x

Сонсгол шиг үр дүнгүй болгохгүйн тулд “Зөвлөлдөх санал асуулга”-д боловсрол, мэдлэгтэй хүмүүсээ бэлтгэе

Энэ сарын 21-нд Төрийн ордонд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсгол нэртэй боловч хэн нь ч хэнийгээ сонсож чадаагүйг бүгд харсан. Эрх бүхий албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөгчид суугаад харилцан нэгнээ сонсож, шийдэлд хүрнэ гэсэн горьдлого тээж цаг товлосон ч хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан, уйлаан майлаан, хэрүүл тэмцэл, зодоон нүдээн, үл ойлголцлоор тарцгаасан.

Сонсголыг хийлгэхгүй байх зорилготой гэмээр хэсэг бүлэг хүмүүс хаанаас ч юм шургалж орж ирээд шуугиулж, бужигнуулж, талцуулаад авна билээ. Сонсголд оролцоно гэсэн иргэд “Би нэрээ өгсөн, өгөөгүй” хэмээн эмх замбараагүй дайрцгааж, сонсголд суусан албан тушаалтнууд ч иргэдийг нэг их ойшоосон янзгүй байцгаасан болохоор энэ сонсголоос нарийн нандин ямар ч мэдээ мэдээлэл, шийдэл, гарц гараагүй юм. Оролцогчид “Хулгайтайгаа тэмц, хулгайч нараа зарла” гэдэг уриа лоозонгоо мөн л хашгирсан мөртлөө “Ийм тийм хуулийн зохицуулалт байна, ийм хууль санаачилж, тэгж ингэж тусгая. Ингэснээр төрд нүүрлэсэн хулгайч нартай тэмцэж, дахиж хулгай хийх боломжгүй болгоно” гэдэг ч юм уу, ийм ийм арга зам байна, зарим орон ийм зохицуулалт хийж төрд үүрлэсэн хулгайч нараасаа салжээ гэдэг хувилбар ганцыг ч яриагүй.

Сүхбаатарын талбай, Төрийн ордны хашааны гадна жагсаж тэмцэх, Төрийн ордонд орж ирээд эрх бүхий хүмүүсийн өөдөөс харж суугаад сонсгол хийх хоёр бол тэс өөр зүйл гэдгийг бүгдээрээ харлаа. Сонсголд суугаа эрх мэдэлтнүүдийг “Хулгайч нар аа” гэж дуудахаас илүүтэй тоо баримттай, гаргалгаатай, мэдлэг мэдээлэлтэй, ярьснаа хамгаалах хэмжээний бэлтгэлтэй байж гэмээнэ үр дүнд хүрэх байсан. Гэтэл бодит нөхцөл байдал маш хүнд, гаднаас нь харж байгаа иргэд байтугай дотор нь байгаа хүмүүс өөрсдөө юу яриад байгаагаа мэдэхээ байсан ойлгомжгүй байдалд сонсгол өндөрлөсөн шүү дээ.

Одоо ард түмэнд магадгүй сүүлийн боломж гэж хэлж болохоор нэг зам үлдсэн нь “Зөвлөлдөх санал асуулга”. Хэдхэн хоногийн өмнө УИХ “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан, Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд олон талт мэдээллээр тэгш хангах, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу уг санал асуулгыг явуулах тухай тогтоолын төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид дурдаж байсан. Тогтоолын төсөлд “Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах”-аар тусгасан юм байна. Энэ санал асуулгаа харин самуунгүй хийвэл бид ямар нэгэн шийдэлд хүрэх боломжтой. Саяны сонсгол шиг бүгд дайрч ороод таарсан болгон руугаа үсчээд, хаанаас хэн оруулсан нь мэдэгдэхгүй хурал бусниулагчдыг нэвтрүүлчихвэл санал асуулга үр дүнгүй болж ард түмэн жинхнээсээ амаараа шороо үмхэж, эрх баригчдад дураараа дургих эрхийг дахин бэлэглэчихнэ гэсэн үг.

Ард түмэн биднийгээ төлөөлж байгаа гэх залуус маань залуу насны аагаар цөс нь хөөрч, эх орноо гэсэн халуун сэтгэлээр жавар тачигнасан хүйтнийг эс тоон хүч түрэн, улс төрийн шахалт үзүүлж чадаж байгаа нь бахархмаар ч эгзэгтэй мөчид ширээний ард, индэр, сонсгол, хэлэлцүүлэг дээр мэдлэгтэй, системтэйгээр мэтгэх, өөрсдийн байр сууриа онолтойгоор гаргаж ирж хамгаалж, эсрэг талдаа шаардлагаа зөв зохистойгоор тавих чадвартай хүмүүст жолоогоо шилжүүлж баймаар юм байна лээ.

Жагсаалын үеэр төрийн төлөөлөл болон жагсагчид МҮОНТВ-д хэлэлцүүлэгт ороход жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр лайваараа энэ тухай хэлж байсан л даа. “Яг одоо эдийн засагч, эрдэм номтой, их сургуулийн багш, гадаад дотоодод сургууль соёл төгссөн боловсролтой хүмүүс байвал надтай холбогдоод энд хүрч ирээд улстөрчдийн эсрэг ард түмнээ төлөөлж, нүүрсний хулгайг нь ичтэл илчлээд, тоо баримттай улалзуулаад өгөөч. Би, бид ярих гэхээр юу ярихаа мэдэхгүй байна, туслаач” гэж гуйж, уриалж үнэнээ хэлж байсан.

Залуусаа шүүмжилж, болчимгүй хөдөллөө, түүхий байна даа гэж сахлаа имэрч суухын оронд эрдэм мэдлэг, улалзуулаад боловсролтой, төлөвшсөн хэсэг маань өөрсдийн хувь нэмрээ улс эх орон, ард түмнийхээ төлөө зориулах боломж “Зөвлөлдөх санал асуулга”-аар гарч ирж байна. Тиймээс санал асуулгадаа бид мэргэжлийн улсуудаар өөрсдийгөө төлөөлүүлж, юу юу хэлэлцэх вэ, юуг анхаарах вэ гэдэг дээр ярилцаж тохирч оруулах хэрэгтэй болоод байна. Тэмцэгчид нь сэтгэлийн хөөрлөөрөө, халуун зүрхээрээ саад бэрхшээлийн хөр цасыг ярж өгсөн бол одоо тэдний гаргасан цасан дундах замаар мэргэжлийн хүмүүс нь орж ард түмнээ төлөөлөх ёстой болчихлоо. Мэргэжлийн хүмүүс мэддэг юмаа ярихаараа сэтгэлийн хөөрлөө дарж, мэдлэгтэйгээр мэтгэлцэх нь ойлгомжтой.

Манай сонин удаа дараа монголчууддаа хандаж “Аливаад хэрсүү хандъя, хэрсүү байх цаг нь боллоо” гэж бичиж байгаа. Энэ удаад ч үүнийг дахин сануулъя. Бүгд сэтгэл хөөрлөө дарж, углуургатайгаар нэгдэж үг, үзэл бодлоо зангидаж хэрсүү байж чадвал улстөрчид, эрх баригчидтай нүүр тулан уулзаж, хэлэлцүүлэг нь байна уу, сонсгол нь байна уу, санал асуулга нь байна уу юун дээр ч мэтгэж, маргахад тийм амархан далаараа тавиулчихгүй дээ.

Ер нь юм мэддэг, боловсролтой, хал үзэж хашир суусан хүн л сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг нь үнэн. Тийм болохоор дараагийн удаа ийм хүмүүс л бидэнд хэрэгтэй болох нь. Тэмцэгч жагсагчид маань шахалтаа үзүүлж Төрийн ордны гадна эрхээ эдлээд үгээ хэлж байг, мэргэжлийн хүмүүс маань Монгол Улсын нийт ард түмнээ төлөөлж Төрийн ордон дотор мэтгэг. Ингэж мэтгэж, ард түмнээ баримттайгаар хамгаалж, хулгайтай тэмцэх зөв шийдлийг гаргаж ирж чадах тэр хүмүүсээ одооноос цуглуулж, нэгтгэж хэлэлцэх асуудал, шаардлага дээрээ эртнээс тогтож бэлтгэж байх нь зөв.

Их, дээд сургуулийн багш нар, ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, ажиглагчид, шинжээчид гээд манай нийгэмд гадаад дотоодод боловсорсон оюунлаг, мэдлэгтэй хүмүүс олон. Эдгээр хүмүүс энэ удаад нэгдэж, залуусынхаа хүчээр, шахалтаар хийлгэхээр болж буй “Зөвлөлдөх санал асуулга”-д дэмжигч биш оролцогч, тэмцэгчийн хувиар ард түмнээ төлөөлж, хамгаалж, эх орныхоо хувь заяаг нэг удаа түшилцээд мэргэн үгсээ хэлэхийг хүсч байна.

Энэ бол та бидэнд хуулиар олгогдсон эрх билээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэж заасан байдаг. Ард түмнийхээ энэ эрхийг хангуулахын тулд мэргэдээрээ бид өөрсдийгөө төлөөлүүлж төрд нэвчсэн хулгайгаасаа салах цаг нь болжээ гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 36 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 40 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 40 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 43 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 43 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 38 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 38 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 41 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 42 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 5 цаг 56 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 5 цаг 58 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 5 цаг 59 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 5 цаг 59 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 0 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 1 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 3 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 11 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top