Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг өнгөрсөн долоо хоногт Парагвай улсын Хернандариас хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар хурлаар дэлхийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэжээ.
Манай улсаас тус сүлжээнд бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо ийнхүү 13 болж өргөжиж байгааг БОУАӨЯ мэдээлэв.

Тост, Тосон бумбын нурууны БНГ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 896,540,37 га талбайг хамарч, Гурвантэс сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг эзлэн, Даланзадгад хотоос баруун тийш 360 км зайд байрладаг. Хойд талаараа Говь гурван сайхан БЦГ, баруун талаараа Говийн их ДЦГ-тай хиллэн оршдог тул эдгээр газрын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн коридор бүс төдийгүй Монгол орны говь, цөлийн бүсийн биологийн олон янз, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах ач холбогдолтой нутаг юм.

Тус газар нь хадархаг уулс, хуурай сайр, баян бүрд, булаг шанд бүхий өвөрмөц ландшафттай бөгөөд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин болдог. Иймд ховордсон зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахын тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-аас 2012 онд тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, улмаар УИХ-ын 2016 оны тогтоолоор БНГ-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Энд цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад амьдрахаас гадна хавтгай тэмээ, мазаалай баавгай нүүдэллэж байдаг. Говийн ховор ургамал заг сухай өргөн тархсанаас гадна олон төрлийн ховор эмийн ургамал ургадаг. Тост, Тосонбумбын нуруу нь Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийг хамгаалах бүс нутгийн нэг учир урт хугацааны судалгаа, мониторингийн чухал талбар болж байна.

ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг. Хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх хүчин чармайлтыг ЮНЕСКО-гоос дэмжих, нэмэлт эх үүсвэрийн боломж нэмэгдэнэ. Мөн бүс нутаг, дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн, зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамрагдан, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, боловсон хүчний чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм.







