/Axios/ Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай дахин хамтран ажиллаж байна. Тэрбээр АНУ-ын Батлан хамгаалах яамны “Меридиан” нэртэй шинэ төслийг Палмер Лаки, Ньют Гингрич нарын хамт даргалахаар болсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгджээ.
П.Лаки нь АНУ-ын Зэвсэгт хүчинд зориулсан технологи, системийг хөгжүүлдэг батлан хамгаалахын “Anduril” компанийг үүсгэн байгуулагч юм. Харин Н.Гингрич нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж байжээ.
Энэхүү санаачилгыг 120 хоногийн хугацаанд хэрэгжүүлнэ. Төслийн оролцогчид зэвсэглэл, цэргийн технологийн хөгжлийн ирээдүйтэй чиглэлүүдийг судалж, цаашид АНУ-ын Зэвсэгт хүчинд ямар боломж, чадавх шаардлагатай болохыг тодорхойлох ажээ.
П.Хегсетийн хэлснээр, уг төсөлд шинэ бодлогын баримт бичиг боловсруулахгүй байхаар тусгасан бөгөөд Пентагон цаашид эзэмшиж, хөгжүүлэх шаардлагатай ирээдүйтэй чиглэл, технологийг судлахад гол анхаарлаа хандуулна.
"Технологийн салбар, бизнесийн хүрээ, шинжлэх ухааны байгууллагууд болон үндэсний аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтнүүдийг уг ажилд оролцуулна. Төслийг АНУ-ын Батлан хамгаалах яамны Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан дэд сайд Эмил Майкл удирдана" гэж тэрбээр мэдээлжээ.
П.Хегсетийн онцолсноор, Пентагон цэргийн байгууллагаас гадуур ажилладаг мэргэжилтнүүдийн туршлагыг технологийн хөгжлийн хэтийн төлөвийг үнэлэхэд ашиглахыг зорьж байна.
Төслийн оролцогчид өнөөгийн мөргөлдөөнүүдийг төдийгүй мөн ойрын хэдэн арван жилд үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судална. Тухайлбал, АНУ ямар технологи, боломжийг одооноос хөгжүүлэх шаардлагатайг үнэлнэ гэж П.Лаки мэдэгджээ.
Дөрвөн сарын хугацаанд төсөл хэрэгжиж дууссаны дараа баг судалгааныхаа дүгнэлт болон ирээдүйтэй технологийг боловсруулах, турших, нэвтрүүлэхтэй холбоотой санал, зөвлөмжөө танилцуулах ёстой.
Ташрамд дурдахад, Пентагон АНУ-ын Зэвсэгт хүчин дэх генерал, адмирал болон холбогдох албан тушаалын 20 орчим хувийг цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.



