Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
10 өдөр үргэлжлэх тус тэмцээнд 83 орны 758 шатарчин өрсөлдөх бөгөөд швейцар системээр 11 өрөг өрсөлдөж аваргуудаа тодруулна. Олон улсын шатрын холбооноос өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оноос бага /8, 10, 12/, ахлах нас /14, 16, 18/ тусад нь зохион байгуулдаг уламжлалтай болсон юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас ФИДЕ мастер Б.Буянхишиг, Э.Хүслэн, Э.Эмүжин, кандитат мастер З.Нарансолонго, Б.Энхнамуун, М.Урангоо, Г.Зэв, М.Санчир гэсэн найман шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.
Манай улсын хувьд өсвөрийн шатарчдын ДАШТ-ий ахлах насны ангилалд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тодруулбал, их мастер Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, 2011 онд их мастер А.Энхтуул хүрэл, 2017 онд их мастер Д.Батсүрэн алт, 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул алтан медаль хүртэж байжээ.
Ташрамд дурдахад, Олон улсын шатрын холбооноос Гүржийн нийслэл Батуми хотод 8, 10, 12 хүртэлх насныхны дэлхийн цомын тэмцээнийг шинэ форматаар анх удаа зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд 70 орны өсвөрийнхөн чуулсан бөгөөд манай улсаас Ц.Батсайханы удирдлагад тамирчид өрсөлдөж байгаа аж.



