x

Даатгал минь аминд орох цаг ирлээ

Улаанбаатар хотод энэ сарын 5-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эх орчим үерт автаж дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдэж, олон арван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдэв. Үерийн усанд 97 айлын хашаа байшин, гэр, 100 гаруй автомашин өртсөн болохыг Хотын захиргаа мэдээлээд байгаа. Албаны зүгээс зам талбайг засч янзлах, тасарсан тог цахилгааныг холбох, орон гэргүй болсон иргэдийг тусгай байранд байршуулж, хохирсон иргэдэд олон нийт эрвийх дэрвийхээрээ тусалцгааж байна.

Үе усны гамшиг гэдэг ямар аюултай зүйл гэдгийг энэ үерээс Монгол даяараа харж, шимширлээ. Энэ аюулт үзэгдлээс олон сургамжийг Хотын удирдлагууд хийгээд иргэд авч байгаагийн нэг бол даатгалын үйлчилгээ гэдгийг ойлгоцгоож байна. Гэнэтийн аваар осол, өвчин эмгэг, гамшигт үзэгдэл зэрэг хүнд учирч болох гэнэтийн эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бол даатгал. Санхүүгийн зах зээлд эн тэнцүү хөгжиж байх ёстой гол гурван салбар банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэдэг. Гэвч манайд хамгийн хөгжилгүй нь даатгалын салбар гэдгийг эдийн засагчид халаглан ярьдаг. Яг л үүний баталгаа энэ аюулт үер усны гамшгийн дараах нөхцөл байдал харууллаа.

Үерийн улмаас гэр орон, авто машингүй болсон иргэд хохирлоо хэрхэн нөхөн төлүүлэх талаар хуульч Э.Энхцэцэг “Аж ахуйн нэгжүүд, хувь иргэн эд зүйлсээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан бол гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой. Даатгуулаагүй бол ямар нэгэн нөхөн төлбөр авах боломжгүй. Төрийн хамгаалалтад байдаг эд зүйл үерт автсан бол эрсдэлийн үнэлгээг нь гаргаад Эрсдэлийн сангаас санхүүжилт гаргаж засах зохицуулалт бий. Харин хувь иргэн, аж ахуйн нэгжийн үерт автсан хөрөнгөд нөхөн олговор өгөх зохицуулалт байхгүй” хэмээн тайлбарлаж буй.

Гадны улс орнуудад даатгалын салбар янзтай хөгжсөнийг бид кинон дээрээс хардаг. Бүр эд эрхтнээ тус бүрээр нь даатгуулчихдаг гээд бодохоор олон зүйл тайлбарлах шаардлагагүй. Хүн гэдэг амьтанд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Манайд бол ах дүү, эргэн тойрны хүмүүсээсээ гуйж түүн, өөрсдийгөө болон бусдыг давхар эдийн засгийн хямралд оруулдаг. Харин гадныхан бол даатгал л хамгийн бодит дэмжлэг гэдэг зарчмыг яс баримталдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2022 оны дөрөвдүгээр улирлын тоон мэдээллээс харахад даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох даатгалын нийт хураамжийн орлого олон улсад монгол төгрөгөөр 3.1 сая байдаг бол манай улсад 87 мянган төгрөг л байна. Энэ бол ирээдүйд учирч болох эрсдэлээ монголчууд бид яаж үнэлдгийг харуулах тоо. Хэдий тийм ч сайн дурын даатгал хийлгэдэг иргэд бүр байхгүй гэсэн үг биш. Жил ирэх тусам даатгуулагчдын тоо бага хувиар боловч өсч буйг Санхүүгийн зохицуулах хороо тайландаа онцолсон байв. Манай улсад 20 орчим даатгалын компани олон төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Тэдгээрээс иргэд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээг 2021 онд 126.389 байгуулж байсан бол 2022 онд 195.174-ийг байгуулжээ. Хөрөнгийн даатгалын гэрээг 2021 онд 144.283 хүн байгуулсан бол өнгөрсөн онд 161.063 болж нэмэгджээ. Авто тээврийн хэрэгслийн даатгал 80.786-гаас 96.069 болж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 690.589-өөс 735.854 болж өсчээ.

Хэзээ ч хэрэг болох юм гэж итгэлгүй, тоомжиргүй ханддаг монголчууд бидэнд одоо л даатгалын ид шид гарч, аминд орж байна шүү дээ. Даатгалын компаниуд үерт өртсөн харилцагчдадаа нөхөн төлбөр хэдийнэ олгож эхлээд байна. Гэхдээ даатгалууд дотроо олон төрөл. Энэ удаагийн үерийн дараах хохирол дээр нэг эндүүрэл гарч буй нь авто машины даатгал болоод байна. 100 орчим автомашин үерт өртсөн. Хохирогчид авто машины даатгал хийлгэчихсэн юм чинь нөхөн төлбөр авах боломжтой гэж ойлгон, даатгалын компаниуд руу холбогдож эхэлжээ. Энэ нь үнэндээ авто машин оношилгоонд ороход даатгуулахыг шаарддаг, замын цагдаагийн шалгадаг албан журмын даатгал. Энэ бол замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч осол аваар гарган бусдад учруулсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх зориулалттай л даатгал юм. Харин гал усны аюул зэрэгт эд хөрөнгө нь өртөх эрсдэлийг тооцоолж даатгуулдаг нь сайн дурын даатгал.

Стастистикийн үндэсний хорооноос гаргасан 2022 онд 1.2 сая авто машин улсад бүртгэлтэй гэж тоологджээ. Сайн дурын даатгалыг жолооч нар 2022 онд 96069 хийлгэсэн нь нийт авто машины найман хувийг эзэлж байна. Жолооч нар голдуу авто машинаа банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан тохиолдолд албан шаардлагаар сайн дурын даатгалд хамруулдаг явдал дийлэнх хувийг эзэлж байгааг Албан журмын даатгуулагчдын холбоо дуулгав.

Түүнээс гадна хөрөнгийн даатгал буюу хашаа байшин, гэр орноо даатгадаг явдал бас л хангалтгүй. Хүн ам, орон сууцны бүртгэлээр 2022 онд Монгол Улсад 342.409 гэр, 546.979 байшин орон сууцны бүртгэгджээ. Эдгээрээс 161.063-т нь л даатгал хийгдсэн гэсэн үг. Бас л чамлалттай үзүүлэлт. Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Сүүлийн хоёр удаагийн үерт эд хөрөнгө нь хохирсон даатгуулагчдын нэхэмжилсэн хохирлын хэмжээ гурван тэрбум гаруй төгрөгт хүрч байна. Эдгээр хохирлын дийлэнх хэсгийг аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирол эзэлж байгаа юм. Иргэдийн хувьд даатгагдсан хохирлын хэмжээ бага байгаа бөгөөд ихэвчлэн тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой хохирлуудыг нэхэмжилж байна. Даатгалын компаниудын хувьд үерт хохирсон иргэдийн тээврийн хэрэгслийн даатгал нь үерийн уснаас үүдсэн хохирлоо даатгалын гэрээндээ тусгаж даатгуулсан бол нэг сая төгрөгийн хохирлыг нэн тэргүүнд урьдчилан өгч, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн шуурхай олгохоор ажиллаж байна. Иргэд болон хуулийн этгээдийн хувьд өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулах нь энэ мэт томоохон хохирол үүсэхэд аливаа санхүүгийн хүндрэлгүй даван туулах боломжийг олгодгоороо онцлогтой. Цаашид үер усны аюул давтагдах эрсдэлтэй тул иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хамгаалах, шаардлагагүй бол бороо хур ихтэй үед аян замд гарахгүй байх, үерийн усанд эд хөрөнгийн хохирол үүсгэхгүйн тулд зөөвөрлөн шилжүүлэх, үр хүүхэд өндөр настнаа харж хамгаалах хүнгүй орхихгүй байх, хөрсний болон агаарын бохирдол үүсч гэдэсний халдварт өвчин ихсэх эрсдэл байгаа тул цэвэр ус хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, маск зүүх зэргээр үерийн дараах эрсдэлээс зайлсхийхийг зөвлөж байна” хэмээсэн. Тээврийн хэрэгслийн даатгалтай иргэд үерт машинаа алдсан бол ингээд л нөхөн төлбөрөө авчихаж байна шүү дээ.

Авто тээвэр, хөрөнгийн даатгалаас гадна эрүүл мэндийн даатгалыг хийлгэж хэвшвэл бүр ч илүү хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын өнгө төрх, монголчуудын гэнэтийн аваар осол, өвчлөл, нас баралт ямар түвшинд байгаа билээ. Урьдчилан сэргийлэлт эрүүл мэндэд чухал байдагтай эн дүйцэхүйц алхам бол эрүүл мэндийн даатгал гэж үздэг юм билээ.

Өнөөдрийн Монголд эрүүл мэнд, эд хөрөнгөдөө багахан төсөв зарцуулаад гадныхан шиг даатгуулаад хэвшчихвэл амьдралын чанар, насжилтад дориухан хувь нэмэр өгчихнө дөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Өчигдөр 10 цаг 00 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top