Украины гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах Төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтын өгөгдлийн санд бүртгэгдсэн Монгол Улсын иргэний мэдээллийг өнгөрөгч долоо хоногт манай улсад албан ёсоор ирүүлжээ.
Өгөгдлийн санд Пунцагийн Пүрэв-Очир гэх нэртэй мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Гадаад харилцааны яам болон Польш Улсад суугаа Элчин сайдын яамнаас шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Польш Улсад суугаа Элчин сайдын яам нь Украиныг хавсран хариуцдаг тул ийнхүү ажиллаж байна" гэжээ.
Энэ санд Украины армид олзлогдсон дэлхийн 51 улсын иргэний мэдээлэл байгаа бөгөөд 55 настай Пунцагийн Пүрэв-Очирын мэдээлэл энэ сарын 3-нд бүртгэгджээ. П.Пүрэв-Очир нь ОХУ-ын зэвсэгт хүчний 38-р мото буудлагын бригадын 21720 дугаар тасагт алба хааж байгаад Украины Запорожье мужийн нутаг дэвсгэрээс олзлогдож 2026 оны нэгдүгээр сараас хойш олзны цэргүүдийн хуаранд байрлаж байгаа гэсэн байна.




