Португалын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг тодруулахын тулд хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болжээ. Учир нь, Социалист намаас нэр дэвшигч Антониу Жозе Сегуру эхний шатны санал хураалтанд 31 хувийн санал, түүний өрсөлдөгч, барууны популист Chega намын дарга Андре Вентура 23,5 хувийн санал авсан байна.
Ийнхүү 1986 оноос хойш анх удаагаа нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас дараагийн санал хураалтыг хоёрдугаар сарын 8-нд явуулахаар товложээ.
Удахгүй сонгогдох Португалын Ерөнхийлөгч өдийг хүртэл сунжирсаар буй улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд ажиллах шаардлагатай болж байна. Сүүлийн гурван жилд гурван удаа парламентын сонгууль болжээ.
Португалын Ерөнхийлөгч бэлгэ тэмдгийн шинжтэй үүрэг гүйцэтгэдэг боловч чамгүй эрхийг эдэлдэг. Тухайлбал, парламентын баталсан хуульд хориг тавих, онцгой тохиолдолд парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах гэх мэт.
Сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгын дүнг үзвэл, барууны популист Андре Вентура ялах магадлал өндөр байжээ. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр голчлон цагаачлалын асуудлыг хөндөж байсан нь Португалын хувьд урьд өмнө нь ажиглагдаж байгаагүй үзэгдэл юм. Байгуулагдаад дөнгөж зургаан жил болж буй Вентурагийн нам парламентад эзэлдэг суудлынхаа тоогоор хоёр дахь том улс төрийн хүчин болжээ.
Өнөө үед цагаачлал бус харин орон сууцны зах зээлийн хямрал, үнийн өсөлт нь португалчуудын санааг илүүтэй зовоож байна. Социалист намаас өрсөлдөж буй А.Ж.Сегуру мэдэгдэхдээ “хэт туйлшралыг ялж чадах цорын ганц нэр дэвшигч бол би” гээд ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг бүх португалчуудыг өөрийнх төлөө саналаа өгөхийг уриалжээ.
Эх сурвалж: DW



