Оросын боксчин Артур Бетербиев энэ сарын 13-нд нутаг нэгт Д.Биволыг шүүгчдийн шийдвэрээр ялж, хагас хүнд жингийн (79.4 кг хүртэл) дэлхийн үнэмлэхүй аварга болсон билээ.
Тэр энэ тэмцээнээр WBC, IBF болон WBO-гийн аварга цолоо хамгаалж, Биволын эзэмшиж байсан WBA-гийн аваргын бүсийг авсан юм. Тулааныг шүүгчдийн нэг нь боксчдыг 114:114-өөр тэнцүүлсэн бол хоёр шүүгч 115:113, 116:112-оор А.Бетербиевт ялалтыг өгчээ.
Тулааны дараа Биволын багийнхан шүүлтэд сэтгэл дундуур үлдсэн бөгөөд Дмитрий Бивол нутаг нэгт Артур Бетербиевтэй ойрын үед дахин тулаан хийх хүсэлт гаргажээ.
Хүсэлтийг Дэлхийн боксын зөвлөл (WBC), Олон улсын боксын холбоо (IBF), Дэлхийн боксын байгууллага (WBO) болон Дэлхийн боксын холбоонд (WBA) хүргүүлсэн байна.