат ажиллагаатай агуулах зэргийг нэрлэж болно.

1979 онд Монгол Улс батлан хамгаалах хүчээ зузаатган Зэвсэгт хүчнээ хамгийн орчин үеийн зэвсэг, техник, төхөөрөмжтэй болгон шинэ технологи нэвтрүүлэн цэрэг-техникийн төрөл бүрийн хэрэгслээр хангахын зэрэгцээ анги, нэгтгэлүүдийн шинэ зохион байгуулалттай уялдуулан барилгажилт, тохижилт, суурьших шинэ байршилтыг нь тогтооход улсаас асар их хэмжээний хөрөнгө зарцуулсан юм.

Сайхан тохижуулсан цэргийн байр, офицер, ажилчдын орон сууц, соёл, ахуй, үйлчилгээний барилга байгууламжуудыг зам талбай, инженерийн шугам сүлжээтэйгээр нь бүрдүүлж 1979-1982 онд буюу ердөө гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулсан. Энэ нүсэр их бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэд Ардын Армийн бүх анги, нэгтгэл оролцсон юм.

Түүнчлэн манай армийн алдар хүндтэй, туйлын ажил хэрэгч, нэрд гарсан домогт генерал Б.Цог, Ж.Ёндон, Ш.Жадамба, Ч.Пүрэвдорж, БЦУЕГ-ын дарга Д.Бавуу, Х.Жүгдэрнамжил, Ю.Жаргал нарын олон генерал, офицер, мөн армийн анги, нэгтгэлийн удирдлагууд идэвхтэй оролцож байснаар энэ ажил богино хугацаанд бүтсэн нь бахархалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Ардын Арми хот сууриныг барилгажуулах, атар газар эзэмших, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хөгжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн бахархлын түүхийг онцлон тэмдэглээд “Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий барилга, инженерийн бие даасан нэгж удахгүй байгуулагдана” гэснийг талархан дэмжиж байна. Энэ ажлыг зохион байгуулах өндөр чадвартай, барилгын үйлдвэрлэлийг мэргэжлийн удирдлагаар хангахуйц дадлага, туршлагатай инженер, ахмад барилгачид Зэвсэгт хүчинд олон бий.

Эрхэм хүндэт генералуудын минь бүтээлч үйлс нь өндөр, бие лагшин нь тунгалаг, амьдрал ахуй нь өөдрөг, авхаалж сэтгэлгээ нь залуужиг гэж ерөөе.

-Баярлалаа танд урт удаан наслахыг хүсэн ерөөе.

А.Мөнхжин "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21 Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна 2024-04-21 Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top