x

Үндсэн хууль агтлагч шигшмэл гавлууд

3,4 сая хүн амаас бүх сонгогч шилсэн гишүүдийг 76 гоц гавал гэе. 76 гоц-оюунаа шавхаж шавхаж хулгайчдаасаа салах лут арга олсноо сүрхий сурталчлав. Хулгайч нартаа дийлдсэн төр засаг хяналтаа бус гишүүдийнхээ тоог ярьж цэцэрхээд эхэлсэн нь уснаас хуурай гарч, хууль үйлчилдэггүй дархан эрхээ хадгалах гэж гүрийж буй нь тэр. Шинжлэх ухаанч гэх гаргалгаа нь 76 гишүүн 152 болсноор ачаа нь хөнгөрсөн гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр байгуулж хорхой гозогнуулсан сангуудаас суйлахаа болиод, банкны зээл унжихаа зогсоож, нүүрсний хулгайгаа ч цэглэх аж. 76-гийн хулгай-шуналдаа бус тоондоо бугласныг МАН олоод харчхаж. Оношоо зөв тогтоосон тул цааш бүх юм гялс сайхан болох гэнэ. Хуцдаг пи-ар шүү.

МАН дүнхүү олноо хөөрхөн дөнгөдөг-зуун дамнасан туршлагатай. 76-г 126 болгох тулгалтыг дорой олон хүлцэх янзтай. Монголчууд дөнгүүлдгээ ухаарах эсэх-бүрхэг. Бүрхгээр ч үл барам, монголчууд дөнгүүлдгээ ерөөс ухаарахгүй амьтад юм биш үү. Хөндүүр сэдэв энэ л болоод байна. Мэдрэмж овсгоогүй дүйнгэ амьтад-заль мэхтэний хоол болдог. Аав ээжээс хайрласан оюуны нөөц бидэнд уг нь бий. Ухаараач нэгдээч. Өөдгүй хүмүүсийн тоглоом бүү бол. Удам судраараа бахархаж омогшоод, хар элэгтний бөгс долоолгүй, монгол оюун ухаанаараа арсалдан тэмцэлд. Яг л барилдаж байгаа шигээ. Амьдрал угаас өрсөлдөөн юм чинь.

Гишүүдийн ачаа хэтэрч даагдахаа больсноос эрх баригчдын хулгай гаарч, том төслүүд гацсан гэж арай шууд хэлсэнгүй. Гэхдээ тийм далд ухуулга үнэртэв. Гишүүдийн ачаа гэж нүдэнд үзэгдэх юу байдаг билээ? Багш эмч сувилагчид хэтэрсэн ачаандаа түүртэж буй нь ил харагддаг. 20 мянган сонгогч үүрээд хөгжил өөд мацагч түшээ, хүн ам өсөөд, 40 мянган сонгогчоо даахгүй сөхөрчээ. Хөгжих хурдаа нэмэх гэж тархиа ширгэтэл чөмгөө дундартал чармайдаг гишүүндээ сонгогч би лай бус дэм болохыг хэрдээ хичээдэг. Гэтэл сонгогч би эрхэм гишүүнийхээ нуруун дээр залардаг Богд болж таарлаа. 

Хэт олон сонгогчдын төлөөлөл-ачаа нь хүнддэж зүдэрсэн гишүүнээ би гамнадаггүй төгцөг аж. Ер нь эрхэм гишүүн, сонгогч намайг юугаар гялайлгах үүрэгтэй юм бэ? Намайг төрд 30 жил хэрхэн төлөөлснийг санадаггүй шүү зөнөг чинь. Гишүүнээсээ хоол эм гуйх учиргүйг сонгогч би мэднэ. Тэтгэврийг маань миний төлөөлөл өөрөөсөө хайрлаагүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс ч хумслаагүй, би насан турш суутгуулсан шимтгэлээсээ цувуулан хүртдэг. 

УИХ оновчтой хууль зохиож, гаргасан хуулиудаа хэрэгжүүлж, Засгийн газраа хянаснаар төлөвлөснөө зуун хувь биелүүлж, авилгачдаас хохирлоо тоо ёсоор төлүүлээсэй гэж Төрдөө би залбирдаг. Би ийм л гуйлттай сонгогч. Тэгтэл сонгогч би гишүүний үүрч явдаг бул хар чулуу болоод явчхав. Харин надад эмч, сувилагч, багшаас гуйдаг юм бишгүй. Тэдэнд дарамт болж ачааг нь хүндрүүлдэг минь үнэн. Тэдний хэр чадлаас хэтийдсэн ачааг хөнгөлж, амь зуулгад нь хүрэлцэхүйц цалин олгооч гэж бичдэг. Ач зээгээр ирээдүй цэнэглэгддэг учраас залгамж үеэ дэлхийд гологдохооргүй хүмүүс болгох лут үүрэгтэй багшийг, амь нас даадаг эмч сувилагчтай зэрэгцүүлэв.

Ю.Цэдэнбалын үед улс төрийн товчоог хулгайчид гэвэл цөлөгдөхгүй, буудуулна. Өдгөө цөлөгдөх эрсдэл, буудуулах аюулаа таг мартаад, төрийн түшээдээ 76-н хуллгайч гэхэд хирдхийх иргэнгүй болсноор барахгүй 76 хулгайч гэж орилолдсоноо эх оронч үзэл гэж онгирно. Хулгайчдыг хулгайчид гэх-яаж ч бодсон ардчилал. Харин хулгай нь нотлогдсон томчуудаа шийтгэхгүй ял завшуулах-яав ч ардчилал биш. Ждү, хөгжлийн банк, нүүрс, боловсролын зээлд гар дүрээгүй гишүүн, сайд байна уу? 

Хулгай нь илэрч шившгээ дуудуулсан-халдашгүй байдлын дархан эрхтэний нэрсийг хичнээн ч давтаад тоохгүй. АТГ цагдаа прокурор шүүхийн удирдлагыг ерөнхийлөгч, УИХ, ЗГ томилдог тул тэд халагдахаас айгаад төр засгийн өндөрлөгөөс татаастай хулгайчдаа хаацайлдаг. Тэмцэх сортоогүй үхмэл масс-авилга хулгай луйвар цэцэглэх шимт хөрс болдог. Үхээнцүүд сонголт, татвар, боломж, итгэл, үнэт зүйлсээ хуссан хулгайчдаа өөгшүүлнэ. Тэд мэдэх, хэлэх, тэмцэх эрхтэй болсон биз дээ. Яаж ч доромжлуулсан мэдрэхгүй-уур барна. Өмөөрвөл мэхлэгч төр засгаа хамгаалаад өр өшиглөнө.

Давхар дээлгүй сайд нарын зангараг дутаж зулдардсаныг “монгол шинжлэх ухаан”-аар МАН гярхай мэдэрч соргог нотлоод, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөсөө даруй няцаж, 10 хувийн Ц.Даваасүрэн г.м. аварга зангаргуудыг гишүүн-сайдын давхар эрх дархаар хуяглав. Ц.Даваасүрэн 191 мянган долларын зээл авч охиноо АНУ-д суралцуулаад “Зээлээ төлөхгүй, амжиргааны зардлаа ч өгөх ёсгүй” гэж 7 жил зангаргаараа бярджээ. 

Өвгөн зохиолчид ойлгомжгүй “зангараг” гэх үг ийм шидтэй юмсанж. Гишүүн-сайдын давхар титэмтэй ланжгар зангаргууд нүдэнд үзэгдэж гарт баригдах овойж оцойсон юу бүтээв. Ашиглалтад орсон эрчим хүчний эх үүсвэр нэг ч үгүй. Өргөн төмөр зам тавьсан ч хил хүрэлгүй мөхсөн тул нүүрс зөөсөн авто-жингийн говь алдалсан урт цуваа гацсаар. Нүүрс хүдэр зэсийн баяжмалаа төмөр замаар хил давуулъя гэвэл терминал барих 3-4 жилийн ажил ундарч мөнгө урсана. Мухар төмөр зам бол Путины геополитик, Монголоо хорлогч Х.Баттулгын гай гэдгийг мэдэхгүй ярихгүй хүнгүй болжээ. 

Давхар дээлтний супер засгийн газар биелээгүй амлалтаа ковид, Украйны дайнаар цайруулсан шигээ маадайвч, давхар дээлтний хулгайг үл тэвчигч залуус жагсаад нэг л биш. Танхимынхаа хэн нэгний хулгайг сөхвөл нөгөөдөх нь бүгдийн хулгайг зарлаж орвонгоор нь хөнтрөх гээд байдаг. Яах вэ? Гоц гавлууд гайхамшгийг сэтгэх буй зээ.

Жич. 3,4 саяын шилмэл гавлууд сэтгэх гэж ална. 76 гишүүнийг 126 болгоод төр засагт үүрлэсэн хулгайг устгах гэнэ. Хулгайч гишүүдийг хазаарлах дээд танхим, эргүүлэн татах тухай дурсахгүйг хичээж харагдана. Гишүүн сайдын өндөр албыг давхар хашихыг “давхар дээл” гэсэн нь цитат болсон. Дээл давхарлаж өмсвөл хууль нэвтрэхгүй, эрх мэдэл ашиг орлого хоёр давхарлах-уран сэтгэмж. 76 гишүүнийг ямаатай зүйрлэсэн. Оноогүй энэ адилтгал цэцэн үг болоод тархсан нь монголчуудын хэмжээ. Гишүүн ямаа хоёр юугаараа төстэй гэж? Ямаа хулгай хийхгүй. Гишүүд хулгай хийнэ. Ямаа үр төл, сүү, ноолуур, эцэст нь амь, арьс, махаа өртөггүй хайрлаад баяртай гэж бархираад сонгуульт хугацаагаа нэр төртэй дуусгана. Ямааг хулгайч гишүүдтэй адилтгаж буянт малаа бүү доромжил. Малын заяа гомдоно. Гишүүд ямаа биш хэмжээгүй эрхт хаад. Монголчууд сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ эргүүлэн татах эрхгүй. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар олны хяналт устсан. Гишүүдийг сонгогчдын хяналтад өгч эргүүлэн татдаг хууль үйлчилснээр даварсан хулгайг хазаарлана. Энэ сайхан боломжийг монголчууд ашигладаггүй. Жагсаж өлсөх өгөөжгүйг ойлгох сургалтын хугацаа ХХ зуунд дууссан.

Бүх монголчуудаас шилэгдсэн сор-гавлууд бол гишүүд гэж дээр бичсэн. Тэдний үг-миний ойлгодоггүй зангарагтай юм гэнэ. Жишээ нь олон удаагийн гишүүн, №-1 хуульч Ц.Нямдорж “Баасанхүү чи намайг бууж өгөхийг үзэхгүй. Би бууж өгвөл Төр бууж өгсөн болно, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Чам шиг нь байтугай чамаас бусдад нь бууж өгч үзээгүй” гэж байв даа. Зангарагдаж буй нь энэ гэсэн. Гишүүн асан Б.Батзориг “Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй. Баянзүрх хайрхан банхар нохой савдагтай. Банхар хөшөө босгосноос хойш тус дүүрэгт хүүхдийн эндэгдэл эрс буурч, гэмт хэрэг огцом багассан” гэх цитатаараа алдаршсан ждүч. Хотын дарга асан Су.Батболд “Даншиг гэх шашны үгийг фестиваль болгоно” гэж коммунист соёлоороо гайхуулав. Манай мэргэн сонгогчид тунгааж тунгааж шилсэн 76 гоц гавлуудын ийм яриа чих цохих цөөнгүй. УИХ-ын тархи бишрэгдэх, шүтэгдэх учиртай гэх үүднээс үүнийг дурсав.

Тогтолцоо системийн хоцрогдлоос шалтгаалаад хөгжсөнгүй гэхээс, өөрсдийн муугаас болоод ядуурлаа гэх гавал тааралдсангүй. Зөв тогтолцоо систем дэлхийд бишгүй л байж таарна. Харин түүнийг хэрэглээд үр шимийг хүртэх боловсрол ёс зүй маниуст бий юү. Тогтолцоо системээ сайжруулбал авилга хулгай луйвар арилна гэх хоосон үгээр аргацааж, идэх уух хугацаагаа сунгах явуулга бөхс рүү шордсоор. Хулгайг хуулиас өөр юу ч хазаарлахгүй. Даяаршлын ачаар гоё гоё онол, үнэн үгээр захын улстөрч шүршиж сурчээ. Гэвч халдашгүй байдлын дархан эрхтэй инээх дүр нь нүүрэндээ идэх шунал нь цээжиндээ-бэртэгчин гишүүд эргүүлэн татах хууль гараагүй цагт хулгайгаа болино гэж горьдсоны гарз. 

Шүүх прокурор АТГ-ын удирдлагын томилгоог мажоритараар сонгосон бүх ард түмний төлөөлөл АИХ-ын дээд танхимд өгч, төр засгийн ноёлох оргилд ассан дархан хулгайчдыг дээд танхимын хяналтад базуулбал хулгай луйвраар оодрогчдын хулхи унжина. Бас сонгогчдын (гуравны хоёрын ч юм уу) шаардлагаар гишүүнийг эргүүлэн татаад, урьдахь сонгуульд саналын тоогоор аман хүзүүдсэн нэр дэвшигчийг гишүүнд өргөмжилдөг болъё. Тэгвэл дахин сонгууль гэх зардал гарахгүй. Аман хүзүүний горилогчоор хулгайчаа солих сэлгээ олширвол олшрог. Солиод байвал үр дүнд нь гишүүд эгүүлэн татагтахаас эмээснээр хулгай хумигдаж, УИХ цэвэршинэ. ХХI зуунд хулгайч эрхтэн дархтаныг давруулж маанагтсаар хоосорч ядуурах юутай гутамшиг, юутай эмгэнэл бэ монголчууд аа! Бойтоглосоор дуусах уу лоймлууд аа. Зовхи нь өөдөө хүн амтай улс л хөгжиж байна шүү дээ.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 7 цаг 59 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 8 цаг 10 мин Луврын музей хаалттай хэвээр байна 8 цаг 15 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цаг 33 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 8 цаг 36 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 8 цаг 36 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 8 цаг 37 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 8 цаг 38 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 8 цаг 39 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 8 цаг 42 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 9 цаг 0 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 1 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 9 цаг 1 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 9 цаг 3 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 9 цаг 4 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 9 цаг 5 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 9 цаг 6 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 9 цаг 7 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 9 цаг 9 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 9 цаг 45 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар...
Top