x

Пап ба Гэр

Бидний хэлж заншснаар “Ромын пап” хэмээх эрхэм дээдэс Монголд морилоод, мордлоо. “Ватиканы тэргүүн, Ромын паап” гэхлэнгийн ерөнхийгөөр нэрлэж байснаа, сая гэнэт айлчлахад нь улс орон ба алба хэргэмийг яруу тунгалаг бөгөөд утга төгөлдөр орчуулах гээд “Гэгээн ширээт улсын тэргүүн” болгосон нь жаахан ойлгомж муутай болов. Уг нь “гэгээн”, “ширээт”, “улсын тэргүүн” гээд хамаг л эрхэм гоё үгсээ найруулсан боловч жаахан дулимаг талдаа үлдэв. 

       Бараг мянганы тэртээгээс харилцаж, захидал бичиг илгээлцэж явсан орон, газрынхаа нэрийг оновчтой товлоогүй байж таарлаа. Нөгөө, тундрын бүсийн зарим үндэстний хэлэнд цасыг хорь, гучин янзаар нэрлэвч ерөнхийдээ цасыг заах үг байдаггүй гэдэг шиг. Гэвч энэхүү “ялихгүй” асуудал айлчлалын сүр хүчинд дарагдан үлдэв. Угаасаа ч, болж байгаа үйл явдлын хажууд энэ нь гурав, дөрөв байтугай, долоо наймаас ч хойгуур эрэмблэх асуудал. Аяандаа тэгээд болох биз ээ, Ватиканы ариун сэнтийн эзэн, эрхэм дээдэс Папын нэр усны асуудал.

   Дашрамд дурьдахад, өрнөдийн ертөнцөд эрх ямбыг титэмтэй холбодог бол манай чигийнхэн ширээ, сэнтий суудалтай уялдуулдаг уламжлалтай. Нэг нь тэнгэр бурхнаас ивээгдснийг голлодог, нөгөө нь хүн ардаасаа өргөгдснийг чухалчилдаг ч юм уу гэмээр.

      Эрхэм дээдсийн хэлсэн үг бүрийн цаана Монголын тусгаар тогтнол, ардчиллыг бахадсан утга, санаа бүрийн ард бидний үнэт зүйлсийн дэмжих илэрхийлэл шингээстэй. Хиллэх гэдэг нутаг залгахын төдий бус, хөрш байх нь хаяа нийлэхийн хэрийн юм биш. Мөнх тэнгэрт ивээгдсэн Монгол үндэстний ариун хүсэл бүрийн ард өрнөдийн ардчилал, соёл иргэншил нөмөр халх болон зогсож байна хэмээн түвэггүй ойлгогдож байлаа. Бидний ариун хүсэл бол эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал билээ.

    Шашин бол угаасаа бэлгэдэл дүүрэн илэрхийлэлтэй. Эрхэм дээдсийн хэлсэн үг, татсан жишээ нь бэлгэдлээр дүүрэн. Эрхэм дээдэс Пап бээр Монгол гэрийг онцгойлон магтсан нь биднийг машид баясгав. Мөнх хөх тэнгэр тооноор нь цэлийсэн дотроо байгаа бүх хүний оршихуйг дархалсан Монгол гэр бол гайхамшиг гэхчлэнгээр зүйрлэлээ.

  Эрхэм дээдэс бээр Монголчуудад хандахдаа юуны учир гэрийг онцлов. 

    Гэр хэмээх Монгол үг "Орон гэр", "Айл гэр", "Улс гэр" гэхчлэн утга нь өргөжөөд явдаг хэллэг. Монголчууд хар багаасаа эрх чөлөө, толгой даасан амьдралд дурлан тэмүүлдэг. Иргэншин хотшсон туршлага бага тул эрх чөлөөний оронд эрх дураараа байдлыг машид эрхэмлэнэ. Одоо ч эрх чөлөөтэй амьдрахыг эрх дураараа явахтай хольж хутгасаар л яваа. Эрх чөлөө бол үүрэг хариуцлага ба чөлөөт байдлын зохистой цогцлол. Харин эрх дураараа амьдрал бол үүрэг хариуцлагаас бараг чөлөөтэй эд дээ. 

     Монгол гэр бол юун түрүүн эрх чөлөөт байдал ба эрх дураараа амьдрах эрмэлзэлтэй нь холбогдоно. Хүүхэд багачууд нь "Айл гэр" болж толгой даахыг бэлгэдэн тоглодог. Газар, газрын хүүхдүүд багш, эмч.. гэхчлэн бие хүн болж төлөвших, нийгмийн гишүүний хувьд үүрэг хүлээхээ бэлгэдэн нааддаг бол Монгол багачууд "өөрийн гэрээ барьж, бие даах"-ыг эрмэлзэнэ. Айл гэр болж тоглохын учир энэ мэт. 

   Юуны өмнө Монголчууд эрх чөлөөнд дуртай ард түмэн, та бүхний эрх чөлөөний замыг сонгож, дурлан тэмүүлэхийг бидний таалан баясч байна гэдгээ тэр илэрхийллээ.

   Монголчууд хайрлан дурлахын цагтаа "Өөрийн гэрээ бариач дээ, Өрхний чинь оосрыг татъя даа" хэмээн дуулах бөлгөө. Гэр бол гал голомт, тусгаар тогтнолын бэлгэдэл. Ватиканы тэргүүн Монголын тусгаар тогтнолыг бахдахын зэрэгцээ, түүнийгээ хамгаалах ариун үйлст тань манай ертөнц туслана гэж илэрхийлж байна.

Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо гэртэйгээ холбож "Улс гэрээ өөд татах", "туурга (гэрийн) тусгаар улс болох", "гэрээ засаад төрөө зас" гэхчлэн зүйрлэж ярьдаг. 

Бидний энэ онцлогийг гадныхан соргог анзаардаг юм билээ.

Эртүүд, Үндэсний баярынхаа цайллага дээр АНУ-ын Элчин сайд Р.Буанган гуай Д.Пүрэвдоржийн 

"Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа агаар дээр,

Өөрийн толгой мэдэлтэй алхаж яваа газар дээр.

Тусгаар тогтнол чамайг тунхаглан би бичнэ" гэдгээс шүлгээс ишилж байна билээ.

    Энэ нь утгаараа эрхэм дээдэс Пап байн байн бахдан ярьж байсан "МОНГОЛ ГЭР" бол бидний туурга тусгаар байдал, ардчилал, улс гэрээ өөрөө жолоодож байгааг дэмжсэн утга шүү.

Аа тийм, бас авилгатайгаа тэмцэхгүй бол энэ бүхэн чинь замхрана шүү гэдгийг ч хэлээд авна билээ.

   Монгол бол хүний түүхэнд нэрээ үлдээсэн Их гүрний гал голомт, туурга тусгаар "улс гэр" байх бүрэн эрхтэй, байх ч ёстой үндэстэн гэж л дахин дахин илэрхийлж байна.

   Далай багш хэдийгээр Буддын шашны доторхи Шарын буюу Зонховын шашны удирдагч боловч хүн төрөлхтөн түүнийг Бурханы шашны төлөөлөл хэмээн хардаг. Христосын шашны Католикуудын их Богд болсон Папыг бид Загалмайн шашны гол төлөөлөл хэмээн боддог. ХХ зууны дунд үеэс “Папа Римский.. .” гэдэг орос хэллэгийг “Римийн Далай лам” гэхчлэн орчуулж байсан гэдэг нь түүний зэрэг зиндааг илэрхийлэх оролдлого гэлтэй. Энэ утгаараа Чингис хааны хээр тал, Монголын эзэнт гүрний голомтод Загалмайтны эрхэм дээд Богд ийнхүү залрав. 

  Айлчлалын үеэр олон шашны төлөөлөл уулзаж, тус тусын номлолд олон шашинтан хэрхэн эв найртай оршихуйг сургасан байдгийг ишлэн ярилаа. Тэнд хэлж байгаагаар бол шашин болгон л бусдыгаа хүлээн зөвшөөрч, хайрлэн энэрэхийг сургасан ажээ. Харин үзэн ядалт, үл хүлцлийг хүмүүс л хожим нэмсэн ажгуу. Шашин хүнийг муухай болгодог уу, эсвэл хүмүүс шашныг муухай болгодог уу? Хариулах хэрэггүй гэж бодож байна.

   Бурханы шашинтны номоор бол, орчлонгийн буюу сансрын хүрдэнд тоолшгүй цагийн тэртээгээс эргэлдэж, тоймгүй олонтөрөл авахдаа бид бүгд хоорондоо эх үрийн холбоотой болдог аж. Хамаг амьтан төрөл садны байтугаа, эх үрийн нандин холбоосоор уягджээ. Иймээс, бие биенээ “эх нь ганц үрээ хайрлах мэт , ангир уургаа шимүүлж өсгөсөн ээжийгээ үр нь ачлах адил” энэрэх учиртай аж. “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд...” хэмээх хэллэг ийм учиртай. Төрөл авсан бүхэн чиний ээж, чиний үр байсныг санаж тэр цагийн нандин хайраа хамаг амьтанд зориулах учиртайг Буддизм сануулдаг. 

   Энэ номлолоор бол Пап Франциск бид нар тоолшгүй цагийн аль нэгэн хэлхээнд эх, үр болж явсан болж таарна. Цаашлаад Байден ерөнхийлөгч, Ши дарга хоёроос эхлээд, тэр байтугаа Зеленский,Путин хоёр ч эх үр байсан байх гээд байгаа юм. Энэ утгаараа, дайсагнал үзэн ядалт зэрэг нь ямар мунхаг үйл болох нь харагдана. Яг ийм гээд батлах аргагүй л дээ. Гэхдээ, Бурханы шашинтны хайр энэрлийн логик иймэрхүү. 

    Мөн Буддистууд өөр шашинтны тус дэм, хамтын ажиллагаанаас цэрвэдэггүй. Хэн нэгэн чамд тус болж, дэмжиж бас өсөрхөж байгаа нь түүний шүтлэг шашнаас бус харин урьд өмнөөс улбаатай сайн ба муу үйлийн үр боловсорсноос шалтгаантай хэмээн номлодог. Үүссэн асуудлыг учрыг бусдын итгэл үнэмшлээс бус харин хэрэг явдал хэрхэн үрсэлж, төлжсөн шалтгаанаас хайхыг сургадаг билээ. Гэхдээ, “хаашдаа үйлийн үр юм чинь, яалтай” гээд орхихийн тухайд бус, харин ч явдал үйлээ хянан засаж, сайны үрийг суулган маргаашийн амгалан жаргаланг дархлахыг уриалдаг.

Бурханы шашинтнуудын “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай. Хамаг амьтан зовлон үгүй жаргалан лугаа хэзээд үл хагацах болтугай. Хамаг амьтан хол ойр тачаах, өслөх аль алинаас ангид тэгш сэтгэлээр орших болтугай” хэмээх өдөр тутмын ерөөл, залбиралд Буддист, Загалмайтан, Ислам болоод бусад шүтлэгт бүх хүмүүн, бас сайн, муу заяаны амьд бүхэн багтдаг бөлгөө. (Сайн муу заяа гэдэг нь арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгийн ялгаа бус харин зовлон, шаналалд унасан, эс унасны тухай болохыг та юу эс андах билээ)

Монголчууд хийгээд хамаг улс үндэстний орон гэр ариун, гэр орон жаргалтай, улс гэр нь түвшин амгалан болтугай!

Б.Цэнддоо /2023.09.05/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 5 цаг 27 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 5 цаг 38 мин Луврын музей хаалттай хэвээр байна 5 цаг 43 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 1 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 6 цаг 4 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 6 цаг 4 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 6 цаг 5 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 6 цаг 6 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 6 цаг 7 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 6 цаг 10 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 6 цаг 27 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 29 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 6 цаг 29 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 6 цаг 31 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 6 цаг 31 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 6 цаг 33 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 6 цаг 34 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 6 цаг 35 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 6 цаг 36 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top